Япон Улсын Эзэн Хааныайлчлал Монгол, Японы харилцааны түүхэнд шинэ хуудас нээнэ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-наас 13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Хоёр орны албан ёсны харилцааны 53 жилийн түүхэнд Япон Улсын эзэн хаан манай улсад анх удаа төрийн айлчлал хийж буй гэдэг утгаараа энэхүү айлчлал нь улс төр, дипломатын талбарт нэн өндөр ач холбогдолтой үйл явдал юм.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар

Японы Эзэн хааны энэхүү анхны төрийн айлчлалын утга агуулга, үнэ цэн, үр нөлөө нь Монгол, Япон хоёр улс 1972.02.24-нд дипломат харилцаа тогтоосноос хойш салбар бүрээр өргөжин хөгжиж ирсэн хоёр ард түмний хэлхээ холбоо, харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд оршиж буй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай ноот бичиг

Эзэн хааны айлчлал Япон болон бусад улс үндэстний найрамдал, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж байдгаараа чухал ач холбогдолтой

Олон улсын харилцааны практик, бодит амьдралаас харахад Япон Улсын эрхэм дээдэс ойр ойрхон хилийн дээс алхаж, улс болгонд олон дахин айлчлаад байдаггүй. Иймд аль ч улсын дипломат албаны хувьд Эзэн хааныг хүлээн авна гэдэг өөрөө асар их үнэ цэн, нэр хүнд, үүрэг хариуцлага, түүхэн үйл явдал байдаг юм. Эзэн хаан Нарүхито олон мянганы түүх, уламжлалтай Япон улсын хаан ширээг 2019 онд залгамжилж, “Рейва”-гийн эрин үе эхэлснээс хойш ерөөсөө хоёр л улсад айлчилжээ. Улс орныхоо гадаад харилцаанд хүч нэмэх, олон улстай найрсаг харилцааг бэхжүүлэх зорилгоор Индонез /2023 он/-д, Их Британи /2024 он/-д төрийн айлчлал хийж байв. Монгол Улсад айлчилснаар Эзэн хааны хувьд гадаад улсад хийж буй 3 дахь айлчлал болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ.

Япон Улсын Эзэн хаан гадаад улсад айлчлах нь олон улсын найрсаг харилцааг бэхүүлэхийн зэрэгцээ Япон болон бусад улс үндэстний найрамдал, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж байдгаараа чухал ач холбогдолтой. Япон улс болон ард түмнээ дэлхийн тавцанд төлөөлдөг Эзэн хаан дипломат үйл ажиллагаанд шууд оролцдоггүй ч гэлээ түүний гадаад айлчлал Япон улс найрсаг харилцаа, соёлын солилцооны төлөө тууштай байгааг илтгэдэг онцлогтой. Мөн Эзэн хааны айлчлал Япон болон хүлээн авагч улсын хоорондын харилцан ойлголцолыг дэмжих, хамтын ажиллагааны шинэ гарцуудыг нээхэд дэмжлэг болдог юм. Үүний зэрэгцээ Эзэн хааны гадаад айлчлалыг ихэвчлэн сайн санааны илэрхийлэл, олон улсын хамтын нийгэмлэгт Японы талаар эерэг ойлголтыг бий болгоход чиглэдэг гэж үздэг. Эзэн хаан айлчлахад тухайн улстай харилцаж ирсэн харилцааны түүхэн үйл явдлыг тодотгож байдаг онцлогтой.

Япон Улсын Эзэн хааны Монгол Улсад хийх төрийн айлчлалд ямар ямар үйл ажиллагаа багтаж байгаа вэ?  

Айлчлалын хөтөлбөр: /Японы төв хэвлэлд гарсан мэдээллээр/

2025.07.06

• Японы хаан, хатан хоёр Токиогийн Ханеда нисэх онгоцны буудлаас засгийн газрын онгоцоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ.

