Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос саяхан танилцуулсан “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалтын тайланд ХУР системийн хэрэглэгчдэд тавих хяналт сул байгаа нь болзошгүй эрсдэл, иргэний хувийн мэдээлэл алдагдах аюулын эх сурвалж болж буйг дурджээ.
2018 оноос хэрэглэж буй ХУР систем нь нэг талаас төрийн байгууллага хоорондын мэдээлэл дамжуулах нэгдсэн систем, нөгөө талаас хувийн хэвшлийнхэн төрд байгаа мэдээллийг төлбөр төлж авах боломжоор хангах иргэд, аж ахуйн нэгжид хүрэх төрийн үйлчилгээг хөнгөвчлөх зорилготой мэдээлэл солилцооны систем юм. Одоогоор төрийн 212, хувийн хэвшлийн 697 буюу нийт 909 байгууллага тус системд холбогдон мэдээлэл авч ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгчдийнх нь дийлэнх нь хувийн хэвшлийнхэн, тухайлбал, үүрэн холбооны оператор, финтек компаниуд, банк, эмнэлэг гэх мэт бизнесийн олон байгууллага төрд байгаа мэдээллийг ашиглаж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгохын сацуу тооцоо, судалгаа хийдэг байна.
Өнгөрсөн хугацаанд дээрх байгууллагуудад нийт 5.7 тэрбум үйлчилгээг ХУР-аас дамжуулжээ.
Хувийн мэдээлэл, хувийн нууц, хувийн орон зай чанд хамгаалагдах нь хүн халдашгүй, эрх чөлөөтэй оршихын үндэс. Гэтэл бид “ухаалаг” тодолголтой техник, хэрэгслүүд, зогсоолын төлбөр төлөх цэг зэргээс авхуулаад нийтийн орон зайд суурилуулсан цахим төхөөрөмжүүд хүний амьдралын талаарх их хэмжээний мэдээллийг тасралтгүй бүртгэн цуглуулж, хүний хувийн мэдээлэл бүртгэгдэхгүй орон зай улам бүр хомс болж буй энэ цаг үед амьдарч байна.
Улмаар хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж ажилладаг бизнес моделиуд өндөр ашиг олж, хүний хувийн мэдээлэл алдагдах, гэмт хэрэгт ашиглагдах тохиолдол нэн түгээмэл болж байгааг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын “Дижитал эрин зуун дахь хувь хүний нууцын эрхийн тайлан”-д онцолсон.
Манай улс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2022 оноос мөрдөж буй бөгөөд уг хуулийг зөрчсөн зөрчил жилээс жилд ихэсжээ. Тодруулбал, уг хуулийг мөрдөж эхэлснээс 2024 онд нийт 54 зөрчлийн хэрэг бүртгэснээс 31-т нь шийтгэл ногдуулсны 20 нь 2024 онд хамаарч буй аж. Тиймээс бизнесийн байгууллагууд төрд байгаа та бидний мэдээллийг ашиглаж, дамжуулахдаа иргэний нууц, мэдээллийг алдах вий гэсэн эргэлзээ эрхгүй төрж байна.
Уг системд хандах эрх олгох гэрээний харилцаанд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) хяналт тавьж ажилладаг. Тодруулбал, ХУР системийг ашиглах хүсэлтэй байгууллагууд Засгийн газрын 2022 оны 196 дугаар тогтоолоор баталсан Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журамд заасны дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ЦХИХХЯ-нд хандах бөгөөд тус яамнаас шаардлага хангасан этгээдтэй гэрээ байгуулан, уг системийг ашиглах эрх олгодог байна. Гэтэл гэрээний мөрөөр систем, сүлжээнд нь техникийн үзлэг, шалгалт хийх, холбогдох нөхцөл, шаардлагуудыг нь хангаж байгаа, эсэхийг дүгнэх ёстой ч яамнаас нь хяналт, шалгалт хийж байгаагүйг ХЭҮК-ын тайланд онцолсон байгаа нь анхаарал татав.
Тийм учраас бид гэрээний талуудаас энэ талаар тодруулахыг зорилоо. Юуны түрүүнд, ЦХИХХЯ-нд хандаж, ХУР системийг ашиглуулахаар байгуулсан гэрээний мөрөөр хувийн хэвшлийнхэнд хэрхэн хяналт тавьдаг, төрд байгаа мэдээллийг дамжуулан ашиглах явцад иргэний хувийн мэдээлэл алдагдах, өөр зорилгоор ашиглагдах эрсдэл бий, эсэхийг тодруулахыг хүссэн.
Гэвч эндээс эхэлсэн эрэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Үндэсний дата төв, “И-Монгол академи” УТҮГ зэрэг байгууллагаар үргэлжилсэн ч асуултад минь хариулах байгууллага, албан тушаалтан олдсонгүй. Ингэхдээ бид ЦХИХХЯ-нд хоёр ч удаа хандсан юм.
Нөгөө талаас ХУР системийг ашиглаж байгаа хувийн хэвшлийн зарим төлөөлөлтэй холбогдов. Гэрээний үүргээ хэрхэн биелүүлдэг, дотоод дүрэм журам, стандарт нь ямар байдаг, түүнийгээ хэрхэн мөрдөж ажилладаг талаар тодруулахад тэд шууд татгалзаагүй ч тодорхой хариулт өгөхөөс эелдгээр татгалзсан юм. Ямартай ч төрийн сүлжээгээр дамжуулж авсан мэдээллийг хэрхэн хянаж байгааг бид аль аль талаас нь тодруулна. ХУР-ыг ашигладаг хувийн хэвшлийнхэнд найдаж болох уу гэдэгт хариулт олохыг зорино. Иргэний хувийн мэдээлэлтэй холбоотой үйлчилгээг тухайн иргэний зөвшөөрөлтэйгөөр дуудах зохицуулалт байгааг нэг талын хамгаалалт гэж харж байгаа ч хэн, хэзээ, хэний мэдээллийг, ямар давтамжтай авч байгааг төр бүрэн хянаж байгаа, эсэхийг мухарлах учиртай.






.jpg)









