Монгол Улсад замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлж, автоматаар торгож эхэллээ. Заримд нь энэ бол замын соёлд эцэст нь цэг тавих алхам. Харин нөгөө хэсэгтээ төр хуулиасаа түрүүлээд технологид эрх мэдэл өгч эхэлсэн дохио мэт харагдаж байна.
Энд гол асуулт нь AI хэрэглэх зөв үү, буруу юу биш.
Харин хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдэгт оршиж байна.
Хууль гэж юу шаарддаг вэ?
Монгол Улсын Үндсэн хуульд:
• Хүн хуульд зааснаас өөр үндэслэлээр хариуцлага хүлээхгүй.
• Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах бол заавал хуульд тодорхой тусгасан байх ёстой.
• Шийтгэл оногдуулах процесс нь шударга, ойлгомжтой, маргах боломжтой байх ёстой.
Өөрөөр хэлбэл, торгууль бол зүгээр нэг “техникийн ажиллагаа” биш.
Энэ бол эрх зүйн шийдвэр.
Тиймээс асуулт гарч ирнэ:
• AI торгууль бол хууль зүйн шийдвэр мөн үү?
• Тэгвэл түүнийг хэн гаргаж байна вэ? Машин уу, хүн үү?
Хятадын жишээг судалж үзэхэд: Хууль нь AI-д тааруулсан.
Хятадад AI-аар зөрчил илрүүлэх, торгох нь маргаан дагуулдаггүй. Учир нь тэнд:
• Хууль нь төрийн хяналтыг нэгдүгээрт тавьдаг.
• Хувь хүний нууц, маргах эрх хязгаарлагдмал.
• AI бол төрийн хяналтын логик үргэлжлэл.
Товчхондоо, хууль нь AI-д захирагддаг.
Монгол бол өөр.
Манайд Үндсэн хууль нь хувь хүний эрхийг хамгаалах философитой.
Тийм байтал AI-д торгуулийн эрх өгөөд эхэлбэл зөрчил үүснэ.
Барууны орнууд яагаад “хүн + AI” гэдгийг баримталдаг вэ?
Европын холбоо, Их Британи, Япон зэрэг оронд нэг зарчим байдаг юм байна:
Шийтгэл оногдуулах эрхийг машинд өгч болохгүй.
AI:
• зөрчлийг илрүүлж болно.
• эрсдэлийг тооцож болно.
• мэдээлэл цуглуулж болно.
Харин:
• шийдвэр гаргах
• торгууль баталгаажуулах
• маргаанд хариу өгөх
эдгээрийг хүн хийдэг.
Учир нь хуульд нэг том зарчим бий:
Алдаа гаргасан этгээд хариуцлага хүлээнэ. Машин хариуцлага хүлээх боломжгүй.
Монголын сул тал: Хариуцлагын эзэн тодорхойгүй
Өнөөдөр AI буруу таньж торгууль тавибал:
• хэн хариуцах вэ?
• програм хангамжийн компани уу?
• систем нэвтрүүлсэн байгууллага уу?
• эсвэл иргэн өөрөө “нотлох ёстой” юу?
Хуульд энэ нь тодорхой биш. Тодорхой биш зүйл дээр шийтгэл ногдуулах нь эрх зүйн хувьд хамгийн эмзэг алхам.
“Зөвхөн илрүүлэлт” гэж нэрлэх нь хангалтгүй
Зарим албаныхан:
“AI зөвхөн илрүүлж байгаа, торгох шийдвэрийг систем гаргаж байна”
гэж тайлбарлаад байна.
Гэхдээ иргэний хувьд:
• мессеж ирнэ
• торгууль бодогдоно
• хугацаа явж эхэлнэ
Энэ бүхэн шийтгэлийн нөлөөтэй. Хуульд нөлөөллийн үр дагавраар нь дүгнэдэг болохоос нэршлээр нь дүгнэдэггүй.
Энд буруу нь AI биш, зааг дутуу бодлого
AI ашиглах нь өөрөө хууль зөрчсөн хэрэг биш.
Харин:
• дэд бүтэц хангалттай бус.
• зааг тогтоогоогүй.
• хяналтын механизм бүрдээгүй.
• хүний оролцоог баталгаажуулаагүй.
• энэ нөхцөлд хэрэгжүүлэх нь хууль зүйн эрсдэл.
Хуульд нийцүүлэхгүй бол итгэл унадаг
Хэрвээ AI-ийн торгуулийг:
• хуульд нарийн тусгаж
• хүний оролцоог заавал болгож
• иргэний маргах эрхийг бодитоор хамгаалж
чадвал энэ систем дэмжигдэх боломжтой.
Харин эсрэгээрээ бол:
• айдас төрүүлнэ
• итгэл эвдэнэ
• технологийг дайсан мэт харагдуулна.
AI биднийг хянахын тулд биш, хууль хэрэгжүүлэхэд туслахын тулд байх ёстой. Харин хууль нь машинаас биш, хүнээс эхлэх учиртай.
Зургийн эх сурвалж: Time.mn














