Монгол Улсын эрчим хүчний салбар тэг зогсолт хийж магадгүй бололтой. Гэхдээ чадлын дутагдлаас биш, ажиллах хүчнээ додомдоогүйн улмаас улсаараа эрчим хүчгүй болж ч магадгүй бололтой.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан уг мэдэгдлийг нэг үгээр тэдний “тэвчээрийн тог” тасарч байна гэж хэлж болохоор байна. Учир нь тус салбарын ажилтан албан хаагчид хэзээ ч дэлбэрч мэдэх “тэсрэх бөмбөг” дунд цалин хангамж хүрэлцээгүй, нийгмийн баталгаагүй, хортой, хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Тиймээс ч тэд цалингаа 30 хувиар нэмүүлэх шаардлага тавиад гурван сар орчим болсон байна. Энэ хугацаанд салбар яамтайгаа зөвшилцөхөөр тэвчээртэй хүлээсэн ч ажил хаялт зарлахаас өөр аргагүйд хүрчээ. Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хувьд салбарын дундаж цалин улсын дунджаас их буюу хангалттай гэдэг мэдээллийг өгсөн. Тиймээс цалингийн санг 10 хувиар нэмэгдүүлэх боломжтой байна. Гэхдээ нийтээр нь хавтгайруулахгүй. Захирал, захиргааны ажилчид, арын албанд ажилладаг хэсгийн ажилчдын цалинг нэмэхгүй. Ажлын талбарт, үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа инженер, техникийн ажилчдын цалинг нэмнэ гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн.

Сангийн сайд З.Мэндсайхан мөн Эрчим хүчний салбарынхны цалинг нэмэх эх үүсвэр байхгүй гэж байгаа. Ерөнхийдөө Засгийн газраас санхүүгийн эх үүсвэр байхгүй гэдэг мэдээллийг өгөөд байгаа.


Харин өнөөдөр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрчим хүчний яам, ажил олгогчийн төлөөлөлтэй уулзалт хийхэд Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар нийт 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлж, талуудын хооронд хэлэлцээ эхлүүлэх боломж бүрдсэн тухай мэдээллээ. Тиймээс өнөөдөр 08:00 цагт эхлэх байсан ажил хаялтыг 48 цагаар түр хойшлуулснаар гал түр намжаад байна.  
Хэрэв энэ хугацаанд хэлцэлд хүрэхгүй бол Эрчим хүчний салбарын хэмжээнд ажил хаялтыг долоодугаар сарын 2-ны өдрийн 08:00 цагт эхлүүлэх аж.

Энэ бүхнийг дүгнэхэд Б.Найдалаа сайд Эрчим хүчний салбарын ажилчдын дундаж цалин 3.7 сая төгрөг гэдэг мэдээллийг өгсөн бол зарим ажилтан 1.3 сая төгрөгийн цалин авч байна гэдгийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэлж буй.

Хөдөө орон нутагт нөхцөл байдал бүр хэцүү буюу 700 мянган төгрөгийн цалинтай, ийм бага цалингаар ажиллах хүн хүч олдохгүй байгаа тухай ярина лээ. Ер нь бол бодитоор үнэлүүлье л гэж байгаа юм билээ. Тэгвэл тэдэнтэй яг адил Төрийн өмчит компанид ажилладаг захирал сард 64.9 сая төгрөгийн цалин авч байгаа тухай мэдээллийг УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар олон нийтэд ил болгосон.

Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал нэг сарын цалин гэж 64.9 сая, “Эрдэнэс критикал минералс” ХХК-ийн захирлын сарын цалин 44.0 сая төгрөг байдаг аж.

Төрийн өмчит компаниудын алдагдал хэдэн тэрбумаар нэмэгдэж, төсвийн алдагдлыг тэр хэрээр нэмж байгаа нь энэ мэт үрэлгэн зардал, хэт тансаглалийн гор юм.
Нөгөөтээгүүр бид халуун цэг дээр ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдаа туйлдуулж, тартагт нь тулгаж, ажил хаях шахалт үзүүлсний дараа цалинг нь нэмдэг жишиг тогтоод удаж буй. Харин ТӨК-иудын захирал нь хэдэн арван саяар цалин авч, хэдэн зуун саяар тансаглаж байна. Энэ тэнцвэргүй тогтолцоог л эвдье, Н.Учрал сайд аа. ТӨХК-иудын захирлын тансаглалаас танаж, эрчим хүчний салбарынхны цалинг нэмье. Төрийн өмчит компаниудын ажилтан албан хаагчдынхаа хийснийг үнэн зөв, бодитоор үнэлдэг больё. Харин захирлуудынх нь тансаглалыг танья. Ачааны хүндийг нь, ажлын голыг нь нугалдаг инженер, албан хаагчдаа хийснийх нь хэмжээгээр үнэлж, ажиллах хүчнээ тогтоон барих нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хамгийн чухал алхам юм шүү.