Энэ жил Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. Түүхэн ойтой золгож буй энэ үед Орхон аймагт бүтээн байгуулалтын ажил урьд өмнөхөөс илүү өргөн цар хүрээтэй өрнөж, дэд бүтэц, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг бүх салбарт шинэчлэл, сайжруулалтыг эрчимжүүлээд байна. Тэр дундаа түүхэндээ хамгийн өндөр дүн бүхий 388.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр энэ онд төлөвлөсөн нь Эрдэнэт хотын хөгжлийг шинэ шатанд гаргах бодит алхам болж байна.
Ийм цаг үед Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяртай ярилцаж, хэрэгжиж буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлууд, цаашдын хөгжлийн бодлогын талаар ярилцлаа.


-Та Орхон аймгийн Засаг даргаар ажиллаад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийв. Мөн цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа вэ?


-Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрөө боловсруулахдаа таван хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Үүнд “Чанартай авто замтай хот” болохоор төлөвлөж, зам засварын ажлуудаа эхлүүлээд явж байна.  
Мөн манай аймаг агаарын бохирдлоороо Улаанбаатарын дараа ордог. Тиймээс “Цэвэр агаартай хот” төслийг хэрэгжүүлж байна. Аймагтай нас чацуу, 50 жилийн насжилттай барилга байгууламж манайд олон байдаг. Тиймээс Сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий дулаалгын системүүд ашиглахаар төлөвлөсөн.
Хүн амын 96 хувь нь нэг цэгт төвлөрдөг, усаа 70 километрийн цаанаас татдаг онцлогтой хот юм. Тиймээс бид төлөвлөгөөтэй амьдрах шаардлагатай. Тиймээс бид төлөвлөгөөтэй, ухаалаг хот болох үүднээс AI ашиглан төлөвлөлт хийх гэж байна. Энэ жилийн хувьд Смарт центрийн анхны дата, хянах самбарыг хийлгэхээр орон нутгийн төсөвт 6 тэрбум төгрөг тавьж, тендер шалгаруулалтын ажил явж байна. Мөн “Ногоон хот” болох зорилгын хүрээнд айл өрхүүдийг мод тарихыг уриалж байгаа.
Түүнчлэн Орхон аймаг нь Хойд бүсийн тээвэр логистикийн зангилаа төв цэг болж, байгаль орчинд ээлтэй, хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний зохистой бүтэц бүхий, Эрдэнэт хотыг хөгжүүлж, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч, татварын болон татварын бус орлого, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аймгийг эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөлийг сайжруулахаар ажлаа төлөвлөсөн.


Бизнес эрхлэх орчин, нөхцөлийг бүхий л талаар дэмжин, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дэд бүтцийн болон нийгмийн үйлчилгээний төслүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлж, бизнесийн идэвхжилийг дэмжинэ.

Төрийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан, засаглалыг сайжруулж, иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг ойртуулах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг та бүхэнд мэдээлэл болгон хүргэж байна.


-Энэ онд хөрөнгө оруулалтад хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?


-Бид 50 жилийн ойгоо угтаж 50 ажил хийхээр төлөвлөсөн.

Ерөнхийдөө аймгийн хэмжээнд энэ онд 388.7 тэрбум төгрөг буюу сүүлийн 14 жилтэй харьцуулахад хамгийн их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.

Үүнийг 2015 онтой харьцуулахад 16 дахин их,  2025 онтой харьцуулахад 2.4 дахин их хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөж худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусган зохион байгуулж байна.
Зэсийн үнэ өндөр байгаа учир үүнийгээ дагаад манай аймгийн орлого нэмэгдсэн. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд 70 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдэж өгсөн. Үүнийг аймгийн хөрөнгө оруулалтын төсөлд тусгаад явж байгаа. Мөн бид яамдуудтай маш ойр ажиллаж байна. Боловсрол, эрчим хүчний салбарт олон ажил төлөвлөсөн.
Гэх мэтээр өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад бид найман жилийн ажлыг нэг жилд багтаан хийхээр зорьж байгаа.

-Эрчим хүчний хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа энэ үед эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх, ачааллыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ. Өнгөрсөн жилийн онцлох ажлаас дурдвал?

