Хангайн сүрлэг уулсаас нүд алдам цэнхэр тал нутгаар хослон бүрдсэн үзэсгэлэнт Монгол бол тэсвэр тэвчээр, хүсэл тэмүүллээрээ бахархдаг ард иргэдтэй орон. Далайд гарцгүй ч дэлхийн хэмжээнд сэтгэх ухаан, алсын хараатай тэдний итгэл найдвар, зоримог шийдэмгий чанар үнэхээр бахдам. Гэвч өнөөдөр тэд олон сорилтуудтай нүүр тулгарч байна. Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгалийн экосистем төдийгүй хүмүүсийн өдөр тутмын амьжиргаанд томоохон дарамт учруулж, эдийн засгийн шилжилтүүд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж, дэлхий дахинд үүссэн тогтворгүй нөхцөл байдал асуудлыг улам хүндрүүлж байна. Харин энэхүү асуудлуудыг шийдвэрлэхэд нэн даруй, хариуцлагатай шийдэл, зоримог алхам шаардагдаж байна.

Иймээс Монгол Улсын хөгжлийн ирээдүйн чиглэл хүн төвтэй, эх дэлхийдээ ээлтэй байхыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Энэ бол НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн 2026–2029 оны шинэ Стратегийн төлөвлөгөөний гол үзэл баримтлал, тулгуур зорилго болж байгаа бөгөөд өнөө үеийн харилцан уялдаатай, төвөгтэй сорилтуудыг даван туулах гарцуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ шинэ боломжийг нээх замын зураглал юм.

НҮБХХ-ийн 2026–2029 оны шинэ Стратегийн төлөвлөгөө

Хамтын ирээдүйгээ бүтээх төлөвлөгөө

Энэхүү Стратегийн төлөвлөгөө нь 116 улсад зохион байгуулагдсан 600 гаруй хэлэлцүүлэг болон 147 улсын 11,000 гаруй хөгжлийн түншийн санал, зөвлөмжид тулгуурлан боловсруулагдсан. Эдгээр хэлэлцүүлгээс тодорхой харагдсан нэг зүйл бол урт хугацааны тогтвортой ахиц дэвшил нь зөвхөн шинж тэмдгийг бус, харин уг үндсийг шийдвэрлэх цогц, нэгдсэн шийдлийн хүрээнд л бий болдог явдал юм.

Тус төлөвлөгөө нь дараах үндсэн дөрвөн зорилтыг дэвшүүлж байна. Үүнд: хүн бүрт хүртээмжтэй хөгжил, сайн засаглал, хямралыг даван туулах чадвар, эрүүл дэлхий. Эдгээрийг дижитал болон хиймэл оюуны шилжилт, жендерийн тэгш байдал, тогтвортой санхүүжилт гэсэн гурван хурдасгуур дэмжин хэрэгжүүлнэ. Монгол Улсын хувьд энэ зорилгууд нь орон нутгийн иргэдэд хөгжлийн үр өгөөжийг хүргэх, дижитал шийдлээр хүртээмжтэй өсөлтийг бий болгох, мөн хувьсан өөрчлөгдөж ирээдүйд нийцсэн засаглалын тогтолцоог төлөвшүүлэх шаардлагатайг илэрхийлж байна.

Итгэлцэл ба үр дүнд суурилсан түншлэл: Монгол Улс ба НҮБХХ

Өнгөрсөн тавь орчим жилийн хугацаанд НҮБХХ нь Монгол Улсын хөгжлийн бүхий л үе шатанд итгэлт түнш нь байсаар ирсэн. Тиймдээ ч өнөөдөр бидний Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд ч шинэ Стратегийн төлөвлөгөөний чиглэлүүдтэй нягт уялдаж байна.

Дижитал шилжилт бол бидний хамтын ажиллагааны шинэ бөгөөд ирээдүйд чиглэсэн чиглэл юм. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран Монгол Улсын Их өгөгдөл болон хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулахад бид дэмжлэг үзүүлж байгаа нь төрийн үйлчилгээг сайжруулах, засаглалын чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ өсөлтийн шинэ боломжуудыг нээх чухал алхам болж байна.

