Монголын анхны мультимедиа агентлаг Mongoliapress.mn УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэгтэй хамтран хууль тогтоох дээд байгууллага парламентад иргэдийг төлөөлөн ажиллаж буй улс төрийн нам, эвслийн төлөөлөл 32 эмэгтэй гишүүнийг онцолж цуврал контент бэлтгэн хүргэж байгаа билээ.

Энэ удаагийн зочноор "Монтажгүй яриа" буландаа МАН-аас УИХ-д сонгогдон ажиллаж буй Мэндбаярын Мандхайг урьж мэдлэг, туршлага, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг илүү ойроос таниулахыг зорилоо.

-Таны хувьд улс төрд ороод удаагүй УИХ-ын гишүүн болсон. Ер нь улстөрч болох шийдвэрийг яагаад гаргасан бэ?

-Би насны хувьд 40 хүрч, салбартаа ч тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан байсан. Олон зүйл дээр төрийн бодлого ийм байсан бол олон асуудлыг шийдэхээр байна даа гэсэн хүлээлттэй, бас хөрсөө мэдрээгүй шийдвэрүүд ямархуу хүндрэл дагуулж байдгийг ч мэддэг байлаа. Бизнес эрхлэгчид болон иргэдэд тулгарч буй асуудлуудыг практик дээр харахад хууль эрх зүйн орчин дутмаг, төрийн үйлчилгээ хангалтгүй зэрэг олон асуудлыг хүмүүс ярьж, шүүмжилдэг. Тиймээс зүгээр шүүмжилж, хүлээж суух биш өөрөө оролцоогоороо өөрчлөх нь чухал гэж бодох болсон. Хувийн хэвшилдээ үргэлжлүүлэн ажиллаад байж болно л доо. Гэхдээ ядаж л салбараасаа эхлээд бодлогын өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй юм даа гэж бодох болоод байсан тэр үед Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах санал ирсэн.

Тухайн үед би НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх” төслийн үндэсний зөвлөхөөр ажиллаж байв. Туршлага, насны хувьд ч боломжтой байсан тул өөрийгөө сорьж үзье гэж шийдсэн. Гэрийнхэнтэйгээ ч ярилцсан. Ингээд уг саналыг хүлээн авснаар улс төрд хөл тавьсан гэж болно.

Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбоо 12 мянга гаруй гишүүнтэй. Тэдний дийлэнх нь энгийн иргэд, бизнес эрхлэгчид. Тэдний тулгамдсан асуудлыг төрд хүргэх, бодлогод нөлөөлөх чиглэлээр ажиллах хэрэгцээ байна гэж харсан. Намын дэргэдэх байгууллагын гишүүд ч гэсэн дуу хоолойгоо хүргэх хэрэгцээ байдаг гэдэг нь харагдаж байсан. Нөгөө талаас МАН 360 мянга гаруй гишүүнтэй, 21 аймаг, сум, багийн төвшинд хүртэл гишүүдтэй улс даяар өргөн бүтэцтэй институц. Олон хүний итгэл үнэмшлээ өгч, нэгдэж байгаа энэ байгууллагын нэг хэсэг нь болж ажиллах сонирхолтой байсан. Нөгөө талаас намын байгууллагаар олон жил яваагүй, гадны шахуу хүн эмэгтэйчүүдийн байгууллагад шинэ салхи, шинэ өнгө аяс оруулж ирэх хэрэгцээ ч байсан байх. Богино хугацаанд баг болж, маш эрч хүчтэй ажиллацгаасан.

УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн төлөөлөл Азийн дундаж үзүүлэлтийг давсан амжилт үзүүлсэн нь ч олон хүний нэгдэж, хичээж ажилласны үр дүн гэж бодож явдаг даа.