-Манай аймгийн цахилгаан түгээх дэд бүтэц, шугам сүлжээ, дэд станцуудын тоног төхөөрөмж 40 гаруй жилийн насжилттай. Ихэнх нь хуучирч жилээс жилд засвар шинэчлэл шаардах болсон. Мөн гэр хороололд хүчдэлийн уналт гэдэг асуудал байсаар байгаа.
Бид 2025 онд эрчим хүчний дэд бүтцийн салбарт дорвитой гэж хэлж болохуйц хэд хэдэн алхмыг хийсэн. Эрчим хүчний хангамжийг сайжруулах чиглэлээр 78 нэр төрлийн ажлыг орон нутгийн төсвийн 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн байна.
Тодруулбал, Орхон аймаг анх удаа бие даан 35/10 кВ-ын хүчин чадалтай “Даваат” дэд станцыг барьж, ашиглалтад оруулсан.

Уг станц ашиглалтад орсноор гэр хорооллын 70 орчим хувийг хангадаг “Хороолол” дэд станцын хэт ачааллыг бууруулж, цахилгаан тасалдах эрсдэлгүй боллоо.

Мөн “Даваат” дэд станцаас 18.5 километр цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр татлаа. Энэ жил бид “Булагт” дэд станцаас “Оюут” дэд станц хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамыг барих ажил хийснээр 35/10 кВ -ын тойрог схем үүсгэх ажил бүрэн дуусаж, айл хотын цахилгаан хангамж сайжрах нөхцөл бүрдсэн.

-Эрдэнэт хотын хувьд усаа маш холоос авдаг гэж байна. Мөн инженерийн шугам сүлжээ хуучирч, муудсан гэдэг асуудлыг ярьдаг. Тэгвэл шугам, сүлжээ шинэчлэх чиглэлд ямар ажлууд хийж байгаа вэ?

-Аймгийн хувьд дулааны болон бохир усны 300 гаруй километр урт шугам байгаагаас 64 орчим хувийнх нь насжилт дууссан, аваарын байдалтай байна. Эдгээр шугамууд нь 40-50 жилийн насжилттай байгаа. Газар доорх шугам сүлжээ муудсан учир усны алдагдал их байна.

Бид энэ 64 хувь нь насжилтгүй болсон шугам сүлжээгээ ирэх 3-4 жилийн хугацаанд бүрэн солихоор төлөвлөсөн.


2025 онд орон нутгийн төсвийн 28,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 32 байршилд 12,7 километр инженерийн шугам сүлжээг шинэчлээд байна. Газар доор байгаа гээд нүдээ аниад, чихээ дараад яваад байж болохгүй учраас хотын суурь дэд  бүтцийн асуудалд түлхүү анхаарч байна.
Ер нь цаашид хот өргөжин тэлэхэд ч шугам сүлжээ маш чухал. Өнгөрсөн жил хийсэн засвар шинэчлэлтийн үр дүнд орон сууцны хорооллын 5824 өрхийг хангаж буй инженерийн шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар сайжирсан. Энэ онд дахин шугам сүлжээний шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлэн хийнэ.  
Бид 70 километрийн цаанаас Сэлэнгэ мөрнөөс усаа татаж, хотоо усаар хангаж байна. Энд бас алдагдал их гардаг. Усны алдагдлаас болоод “Эрдэнэт үйлдвэр”-т 15 орчим тэрбум төгрөгийн өртэй байна. Үүнийг цаашид шийдвэрлэхийн тулд Ус сувгийн удирдах төв байгуулах хүсэлтээ Засгийн газарт илгээсэн. Мөн хот өөрөө усан хангамжаа шийдвэрлэх асуудлыг судалж байгаа.  

-Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэдэн хэдэн ажил хийнэ гэж байсан. Эдгээр ажлаас танилцуулахгүй юү?  

-Монгол Улсад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсан ч хэрэгжилт нь удаашралтай байна. Бид төрд бүх ачааг үүрүүлэх биш, хувийн хэвшилтэйгээ хамтрах замаар төрийн ачааллыг хуваалцах бодлого барьж байна. Тиймээс Орхон аймгийн хувьд өөрсдийн орлогод тохируулж ажлаа төлөвлөн, үйл ажиллагаагаа явуулна. Бид Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар “төр хувийн хэвшлийн түншлэл”-ээр  хэрэгжүүлэх 10 гаруй төслийн жагсаалтыг батлуулсан. Одоогийн байдлаар хэд хэдэн ажлыг эхлүүлээд байна. Үүнд “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа сувилгааны төв”-ийг хувийн хэвшилд шилжүүлснээр тус төвийн эмчилгээ, хүртээмж нь сайжирсан. Ерөнхийдөө аймаг тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж хувийн хэвшил зах зээлийн зарчмаар нь ажиллуулж байна.