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска

Мөн уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэх нь бидний хамтын ажиллагааны бас нэгэн чухал чиглэл юм. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг удирдах чадавхыг нэмэгдүүлэхийн төлөө бид өргөн хүрээтэй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Цаашлаад сайн засаглалыг төлөвшүүлэхэд бид бодитой дэмжлэг үзүүлж байна. Үүнд мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурласан хүртээмжтэй шийдвэр гаргалтыг дэмжих, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бэхжүүлэх зэрэг ажлууд хамаарна. Энэ бүхэн нь ирээдүйд нийцсэн засаглалын тогтолцоог бүрдүүлэх чухал үндэс суурь болж байна.

Малчих өрх зудын үеэр, Тосонцэнгэл, Завхан аймаг

Жендерийн тэгш байдлын чиглэлээр Монгол Улс сүүлийн жилүүдэд томоохон дэвшил гаргалаа. 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдож, бүс нутгийн дундаж үзүүлэлтийг давсан нь эмэгтэйчүүдийн манлайллыг олон жилийн турш тууштай дэмжсэн хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Үүнд КОИКА-гийн санхүүжилттэйгээр бидний хэрэгжүүлсэн төсөл чухал хувь нэмэр оруулсан. Цаашид энэ ололтыг бодлого, шийдвэрийн түвшинд хэрэгжүүлж, жендерийн тэгш байдлыг зөвхөн шийдвэр гаргах түвшинд бус, гэр бүл, ажлын байр, олон нийтийн амьдралд ч ахиулах шаардлагатай байна.

2024 оны УИХ-ын сонгуулиар шинээр сонгогдсон эмэгтэй гишүүд

Гэвч энэ бүх дэвшлийг санхүүжилтгүйгээр тогтвортой хадгалах боломжгүй. НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр боловсруулсан Монгол Улсын Үндэсний Санхүүжилтийн Нэгдсэн Тогтолцоо нь төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон дотоод, гадаад эх үүсвэрийг уялдуулан дайчлах замаар үндэсний хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд шаардлагатай санхүүгийн суурийг бүрдүүлэх замын зураглал болж байна.

Мөн бид Монгол Улсыг уур амьсгалын санхүүжилтийн шинэ хэрэгслүүдэд хамрагдах боломжийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Жишээлбэл, агаарын бохирдлыг бууруулах зорилготой сэргээгдэх эрчим хүчний туршилтууд, бэлчээрийн нүүрстөрөгч шингээлтийн үндэсний загвар боловсруулах ажил нь нүүрстөрөгчийн зах зээлийн суурийг тавихад дэмжлэг үзүүлж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсыг Алдагдал ба Хохирлын Сан зэрэг олон улсын санхүүгийн механизмуудтай холбогдох боломжийг бас бүрдүүлж байгаа юм.

Хүн төвтэй, эх дэлхийдээ ээлтэй хөгжлийг түүчээлэх Монгол Улсын замнал

Өнгөрсөн жил Монгол Улс тогтвортой өсөлт, сорилтыг даван туулах чадварынхаа үр дүнд дундаас дээш орлоготой улсын нэг болсон. Энэ нь Монгол Улсыг зөвхөн тусламж хүлээн авагч бус, харин бүс нутаг төдийгүй дэлхийн түвшинд туршлагаа хуваалцаж, манлайлах чадамжтай түншийн байр сууринд аваачиж байна.

Тиймээс ч сүүлийн жилүүдэд Монгол Улсын олон улсын тавцан дахь манлайлал тодорч буй. Түүхэндээ хамгийн олон эмэгтэй парламентын гишүүнтэй болсон нь жендерийн тэгш байдлыг бэхжүүлсэн томоохон жишээ юм. Мөн Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалан дуу хоолойгоо өргөж байна. Үүн дээр нэмээд 2026 оны наймдугаар сард Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын 17-р чуулганыг зохион байгуулах бэлтгэлээ хангаж байгаа нь Монголын олон улсын нэр хүндийг улам өргөж байна.

