Улс төрийн намууд сонгуулиар жендэр гэдэг үгээр хамгийн их оноо цуглуулсан. Нэр дэвшигчдийнхээ 30-аас дээш хувийг эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу олон эрх ашгийн төлөөллөөс бүрдүүлж буйгаа зарлаж баахан реклам хийсэн. Энэ дагуу парламентын сонгуульд түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 519 эмэгтэй нэр дэвшсэн юм. Хүн амын талаас илүү хувийг эзэлж буй эмэгтэйчүүдэд энэ амлалт итгэл төрүүлсэн үү тиймдээ ч энэ удаагийн парламентад 32 эмэгтэй гишүүн тангараг өргөөд байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэний дуу хоолой болж буй хоёр гишүүн бий.
Ийн сүүлийн хоёр жилд хамгийн их жендэр ярьж байгаа төр үнэн хэрэгтээ улс орны хөгжлийн гарц шийдлийг ярихад эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог бас л мартаж орхилоо. Тэр дундаа хамгийн чухал буюу Монгол Улсыг цоо шинэ үзэл баримтлалаар бүсчлэн хөгжүүлнэ хэмээн орон нутагт очиж хийсэн мянга гаруй зочинтой форумын тайзан дээр дандаа зангиатай эрчүүд суусныг уншигчид анзаарсан биз ээ.
Эхнийх нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн “Ара Арена” цогцолборт боллоо. Тэнд хангайн бүсэд хамаарах Архангай, Өвөрхангай, Баянхонгорын хөгжлийг бүтэн 2-3 өдөр ярьж хэлэлцлээ. Удаах нь “Хойд бүсийн хөгжил” сэдвийн дор Орхон, Булган, Хөвсгөл аймагт тулгуурлан хэрхэн хөгжих талаар санаа бодлоо уралдууллаа. Үүнд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр “нүүж” очсоноос гадна салбар бүрийг харьяалах эрхмүүд цугларч хөгжлийн шийдлээ хөдөө очиж ярихад дахиад л хүн амын талаас илүү хувийг эзэлж буй эмэгтэйчүүд хэтэрхий цөөн, 100 гаруй мянган иргэний дуу хоолойг хүргэж эрх ашгийг хамгаалах хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл багтсангүй.
Зөвхөн нэг форумд нь л 600 гаруй хүн оролцсон гэхээр нийлээд мянга давах нь. Тэр дунд яг санаа бодлоо уралдуулж төрийн бодлогод байр сууриа тусгуулах хэмжээнд тайзан дээр уригдсан эрхмүүдийг харвал бараг 100 дөхнө. Нэг форум 4-5 салбар хуралдаантай. Хэлэлцүүлэг болгон нэг модератор, долоон панелисттай гэхээр 80 орчим хүн тайзан дээр уригдсан. Тухайлбал, 10 салбар хэлэлцүүлгийн зочдыг харвал яг 67 эрэгтэй, 12 эмэгтэй байгаа. Гэхдээ үүнээс гурван эмэгтэй нь хөтлөгч, чиглүүлэгч гэсэн үг. Энэ тоонд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд гээд зарим төрийн өндөр албан тушаалтай дарга нэр нэмэгдэнэ.
Ингэж тооцож харьцааг нь харах юм бол 80 эрэгтэй, найман эмэгтэй л бодлого ярьсан гэхэд хол зөрөхгүй. Нэг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхгүй.
Эмэгтэйчүүдийг харвал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа. Бусад нь орон нутгийн төлөөлөл байв. Өөрөөр хэлбэл, парламентын нэг л гишүүн, Засгийн газрын нэг л сайдыг оролцуулсан болж ам хаалаа. Зөвхөн парламент, Засгийн газраас гадна аймаг, сумд, хувийн хэвшил, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон форум шүү дээ. Энэ олон “өнгө”-өөс эмэгтэйчүүд л олдсонгүй бололтой манай төрд. Эсвэл зохион байгуулагчдын дунд жендэрийн эрх тэгш байдал, жендэрийн мэдрэмж, эмэгтэйчүүдийн манлайллын талаар ойлголт мэдлэгтэй хүн байсангүй юу.