Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар Лихтенштейн Улсын “Койн Инвест Траст” (Coin Invest Trust, CIT) компанийн Гүйцэтгэх захирал Йохан Бернерийг хүлээн авч уулзан, дурсгалын зоосны үйлдвэрлэл болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монголбанк тус компанитай 1996 оноос хойш хамтран ажиллаж, Монголын түүх, соёл, байгалийн өвийг илэрхийлсэн, олон улсын хэмжээнд өндөр үнэлгээ авсан дурсгалын зооснуудыг бүтээж ирсэн юм.

Энэ хүрээнд талууд 2027 онд “Чингис хаан” дурсгалын зоосны цувралыг үргэлжлүүлэн “Монгол Улсын хаад” цуврал гаргах, мөн Монгол Улсын төрийн тахилгат 13 ууланд зориулсан “Төрийн тахилгат уулс” цувралыг орчин үеийн дэвшилтэт технологи, шинэлэг хийц загвараар бүтээхээр төлөвлөж байна.

Монгол Улсын дурсгалын зооснууд олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, уралдаануудаас удаа дараа шагнал хүртэж, үндэсний түүх, соёлын өвийг дэлхийд сурталчилсан бүтээлүүд болсоор иржээ. Тухайлбал, “Нохой зээх” дурсгалын зоос 2009 онд Берлин хотноо болсон олон улсын үзэсгэлэнгээс “Шилдэг зоос”, “Шар шувуу” дурсгалын зоос 2013 онд мөн тус үзэсгэлэнгээс “Хамгийн алдартай зоос” шагнал хүртсэн бол “Nimravidae” дурсгалын зоос 2023 онд “Best Paleo Coin Award” буюу “Шилдэг эртний амьтны сэдэвт зоос” шагналыг хүртэж байв.