Монгол Улс НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах конвенцын хороонд 40 жилийн дараа төлөөлөлтэй боллоо. Дэлхийн 180 гаруй орны нууц санал хураалтаар 12 суудлын төлөө 20 орон нэрээ дэвшүүлэхэд тэнд Монгол эмэгтэй  хүчирхэг өрсөлдөгч байв.

Эх орныхоо итгэл найдварыг өчүүхэн ч алдахгүйгээр CEDAW хороонд нэр дэвшсэн дэлхийн олон орны шинжээч лидерүүдийг Д.Амарсанаа арвин туршлага, үнэ цэнтэй үзэл санаагаараа манлайлж гарч ирэв. Тэрбээр Ази номхон далайн эмэгтэйчүүдийн эрхийн сүлжээ ТББ, НҮБ-ын Эмэгтэйчүүдын байгууллагын Ази номхон далайн бүсийн оффис, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад хүний эрхийн мэргэжилтэн, жендэрийн ахлах зөвлөхөөр ажиллахдаа олон орны Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, эгэл жирийн эмэгтэйчүүдийн дуу хоолой болж ирсэн нь бусдаас онцгойрч хүчтэй өрсөлдөгч байсныг харууллаа. Ийн 40 жилийн дараа манай улсаас CEDAW хороонд сонгогдсон хоёр дахь Монгол хүн болж буй Д.Амарсанаатай ярилцсаныг хүргэе.

-Иргэний нийгмийн байгууллага, эгэл жирийн эмэгтэйчүүдтэй ойр ажилласан онцлог туршлагыг маань үнэлсэн-

-Юуны өмнө танд томоохон сорилттой сонгуульд ялсанд баяр хүргэе. Тус хороонд ажиллах хоёр дахь хүн нь та болж байна. Таныг нэр дэвшүүлэхээс эхлээд сонгогдох хүртэлх үйл явц, өрсөлдөөн хэрхэн өрнөсөн бэ?

-Нэн тэргүүнд намайг дэлхийн хэмжээний том сонгуульд өрсөлдөх боломжтой юу, туршлага, мэдлэг чадвар хэр вэ гэдгээс гадна геополитикийн нөхцөл байдлыг ч харгалзаж үздэг. Манай кандидатад хэр нөөц, боломж байна вэ гэдгийг маш нарийн судалж байж Гадаад харилцааны яам шийдвэр гаргана л даа. Ингэж үнэлгээ хийсний дараа “Манай кандидат дэлхийн тавцан дээр өрсөлдөх хүчтэй байна” гэж үзээд намайг нэр дэвшүүлэхээр болсноо хэлсэн. Мэдээж бүх зүйл бидний тооцоолсноор болохгүй байж мэдэх ч стратеги төлөвлөгөөгөө маш нарийн боловсруулах ёстой. Хэдийгээр азаа үзэж байгаа мэт харагдавч ард нь асар их хөдөлмөр бий. Энэ утгаараа нэр дэвшүүлэх бүхий л үйл явцад эхнээс нь дуустал Гадаад харилцааны яам гол үүрэг оролцоо, идэвх чармайлт гаргасан. Ялангуяа НҮБ дахь манай байнгын төлөөлөгчийн газрууд, дипломат ажилтнуудын өндөр ур чадвар, оновчтой стратеги тактик хэрэглэснийг онцлон тэмдэглэж талархлаа илэрхийлж байна. Үүнд бас манай орон олон улсын тавцан дээр өндөр нэр хүндтэй байгаа нь нөлөөлсөн гэж дүгнэж байна.    

CEDAW-ийн сонгууль хоёр жил тутам болохдоо хорооны 23 гишүүдийн тал нь л сонгогдох байдлаар шинэчлэгдээд явдаг. Аль орон ямар хүчирхэг экспертээ нэр дэвшүүлэх вэ гэдэг нь эцсийн хугацаа хүртэл мэдэгдэхгүй.

