Сүүлийн арван жилийн турш “сөрөг хүчин” хэмээх пайз барихаас хэтрээгүй АН-ынхны арчаагүй замналаас алга ташин дэмжмээр ганц акц нь УИХ-ыг МАН-ын дарга Н.Учрал удирдах ёсгүй гэсэн шаардлага боллоо. Олон ургальч үзлийн талбар, олон намын төлөөллийн мэтгэлцээн, үзэл бодлын индэр байх ёстой парламент нь эрх баригч намын даргын зангидсан хөмсөг, зуусан хөмхийн дор ханарч, хөлбөрөх учиргүй. Өдгөө улстөрч болгоны амны уншлага болсон парламентаа хамгаална, дархлаатай болгоно гэх үгээ бодитой болгоё гэсэн хүн бүрд АН-ын эл шаардлага зүй ёсных.

Угтаа асуудал нь Н.Учралд байгаа юм биш. Парламентыг улс төрийн аль нэгэн намын дарга удирдах ёсгүй гэсэн зарчим барьж буй сөрөг хүчнийхэн өмнөх Спикер Д.Амарбаясгаланд ч эл шаардлагаа тавьсан. Д.Амарбаясгалангийн хувьд Н.Учралаас ялгаатай нь 2024 оны сонгуулийн үр дүнгээр УИХ-ыг байгуулахад тэр намын дарга биш, генсек байлаа. Ингээд Г.Занданшатартай “заамдалцан” байж МАН-ын дарга болоход нь (тамга атган, жинхэлж чадаагүй) АН-ынхан түүнээс УИХ-ын даргын суудлыг салгах нь зүйтэй хэмээн мэдэгдэж эхэлсэн.

Харин Н.Учралын тухайд тэр эхлээд намын дарга болсон. Дараа нь УИХ-ыг удирдахаар сонгогдон, даргын “дээл”-ээ давхарласан. Олонх болсон намаас хэнийг хаана томилох нь хэнд ч падлийгүй гэх маягтай мэдэгдээд л Спикер болчихсон.

Товчхондоо, парламентат ёс, парламентын ардчиллын зарчим, нар мэт намынхаа дүрмийнхээ эсрэг урвуу “ажиллагаа” явуулсан хүн нь Н.Учрал.

АН-ынханд ч даргаараа УИХ-ыг удирдуулаад уруудсан түүх бий. 2016 оны сонгуулиар АН-ыг удирдахдаа З.Энхболд нэг гартаа намын, нөгөө гартаа парламентын тамга атгаж байсан юм. Ингэхдээ тэр сонгуулийн солиоролдоо сохорч, ардчиллын хүрсэн олон алхмаас ухарч, тогтолцоогоор нь тоглосон юм даг. Үр дүнд нь АН-ынхан өнөөг хүртэл нар үзээгүй л байна. 2016 оны сонгуулиар намаа удирдан орж ялалт байгуулсан М.Энхболд ч Ерөнхий сайдын бус, УИХ-ын даргын суудалд очсоноор хамаг хэрэг буруудаж, намын хагарлаа төрийн зовлон болгож орхисон гэх мэт олон түүх сургамж болон үлдэж.  

Нөгөө талаас МАН-ын үндсэн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” хэмээх заалт бий.

Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч энэ л дүрмийн дагуу, ялсан намын дарга байсан учраас Засгийн газраа байгуулан ажилласан. Магадгүй АН олонх болсон тохиолдолд тухайн үед дарга байсан Л.Гантөмөр Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой. Ер нь намуудын зүгээс сүүлийн сонгуулиудын кампанит ажлынхаа үеэр Ерөнхий сайд, Засгийн газын бүтэц, бүрэлдэхүүнээ ил тод зарладаг жишиг тогтож буй. Ингэхдээ сонгогчид ч ялсан намын дарга нь Ерөнхий сайд болно гэх зарчмын дагуу улс төрийн хүчнийг нь ч, удирдаж байгаа хүнийг нь ч харж, харьцуулан дараагийн Засгийн газрын өнгийг тольдон саналаа өгч сурч байна. Өөрөөр хэлбэл, монголчууд бид ч, манай намууд ч парламентын ардчиллын энэ зарчмыг нэгэнт хүлээн зөвшөөрч, дүрэм журамдаа тусгасан, эсэхээс үл хамааран даган биелүүлдэг болчихсон.

Харамсалтай нь, Ардын намынхан арсалдан тэмцэллдэхдээ даргыгаа, Ерөнхий сайдыгаа авч хаяад, тойргоосоо ч тодорч дөнгөөгүй Г.Занданшатарыг Засгийн газрын тэргүүнээр залчих нь тэр. Ерөнхий сайд болчихвол намын даргаар сонгогдчих байх гэсэн түүний найдвар ч талаар болж, талцал, хуваагдлын “түймэр” тавьчихсан.

“Том” намд дэгдсэн үймээний сиймхийгээр дарга болсон Н.Учрал хэзээ Засгаа авах вэ гэдэг нь бүр ч ээдрээтэй байж мэднэ.

Гэхдээ энэ бүхний эцэст эрх баригчдын хариуцлагыг орлогоо нотолж чадалгүй огцорсон Л.Оюун-Эрдэнээс нэхэх үү. Эсвэл тамга ч үгүй,  тойрог ч үгүй, “заримдаг” Г.Занданшатараас сонгуулийн амлалтыг нь асуух уу. Аль эсвэл УИХ-ын дарга Н.Учралаас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг шаардах ёстой юу.