Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан байдаг. Харин энд дурдсан Үндсэн хуулийн заалт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээх агуулгатай. Үүнийг 2019 онд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан бөгөөд өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь зургаан жилийн хугацаатайгаар сонгогдон төр тэргүүлж буй анхны хүн юм. Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас даруй долоон жилийн дараа, үүнийх нь дагуу сонгодсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа бараг дуусаж байхад Цэц маргаан үүсгэв.
Улмаар 1993 онд буюу 30 гаруй жилийн өмнө баталсан, анхны бөгөөд хуучин хуулиудын нэг болох Ерөнхийлөгчийн тухай хуулийн нэг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэх ажлыг Цэц эхлүүллээ.
Уг нь Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэх ажлыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулмагц л хийж эхлэх байв. Ингэхдээ Төрийн тэргүүнд өөр бусад хуулиар олгосон бүрэн эрхтэй холбоотой харилцааг цэгцэлж, тодорхойн болгон зааглах ёстой. Харамсалтай нь, үүнийг хоёр парламент дамжуулаад ч шинэчлэх, эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн нэлээд олон хуулийг засаж, сайжруулах үүрэг парламентад ногдож буй. Тэдгээрийн нэг нь Ерөнхийлөгчийн тухай хууль бөгөөд Төрийн тэргүүнд нэр дэвших насны босго 45 байсныг 50, бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байсныг зургаа болгон өөрчилснийг уг хуульд тусгах ажлыг хийгээгүйгээс болж Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн нь энэ. Цаашлаад хүссэн хуулиа санаачилдаг байсныг нь “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэх нэмэлт, өөрчлөлтийг ч Үндсэн хуульд оруулсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэхдээ Төрийн тэргүүн ямар хууль санаачилж болох, болохгүйг зааж өгөх ёстой байв. Жишээ нь, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт бүхий хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж болох, эсэхийг тодорхой тусгачихсан бол өнөөдрийнх шиг маргаан үүсэхгүй байсан биз.
Гэхдээ хамгийн гол нь Ерөнхийлөгчид зөвхөн Үндсэн хуульд заасан хүрээнд тодорхой бүрэн эрх олгож байхаар зохицуулахын тулд хуулийг нь шинэчлэх шаардлагатай байгаа юм. Тодруулбал, нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 33.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тусгасны дагуу хүрээ, хязгаарыг нь хумих шаардлагатайг хэн хүнгүй хэлж ирсэн ч хууль тогтоочид хуруугаа ч хөдөлгөсөнгүй.
Өнгөрсөн 30 гаруй жилд нийт 69 хуульд Ерөнхийлөгчийн талаар зохицуулалт оруулахдаа 23-т нь түүнд Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрх тусгасныг судалгаагаар тогтоочихсон.
Шуудхан хэлэхэд, үе үеийн Ерөнхийлөгч нар ямар ч асуудлаар хууль санаачлах эрхтэй гэдгээрээ түрээ барьж өөр бусад хуулиар дамжуулан өөрсдийнхөө бүрэн эрхийг ийм болтол нь нэмчихсэн шүү дээ.
Үнэндээ хоёр сонгууль дараалан олонхыг бүрдүүлсэн Ардын намынхан намаас нь нэр дэвшиж сонгогдсон хүнээс айж, Ерөнхийлөгч хэмээх институц бус, У.Хүрэлсүхийн бүрэн эрхийг багасгахаас зайлсхийж явсаар долоон жилийг үдэв. Дахин хэдэн жил ч хав дарах нь ч тодорхойгүй.
Ирэх онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар Ардын намын нэр дэвшигч ялвал энэ хэвээрээ нүдэн балай, чихэн дүлий гүлдийж ч мэднэ, эрх баригчид.
Ямартай ч эхэндээ УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд дэмий л оруулахаас хэтэрдэггүй байсан бол сүүлдээ бүр цэг ч хатгахаа байв. Ингэснээр УИХ, Засгийн газар, шүүхтэй эрх, үүргийг нь булаацалдаж, давхардуулж ирсэн Ерөнхийлөгч цаашид хэрхэн дураараа аашлах нь тодорхойгүй хэвээр үлдэж буй хэрэг.
Сануулахад, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг Засгийн газар 2021 оны зургадугаар сард хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйгаа дуулгаж байлаа. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдохтой хамт л танилцуулсан төсөл гэсэн үг. Тиймээс ч тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өмнөх Төрийн тэргүүнүүдээс эрх мэдлийн хувьд харьцангуй бага байх нь нэгэнт тодорхой” хэмээж байж. Уг төсөлд ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлөхөөр тусгасан байв. Өдгөө энэ эрхийг Ерөнхийлөгч эдэлж буй бөгөөд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нь Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн хуулийн зөвлөх шиг ил цагаан ажиллах болсон. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуул болон улс төрийн албан тушаалтныг томилох тухай шийдвэрт хориг тавихыг нь хязгаарлах заалт байсныг сануулъя.
Бас Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсвэл нам байгуулах, аль нэгэн намд элсэх, гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд байнга амьдрах, оршин суух, Монгол Улсын харьяатаас гарах, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах, гүйцэтгэх албан тушаал хаших, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглохоор тусгасан байв.


.jpg)