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэд гемодиализийн эмчилгээ үйлчилгээний “Медвик диализийн төв"-ийг байгуулснаар иргэдэд хүртээмжтэй эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн.


Мөн Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний дутагдалтай байна. Тиймээс энэ ачааллыг бууруулах үүднээс 12.5 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг байгуулахаар ажиллаж байна. Өвлийн ид ачааллын үед батарейгаараа нөхөж цэнэглэх боломж бүрдэх юм.  Мөн гэр хорооллын айл өрхийг халаах байгальд ээлтэй шийдэл бүхий “Их залуу дэд төв”-ийг байгуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа. Цаашдаа ч төрийн хийж байгаа ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг зохион байгуулна.

-Аймгийн хувьд төсвийнхөө дийлэнх хувийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс бүрдүүлдэг. Орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх, нэмэгдүүлэх боломжийг хэрхэн харж байгаа юм бол?

-Манай аймгийн нийт төсвийн 70 орчим хувь нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс хамааралтай. 30 орчим хувь дотоодын аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг.

Эдийн засгаараа 21 аймгаа тэргүүлдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүн 4.1 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ-ээр усын дунджаас 48.1 хувиар их байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний 84.2 хувийг аж үйлдвэрийн салбар эзэлж байгаа үйлдвэржсэн аймаг юм. Уул уурхайгаас ангид тооцохоор бид 21 аймгаас 19-т эрэмбэлэгдэж байна. Хөдөө аж ахуйн эдэлбэр газар бага учир эндээс орлого олох боломж бага байдаг. Тиймээс бид жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж, аж үйлдвэрээс хараат бус ажлын байр нэмэгдүүлэхэд илүү анхаарч байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлж яамнаас энэ жил 3.5 тэрбум төгрөгийн дэмжлэг авсан. Ингээд хүү багатай, хугацаа урт зээл олгохоор сонгон шалгаруулалтаа хийж байна.

-Усан парк байгуулна гэж байсан. Гэтэл аймаг өөрсдийн хэрэглээний усаа 70 километрийн цаанаас татдаг. Ус хангамжийн шийдлийг нь хэрхэн харж байгаа юм бол?

-Усан паркын хувьд усаа дахин ашиглах учир их хэмжээний ус ашиглахгүй. Монгол Улсын хэмжээнд анх удаа дөрвөн улирлын усан парк байгуулах гэж байна. Ингэснээр Орхон аймаг аялал жуулчлалыг татах нэг эх үүсвэр болох юм.

-Боловсролын салбартаа ямар хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бэ. Хэд хэдэн царцсан барилга байгаа гэж байсан?

-Боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс болон орон нутгийн төсвийн 48,8 тэрбум төгрөг энэ жил төсөвлөсөн байгаа. Тухайлбал, Орхон аймгийн Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2026 оны улсын төсөвт Говил, Рашаант багийн сургууль, 16 дугаар сургуулийн спорт заалны барилга, 2А хорооллын 960 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 7А хорооллын 960 хүүхдийн сургууль, “Ирээдүйн одод” сургуулийн дотуур байр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар шинэ суурьшлын бүс “Уурхайчин” хороололд 960 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг барих  зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Сургууль цэцэрлэгийн барилгаас гадна хүүхдийн аюулгүй зорчих боломжийг хангаж сургуулийн автобус худалдан авах, цэцэрлэгийн ангийн 8907 хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангах хүрээнд бүх цэцэрлэгт автомат аяга таваг угаагч худалдан авах зэрэг ажлуудыг хийнэ.


-Орхон аймгийн хувьд “Ногоон хот” болох зорилго тавьсан байна. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байгаа вэ?

-Өнгөрсөн жилээс эхлээд 50 мянган модыг гэр хорооллын айл өрхийн хашаанд тариулах ажлыг зохион байгуулж байна. Бид 2028 он хүртэл 150 мянган модыг айл өрхүүдээр тариулна. Өнгөрсөн жил 500 айлд суулгац өгсөн бол энэ жил дахиад 500 айлд суулгац өгнө. Энэ ажил гурван жилийн хугацаанд үргэлжилнэ. Цаашдаа ч ногоон байгуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн ойр орчимд 20 сая мод тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 5 сая мод тарьсан байгаа.


-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Эрдэнэт хотын 50 жилийн түүх бол дан ганц эрдэнэтчүүд бидний бус Монгол Улсын иргэн бүрийн бахархалт түүх юм.
Учир нь үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр үзүүлж, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжиж, шинэ суурьшил, шинэ өнгө төрх, шинэ соёлыг бий болгосон идэр залуу хот юм.