2025.07.07

• Чингис хаан музейд зочилно / Монгол дархан-2025 үзэсгэлэнд урилгаар оролцоно/

• Цэвэр усны байгууламжид зочилно. /Эзэн Хаан Нарүхито цэвэр усны хүртээмж, хамгаалалт чиглэлд судалгаа хийж, олон улсад хувь нэмрээ оруулж ирсэн/

2025.07.08

• Хүндэт зочдыг угтах Төрийн ёслолын үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.

• Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.

• Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар Япон цэргийн булшинд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө.

• Монгол Улсын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар Японы Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулна. Энэхүү хүндэтгэлийн зоогийн үеэр Японы эзэн хаан үг хэлнэ.

2025.07.09

• Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар Монгол “Коосэн” технологийн коллеж, Японы тусламжаар баригдсан улсын сургууль болон их сургуулийн эмнэлэгт зочилно.

2025.07.10

• Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар Гандантэгчинлэн хийд болон Япон маягийн боловсрол нэвтрүүлдэг “Шинэ Монгол” академид зочилно.

2025.07.11

• Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочны хувиар оролцон, сурын харваа, хурдан морины уралдаан үзэж сонирхоно.

2025.07.12

• Японы эзэн хаан, хатны хамт тахийн сүрэг идээшдэг Хустайн байгалийн цогцолбор газарт зочилно.

• Монгол дахь Япон иргэд болон Японд суралцсан Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийнэ.

Жич: Японы эзэн хаан Нарүхитогийн 2025.07.02-ны өдөр хийсэн хэвлэлийн хурлын мэдээллээс үзвэл Цог Жавхлант хаан, Эрхэм дээд хатан нар Монголын говь нутгаар аялах төлөвтэй байна.

Японы Эзэн хааны айлчлал Монгол Улс нь Японы гадаад бодлогод үнэ цэнтэй, онцгой түнш гэдгийг илтгэж байна

Монгол-Японы харилцааны хөгжил

Монгол Улс Японы ард түмэнтэй эртний түүхээрээ хэлхээ холбоотойн дээр тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа “Гуравдагч хөрш”-ийн эрэлд гарахдаа итгэж, найдаж хандсан дэлхийн есөн улсын нэг нь Япон байсан юм. Олноо өргөгдсөн Богд Хаан тухайн цаг үеийнхээ тэргүүлэх улс гүрнүүдтэй улсын дайтай харилцах, харийн эрхшээлээс эргүүлэн авсан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх дипломат бодлогынх нь нэгэн чухал орон зай, талбар нь Япон гүрэн гэж стратегийн тооцоолол хийсэн нь түүхийн баримтуудаар өнөө цагт улам тодорч байгаа билээ.

Засгийн газрын шугамаар ч тэр хувь хүн хоорондын харилцаагаар ч тэр дамжуулан Япон улсаас улс төрийн дэмжлэг авах зорилгоор хэд хэдэн хүчин чармайлт гаргаснаас түүхэнд онцгой мөрөө үлдээсэн нь Богд Хаанаас Японы эзэн хаанд хандсан албан захидал юм. Олноо Өргөгдсөн Монгол Улсын гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамнаас Богд Хааны нэрийн өмнөөс Япон улсын Цог Жавхлант Эзэн хаанд хандсан захидлыг Хаант Оросын ГЯЯ-аар дамжуулан Олноо Өргөгдсөний гуравугаар оны өвлийн тэргүүн сарын 19 буюу 1913 оны 11-р сард илгээсэн түүхтэй. Захидлын утга агуулга нь Ар, Өвөр Монгол нэгдэн Нэгдсэн Монгол Улс байгуулахад туслалцаа авах ялангуяа Өвөр Монголд хятад цэрэг оруулахгүй байхад Хятадын талд нөлөөлөх, Япон улсаас бүрэн эрх барих элч төлөөлөгчийг Монгол улсад томилон илгээх тухай байжээ. Гэвч тухайн үед Япон гүрэн шинэ тулгар Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд улс төрийн дэмжлэг үзүүлэхээс зайлсхийсэн байдаг нь түүхийн баримтуудаар ил болсон. Энэ шийдвэр нь тухайн үеийн Япон гүрэн Ази тивд ноёрхлоо тогтоох цэргийн хүчинд тулгуурласан гадаад бодлого явуулж байсантай холбоотой юм. Ерөнхийдөө Их Наран улс дэлхийн их гүрнүүдтэй харилцах харилцааныхаа өнгө аясад тохируулан шийдвэр гаргасан хэрэг байв.