УИХ-ын гишүүн болчихоод холдоод явчихсан гэж бодож болохгүй. Одоо ч эмэгтэйчүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Тэдний тулгамддаг, санаа зовнидог асуудлууд дээр ч шийдэл хайж ажилласаар байгаа. Жишээ нь, Зэвсэгт хүчинд ажилладаг эмэгтэйчүүд 45 насандаа тэтгэвэрт гардаг. Гэтэл үүний цаана тэтгэвэр нь хангалтгүй, ажлын байр байхгүй, амьжиргаагаа цаашид яаж авч явах вэ гээд нийгмийн олон асуудал тулгардаг. Энэ асуудлуудыг шийдвэрлэх, тэднийг чадавхжуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Түүнчлэн боловсролын чиглэлээр Дэлхийн мөрөөдлийн төвтэй хамтран хилийн чинад дахь монголчуудын нийгмийн асуудал дээр сайн дураараа ажиллаж байгаа. Хууль эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг нь хангуулах чиглэлээр бодлогын төвшинд дуу хоолойг нь хүргэхээр ажиллаж байна.

Мөн өсвөр насны хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн ажилд идэвхтэй оролцуулдаг сайн дурын төвтэй идэвхтэй хамтарч ажилладаг. Энэ бүхнийг ил зарлаад явдаггүй. Өөрийн сайн дурын үндсэн дээр эдгээр холбоодтой хамтарч, тэдэнд хэрэгтэй байгаа зүйлс, саналыг дэмжиж ажилладаг.

-ШИЙДВЭР ГАРГАХАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЦӨӨН БАЙЛГАЖ ИРСЭН ХЭВШМЭЛ ТОГТОЛЦООГ ЭВДЭХ ХЭРЭГТЭЙ-

-Энэ удаагийн парламент хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүнтэй. Энэ тоог та хэр хангалттай гэж боддог вэ?

-Парламент бол төлөөллийн байгууллага. Тэгэхээр Монголын хүн амын тал нь эмэгтэй хүмүүс бол шийдвэр гаргаж байгаа түвшиндээ тоо тийм л байх ёстой. Эмэгтэй хүмүүсийг эрх мэдэлтэй болгох тухай асуудал биш харин төрийн бодлого нь нийгмийн бүлгүүддээ, иргэддээ хүрсэн бодлого гаргадаг байх тухай л ойлголт юм шүү дээ. Бодлогоор эмэгтэйчүүдийг цөөн байлгаж ирсэн, тийм байхаас аргагүй байлгадаг тэр тогтолцоог эвдэх хэрэгтэй.

Өмнө нь 76 гишүүнтэй байхад ч эмэгтэйчүүдийн тоо бага байсан. Хамгийн өндөр эмэгтэй гишүүд буюу 13 эмэгтэй гишүүнтэй байх үед ч 83 хувь нь эрэгтэй, 17 хувь нь эмэгтэй байсан гэхээр хүчний хувьд тэнцвэргүй. Бүр гурван ч эмэгтэй гишүүнтэй үе байсан. Эмэгтэйчүүд олон байхаар хоорондоо таардаггүй, эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэх яриа гаргадаг. Гэхдээ тийм биш гэдгийг өнөөдрийн 32 эмэгтэй гишүүн харуулж байгаа гэж бодож байна. Эмэгтэй нэр дэвшигчийг ч эмэгтэйчүүд дэмждэг нь судалгаагаар гардаг.

-Үнэхээр таван намын төлөөлөл болсон эмэгтэй гишүүд хоорондоо эвтэй байж чаддаг уу?

-Зарчмын хувьд санал нэгдэхгүй, асуудал дээр эсрэг тэсрэг байр суурьтай байх нь байх л асуудал. Үүн дээр эрэгтэй, эмэгтэй гэлтгүй, гишүүд олон талт үзэл бодолтой байх нь эрүүл тогтолцоо. Нийгэмд байдаг хэвшмэл ойлголтыг төрийн ордонд ч тогтмол дэвэргэдэг нь харагддаг. Эсрэг тэсрэг байр суурин дээр эрчүүд байхад хамаарахгүй мөртлөө эмэгтэй гишүүд дээр болохоор хоорондоо зөрчилддөг гэж харуулдаг. Эв түнжингүй байна гэдэг. Харин эрчүүд дээр тэгдэг бил үү.

