Туулын хурдны замаас болоод түмэн олон төр засагтайгаа “дайн” зарлаж эхэллээ. Өнгөрсөн амралтын өдөр Туулын эрэг дээрээс эхэлсэн жагсаал өчигдөр төв талбайд үргэлжиллээ. Нийгмийн сүлжээ өдөр шөнөгүй хэрүүл талцлаар дүүрэн хэдэн өдөр болж байна.

Гэтэл хотын удирдлагууд, төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөлөл тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс Туулын хурдны зам түгжрэл бууруулна, байгаль орчинд хор  хөнөөлгүй гэж ухуулж байгаа бол нөгөө талд иргэдийн төлөөлөл, зарим эрдэмтэн судлаачид идэвхтэй тэмцэл өрнүүлж байна. Энэ дунд Туулын хурдны зам баригдах нь зөв эсвэл бурууг мэдэхгүй төөрөлдсөн баахан хүмүүс яахаа мэдэхгүй хоёр талын амыг харж сууна. Нэгийг нь сонсохоор бургас буцаад ургах ч юм шиг нөгөөг нь харахаар Туул голынхоо амин сүнсийг таслах гээд буй ч юм шиг үнэн хэрэгтээ хэнийх нь үгэнд итгэхээ мэдэхгүй сууна. Эцэс сүүлдээ Монголын нэр нүүрийг дэлхийд тахлах COP17 хурлыг бойкотлох агуулга руу орж байгаа нь тоглоом биш болсныг харуулж эхэллээ. Ийм нөхцөлд хэн ч юу ч ярьсан хөндлөнгийн эх сурвалж бус эрх ашиг гэж харагдах эрсдэл үүсч байна. Атал Усны агентлаг, ойн газар нь ул суурьтай хариулт өгч чадахгүй дүгнэлт хүлээж байгаа гэх.

Ийм нөхцөлд иргэдийн төөрөгдлийг арилгаж, эргэлзээг тайлах мэргэжлийн эх сурвалж салбарын яам байх учиртай.

Зүй нь иргэдийн тэмцэл хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцээд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, сайд, мэргэжилтэн хэн ч байсан төлөөлөөд “дуугарах” хугацаа хангалттай өнгөрлөө. Үүнд Засгийн газар ч яаралтай хуралдаад ямар бодлого баримталж буйгаа хэлэх учиртай. Гэтэл гүйцэтгэх засаглал нь ч салбарын яам нь ч таг чиг. Тэр байтугай түмэн олны мандаттай төрийн түшээд нь зөв бурууг мэдэхгүй түгдчиж явна. Ийн саарал ордных нь гадна жагсаал тэмцэл болж байхад төр засгийн эрх бүхий байгууллагууд, албан тушаалтнууд нүдээ аньж, чихээ дарсан бололтой.

Туул гол дээгүүр хурдны зам тавьж болох бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь зоригтойгоор гарч ирээд хэл. Үгүй бол хотын удирдлагуудын зүтгүүлээд буй төслийг нэн даруй зогсоож хөрөнгө оруулагчдаасаа хүлцэл өчих хэрэгтэй. Ер нь ард иргэдийн дунд асуудал үүсэхээр мэргэжлийн байгууллагууд нь дуугаа хураачихдаг, тэр хэрээр нь олон нийт төөрөлдөж бужигнадаг болоод удлаа. Энэ байдлаараа үргэлжилбэл байгаль орчноо хамгаалах жагсаал хаврын улс төрийн “хачир” болж хувирах вий.