Унгарын парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр “Тисза” нам 138 суудал буюу бараг 70 хувийг эзэлж Ерөнхий сайд Виктор Орбаны 16 жилийн засаглалыг дуусгав. Тус улсын парламент 199 суудалтай бөгөөд Орбаны “Фидес” намаас ердөө 55 хүн сонгогдсон байна. “Тисза” намын удирдагч, өдгөө 45 настай, Виктор Орбаны 16 жилийн засаглалыг түлхэн унагасан Петер Мажар хүүхэд байхдаа тухайн үед ардчиллын төлөөх хөдөлгөөний гол дүр болж асан Виктор Орбаны зурагт хуудсыг орныхоо дээр өлгөдөг байснаа өнгөрсөн жил нэгэн подкастанд оролцохдоо ярьж. Үнэхээр ч тэр Орбаны “Фидес” нам сөрөг хүчин байхад буюу 2006 онд Засгийн газрын эсрэг жагсаалд оролцогчдод хууль зүйн болон өмгөөллийн үнэгүй үйлчилгээ үзүүлэн дэмжиж байв. Ийнхүү тус нам 2010 оны сонгуулиар ялалт байгуулахад Мажар Гадаад хэргийн яаманд томилогдсон байдаг. Улмаар жилийн дараа Унгар Улс Европын Холбоог даргалахад тус холбооны дэргэдэх Унгарын байнгын төлөөлөгчийн газарт ажиллахаар болсон юм. Ингээд 2015 онд Ерөнхий сайд Виктор Орбаны Тамгын газарт томилогдож.

Ер нь тэрбээр “Фидес” намд байр сууриа хэдийн бэхжүүлж, тэр дундаа элит хэсгийнхнийхэнтэй дотно найз нөхөд байв.

Тэдний нэг нь Орбаны Ажлын албаны дарга Гергели Гуляс байх жишээтэй.

Экс эхнэрийнхээ бичлэгийг дэлгэв

Түүний эхнэр ч “Фидес”-ээс томилогдсон Хууль зүйн сайд Жудит Варга байв. Тэд 2006 онд гэрлэж, гурван хүүтэй болсон ч 2023 онд гэрлэлтээ цуцалсан юм.

Мажар гэр бүлийн хамт

Энэ үед ч тэрбээр намдаа хэвээр байсан бөгөөд төдийлөн танигдаагүй байв. Харин хүүхдийн асрамжийн газарт гарсан бэлгийн хүчирхийллийн дуулианыг нуун дарагдуулахад тусалсан хэргээр ял шийтгүүлсэн эрэгтэйг өршөөсөн талаарх мэдээлэл 2024 онд ил болсон нь түүний эргэлтийн цэг байв. Улмаар өршөөл үзүүлсэн Унгарын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Каталин Новак, Хууль зүйн сайдын хувиар зарлигт гарын үсэг зурсан түүний экс эхнэр Варга нар хамт огцорсон байдаг. Үүнийг Мажар Орбаны Засгийн газар, “Фидес” намын албан тушаалтнууд хоёр бүсгүйд хариуцлага тооцсон болж, “эмэгтэйчүүдийн банзалны ард нуугдаж үлдлээ” хэмээн шүүмжилж, 2010 оноос хойш засгийн эрх барихдаа хүүхэд хамгааллын асуудлыг нэн тэргүүнд тавина гэж ярихаас хэтэрдэггүй хэмээснээр олон нийтийн анхаарлын төвд илүүтэй орсон гэхэд болно.

Хачирхалтай нь, өршөөл үзүүлсэн тухай эхнэрийнхээ яриаг тэр нууцаар бичсэнээ дэлгэсэн байдаг.

Жагсагч

Эндээс Мажарын шүүмжлэлийг нь олон арван мянган хүн дэмжин жагсаж эхэлсэн юм. Цаашлаад тэрбээр 2002 онд элсэх үеийн “Фидес” нам нүдэн дээр нь хэрхэн зорилго, чиглэлээсээ хазайж буйг илчлээд зогсохгүй, Унгарын нийгмийг ялзарсан хэмээн тодорхойлж, тэр дундаа нам, төрийн албан тушаалтнууд нь энгийн иргэдийн бий болгосон эд баялгийг өөртөө завшиж, эрх мэдлээ нэмж байна хэмээн хүчтэй шүүмжилсээр байв. Ингээд 2024 оны гуравдугаар сард зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалд нь ойролцоогоор 35 мянган хүн оролцсоны дараа Мажар өөрийн хөдөлгөөнийг эхлүүлсэн.