Тэр үеийн манай төрийн удирдлага Арлын Японоос дэмжлэг хүссэн нь тусгаар тогтнолынхоо суурийг бэхжүүлэх гэсэн улс орны гадаад бодлого, үндэсний эрх ашгийн үүднээс хийсэн зоримог алхам байсныг түүхчид нэгэнтээ тэмдэглэсэн нь бий. Нөгөө талд Японы эзэнт гүрэн бидний тусгаар тогтнолын асуудалд нааштай хандаагүй нь 20-р зууны эхэн үеийн Ази, Номхон далайн бүс нутаг дахь том гүрнүүдийн нөлөөний хүрээний төлөөх зөрчил, тэмцлийн дунд өөрийн нөлөөний хүрээг бий болгох холын бодол тээж байсантай нь холбоотой юм.

Хэдийгээр хоёр орны хооронд 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн зэрэг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас урган гарсан сорилт, үйл явдлууд тохиож байсан ч гэлээ цаг хугацааны эргүүлэгт улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг Олон улсын харилцааны бичигдээгүй хууль энд бас л үйлчилсэн гэлтэй. Энэ л зарчмаар албан ёсоор харилцах зам мөрийг хамтдаа тавьцгаасан билээ. Дипломат харилцаа тогтоох замд ойлголцохгүй, хэн хэндээ буулт хийхгүй байх гэх мэтээр саад бартаа тулгарч байсан ч хоёр талын дипломат албаныханы уйгагүй хүчин чармайлт, хоёр ард түмний цуцашгүй хүсэл тэмүүллийн үндсэн дээр 20-р зууны сүүлийн хагаст Ази тивийн цээжин дэх БНМАУ, Арлын гүрэн Японы хооронд дипломат харилцаа тогтсон түүхтэй.

Япон улс дэлхийн хоёрдугаар дайны дараа энх тайвныг эрхэмлэсэн, ардчилсан улс болох бодлогын түүхэн өөрчлөлт хийж, эдийн засгийн гайхамшгийг харуулсан Азийн баруудын нэг болсон. Харин Монгол Улс социализмын замаар 70 гаруй жил замнасан ч дэлхийн нийтийн жишгээр ардчилал, эрх чөлөөний замыг сонгож, Япон гүрэнтэй ижил үнэт зүйлстэй болсон. Энэ бол бидний харилцаа ойртон нягтрах, бие биенээ дэмжин хамтдаа урагшлах замын эхлэлийг тавихад онцгой нөлөө үзүүлсэн гол хүчин зүйлийн нэг юм. 1990 онд Монголчууд ардчилалын замыг сонгож, зах зээлийн эдийн засгийн анхны гараан дээр тулгарсан хүндрийг даван туулахад Япон улс Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгасан шиг сунгаж байв. Монголд туслая гэсэн уриа дуудлагыг Япон улс л дэлхийд цуурайтуулж, Монголд хандивлагч орнуудын бүлгийг тэргүүлэн, манай эдийн засгийн хөгжилд үнэтэй, бодитой хувь нэмэр оруулсан юм.  