-Жендэрийн хувьд ялгаварлах тохиолдол гардаг уу?

-Үгүй гэж худал хэлээд яахав. УИХ дотроо ч хүйсээр ялгаварлах үйл явц байна. Тухайлбал, албан тушаал дээр. Эрчүүд ажлын хэсэг ахалж, байнгын хорооны дарга болдог. Одоо нэг л байнгын хорооны дарга эмэгтэй байна. Бусад нь эрчүүд. Засгийн газрын томилгооны хувьд ч хоёрхон эмэгтэй сайд бий. Хуулиараа хувь квот заагаад өгчихсөн байхад Засаг бүрдүүлээд оруулж ирэхдээ сүүлийн хоёр кабинет гэхэд үүргээ биелүүлсэнгүй.

Яг өнөөдөр парламентад дотор нь ажиллаж байхад эмэгтэйчүүд хамгийн хариуцлагатай ажиллаж байна.

Манай эмэгтэй гишүүд хуулийн төслүүд дээр нягт сайн суудаг, маш сайн уншдаг, асуудлыг гаргаж ирж, шүүмжлэлтэй ханддаг. Хамгийн их ирцийг бүрдүүлж, хоцрогдолгүй, оролцоотой байдаг гээд чанар талаасаа эмэгтэй гишүүдэд маш олон давуу тал бий.

Ихэнх нь өөр өөрийн салбарыг төлөөлж орж ирсэн учир салбартаа ч мэргэшсэн байдаг. Хэдийгээр эрчүүдтэй албан тушаалын тохироо найрааг тэдний гаршсан аргаар хийж чадахгүй ч цаашдаа илүү олон эмэгтэй парламентад орж ирж, тэдний дүрмээр биш өөрсдийнхөө чадвараар өнөөдөр авч чадахгүй байгаа тэр албуудад хүрнэ гэдэгт итгэлтэй байдаг. Гэхдээ энэ удаад чадсангүй, дараа гэж хүлээж суухгүй бид одоо ч хэлэх үгээ хэлээд, дараа дараагийн УИХ-д орж ирэх гишүүддээ үлгэр дуурайлал болох юм сан, асуудлаа ил тод, нээлттэй ярьдаг байхын төлөө ажиллана гэж хичээж ажиллаж байгаа.

-СҮҮЛИЙН 4-5 ЖИЛД ТӨРӨӨС ОЛГОЖ БАЙГАА УРАМШУУЛАЛ, ТАТААС 4.5 ДАХИН НЭМЭГДСЭН-

-Энэ хаврын чуулганаар таны санаачлан ажилласан хоёр ч хууль батлагдаж байна. Нэг удаагийн чуулганаар хоёр ч чухал хуулиа батлуулаад авдаг тохиолдол бас ховор шүү. Хөдөө аж ахуйн тухай хуулиа батлуулчихлаа. Одоо чуулганаар орох Хүнсний тухай хууль бол яалт ч үгүй хүлээгдэж байсан хууль…

-Хүнсний тухай хууль бол аливаа улс орны хувьд хамгийн чухал хууль байх учиртай. Монгол Улсын хүнсний бодлогыг зохицуулж байгаа суурь хууль шүү дээ.  Тэр дундаа нийт хүнснийхээ тэн хагасыг шахам гадны улс орнуудаас импортолж байгаа улсын хувьд. Аль болохоор дотоодынхоо үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжиж байж бид гаднаас ихэнх хүнсээ авдаг явдлаа хумина. Стратегийн хүнс болох гурил, мах, сүүгээ бид улирлаар цаглабар гаргаж нөөцөлдөг. Зарим тохиолдолд гаднаас авдаг. Тэгвэл өргөн хэрэглээний, стратегийн гэгдэх хүнсээ бид дотооддоо үйлдвэрлэдэг болох нь чухал. Мөн хүүхдүүддээ өгдөг үдийн хоол цайгаа мөн дотоодынхоо баталгаатай, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах ёстой.