Улмаар сүүлийн хоёр жилийн турш тэрбээр эх орноо хөндлөн гулд туулж, дэмжигчдийнхээ эгнээг тэлсээр өнөөдрийн ялалтыг авчрав.  

Петер Мажарын аав нь хуульч, ээж нь ахлах шүүгч байсан бөгөөд тэр багаасаа л улс төрийг сонирхож иржээ. Будапештийн төвийн ойролцоох католик хөвгүүдийн элит ахлах сургуульд сурсан тэрбээр төрөлх хотдоо Католик их сургуульд хуульч мэргэжил эзэмшсэн аж.

"Иргэд нь найдаж болох улстай байхыг бид хүсэж байна"

Тэрбээр “Фидес” намын гишүүн байсан нь хүмүүсийн анхаарлыг татахад нөлөөлсөн ч түүний улс төрийн шинэ замнал, “Тисза” намд нь эргэлзэх хэсэг ч байв. Өөрөөр хэлбэл, түүнийг намын найз нөхдөөс нь авхуулаад “урвагч” хэмээн цоллосон нь бишгүй. Тиймээс ч сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд кампанит ажил явуулж, 240 хуудастай сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулсан ч Мажар засгийн эрхэнд гарвал яг юу хийх нь тодорхойгүй хэвээр байна гэх шүүмжлэл бий. Ямартай ч тэр үндсэндээ “Фидес”-т үйлчилж ирсэн төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эргэн харж, гадаад ажилчдын тухайд Орбанаас илүү хатуу байр суурь баримтлахаа амласан.

Мөн ардчилсан хяналт, тэнцлийг сэргээж, Европын Холбоотой харилцаагаа сайжруулан, царцаасан санхүүжилтийг нь нээж, авлигатай тэмцэхээ мэдэгдээд буй.

Үүний сацуу Москватай “прагматик харилцаа” тогтоож, 2035 он гэхэд Оросын эрчим хүчний хараат байдлаас гарна хэмээн амласан юм. Тэрбээр өчигдөр ялалтаа зарлан мэдээлэл хийхдээ Орбаны ойрын түнш В.Путинтэй ярихгүй, харин өөр лүү нь залгавал дөрвөн жил үргэлжилж буй аллага, дайнаа зогсоо гэж хэлнэ хэмээжээ. Бас Орбаны гол холбоотон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп руу залгахгүй, өөр лүү утас цохьсон тохиолдолд ирэх аравдугаар сард Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийн эсрэг Унгарын бослогын 70 жилийн ойд урина гэж. Хэвлэлийн бага хурлынхаа үеэр Петер Мажар “Унгарчууд зөвхөн Засгийн газрыг өөрчлөх гэж бус, одоогийн дэглэмийг бүхлээр нь солихын тулд саналаа өглөө. Иргэд нь найдаж болох улстай байхыг бид хүсэж байна. Хуулийн засаглалыг сэргээхийн тулд ардчилын эсрэг арга хэмжээ авахгүй” хэмээн онцолсон байна.  

Ялалтаа зарлаж хэвлэлийн бага хурал хийв

Түүнчлэн тэрбээр “төрийн мэдэлд” байгаа олон нийтийн телевиз, радиогийн мэдээний нэвтрүүлгийг түр зогсоох замаар “төрийн санхүүжилттэй суртал ухуулгыг зогсоох” нь түүний Засгийн газраас эхний ээлжинд хийх ажлуудынх нь нэг байхыг зарлав. Мажарын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн бөгөөд кампанит ажил, сурталчилгаагаа сошиал медиа платформуудад түлхүү тулгуурлан явуулсан байдаг. Ялалтаа зарлах хэвлэлийн бага хурлын үеэр шүүх, прокурор, аудит, өрсөлдөөнийг зохицуулах байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн удирдлага, Ерөнхийлөгчөө хүртэл огцрохыг уриаллаа.