Он цагийн нугачаанд бусад улс орнуудад тулгардгийн л нэгэн адил Монгол, Японы харилцаанд сорилт, бэрхшээл тулгарч байсан ч өнөө үед бид стратегийн тусгай түншүүд болж, харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг гээд бүхий л салбарт өргөжин бэхжиж байна. Албан ёсны харилцааны 50 гаруй жилийн хугацаанд Япон улс Монгол Улсын “Гуравдагч хөрш” болж, Монгол Улс Япон улсын хувьд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь стратегийн итгэлт түнш нь болсон байна. Хэн хэндээ үнэ цэнтэй, бие биенийхээ түшиг тулгуур нь болж, харилцаа бэхэжсэн байна. Үүнийг хэдхэн үзүүлэлт бодитоор гэрчилнэ. 1975 онд дипломат харилцаа тогтоогоод 21 жилийн дараа 1996 онд бидний харилцаа “Иж бүрэн түншлэл”, 2010 онд “Стратегийн түншлэл”, харилцааны 50 жилийн ойгоор 2022 онд “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-д хүрлээ.

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтайЛ.Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант ЭзэнХаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар /зургийн эх сурвалж www.president.mn/

1975 онд 1,2 сая ам.долларын худалдаа хийдэг байсан хоёр орны худалдааны эргэлт 2022 онд 670 гаруй сая ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлт харуулсан. Японоос шууд орж буй хөрөнгө оруулалт 2023 оны дүнгээр 981 сая ам.долларт хүрчээ. Хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр 2016 оноос хүчин төгөлдөр болсноор Япон нь Монгол Улсын хувьд энэ төрлийн хэлэлцээр байгуулсан анхны улс болсон.

Японы Цог Жавхлант Эзэн хаан морилон ирэхийн учир

Монгол Улс Япон Улсын Цог Жавхлант эзэн хааныг тааламжтай цагтаа морилон саатахыг олон удаа урьсан болохыг Японы гадаад харилцааны яамны мэдэгдэлд онцолсон нь энэхүү айлчлалыг хүлээж авахын төлөө манай дипломат алба уйгагүй зүтгэснийг гэрчилж буй юм. Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11-р сард Япон улсад айлчлах үедээ Японы Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масакогийн хамтаар айлчлах урилгыг гардуулсан. Үүнээс хойш урилгыг дипломат шугамаар удаа дараа хүргүүлжээ. Японы Хаант төрийн ёс уламжлал нь нарийн дэг жаягтай, ард түмний эв нэгдэл, энх тайвныг эрхэмлэгч гэдэг үүднээс гадаад айлчлалд нэн өндөр ач холбогдол өгч, харилцаа, түүх, уур амьсгалыг тал талаас нь судалж, мэдэрч байж гэмээ нь Эрхэм дээдэс айлчлах улсаа сонгодог бизээ. Монгол Улс мэдээж “Тусгай түнш” нь учир айлчлах улсын жагсаалтад эрэмбэ дээгүүр байж таарна.

Түүх сөхвөл: Угсаа залгамжлах Хунтайжийн айлчлал /2007 он/

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан. 2007 оны айлчлал 8 хоног үргэлжилж байсан бол энэ удаад ч мөн 8 хонох нь ээ.  

• Нарүхито хунтайж айлчлалынхаа үеэр Наадмын нээлтийн ёслолд хүндэт зочны хувиар оролцож, Монголд амь үрэгдсэн Япон цэргийн булшинд хүндэтгэл үзүүлж байжээ. /Дэлхийн 2 дугаар дайны дараа хуучнаар ЗХУ-д олзлогдсон Японы 14.000 орчим цэргийг Сибирээс Монгол руу шилжүүлсэнээс 1700 гаруй нь хүнд хөдөлмөр болон цаг агаарын хүнд нөхцөл зэрэг шалтгааны улмаас амиа алджээ. Хоёр улсын  засгийн газар тэдний дурсгалыг хүндэтгэх цогцолборыг 2001 онд Улаанбаатар хотын ойролцоо босгосон юм./

• Тэрээр Гандантэгчэнлин хийд, эртний нийслэл Хархорин хот, Түрэгийн бичээс, Өгий нуур зэрэг түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхон, морь унаж байв.

