УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Ц.Мөнхбат нар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Хүүхэд зургаан наснаас сургуульд суралцах нь малчин өрхийн хувьд ихээхэн асуудал дагуулж буйг шийдвэрлэх зорилгоор хуулийн төслөө санаачилсан байна. Тодруулбал, малчин өрхийн эхнэр, нөхөр хоёр талд, тухайлбал, эхнэр нь сургуульд орсон зургаан настнаа харж сумын төвд удаан хугацаагаар сууж, нөхөр нь уулын мухарт ганцаараа байснаас болж гэр бүл салах тохиолдол нэмэгдэж буйтай холбоотой аж. Иймд эцэг, эхийнх нь хүсэлтийн дагуу тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулахдаа нэг, хоёрдугаар ангийн сургалтыг зайн болон цахим хэлбэрээр явуулахаар уг хуулийн төсөлд тусгасан байна.

Улмаар зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг гуравдугаар ангиас нь эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургах зохицуулалт тус хуулийн төсөлд бий.

Мэдээлэл хийх үеэрээ гишүүн Р.Сэддорж “Архидалт, залуу гэр бүлийн салалт гээд олон асуудал эндээс үүсэж байна. Аав, ээж болсон хүмүүс хүүхдийнхээ төлөө л явдаг учраас хүүхдээ дагахын тулд малаа зарж, төв рүү ороход ар талд нь нэг хэсэг нутаг хүнгүй, эзгүйрч үлдэж байна. Энэ нь цаашлаад манай нүүдэлчин соёл, мал аж ахуй үлдэх, эсэх асуудлыг ч дагуулж мэднэ. Иймд бид одоогийн зохицуулалтыг сонголттой болгоё л гэж байгаа юм” хэмээн онцолсон. Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.

Ташрамд дурдахад, манай улсын малчин өрхийн тоо 190.8 мянга байна. Малчдын дунд 15-44 хүртэлх насны малчид 26.9, 35-44 хүртэлх насны малчид 58.5, 55-аас дээш насны малчид 14.6 хувийг эзэлж байна.

-Цахимаар болон зайнаас суралцах орчин нөхцөл бүрдсэн гэж үзэж байна уу?

-Сум, аймгийн удирдлага, Засгийн газраас зохицуулах боломжтой. Хөдөөний зарим айл “Старлинк”-ын тусламжтайгаар дэлхий ертөнцтэй холбогдож байна. Технологийн шийдлийг зохицуулахад асуудал үүсэхгүй гэж харж байгаа. Нөгөө талаас тухайн хүүхэд зөвхөн сумынхаа багшаар биш, Монголын хамгийн шилдэг сурган хүмүүжүүлэгч нарын хичээлийг үзэж, судлах боломж бүрдсэн. Ер нь зайны болон цахим сургалт өндөр түвшинд хөгжчихөөд байгаа шүү дээ.

-Танхимаар суралцахгүй болох нь хүүхдийн нийгэмших үйл явцад сөргөөр нөлөөлөхгүй юү?

-Амьдралаас урган гарсан асуудлыг шийдэх гэж л энэ төслийг санаачилсан. Насны хувьд одоогийн гуравдугаар ангийн хүүхэд бол бидний үеийн нэгдүгээр ангийн хүүхэд. Биднийг бодвол тэд илүү хэрсүү болсон ч байж мэднэ. Танхим болон цахим гэсэн хосолсон хэлбэрийн сургалт авах эрх чөлөөг л үүгээр олгоё гэж байгаа юм шүү дээ. Хуулиа баталчихвал дагалдах журмаар илүү нарийн зохицуулах боломжтой.

-Хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчих вий гэдэг талаас нь харж үзсэн үү?

-Хүүхдээ хаана сургах нь малчин аав, ээжийн шийдэх асуудал. Ямар ч эцэг, эх хүүхдийнхээ төлөө л байдаг учраас сурч, боловсрох эрхийг нь хязгаарлахгүй гэж найдаж байна. Сонголт хийх зохицуулалттай болгоё гэж байгааг та бүхэн сайн ойлгоорой. Дэлхийн жишгийг харвал 12 жилийн туршид ч гэрээсээ, цахимаар хичээллэхийг зөвшөөрч байна. Манайд ч зөвшөөрч байгаа юм билээ. Үе тэнгийн дээрэлхэлт гэх мэт асуудлаас болж цахимаар хичээллэж байгаа тохиолдол ч байна. Үр хүүхдийнхээ боловсрол, ирээгүйг хөсөл хаялгүй, нүүдэлчин соёлоо ч гээхгүйн тулд нэг, хоёрдугаар ангийн хүүхдийн сургалтад энэхүү зохицуултыг тусгах нь илүү р дүнтэй гэж харж л уг хуулийн төслийг санаачилсан.

-Хүүхдүүдийн дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөлийг сайжруулж, аюулгүй байдлыг нь хангаж чадвал заавал ингэж хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй юм биш үү?

-Нэг үеэ бодвол бид цахим шилжилтийг нэлээд ахицтай хийж байна. Нөгөө талаас малчин өрхийн хүүхдүүдэд тавих анхаарлаа сайжруулах ёстой. Ер нь энэ асуудал үндсэндээ суманд сурч байгаа хүүхдүүд, тэдний эцэг, эхчүүдэд тулгарч байгаа. Цэцэрлэгт сураагүй хүүхдийг сургуульд хүлээж авахгүй гэж байгаа энэ нөхцөлд малчин хос, залуу гэр бүлүүд хүүхдээ таван нас хүрэнгүүт тусдаа амьдрахаас аргагүйд хүрч байна. Танхимаар л сайн, үр дүнтэй сурна гэдэг нь бас өрөөсгөл ойлголт юм шүү. Монголын хууль Монголынхоо онцлогт тохирсон байх учиртай.