Хүнсний тухай хуулинд хүнсний хангалтын бодлогоос гадна  зохистой дадлуудыг суулгах стандартын дагуу ажилладаг болгох чухал агуулгууд ч багтаж байгаа. Хүнсний сүлжээнд нийтийн хоол үйлдвэрлэлийн асуудал мөн орно. Олон жил зохицуулалтгүй явж ирсэн нийтийн хоол үйлдвэрлэлийн асуудлыг авч үзэх цаг нь болсон. Хүний ам руу орж байгаа хүнс хамгийн чухал. Буруу хадгалалт, боловсруулалт эргээд хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэж байдаг. Халууны улиралд идэвхждэг гэдэсний элдэв халдварт өвчлөл, хордлого, суулгалтууд тухай үедээ эмчлэгдээд өнгөрч байгаа мэт боловч олон жилийн дараа хавдрын суурь болдог гэдэг шүү дээ. Хүнсний тухай хууль батлагдаад 14 жил өнгөрчээ. Улс орны хувьд нийгэм, эдийн засгийн хувьд олон өөрчлөлт гарч байхад түүндээ дүйцэж хууль эрх зүйн орчин өөрчлөгдөөд явах учиртай. Хожуу ч гэсэн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр олон чухал асуудлыг шийдэж байгаадаа хууль санаачлагчийн хувьд баяртай байгаа.

-Монгол Улсын эдийн засгийн тулгуур баганын нэг хөдөө аж ахуйн салбарын цаашдын хөгжлийг төрийн бодлогод хэрхэн тусгав. Хөдөө аж ахуйн тухай шинэ хуулиар ямар асуудлуудыг шийдэх боломжтой болсон бол?

-Манай улс хөдөө аж ахуйн 30 орчим салбар хуультай. Тус бүрдээ сайн хууль. Салбар хөгжихийн хэрээр хууль эрх зүйн орчин нь ч сайжраад явж байгаа. Гэхдээ хөдөө аж ахуйн салбар нэгдмэл, нэгдсэн зохион байгуулалттай, уялдаатай хөгжиж байна уу гэхээр учир дутагдалтай явж ирсэн. Энэ нь бодлогын хувьд нэгдмэл байлгахын тулд хуулиудын нийцлэл, уялдааг хангасан суурь хууль байхгүй явж ирсэнтэй холбоотой.

Малчид маань тодорхой хэмжээний орлого бүрдүүлж, малаа өсгөж чадсан. Тариаланчид тариагаа тарьдаг, өвс тэжээлээ бэлтгэдэг боллоо. Дотооддоо хүнсээ үйлдвэрлэдэг болсон гэх мэт сайн талууд олон бий. Гэхдээ санасан шиг хангалттай байгаагүй нь үнэн. Гэтэл нөгөө талд хөдөө аж ахуйн салбарын төсөв жил ирэх тусам нэмэгдсээр ирсэн. Аж ахуйн нэгж, иргэдэд олгож байгаа урамшуулал, татаас, хөнгөлөлттэй зээл гэхэд л тасралтгүй өсөж ирлээ. Тэр хэрээр өсөлт, хангалттай үр дүн байна уу гэвэл харамсалтай нь үгүй.

Чанарыг нь харахад үнэхээр чамлалттай. Гэтэл тэр татааст өгч байгаа мөнгө чинь татвар төлөгчдийн мөнгө урсаж байгаа шүү дээ.

