Монгол Улс ирэх оны төсвөө улс төрийн ороо бусгаа цаг үе, иргэдийн эсэргүүцлийн жагсаал, улстөрчдийн албан тушаалын барьцаа, намуудын эрх ашгийн хайчин дунд арайхийж хуулийн хугацаандаа амжиж баталлаа. Үндсэндээ, УИХ тарж бутарч “татан буугдах”-ын ирмэг дээр төсөв баталсан нэр зүүв. Үүнийг ч УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж урьдчилан хэлж шахсаар байсан. Тэрбээр “Төсвөө баталж чадаагүй, чадамжгүй УИХ тарах болно. УИХ тарвал ирэх нэгдүгээр сарын 20-нд сонгууль болно шүү” гэдгийг сүүлийн 10 хоногт парламент даргалагчийн индэр дээрээ алхам тутам сануулж, шаардаж алх цохьсоор байсан юм.

УИХ өмнөх жилүүдэд улсын төсвөө батлахдаа салбар бүрээр нь хэлэлцүүлж, “шүүс”-ийг нь шахаж, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсож ирсэн. Төсөв өргөн бариад батлах хүртэлх хоёр сар гаруйн хугацаанд ийм боломж бололцоотой хангалттай.

Гэтэл энэ жил гүйцэтгэх засаглал төсвөө өргөн бариад хоёр сар болж байхад хэлэлцэж эхлээгүй. Эрх баригч намын даргын сунгааны хэрүүл, талцал, ээлж дараалан нэгнээ харлуулах мэдэгдэл хийсээр 55 хоног өнгөрсөн. Бүхэл бүтэн хоёр сарын хугацааг хий дэмий улстөржиж, сандал суудлын хэрүүл хийсээр таарав.

Төсөв батлахаас хэдхэн хоногийн өмнө Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад хариулахдаа “Төсвийн хэлэлцүүлэг дээр 55 хоног алдсан. Засгийн газар есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийг хоёр сарын дараа хэлэлцэж эхэлсэн. Бүхэл бүтэн 66 хонож байхад гишүүд танин мэдэхүйн шинжтэй юм яриад сууж байна. Энэ бол бидний буруу. Улс төр дотроо ч гадна талд ч хэцүү төвөгтэй байлаа” гэж бухимдсан. Өөрөөр хэлбэл, төсвийн 3-4 удаагийн хэлэлцүүлэг явагдаж дуусаад чуулганы хуралдаанд эцсийн шат руугаа орж байхад ийнхүү гишүүд ямар ч тооцоо судалгаагүй таних мэдэхүйн шинжтэй зүйл асууж байсан нь хэр хэмжээний “түүхий” вэ гэдгийг харуулж байна. Ажлынх нь ширээн дээр цаасаар хэвлээд тавьсан гишүүд ийм мэдээлэлтэй байхад ард иргэд ямар ойлголттой байгаа нь тов тодорхой биз.

Өмнөх жилүүдэд төсөв хэлэлцэж байх үед Засгийн газрын сайд нар салбарынхаа төсвийн зовлон, жаргалыг нэг бүрчлэн ярьж хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлэл өгдөг байлаа. Ковидын үед ч том зааланд хэвлэл, олон нийтийг уриад макстай ярьж л байсан. Гэтэл цар тахалгүй энх цагт ийм санаачилга, боломж, зохион байгуулалт ч гарсангүй.

Угаас түүхий орж ирсэн төсөв хэд дахин задарсан. Эмч, багш нарын ажил хаялт, жагсаал цуглааны шаардлагаар эргэж буцаж хэдэн их наядын тооцоолол хөдөллөө.