Манай улс миний нэрийг нэлээн эрт зарласан. 2025 оны дөрөвдүгээр сард НҮБ руу мэдүүлж албан ёсоор бүртгүүлсэн. Ингэснээр бусад орнуудын сонгуулийн кампанит ажил эхэлнэ шүү дээ.

Манай улсын дипломат төлөөлөгчид суугаа орныхоо гадаад яаманд миний нэрийг дэвшүүлж буйгаа танилцуулж, Монголын кандидатыг дэмжихийг хүсдэг. Хүний эрхийн хороо Женевт байдаг учраас тэнд суугаа байнгын төлөөлөгчийн газар, Элчин сайд Д.Гэралмаа, хүний эрх хариуцсан дипломат ажилтан Навчаа нар маш их хичээл зүтгэл гаргаж ажилласан. Би өнгөрсөн оны намар Женевт, Нью-Йорк хотод тус бүр долоо хоног ажиллахдаа нийт 20 гаруй орны дипломат төлөөлөгчтэй уулзах жишээтэй.Улс орнуудын төлөөлөл хүний эрхийн нарийн мэргэжлийн хүмүүс учраас надаас маш олон зүйлийг асууж тодруулсан. CEDAW-ийн оролцогч талууд янз бүрийн байр суурьтай, зарим асуудал дээр дэвшилттэй биш байх талтай. Тиймээс тэр болгоныг нарийн судалж, маш сайн бодож тунгааж хариулах шаардлагатай болдог.

Кампанит ажлын хамгийн чухал хэсэг нь энэ оны гуравдугаар сарын 9-19-нд болсон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын жилийн хуралдаан байдаг. Энэ үеэр олон кандидатууд тэнд очиж өөрсдийнхөө кампанит ажлыг хийдэг. Миний хувьд товлосон хэд хэдэн арга хэмжээндээ оролцохоос гадна Ахмад настай эмэгтэйчүүдийн эрхийн асуудал зэрэг арга хэмжээдүүдэд панелист хийсэн. Энэ үед манай улс намайг дэмжиж  “Хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийн байгаль орчны засаглалд оролцох оролцоог дээшлүүлэх” сэдвээр тусгай арга хэмжээ зохион байгуулсан нь маш чухал ажил болсныг онцлох нь зүйтэй. Зөвхөн үүгээр зогсохгүй олон санал санаачилга гаргаж, манай дипломатууд үнэхээр ур чадвараа гайхуулж ажилласанд талархаж байгаа. Тухайлбал, байнгын төлөөлөгч Н.Анхбаяр улс орнуудын Элчин сайд, дипломат төлөөлөгчидтэй биечлэн уулзсан шүү.

Миний хувьд 88 орны төлөөлөгчтэй нэг бүрчлэн уулзаж “Монгол Улсын төлөөлөл яагаад сонгогдох ёстой вэ” гэдгийг таниулж, сонирхсон бүх асуултад хариулсан. Зарим өдөр нь надад цай уух ч зав гараагүй, өдөрт 20 гаруй орны төлөөлөлтэй уулзаж явлаа. Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газар кандидатаа бүрэн дүүрэн дэмжсэний үр дүнд өөрийгөө боломжийн хэмжээнд таниулж чадсан гэж боддог.  

-Таны хувьд бусад олон улс орны хүмүүстэй өрсөлдөхөд юугаараа давуу, онцлог байж чадсанаараа 136 саналыг авсан гэж бодож байна вэ. Тухайн үеийн мэдрэмж, сэтгэгдлээсээ хуваалцаж болох уу?

-Бидний кампанит ажлын гол агуулга бол Монгол Улс CEDAW-д 40 гаруй жил төлөөлөлгүй явж ирсэн. Өмнө нь Элчин сайд Л.Идэр гуай 1982-1987 оны хооронд конвенцын хороонд ажиллахдаа даргалж байсан сайн туршлага бий. Тиймээс Монгол Улс төлөөлөлтэй болох цаг нь болсон гэж үзсэн л дээ.

Миний хувьд олон улсын байгууллагад тэр дундаа НҮБ-ын Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах  бүх хэлбэрийг устгах конвенцыг хэрэгжүүлэхэд Зүүн өмнөд азийн орнуудын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудтай багагүй хугацаанд хамтарч ажиллаж ирсэн нь давуу тал болсон. Тэр ч утгаараа “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл”, “Уур амьсгалын өөрчлөлт ба жендэрийн тэгш эрх”, “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал”, “Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцох” гэсэн дөрвөн асуудалд анхаарсан нь конвенцын үндсэн чиглэлтэй нийцэж байсан. Эдгээр сэдвүүд оролцогч талуудын үндэсний бодлогын нэн тэргүүний асуудлууд учир би тэдний дэмжлэгийг татаж чадсан.

Мөн бусад нэр дэвшигчдээс ялгарах хамгийн том онцлог бол иргэний нийгмийн байгууллагад олон жил ажилласан туршлагыг маань үнэлсэн болов уу. Монголд болон Азий номхон далайн улс орнууд, НҮБ-д ажилласан бүхий л цаг хугацаанд иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтарч ирсэн.

Тэр дундаа хөдөөгийн, уугуул нутгийн эгэл жирийн эмэгтэйчүүдтэй ойр дотно ажиллаж, тэдний хэрэгцээ, дуу хоолойг хүргэх онцлог туршлагыг маань үнэлсэн гэж бодож байгаа.

Учир нь CEDAW конвенцийн хороонд иргэний нийгэмтэй ойр ажилласан туршлагатай хүмүүс цөөн. Бусад орны экспертүүдийг харвал голдуу хуульч, багш, судлаач, өмнө нь төрийн албан тушаал хашиж байсан болон дипломатууд байдаг.

Мөн CEDAW-ийн хороо голдуу Женевт хуралддаг бол миний хувьд илүү өргөн хүрээнд орон нутаг, иргэний нийгмийн байгууллага, хөдөөгийн эмэгтэйчүүдэд хүрч ажиллах эрмэлзэлтэй байгаа нь уг сонгуульд давуу тал байсан.

-Дөрвөн суудлын төлөө 12 орны эксперт өрсөлдөнө гэхээр маш хүчтэй, өрсөлдөөнтэй сонгууль болж таарсан-

-Кампанит ажлын үеэр зөвхөн та л гэхэд 88 орны төлөөлөгчтэй уулзсан. Үүн дээр манай дипломат төлөөлөгчид өөрсдийн суугаа орондоо таниулж ажиллаж. Сонгуулийн үр дүн та бүхний урьдчилсан төлөвлөж байснаас хэр гарсан бэ. Прогнозоос илүү их амжилттай байв уу?

-Саналыг нууцаар хураадаг учраас 189 орноос аль нь манай улсыг дэмжсэн бэ гэдгийг мэдэх боломжгүй. Бидний тандалт, прогнозоор бол 120 гаруй орон манайхыг дэмжинэ гэж тооцоолсон. Гэтэл сонгуулийн үр дүнд бидний тооцоолсноос илүү олон буюу 136 орны саналыг авсан.

Гишүүн орнууд бүгд цуглаад саналаа нууц хайрцганд хийгээд дараа нь тооллогын комисс арын өрөөнд тоолдог. Тэр дунд саналын хуудсаа буруу бөглөх тохиолдол ч гардаг юм билээ.

CEDAW хорооны хугацаа дуусч байгаа гишүүдийн найм нь дахиж сонгогдох хүсэлтээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, дахиж нэр дэвшиж буй эксперүүд  сонгогдох  магадлал маш өндөр, бараг 100 хувь байдаг. Тэгэхээр үлдсэн дөрвөн суудал дээр л шинээр нэр дэвшсэн 12 орны эксперт өрсөлдөнө гэхээр маш хүчтэй, өрсөлдөөнтэй сонгууль болж таарсан. Найм нь дахин сонгогдоно гэвэл 12 шинэ нэр дэвшигчийн дөрөв нь л сонгогдох боломжтой болсон. Тэдний нэг нь би шүү дээ.

Тооллогын комисс олонхийн санал авсан хүмүүсийг жагсаахад эхний гуравт өмнө нь хороонд ажиллаад дахин нэр дэвшсэн экспертүүд орж би дөрөвдүгээрт бичигдсэн. Энэ бол гайхалтай үр дүн. Би шинээр сонгогдож гарч ирсэн хүмүүсээс хамгийн олон санал авч нэгдүгээрт бичигдсэн гэсэн үг шүү дээ.

Миний дараа Канадын багш профессор орсон байх жишээтэй. Үүнээс харвал Монгол Улс НҮБ-д нэр хүндтэй, гадаад бодлого маш сайн, тууштай байгаа учраас бусад орнууд манайхыг хүлээн зөвшөөрч бидэнд итгэж байгааг харуулж байгаа хэрэг. Монгол Улс дэлхийн итгэлийг олж, хүлээн зөвшөөрөгдсөн байна шүү дээ. Нөгөө талаас манай ГХЯ, Элчин сайд, дипломат төлөөлөгчид, бүхий л ажилчдын ур чадвар, чин сэтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр шим юм даа.

Би ер нь азтай гэх юм уу, НҮБ-ын эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах конвенцыг Зүүн өмнөд Азийн найман оронд хэрэгжүүлэх төсөл дээр арваад жил ажилласан туршлага ихээхэн давуу тал болсон. Сүүлд миний ажиллаж байсан НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагад Ази номхон далайг бүс нүтгийн хэмжээнд хүний эрх, жендэрийн тэгш эрхийн чиглэлийн бодлогын шинэчлэлийг хариуцаж удирдсан. Өөрөөр хэлбэл, бүс нутагт ажиллах хугацаандаа улс орнуудад тулгамдаж байгаа хүний эрхийн асуудлыг нарийн судалж мэдэж, бодлого, хууль эрх зүйн шинэчлэлд гар бие оролцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон маань тус болсон. Тиймдээ ч Зүүн өмнөд Азийн орнуудын дипломатууд “Та бидний нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэж байгаа учраас дэмжиж саналаа өгнө” гэдгээ шууд илэрхийлсэн.

Мөн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад Ерөнхий нарийн бичгийн даргын жендэрийн тэгш эрхийн асуудлаар ахлах зөвлөхөөр таван ажиллахдаа уг байгууллагад оролцогч 57 улс орны улс төр - цэргийн, эдийн засаг, байгаль орчны болон хүний аюулгүй байдлын цогц асуудлаар ажиллахдаа аюлгүй байдлын салбарын шинэчлэл, мөн аливаа мөргөлдөөнийг мониторинг хийх, энх тайвныг байгууллагч эмэгтэйчүүдтэй илүү ойр харилцах завшаан тохиосон. Энэ бүх туршлага бол юутай ч зүйрлэшгүй үнэ цэн юм даа.

- НҮБ-ын өмнө Монгол Улсыг төлөөлөхгүй, хараат бус шинжээчээр ажиллах үүрэгтэй-

-Монгол Улс CEDAW конвенцид төлөөлөлтэй болсноор ямар боломж, үүд хаалга нээгдэж байна вэ. Таны хувьд жендэрийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаар ямар ахиц дэвшил гаргаж ажиллана гэсэн итгэл найдвар тээж байгаа вэ?

-Би НҮБ-ын эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах конвенцын хорооны гишүүнээр сонгогдсоноор Монгол Улсыг төлөөлөхгүй. Аль ч талыг баримтлахгүй хараат бус шинжээчээр ажиллах үүрэгтэй.

Тухайлбал, хорооноос гарах аливаа шийдвэр, зөвлөмж, дүгнэлт, байр суурь илэрхийлсэн мэдэгдэлд Монголын төр засгийн байр суурийг бусад орнуудад шахаж болохгүй. Олон улсын хараат бус шинжээч гэдэг утгаараа бусад орны хүний эрхийн тайланг алагчлалгүйгээр судалж үнэлэлт дүгнэж өгнө.

Харин Монгол Улсын хувьд ямар ач холбогдол, давуу боломж байна вэ гэвэл тэр олон орны сайн туршлагыг хуваалцаж, түгээн дэлгэрүүлж болно. Дэлхийн сайн, муу олон туршлагыг олж харж тэднээс суралцах, сургамж авах ижил төстэй орнуудын сайн жишээг Монголынхоо хөрсөнд буулгаж хэрэгжүүлэх бүрэн боломж бий. Энэ тал дээр би чадах бүх зүйлээ хийнэ гэж бодож байгаа.

Жишээлбэл, аль улс охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй ямар аргаар тэмцсэн нь урт, богино, хугацаанд үр дүнд хүрч байна, юу нь болохгүй байгааг олж харж бүс нутгийн түвшинд болон Монголдоо нэвтрүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллана гэж харж байгаа. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад ч шинэ санаачилгыг хуваалцаж үр дүнтэй ажиллаж болно шүү дээ. Харин тэр бүхнийг манай төр, хүний эрхийн байгууллагууд соргогоор олж харж хамтарч хэрэгжүүлэх л чухал.

-Жендэрийн тэгш байдлыг  эрэгтэйчүүд манлайлж зоригтойгоор дуу хоолойгоо илэрхийлж эхэлсэн цагт олон нийтийн ойлголт хандлага өөрчлөгдөнө-

-Монгол Улсад шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийн манлайлал баг багаар нэмэгдсээр байна. Одоо УИХ-д 32 эмэгтэй гишүүн ажиллаж байна. Та саяхан УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгтэй уулзаж санал солилцсон байсан?

-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд аль болох олуулаа ажиллавал тухайн бодлого, шийдвэрийн чанар хүртээмж сайжирдаг. Тэр тусмаа хүн амын тал хувийг бүрдүүлж байгаа Монгол эмэгтэйчүүд өндөр боловсролтой, мэдлэг чадвартай учраас тэд үнэхээр гайхалтай баялаг оюун ухаантай.Үүнийг ашиглаж чадвал нийгэмд эерэг өөрчлөлт авчрах нь гарцаагүй.  

Ер нь аливааг дандаа эрчүүдийн нүдээр харж, эрэгтэйчүүдийн санаагаар хийхэд өрөөсгөл байдаг шүү дээ. Тиймээс зөвхөн эмэгтэй гэлтгүй олон төлөөллийг харуулсан баялаг санааг ашиглах нь зүйтэй. УИХ дахь эмэгтэй гишүүд олон хууль санаачилж, нийгмийн чухал асуудлуудыг олж харж гажуудлыг засахыг оролдож байна. Энэ нь нийгмийн зарим талуудаас эсэргүүцэл гарч тэмцэл өрнүүлж байна.

Эхний байдлаар УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгтэй илүү ойр ажиллаж туршлага хуваалцаж хамтарч ажиллах боломжийг харж байгаа. Нэн тэргүүнд,  эмэгтэй улс төрчдийн эсрэг үзэн ядах хандлагыг зогсоох, тэднийг хамгаалах шаардлагатай.  

-Та өнгөрсөн хугацаанд үндэсний, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн эрх болон жендэрийн тэгш байдлыг сайжруулах чиглэлээр 30 гаруй жил тууштай ажиллаж ирсэн.Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэхэд юу хийх хэрэгтэй вэ?

-Хүний хөгжлийн индекс харвал Монгол тийм ч муугүй. Эмэгтэйчүүдийн боловсролын тал дээр ололттой ч шийдвэр гаргах түвшин дэх үзүүлэлтийг харвал зохих хэмжээндээ хүрээгүй. Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл буураагүй, нийгмийн нэн тулгамдсан асуудал хэвээр байна. Энэ бүхэн монголчуудын жендэрийн тэгш байдлын талаар нийгмийн хэв хэмжээ, хэвшмэл ойлголттой холбоотой. Уламжлал дагасан ажлын хуваарилалт жендэр, хүний эрхийн зөрчил үүсгэж энэ талаарх олон нийтийн ойлголт хандлага төдийлөн өөрчлөгдөхгүй байгааг анзаарах нь зүйтэй.

Ер нь монголчуудын хэвшмэл ойлголт 13-дугаар зууны үед тогтсон соёлын хэм хэмжээнээс дорвитой өөрчлөгдсөнгүй гэж харж байгаа.

Хүний оюун ухаанд бага наснаас нь гүн бат сууж, гэр бүл нийгмийн өдөр тутмын амьдралаасаа харж суралцсан хэвшмэл ойлголт, соёлыг өөрчлөхөд хэцүү. Тиймээс хүүхдэд бага наснаас нь олгож байгаа боловсролын агуулгаас эхлэх ёстой. Ялангуяа, хөвгүүд, эрчүүдэд илүү сайн ойлгуулах шаардлагатай.

CEDAW конвенц шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог авч хэлэлцээд 2024 онд шинэ зөвлөмж гаргасан. Шинэ тутам гарч буй нийгэм эдийн засгийн хөгжил буюу шинэ технологи, хиймэл оюун ухаан, бас цар тахал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, зэвсэгт мөргөлдөөн зэргээр цоо шинэ нөхцөл байдал нь дэлхий даяар засаглал болохгүй байгааг харуулж байна. Тиймээс шийдвэр гаргах түвшинд, бүх салбарт эрэгтэй, эмэгтэйчүүдийн оролцоо тэнцүү буюу 50/50 байх ёстой гэж үзсэн. Зөвхөн парламент бус, шийдвэр гаргах  системээрээ жендэрийн харьцаа тэнцүү байх бодлогыг улс орнуудад зөвлөсөн. Манай улс энэ асуудал дээр хоцрогдолтой явж байгаа тул үүнийг засах бодлого боловсруулж практик дээр хэрэгжүүлэх шаардлагатай.

Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эрчүүд жендэрийг зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай гэж хараад байдаг. Гэтэл жендэрийн тэгш эрх эрчүүдэд хамгийн их хамаатай. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэг гэрт амьдарч, нэг орчинд ажиллаж хөдөлмөрлөж байна шүү дээ.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж чадсан улс орнуудын туршлага болоод Монголын нөхцөл байдлыг харахад эрэгтэйчүүдийн манлайлал туйлын сул байна. Ихэнх нь хэвшмэл ойлголт, хандлагадаа идэгдчихсэн.

Тиймээс жендэрийн тэгш байдлын асуудалд эрэгтэйчүүд манлайлж зоригтойгоор дуу хоолойгоо илэрхийлж эхэлсэн цагт олон нийтийн ойлголт хандлага өөрчлөгдөнө. Тэднээс хоосон яриа биш, тодорхой үйлдэл хүлээж байна.

Үүний тулд эрэгтэйчүүдийг тэгш эрхийн ажилд татан оролцуулах хэрэгтэй. Нийгэмд шинэ соёлыг бий болгоход жендэр ярьдаг эрэгтэй лидер олон болж байж бодит үр дүнд хүрнэ.

Нэлээд олон орон Засгийн газраа бүрдүүлэхдээ эмэгтэйчүүддээ суудал хуваарилах асуудлыг хэлэлцдэг. Манайд харин эсрэгээрээ байна.