Сая батлагдсан хуулиар ямар аж ахуйг хөдөө аж ахуйнх гэж тооцох вэ гэдэг төрөл, ангиллуудыг тодорхой болгож, хамрагдах аж ахуй нэгж, стандарт шаардлагуудыг тодорхой зааж өгсөн. Тогтвортой хөдөө аж ахуйг хангая гэвэл төрөлжүүлэн хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Мөн чанартай, нэмүү өртөг шингэсэн, бүтээмж өсгөсөн, үр дүн нь тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулбал төрөөс татаас, дэмжлэгүүд олгодог больё гэдгийг хуульд тусгасан байгаа.

-Татаас нэмэгдснээр бол газар тариалангийн салбар хөгжихөөр л болсон. Мал аж ахуйгаас илүү татаас авдаг салбар гэдэг дээ. Үнэхээр татаас, хөнгөлөлттэй зээл үр дүнтэй байж чадсан уу?

-Сүүлийн 4-5 жилд төрөөс олгож байгаа урамшуулал, татаас 4.5 дахин нэмэгдсэн. Жил ирэх бүр төсөв нь томорсоор ирсэн. Мах, сүү, арьс шир, улаанбуудайн тариалалтад жил бүр хэдэн тэрбум төгрөг өгдөг.

Гэтэл бид импортоос хараат хэвээр байна. Өнөөдөр үйлдвэрүүд импортын хуурай сүү, сүү, сүүн бүтээгдэхүүн хүртэл оруулж ирж байна. Монгол үйлдвэрийн савлагаа, шошготой боловч доторх түүхий эд нь 100 хувь дотоодын түүхий эд байдаггүй. Энэ мэт асуудлууд бий. Энэ үйлдвэрүүдийн буруу биш харин салбарын нэгдмэл бодлого байхгүй, олон төсөл, хөтөлбөр, дэмжлэг, урамшуулал нь хоорондоо уялдаагүй, үр дүнгээ хэмждэггүй тогтолцоотой явж ирсний үр дүн.

Энэ бүхэн бид гаднаас хамааралтай, импортоос хараат, дотоодын үйлдвэрлэл, дотоодын түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд оруулдаг салбар болж хөгжиж чадаагүйн шинж юм. Тиймээс Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулиар салбарын ангилал, чиглэлийг тодорхой болгож, зөвхөн уламжлалт мал аж ахуй биш тахиа, гахай, зөгий зэрэг шинэ чиглэлүүдийг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Мөн хүний нөөц, судалгаа, инновацыг салбарын хөгжлийн гол тулгуур болгохоор тусгасан.

Хамгийн чухал асуудал бол үр дүн. Татаас жил бүр нэмэгдэж байгаа хэрнээ салбарын бүтээмж эсрэгээрээ буурсан. Өөрөөр хэлбэл, илүү их мөнгө зарцуулж байгаа ч түүндээ тохирсон хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна.

Бид өнөөдөр зөвхөн тоо ярьдаг. Хэдэн сая малтай вэ, хэдэн тэрбум төгрөгийн зээл олгов гэдэг. Харин тэр мөнгөөр хэдэн төгрөгийн бодит бүтээгдэхүүн үйлдвэрлэв, хэдэн ажлын байр бий болов, импорт хэдээр буурсан бэ гэдгийг хангалттай хэмжиж, үнэлдэггүй. Ингээд жил ирэх тусам төсвийн зарцуулалт өсөж байгаа мөртлөө үйлдвэрлэлийн үр ашиг буурч, харин импорт нэмэгдсээр байна. Энэ бол зөвхөн хөдөө аж ахуйн асуудал биш, хүнсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлын асуудал болсон.

