Монголын шинэ үеийн түүхэнд Солийн Данзан бол маргаантай боловч мартагдашгүй, богино настай ч гүн ул мөрөө үлдээсэн улс төрийн зүтгэлтэн юм. Түүний мэндэлсний 140 жилийн ой нь зөвхөн дурсах төдий биш, харин Монгол Улс ямар замаар хөгжих ёстой байсан, юуг алдаж, яагаад доройтол үргэлжилсээр байгааг эргэн санаж, сэрэх ухаарлыг бидэнд олгож байна.
С.Данзан 1921 оны Ардын хувьсгалын гол удирдагчдын нэг, анхны Сангийн сайд, улс төрийн эдийн засгийн бодлогыг бодитоор ойлгож байсан цөөн сэхээтний нэг байв. “Иргэн бүр баяжигтун, иргэн баян бол улс баян” хэмээн хувь хүний баялгийн тухай хамгийн түрүүнд зоригтой хэлсэн нь тухайн үеийн хувьсгалт урианаас эрс өөр, өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй үзэл санаа юм. Түүний гол итгэл үнэмшил нь иргэний өмч, хувийн санаачилга, худалдаа, зах зээлийн харилцаанд суурилсан эдийн засаг байлаа.
Улс орны баялаг гэдэг хийсвэр ойлголт бус, харин иргэн бүрийн хөдөлмөр, хуримтлал, санхүүгийн эрх чөлөөн дээр тогтдог гэдгийг ухамсарлаж байсан. Өөрөөр хэлбэл ард түмний сайн сайхан, баян чинээлэг байдал улс орны хөгжлийн үндэс болдог гэдгийг онцолсон, өнөөдрийн Монгол Улсын хөгжлийн бодлогод ч гүн утга учиртай үзэл баримтлал юм.
Гэвч эдийн засагт бие даах энэхүү оролдлого улс төрийн “гэмт хэрэг” болон хувирч, тухайн үеийн коминтерний дэвшүүлж байсан “улсын өмч давамгайлсан социалист тогтолцоо”-той эрс зөрчилджээ. Энэ зөрчил нь эцэстээ түүнийг “баруунтан”, “капиталист чиг баримжаатай” хэмээн буруутгах үндэслэл болж, түүхийн тавцангаас арчигдах шалтгаан болсон юм. Солийн Данзан эдийн засгийн бие даасан байдлыг зөвхөн үгээр төдийгүй бодитоор хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсад анх удаа өөрийн мөнгөн тэмдэгт буюу “монгол доллар”-ыг боловсруулан гаргав. Энэ нь эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх далайцтай оролдлого байлаа. Монголын эдийн засаг гадаад валют болон худалдаанаас бүрэн хамааралтай байсан тухайн нөхцөлд үндэсний мөнгөн тэмдэгт гаргана гэдэг бол улс төрийн үлэмж зоригтой алхам юм.
Түүхэн баримтаар Монгол Улсын анхны Үндсэн хуулийг боловсруулахад С.Данзан чухал үүрэг гүйцэтгэж: Үндэсний бүрэн эрх, Төрийн хараат бус байдал, Иргэний өмчийн баталгаа зэрэг агуулгыг багтаажээ. Харамсалтай нь энэ хууль батлагдаагүй. Зөвлөлт Оросын зүгээс “хэт бие даасан”, “хөрөнгөтний шинжтэй” хэмээн үзэж, хориг тавьсан юм. Зөвхөн Зөвлөлтийн загварт нийцсэн Үндсэн хуулийг хүчээр тулгажээ. Монгол Улсын анхны Үндсэн хууль үнэндээ Монголынх байж чадаагүй!
Ингэснээр Монгол Улс тусгаар тогтносон нэртэй ч бодлогын хувьд хараат, эдийн засгийн хувьд захиргаадалтын тогтолцоонд бүрэн орсон юм. Хэрэв С.Данзангийн оролцсон анхны Үндсэн хууль батлагдсан бол Монголын төр, эдийн засгийн хөгжил огт өөр замаар явах боломжтой байсныг үгүйсгэх аргагүй билээ.
1924 онд Солийн Данзан “хувьсгалын эсэргүү”, “үндэсний үзэлтэй”, “хөрөнгөтнийг дэмжигч” гэх нэрээр хилс хэрэгт тулган цаазаар авхуулсан. Дөнгөж 39 настай түүнийг шүүхийн шийдвэргүйгээр буудан хороов. Гэвч хүнийг устгаж болох ч үзэл санааг бөхөөж чаддаггүй ажээ.
Солийн Данзангийн амийг егүүтгэснээс хойш зуун жил өнгөрчээ. Харин түүний “Иргэн баян бол улс баян” хэмээх үзэл зуун жилийн өмнөх мартагдсан уриа бус, харин зуун жил өнгөрсөн ч Монголын аврал хэвээр байна.
Өнөөгийн Монгол Улс байгалийн баялагтай ч иргэдийн амьдрал дорвитой сайжрахгүй, төр нь томорч, иргэд нь шахагдсаар байгаа нь С.Данзангийн эсэргүүцэж явсан замаар бид дахин орсныг сануулж харанга дэлдлээ.
Тиймээс “Үндэсний эвсэл” Солийн Данзангийн энэхүү улс төрийн үзэл баримтлалыг нэхэн дэлгэрүүлж, эх орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн хөгжил, иргэдийнхээ боловсрол, мэдлэг, эрүүл мэндийг цогцоор нь анхаарч улмаар ажилтай орлоготой, баян чинээлэг болгох мөрийн хөтөлбөрөө баримтлан ажиллаж байна.
Солийн Данзангийн мэндэлсний 140 жилийн ой бол зүгээр нэг түүхэн ой бус, харин Монгол Улс иргэнээ баян болгох бодлогыг үнэхээр баримтлах уу, эсвэл иргэдийнхээ өмнөөс баялгийг хулгайлсаар байх уу гэдгээ шийдэх түүхэн сануулга юм.
