Мөн МАН-ын даргын зодоон Тусгаар тогтнолын ордноос хальж Төрийн ордон, сүүлдээ төсөв рүү орж ирсэн нь төрийн тогтворгүй байдал бий болгож, хямрал руу бодитоор хөтөлсөн. Засгийн газрыг аварч үлдэх кнопны төлбөр болгож сөрөг хүчин болоод орон нутгаас сонгогдсон гишүүдэд “Бүсчилсэн хөгжил” нэрээр 180 тэрбум төгрөг төсөвт шургуулсныг зарим гишүүд дэлгэсэн юм. Ингэхдээ эмч багш нарын цалингийн нэмэгдэл, эрчим хүчний төсөл гээд онц чухал бодлогоо хойш тавьж оронд нь зам, барилга барихаар эрэмбэлсэн учраас төсвөө буцаан татахыг шаардсан. Ингэж эцсийн хэлэлцүүлэг хийх гэж байхад Их хурлын гишүүд нь эргүүлэн татахыг шаардсан тохиолдол урьд өмнө гарч байгаагүй. Товчхондоо, 126 гишүүн төсвийн талаар ажил хэрэг, эрүүл мэтгэлцээн өрнүүлэхээс илүү бүлэг фракц бараадсан улстөржсөн өнгө аясаар хандсаар таарсан гэж хэлж болохоор.

Тэр бүү хэл Монгол төрийн түүхэнд байгаагүй ил цагаан луйвар парламентын танхимд явагдаж түүнийг нь Төсвийн байнгын хорооны дарга Хассуурийн Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан нар улаан, ногоон ундааны сав өргөж удирдаж буй бичлэг, зураг нийгмийн сүлжээнд ил болов.Төсвийн сүүлийн шатны хэлэлцүүлгийн дундуур Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг мэдээлэл хийхдээ “УИХ-ын зарим гишүүд УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг томилж, Х.Булгантуяагийн асуудлыг шийдсэн цагт төсөв батална гэж барьцаалж байна” гэж мэдэгдсэн. Улс төрийн ийм үйл явц өрнөсний эцэст парламент өчигдөр нүд ирмэх зуур төсвийг эцэслэж араас нь УИХ-ын дэд даргын томилгоог шуурхайлж, Шадар сайдын тангарагийг өргүүллээ. Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдож, Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын дэд дарга болсноос харвал эрх баригч намынхан албан тушаалын тохиролцоонд хүрч, төсвөө баталсан бололтой.

Төсөв батлах үеэр сөрөг хүчний төлөөлөл Ө.Шижир “МАН-ынхан ямбийтал зодолдсоны үр дүнд УИХ-ын даргагүйгээр төсөв баталж байна. МАН-ынхаан, та нар монголчуудад хайртайдаа голын хоёр эрэгт гарчихаад бие бие рүүгээ чулуу шидээгүй. Төрийн мөнгийг хэн хяналтгүйгээр удирдах вэ гэдэг эрхээ булаацалдсан Та нарын төсөв гацааж байсан 56 хоногт эмч, багш нарын нийгмийн асуудал болон төрийн бүх албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх, хэлэлцээр хийх боломж хугацаа байсан шүү. Харамсалтай нь энэ 2026 оны төсөв дээр урсгал зардлаа танах, хөрөнгө оруулалтын зардал нэмэх ямарч юм орж ирэлгүй батлагдах гэж байна” гэж хэлсэн. Өөр олон гишүүд маш “түүхий” төсөв боллоо. Тун удахгүй тодотгол асуудал сөхөгдөх нь гарцаагүй гэдгийг хэлж байгаа юм.

Монголчууд төрийг хяналт тэнцвэртэй байлгах гэж 76 гишүүний тоог нэмэгдүүлж 126 болгохыг дэмжсэн. Гэтэл 126 түшээ эхний жилдээ л түүхэнд байгаагүй их улстөржилт, талцал маргаан тарьж маш “түүхий” төсөв баталлаа.

Төсвийн гол мэдээллийг Сангийн сайдын тайлбарласнаар хүргэе.

-Төсвийн төсөлд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр,  

-11 дүгээр сарын 01-ээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,

-Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр,

-Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэхчлэн нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгдлээ.

Харин урсгал зардлыг нийт 990,169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан батлав.

-Шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь,

-Зам тээврийн салбарын төслүүд,  

-Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулав.

Эдгээр өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32,2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний-1,0 хувьтай тэнцүү байхаар тогтлоо.