Туулын хурдны замын төслөөс болж эгээтэй л хүний амь нас эрсдэх вий гэсэн айдас болгоомжлол бий боллоо. Учир нь хотын дарга Х.Нямбаатар жагсаал удирдаж тэмцлээ илэрхийлэхдээ “Туулын хурдны замыг нэг бол шүүхийн шийдвэрээр, эсвэл намайг алчихаад зогсоо” гэсний хариуд Savetuul хөдөлгөөний төлөөлөл Ц.Уянга “Чи үхэж байж Туул гол үлдэх ёстой юм бол сонголт хийгээд байх юу байна. Чамайг л алчихъя. Үхэхэд гомдолгүй гэдгээ гэрээслээд рингэн дээр гараад ир.Иргэдээ хооронд нь алалцуулах гэж турхираад байлгүй халз тулаанаар үхэх сэхээ үзье. Чи бол ямх бөөс, Монгол бол Мөнх Улс” гэсэн нь олон нийтийг сэрдхийлгэлээ. Мөн нэгнээ хятад, хужаагаар нь дуудах байдал ч хэрээс хэтэрлээ. Ингэж ээлжлэн цахим дайралт, жагсаал цуглаан зохион байгуулж нийгэмд эмх замбараагүй байдал бий болж байна. Аль хүрч зогсохыг таашгүй.
Нэг талаас Savetuul хөдөлгөөнийхөн Туулын хурдны замын төслийг эдийн засаг, цаг хугацааны хувьд тохиромжгүй, үр ашиг багатай, санхүүжилтийн бүтэц ил тод биш. Түүнчлэн Туул голын экосистемд ноцтой хохирол учруулж болзошгүй гэж судлаачид үзэж байгаа. Гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн. Хурдын замын төслөөр замын түгжрэлийг бууруулна гэж тайлбарлаж байгаа ч тооцооллууд зөрүүтэй, түгжрэлийг бууруулах бодит нөлөө нь харьцангуй бага гэсэн байр суурийг илэрхийлж найм хоногийн хугацаанд жагсаад байгаа юм. Мөн УИХ дахь АН-ын бүлэг “Туулын хурдны зам” төслийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж төслийн ТЭЗҮ, зураг төсөл, байгаль орчны үнэлгээний талаар холбогдох албаныхнаас тайлбар авлаа.
Харин нөгөө талд Хотын дарга Х.Нямбаатар Туулын хурдны замын төслийг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж, энэ төслийг эсэргүүцэгчид бүгд Туул голын дархан цаазарт газарт байшин барьж, бохироо цутгаж байна гэв. Тэрбээр өчигдөр Туул голын трассын дагуу ажиллахдаа олон зуун хүнтэй жагсаалыг толгойлж “Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг эсэргүүцэж буй УИХ-ын гишүүн С.Цэнгүүний аав С.Саруулсайхан нь “Mudi Residence” гэх 2 блок 18 айлын тансаг зэрэглэлийн хотхоныг Богдхан уулын дархан цаазат бүсэд барьсан. ХААИС-ийн хойно, Туул голын яг эрэг дагуу байрладаг энэ хотхон бохироо Туул гол руу цутгадаг. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Туулын хурдны замыг эсэргүүцэж буй мэт харагдавч үнэн хэрэгтээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хотхоны бохирыг Туул гол руу урсгаж, онгон дагшин байгальд хотхон барьсан нь ёс зүйд нийцэхгүй” гэсэн. Үргэлжлүүлэн гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрийн гадаа очив. Энэ мэтээр Туулын хурдны замын төслийг эсэргүүцэж байгаа эрх мэдэлтэн, төрийн түшээд бүгд Туулын Дархан цаазат бүсэд тансаг хаустай гэлээ.
Тиймээс нэгэнт Туул голын асуудал олны анхаарлын төвд орсон учраас Туулын тусгай хамгаалалт, дархан цаазат бүсэд байшин барьж хаус сүндэрлүүлсэн хүмүүсийг ил тод зарлаж, цэгцэлье.
Нөгөө талаас эрдэмтэн судлаачид Туул голын экосистемд нөлөөлнө, амьтан ургамал устана гээд байгаа Туулын хурдны замын төслөө зогсооё. Ингэж Туул голоо бүгдээс нь цэвэрлэж, цэгцэлж авья. Угаас Туулын эргийн дагуу тулж барьсан хаус, барилгатай тэмцэх эрх үүрэг нь Хотын удирдлагуудад бий. Хурдны замын төслөөс урьтаж энэ эрхээ хэрэгжүүлж, Туул голоо бодитоор нь хамгаалж чадвал Хотын даргад браво.















