Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, бүх дүүргийн ИТХ-ын дарга, гишүүн байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа анх удаа нээлттэй танилцууллаа. Тухайлбал, Баянзүрх дүүрэг хүн ам, нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалж 21 аймагт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тооноос давсан үзүүлэлттэй байна. Дүүргийн хэмжээнд нийт 10 мянга орчим хэрэг прокурорын бүртгэлд байгаа аж. Иймд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мансууруулах бодис, хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэлээд ажил зохион байгуулснаа онцлов. Чингэлтэй дүүргийн тухайд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхй видео контент, бичлэгийг хиймэл оюунаар бүтээж, цувралаар үзэгчдэд хүргэж байгаа нь үр дүнгээ өгчээ. Харин Баянгол дүүргийнхэн эцэг эхийн өргөтгөсөн өдөрлөг, соёл урлагийн нөлөөллийн ажлыг зохион байгуулахын сацуу цагдаагийн байгууллагуудтай хамтарч баар, цэнгээний газруудад хяналт, шалгалт хийсэн байна. Учир нь тухайн дүүрэгт гарч буй гэмт хэргийн дийлэнх нь архины сэдэлтэй байгаа аж.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн хэмжээнд гудамж, талбайн камержуулалтыг нэмэгдүүлж, дүүргийн Теле камерын төвтэйгөө бүрэн холбожээ.

Хан-Уул дүүрэгт залилах гэмт хэрэг давамгайлж байгаа бол алслагдсан Налайх, Багануур дүүргийн хувьд мөн л хулгай, залилан, зам тээврийн зөрчилтэй холбоотой гэмт хэрэг өссөн байна. Нэг талаас энэ нь Теле камерын төвтэй болж, камержуулалтыг сайжруулсантай холбоотой гэнэ. АТГ-аас 2025 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарласантай холбоотойгоор нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудад шат дараатай ажлуудыг зохион байгуулсан бол Нийслэлийн цагдаагийн удирдах газар олон улсын стандартын дагуу бүрэн камержуулж ажилласан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 5600 гаруй зөрчил, гэмт хэргийг илрүүлжээ. Нийслэлийн боловсролын газраас сургуулиудыг сэтгэл зүйчтэй болгож, шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж буй бол Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс камерын бүрэн хяналтыг тавьж ажиллаж байгаа бөгөөд тусгай чиг үүргийн байгууллагуудаас ирүүлсэн 1000 гаруй бичлэгийг хянах хүсэлтэд хариу өгсөн байна. Үүнээс 240 гаруй нь зам тээврийн осолтой холбоотой байж.

Энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Хулгайн гэмт хэргийг ухаалаг камерын тусламжтайгаар бодитой бууруулах боломжтой. Хувийн хэвшлийнхэн болон төрөөс суурилуулсан бүх камерыг хиймэл оюуны тусламжтайгаар холбоно. Энэ ажлыг төвлөрүүлэх төвийг ирэх жил бүрэн ашиглалтад оруулна. Зөвлөлийн ирэх жилийн төсвийн 50 орчим хувийг камержуулалтад зориулахаар төлөвлөж байна” хэмээгээд  дундаж хурдны стандартыг анх удаа боловсруулж буйг дуулгав.

Ирэх оны эхнээс алслагдсан гурван дүүргийн тодорхой цэгүүдэд дундаж хурдаар хэмжиж эхлэх гэнэ.

Сануулахад, энэ жил тус зөвлөлөөс 54 тэрбум төгрөгийн төсөв баталж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зарцуулж буй.  

Түүнчлэн Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргүүдэд хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, залилан, цахим гэмт хэргээс сэргийлэх хүрээнд ажиллах чиглэл өгсөн нь тухайн салбар зөвлөлүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой, үр дүнгээ өгөхөд ихээхэн ач холбогдол өгсөн талаар холбогдох байгууллагуудаас онцоллоо.