Ирээдүйд нийцсэн түншлэл: Монгол Улс ба НҮБХХ

Энэ бүхэн нь НҮБХХ болон Монгол Улсын Засгийн газрын түншлэл цаашид илүү ирээдүйд чиглэсэн, үр дүнд суурилсан хамтын ажиллагаа болон хөгжих шаардлагатайг мөн илтгэж байгаа юм. Үүнд инновацлаг арга замуудыг турших, хот хөдөөгийн нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх, мөн 2050 он гэхэд нүүрстөрөгчийн саармаг байдалд хүрэх Монгол Улсын зорилтыг дэмжих зэрэг чиглэл багтаж байна. Мөн түншлэлийн тэргүүлэх чиглэлүүд нь уур амьсгалын эрсдэлийг даван туулах чадавх, ногоон өсөлт, бүс нутгийн сэргэлт, дижитал шилжилт байх болно.

Бид тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн төлөвлөлт, инновац, дэлхийн шилдэг туршлагуудыг Монгол Улсад нэвтрүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэн Монгол Улсын итгэлт түнш. Шинэ Стратегийн төлөвлөгөө нь олон талт уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг онцолж буй. Мөн НҮБХХ нь 1 ам.долларын 92 центийг шууд төсөл хөтөлбөрүүдэд хүргэж олон улсын байгууллага, бизнес, буяны байгууллагуудтай шинэ санхүүжилтийн түншлэл байгуулах замаар үр дүнтэй, санхүүжилтийн өргөн хүрээний баазыг бүрдүүлж буй нь Монгол Улсын алсын харааг бодит болгоход дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагийн илрэл юм.

Малчин, Тосонцэнгэл, Завхан аймаг

Алсын харааг бодит болгох нь

Бодлого тодорхойлох, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн хөрөнгө татах, нийгэм-эдийн засгийн өсөлт болон байгаль орчны хамгаалах зорилтуудыг хамтад нь ахиулах замаар үндэсний тэргүүлэх зорилтууддаа тулгуурласан, дэлхийтэй холбогдсон хөгжлийн загвар бол Монгол Улсын ирээдүйн замнал юм. Үүнийг бодит болгохын тулд Засгийн газар НҮБХХ-ийн өргөн цар хүрээтэй мэдлэг, чадавхид хөрөнгө оруулж хамтран санхүүжүүлэх, хандивлагчдын тогтвортой дэмжлэгийг хангахын зэрэгцээ хүртээмжтэй, ногоон өсөлтөд чиглэсэн хувийн хэвшлийн манлайллыг бэхжүүлэх шаардлагатай.

НҮБХХ-ийн шинэ Стратегийн төлөвлөгөө нь хөгжлийн санхүүжилт буурч байгаа хэдий ч дэлхий даяар хэрэгцээ, шаардлага эрс нэмэгдэж буйг бодолцон боловсруулагдсан. Энэ сорилттой нөхцөлд НҮБХХ нь эх үүсвэрийг хөгжлийн зорилтуудтай уялдуулахын тулд түншлэлийн хүрээг өргөжүүлж, олон талт, үр нөлөөтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна. Үүний нэг хэсэг болгон бид байгууллагын нөлөө, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой НҮБ80 санаачлагыг дэмжин ажиллаж байна. Монгол Улс болон НҮБ-ын гишүүн орнуудын тууштай дэмжлэг түншлэлд талархал илэрхийлье.

Дэлхийн хэмжээний сорилтуудыг даван туулахын тулд томоохон эрмэлзэл, зоримог шийдвэр, тууштай үйлдэл зайлшгүй шаардлагатай. Геополитикийн тогтворгүй байдал, эдийн засгийн савлагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл улам гүнзгийрч буй энэ үед Монгол Улс зөвхөн сорилтыг даван туулах чадвартай төдийгүй итгэлтэйгээр манлайлах алсын хараа, боломж, нөөц ч байна гэж бид харж байна.

Тиймээс Монгол Улс ирээдүйд хөгжил дэвшлээ хүн төвтэй, эх дэлхийдээ ээлтэйгээр урт хугацаанд тогтвортой байлгах замаар бүс нутаг, дэлхийд манлайлагч болоход НҮБХХ-ийн зүгээс Шинэ Стратегийн төлөвлөгөөндөө тулгуурлан дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Гэхдээ Монгол Улсын хувьд гол асуулт нь “манлайлах уу” бус, харин “манлайлахгүй байх сонголт бий юу?” юм.

ЗОХИОГЧ

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска