Монголчууд гадаа -40 хэм давсан идэр есийн хүйтэнд харанхуй, хүйтэн, усгүй зутарч сууна. Хөхөө өвлөөр хот хөдөөгүй шатахууны оочерт зогссон Монголчууд залгаад лаа шүдэнз, газны эрэлд гарлаа. Өглөө бүр өнөөдөр манай цахилгаан унтрах нь уу гэсэ хуваарь хүлээж, түүндээ ч дасаж эхэллээ. Харамсалтай нь төр хуваариа дагахгүй бас л иргэдийг бухимдуулж байна.

Дэлхий нийтээр хиймэл оюун ухаан, эдийн засгийн эрх чөлөө, технологийн хөгжил ярьж байхад Монголчууд 21-р зууны харанхуй хотдоо хий дэмий бухимдахаас өөрийг чадахгүй өөр хоорондоо хэрэлдэж сууна. Эмгэнэл, эргэлзээ, бухимдал зэрэгцсэн эдгээр өдрүүдэд эрчим хүчний салбарын томоохон хулгай ч ил болж эхэллээ. Авлигатай тэмцдэг байгууллага нь албан тушаалтнуудыг барьж шалгахдаа загас биш жараахай ангуучилж байгаа. Хэдэн их наяд, тэрбумаар нь ард түмнээс хулгайлсан үйлдэлд салбарыг удирдаж байсан “томчууд”-ыг биш хамаарал бүхий гэх тодотголтой хэдэн хүн барьж хорьсноо байсхийгээд л камерын өмнө мэдээлдэг болов.

Ийн хуулийн байгууллага нь ч жир иргэд нь аль нь ч өнгөрсөн 30 жилийн турш эрчим хүчний салбарт “нар” үзүүлж, хөрөнгө төсөвлөөгүй эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхсэнгүй. Ард түмэн нь лааны гэрэлд хөдсөн дээлтэй суухуйд Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд ус балгасан мэт дуугүй. Харж, сонсоогүйтэй адил Давосын чуулган, тэмээний баяр хэссэн шигээ гоё ганган зураг, рийлээр “нүдсээр” байна.

Харин ч бүр Засгийн газар нь бодит байдлыг илт нууж хааж дулааны станц хэвийн, зуух зогсоогүй. Цахилгааны хязгаарлахгүй гэсэн пиарыг түгээж байхад нөгөө талд нь инженер техникийн ажилчид нь эрсдэлт нөхцөлд бэмбэгнэж зогсов.

Бодит нөхцөл байдал дээр аль хэдийнэ тог хязгаарлах хуваарь гарч, ДЦС-ын зуухыг засварлахад 48 цаг болно гэсэн тооцооллыг инженерүүд танилцуулаад байв. Энэ зуур Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэвлэлд ээрэгдэхдээ “Бидний техникийн нөхцөл хүнд байна. Сүүлийн 30-аад жилд үүссэн хүндрэл. Төвийн нэгдсэн сүлжээнд 69 зуух, 49 турбингенератор бий. Бүгд 40-өөс дээш жилийн насжилттай. ДЦС-IV-ын 4-р зууханд доголдол үүссэн байсан ч зогсоогоогүй юм. 500 градустай явж байгаа 4-р зуухыг өнөө орой 22:00 цагт зогсооно. Зуухны уурыг нь буулгана. ТЭЦ-4-ийнхэн засвар үйлчилгээг 48 цагт багтаан хийнэ гэсэн мэдээлэл өгсөн. Чадлын дутагдалд орсон үед хотыг бүхэлд нь хөлдөөхгүйн тулд цахилгаан хязгаарлахаас аргагүй” гэсэн мэдээллийг өгсөн бол Диспетчерийн үндэсний төвийн ерөнхий диспетчер Б.Баатар “ДЦС-4-ийн дахин нэг зуухыг дэлбэрэхээс нь өмнө зогсоож  засвар хийнэ. Ингэснээр 20 мянган айлын хэрэглээ буюу 100 мвт-ын хомсдолд орж цахилгааны хязгаарлалтыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй байна. Энэ нь 10 орчим аймгийн төвийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний цахилгаан тасрах эрсдэл гэсэн үг.ТЭЦ-4 маш өндөр эрсдэлтэй ажиллаж байна. Нийт дөрвөн зуух зогсолтод хүрч болзошгүй байгаа” гэсэн.

Эндээс харвал, салбарын сайдын хэлснээр ДЦС-ын тоног төхөөрөмж бүгд 40-ээс дээш жилийн насжилттай. Элэгдэж хуучирсан. Хэзээ мөдгүй зогсох эрсдэлтэй. Диспетчерийн үндэсний төвийн ерөнхий диспетчерийн яринаас харвал ТЭЦ-4 маш өндөр эрсдэлтэй ажиллаж байна. Нийт дөрвөн зуух зогсож болзошгүй байгаа. Нэг зуух зогсоход 20 мянган айлын цахилгааныг хязгаарлана гэхээр дөрвөн зуух зогсвол 80 гаруй мянган айл тоггүй болох эрсдэл ойрхон байна.

Өөрөөр хэлбэл, өдөр хоногоо өнгөрөөж дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа элэгдэж хуучирсан тоног төхөөрөмж Б.Чойжилсүрэн сайдын санаагаар “Аргална даа” гээд болчихдог зүйл биш. Тиймээс төрийн “ам, ааш” хоёрыг харахгүйгээр иргэд хэн нэгэн эрх мэдэлтний “Аргална” гэсэн үгэнд итгэхгүйгээр лаа шүдэнз, газаа нөөцөлсөн нь хаана хаанаа өлзийтэй боллоо.

Удахгүй сар шинэ болно. Айл өрхийн цахилгааны хэрэглээ өснө. Цаг уурын байгууллагын мэдээлснээр хоёрдугаар сард өмнөх жилүүдээс илүү хүйтрэх төлөвтэй байгаа. Ийм нөхцөлд өнгөрсөн 30 жил ард түмэн, улс орноо бодоогүй улстөрчдийн улиг үгэнд итгэхээс илүү үнэнтэйгээ нүүр тулахаас аргагүй боллоо. Сар шинээр тоггүй, дулаангүй, усгүй зутарч суухгүйн тулд лааз шүдэнз, газаа нөөцөлж, эрчим хүчний хэрэглээ дор бүрнээ чадах чинээгээрээ хэмнэхээс сонголтгүй болж байна.