• Түүнчлэн байгалийн түүхийн музейд зочилж Үлэг гүрвэлийн яс бүхий үзмэр үзэж, палеонтологийн хүрээлэнд зочлохдоо үлэг гүрвэлийн олдворыг элснээс малтаж гаргах судалгааны ажилтай танилцаж байв. /Монгол, Японы эрдэмтэд Монголын говьд 1992 оноос хойш хамтарсан судалгаа хийж, үлэг гүрвэлийн олон олдвор илрүүлж, дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан. Энэхүү хамтарсан судалгаа нь “Монголын үлэг гүрвэлийн олон улсын судалгааны төсөл” болон өргөжиж, 2016 онд говийн нутгаас 70 сая жилийн өмнө хамаарах аварга том үлэг гүрвэлийн 92 см өргөн чулуужсан мөр олж, 2024 онд хамтарсан малтлага хийсэн юм./

• Тэрээр Морин хуурын чуулгын тоглолт, Улсын филармонийн хүндэтгэлийн концерт үзэж сонирхохын зэрэгцээ чуулгын тайзнаа эрдүү хийлээр япон ардын аялгууг тоглож, гэнэтийн бэлэг барьж байв.

ЯпонУлсын угсаа залгамжлагч Хунтайж Нарүхито Монголын түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаарзочилж буй нь. /Зургийн эх сурвалж Японыjiyoung2012.blog/

Анхны айлчлалаар Монголын байгаль ялангуяа зах хязгааргүй үргэлжлэх тал нутаг эрхэм дээдэст гайхалтай гүн сэтгэгдэл төрүүлсэн хэмээн дурсан ярьж байсныг Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нэгэн ярилцлагадаа дурдсаныг энд тодотгоё.

Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито: Харилцааны түүхийг тодотгосон айлчлал болно гэдэгт итгэж байна

Цог Жавхлант хаан Нарүхито Монгол Улсад хийх төрийн айлчлалынхаа талаар 2025.07.02-ны өдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр “Энэ удаагийн айлчлал нь Япон, Монгол хоёр улсын эртнээс харилцаж ирсэн түүхэн үйл явдлууд дээр суурилсан, түүхийг эргэн харсан айлчлал болно гэдэгт итгэж байна” гэдгээ онцолж, Эрхэм Дээд хатан хоёр улсын харилцааны түүхийг сэтгэлдээ чандлан, хоёр улсын харилцаа, нөхөрсөг дотно холбоогоор улам бэхжихийг хүсэж, Монголын их тал, түүх, соёлыг дэргэдээс нь мэдрэх болсондоо ихэд баяртай байгаагаа илэрхийлж, монголчуудтай уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна” гэдгээ тэмдэглэв.

Түүнчлэн Эзэн хаан “Дэлхийн хоёрдугаар дайны дараа хуучнаар ЗХУ-д хоригдож байсан 14,000 гаруй Япон цэргийг Монгол Улсад шилжүүлснээс 1700 гаруй нь хүнд хүчир ажил, хүйтэн ширүүн уур амьсгалд туйлдсанаас болж Монголд нас барсан. Тэдгээр Япон цэрэг өнөөдрийн Монгол Улсын Засгийн газрын ордон, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр гэх мэт барилга байшин барих ажилд дайчлагдаж, хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, хүнд нөхцөлд амьдарч байсан. Гэхдээ цэргүүд өөрсдийн хариуцсан ажилдаа бүх хүчээ дайчлан ажиллаж байсан нь монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн гэж дуулсан” хэмээн түүхийн үйл явдлыг дурсав.

Мөн Эзэн хаан Нарүхито “Энэ удаагийн төрийн айлчлалаар өнгөрсөн хугацаанд болсон түүхэн үйл явдлыг сэтгэл зүрхэндээ тээн Япон цэргийн булшинд хүндэтгэл үзүүлнэ. Тэд эх орноо сэтгэлдээ тээсээр эргэж ирж чадалгүй, амиа алдсан. Тэднийг хүндэтгэн ёсолж, мэдэрсэн зовлон шаналалд толгой бөхийлгөхийг хүсэж байна” гэдгээ хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Айлчлалаас хүлээгдэж буй үр дүн:

