Ажлын долоо хоног шувтрахтай зэрэгцээд ШТС-уудын “тоо” гэнэт өөрчлөгдөж эхлэв. Баасан гарагийн өглөөхөн АИ-92 бензин 2390 төгрөг байсан самбар орой нь шууд 2590 болж 200 төгрөгөөр өссөн нь нийгэмд шок үүсгэлээ. Олон нийт шөнө дөлөөр шатахууны эрэлд гарч, бухимдаж, бужигнаж эхлэхтэй зэрэгцээд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ч яаран сандран мэдэгдэл гаргасан. Яам “Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас буруушааж байгааг үүгээр мэдэгдье. Эдгээр ААН-үүдийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулах болно” хэмээсэн. Ийн үнийн нэмэгдэл амралтын хоёр өдөр таарсан нь ч тэр аж ахуйн нэгжүүдэд том боломж олгож ард иргэд 200 төгрөгийн нэмэгдэлтэй үнээр шатахуун авч хэрэглэлээ.
Тэгвэл өнөөдөр салбарын сайд Ц.Туваан хэвлэлийнхэнд яриа өгөхдөө “Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд шатахууны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн.Энэ сарын 5-нд Үнийн зөвлөл хуралдаад тавдугаар сарын 25-нд дахин тооцоо судалгаа хийе, үнэ нэмэхээр болбол ярилцаж шийдэнэ гэж байсан боловч улс төрийн тодорхойгүй нөхцөл байдал үүссэн энэ үед буюу 23-нд шатахууны үнийг нэмж ард иргэдийг бухимдуулж байна. Өнөөдөр манай яам, агентлагийнхан шатахуун импортлогчидтой уулзаж тайлбар авна. Шатахууны үнийг нэмж байгаа юм бол 100 ам.доллароор үнэ нь буураад байгаа дизель түлшний үнийг бууруулах хэрэгтэй. "Шунхлай" компани АИ-92-оос бусад шатахууныхаа үнийг буцаагаад 200 төгрөгөөр бууруулсан гэсэн. Өнөөдөр уулзалт хийж бүх шатахууныг хуучин үнээр худалдаалах шаардлага тавина. Бүр болохгүй бол Монополын эсрэг газартай хамтран ажиллана. Шатахууны үнийг урьдчилан мэдэгдэлгүй, үндэслэлгүйгээр нэмсэн нь тогтоогдвол шатахуун түгээх компаниудад ШӨХТГ-аас торгууль ногдуулна” гэв.
Атал аж ахуйн нэгжүүд урьдчилан мэдэгдээгүйн дээр үндэслэлгүйгээр үнээ нэмсэн гэдгийг салбарын яам нь ч мэдэгдлээрээ нотолсон. Өнөөдөр салбарын сайд нь ч “Үндэслэлгүй нэмсэн” гэдэг үгийг хэдэнтээ хэллээ. Өөрөөр хэлбэл, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд үндэслэлгүйгээр үгсэн хуйвалдаж үнээ нэмснийхээ төлөө торгуулах нь тодорхой бишүү.
Эсвэл компаниудтай уулзаж ярилцаад үнэ нэмсэн нь зөв байна гээд төр байр сууринаасаа буцах уу. Хэрэв тийм байсан бол салбарын яам сайдтайгаа хариуцлагатай үг амнаасаа унагаах ёстой байлаа. Нэгэнт ам алдвал барьж болохгүй гэгч болох нь.
Харин цаашлаад ард иргэдийг хохироосныхоо төлөө тусгай зөвшөөрөлтэй нь ярих ёстой гэдгийг олон нийт шаардаж буй. Ер нь энэ салбарт монополь болчихсон, дургүйгээ хүрэхээр дур зоргоороо гэдийгээд суучихдаг хэдхэн аж ахуйн нэгжийн асуудлыг ч нухацтай авч үзэх ёстой. Илүү эрүүл өрсөлдөөн бий болгохгүй бол крантаа хаадаг, үнээ үгсэн хуйвалдаж нэмдэг байдал давтагдсаар байх болно хэмээн олон нийт хүчтэй шүүмжилж байна.