-Ахмадын тэтгэвэр хүнийг нэр төртэй биеэ дааж амьдрахад хүрэлцэхүйц байх ёстой-

-Таны анхаарч ажилладаг ахмад настны хүний эрхийн нөхцөл байдал Монголд тийм ч сайжраагүй. Бусад улс орны туршлагаас харахад Монголд ахмад настны эрхийг хамгаалах гарц шийдлийг хэрхэн харж байна вэ?

-Ахмад настнуудын эрхийг хамгаалах хамгийн чухал зүйл нь тэдний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой, үүнд тэтгэврийн хэмжээ, хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжууд багтдаг. Гэтэл Монголд ахмадуудын 80-90 хувь нь эм тангаа ч авч чадахгүй хэмжээний амьдралын түвшин доогуур байгаа нь нэр төртэй, бие дааж амьдрах боломжгүй байдаг. Олон тохиолдолд хүчирхийллийн аливаа нэг хэлбэр гэж хэлж болохоор хүнд бэрх нөхцөл ажиглагдаж байна. Ахмадууд тэтгэврээ нэмүүлье гэж жагсаж байгаа нь зөвхөн үндсэн хэрэгцээгээ л хангах гэсэн хүсэл төдий шүү дээ. Өөрөөр хэлбэл, ахмадын тэтгэвэр хүнийг нэр төртэй биеэ дааж амьдрахад хүрэлцэхүйц байх ёстой. Тиймээс НҮБ-аас Ахмад настны эрхийн шинэ конвенц боловсруулж эхэлсэн, насаар ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх  асуудлыг цогцоор нь авч үзэхийг зорьж байна.

-Тэгш эрх, жендэр, олон эрх ашгийн төлөөллийг хангаж чадах нь хөгжил гэж хардаг. Энэ хөгжлийг бий болгоход манайх шиг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын онцлогтой орон юунд анхаарч, хэрхвэл зохилтой бол?

-НУБХХ-өөс 2025 онд гаргасан Хүний хөгжлийн индексээр Монгол Улс өндөр хөгжилтэй орнуудын тоонд багтах буюу хоёрдугаар бүлэгт орж 104 байранд жагсаж байгаа. Үүнд жендэрийн хөгжлийн индексээр эмэгтэйчүүдийнх 0.757 байхад эрэгтэйчүүдийнх 0.735 байна. Энэ индекс эрэгтэй эмэгтэйчүүдийн наслалтаас гадна боловсролын хувьд эмэгтэйчүүд давуу байдалтай, ба нэг хүнд оногдох орлогын хэмжээгээр (GNI) эрэгтэйчүүд илүү байгаа нь жендэрийн зөрүүтэйг харуулж байна. Өөр нэг хэмжүүр бол жендэрийн тэгш бүс байдлын индексээр Монгол 0.284 үзүүлэлттэйгээр дэлхийн 172 орноос 72 байранд жагсаж байна. Үүнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх мэдэлжүүлэлт, хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог харуулсан.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийг эхийн эндэгдлийн түвшин болон өсвөр насны төрөлтийн түвшингээр хэмждэг. Эрх мэдэлжүүлэлтийг эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн парламент дахь суудлын эзлэх хувь болон дор хаяж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн хүн амын хувиар (хүйсээр нь ангилан) хэмждэг. Харин хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог эмэгтэй, эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшингээр хэмждэг. Эдгээр тэгш бус байдлууд юунаас үүдэлтэй вэ ?

Жендэрийн талаарх нийгмийн хэм хэмжээний  индекс (GSNI) Монголд нэлээн өндөр - 97.44 байгаа нь Монголын нийгэмд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдэлжилтын эсрэг ялгаварлах үзэл тархмал байгааг харуулж байна. Энэ талаар цогц арга хэмжээ авахгүй бол хүн бүр тэгш эрхтэй нийгэм байгуулж чадахгүй.