• Японы засгийн газраас Монгол Улсад иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж олгохоор болсон. Энэ хүрээнд Чингис Хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийг хийх санхүүжилтийг олгох асуудал цаг хугацааны хувьд түргэсэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

• Эзэн хааны хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсэн байр сууринаас тандвал Нарүхито угсаа залгамжлах Хунтайжийн хувиар бус Япон улсын Эзэн хааны хувиар түүхэн үйл явдлыг харж, цэрэг эрсийнхээ гэгээн дурсгалд гүн хүндэтгэлтэй хандан, тэдний амь хоосон үрэгдээгүй гэдгийг ард түмэндээ ойлгуулах бодол өвөрлөж ирэх нь ээ. Нөгөөтэйгүүр Японы нийт ард түмнийг төлөөлж буй эв нэгдлийг эрхэмлэгч эзэн хааны айлчлал Монгол, Японы харилцаанд шинэ ахиц дэвшил авч ирэх, харилцааны цар хүрээг улам өргөжүүлэн бэхжүүлэх, Азийн хөгжингүй орны гадаад бодлогын чухал хэсэг болох чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далай үзэл санааг дэлгэрүүлэх алс хэтийн бодлогод Монгол улс томоохон үүрэг гүйцэтгэгчдийн нэг гэдгийг олон улсад харуулахад чиглэх болов уу.

• Японы эзэн хааны айлчлал нь Монгол Улсын гадаад бодлогын зорилт жанжин шугамаа баримталж, гадаад харилцаанд стратегийн түншлэл бодитоор хөгжин бэхжиж буйн тод илрэл болох юм. Энэ утгаараа гадаад харилцаанд шинэ эрч хүч, шинэ түүх нэмэх онцгой, ховор үйл явдал болон тэмдэглэгдэн үлдэж, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Япон хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдлоо өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито нь 2025 онд Монгол Улсад айлчилсан гадаад улсын дөрөв дэх төрийн тэргүүн болно

Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито нь 2025 онд Монгол Улсад айлчилсан гадаад улсын дөрөв дэх төрийн тэргүүн болох юм. Энэ он гарснаас хойш Австри, Туркменистан, Узбекистаны ерөнхийлөгч нар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Монгол Улс өнгөрсөн 2024 онд Бутаны Цог Жавхлант хааныг гэр бүлийн хамт найрсаг сайхан хүлээн авсан. Энэ жил Японы эзэн хаан, ирэх он жилүүдэд аль улсын эрхэм дээдсүүд Монголын нутагт хөл тавих вэ? Аль ч улсын эрхэм дээдэс морилоход хүн ардын сэтгэлгээ нь нээлттэй, цаг агаар нь тааламжтай, нүүдлийн түүх соёл нь уран тансаг. Гадаад бодлогын хувьд ч, гадаад орчны хувьд ч дэлхийн 193 улсдаа нээлттэй шүү дээ Ардчилсан Монгол улс маань.

Эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар Индонезулсад айлчилж буй нь. /Зургийн эх сурвалж: Kyodonews/
Японы Эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нарИБУИНХУ-д айлчилж буй нь. /Зургийн эх сурвалж: peoplejournal /

 

Айлчлалыг тойрсон сонин сайхан

• Японы гадаад хэргийн сайд асан Таро Коно Хаан, хатны Монгол Улсад хийх төрийн айлчлалыг зохион байгуулах тусгай төлөөлөгчөөр томилогдсон байна.

• 2011-2016 онуудад Япон улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан Шимизү Такэнори Цог Жавхлант Эзэн хааны хэвлэлийн төлөөлөгч, гадаад хэргийн сайдын тусгай зөвлөхийн хувиар ирэх юм байна.

Мэдээллийн эх сурвалж:

1. Монгол Улсын ЕТГ

2. Монгол Улсын ГХЯ

3. Япон улсын ГХЯ

4. Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ

5. Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ

6. www.japan.kantei.go.jp  

7. www.english.kyodonews.net

8. www.nippon.com

9. www.nhk.or.jp

10. www.mainichi.jp

11. www.asahi.com

12. www.japantimes.co.jp