Энд нэг байгууллагыг буруутгах гэсэнгүй. Харин бодлогын яам нь салбарынхаа судалгаа, төлөвлөлт, үр дүнгийн үнэлгээг өөрөө манлайлдаг тогтолцоотой байх ёстой. Гэтэл бодлогын шинэ санаачилга бүрийг өөр түвшнээс эхлүүлж байгаа нь салбарын бодлого сул байсныг харуулж байна. Иймээс цаашид бид асуудлыг хэсэгчлэн биш, бүхэлд нь харж, үр дүнд суурилсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Ямар сайндаа Ерөнхийлөгчөөрөө “Хүнсний хувьсал” санаачилга гаргуулаад дотооддоо 19 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно гээд явж байхав дээ. Бодлогын яам нь ийм төвшинд ажиллана гэдэг харамсалтай. Тиймээс бид үүнийг цогцоор нь хардаг болох шаардлагатай.

-МАЛ, АМЬТАН, УРГАМАЛ, ОРЧИН ГЭЭД БҮГДИЙГ НЬ ТОМ ЗУРГААР ХАРАХ ЁСТОЙ-

-Бид хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, уул уурхайгаас хамааралгүй болно гэж олон жил ярьсан. Хэзээ энэ “мөрөөдөл”-дөө хүрэх бол?

-Хөдөө аж ахуйн салбар бол эдийн засгийн том тулгуур юм. Бид уул уурхайгаас ангид болно гэвэл зөв тогтолцоотой, эдийн засгийн эргэлтэд ордог эко системтэй хөдөө аж ахуйтай болоход энэ малгай хууль маш чухал. Хуульд үйлдвэрлэлийн сүлжээн дэх оролцогчдын эрх үүргийг, ямар төлөвлөлттэй байхыг тусгасан. Ер нь бид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогодоо тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхээр тусгасан. Тэгвэл бид цаашдаа яаж хөгжүүлэх вэ гэдэг нь чухал. Тэр байтугай олон улс “One health” гэдэг засаглалын маш том концепц гаргачихсан байна. Энэ нь мал, амьтан, ургамал, орчин гээд бүгдийг нь цогцоор нь авч үзэх ёстой гэж байгаа. Гэтэл манайх тус тусдаа болохоор хязгаарлагдмал нөөцөө бүгдийг нь өөр, өөр саванд хуваарилах гээд үздэг. Үр дүнд нь Монгол улс цөлжилт, бэлчээрийн талхалт, уур амьсгалын өөрчлөлтөд орсон. Малын эрүүл мэнд хөрс, бэлчээрээс эхэлдэг. Хөрсөө хамгаалахгүй, бэлчээрээ сайжруулахгүй бол малын тэжээл муудна. Харин тэр нь эцэстээ бидний идэж байгаа мах, сүү, хүнсний чанарт шууд нөлөөлнө шүү дээ.

-МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨД МАЛЧИН, ХЭРЭГЛЭГЧ ХОЁУЛАА ЗУТАРЧ БАЙНА-

-Малчдын ашиг орлогыг яаж нэмэгдүүлэх вэ?

-Бид ажлын хэсэг дээрээ хамгийн түрүүнд бодит амьдрал дээр хэрэгжих зүйлсийг ярьсан. Маш өндөр шаардлага тавих биш, хамгийн энгийн эрүүл ахуйн дадлыг хэвшүүлэхээс эхэлье гэж үзсэн. Жишээлбэл, малаа саахдаа ариун цэврээ сахих, үйлдвэрлэлдээ эрүүл ахуйн анхан шатны шаардлага мөрдөх, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарыг баталгаажуулдаг болох зэрэг энгийн боловч хамгийн чухал дадлуудыг нэвтрүүлэхийг зорьж байна. Харин энэ шаардлага, стандартаа мөрдөж, чанартай үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүддээ төр бодит дэмжлэг үзүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, зүгээр мөнгө тараах биш, чанар бий болгож байгаа хүнийг дэмждэг тогтолцоо руу шилжих хэрэгтэй.

Эцсийн зорилго нь маш энгийн. Бид цаашдаа зөвхөн тоо хөөсөн бодлогоос татгалзаж, чанар, бүтээмж, аюулгүй байдлыг үнэлдэг тогтолцоонд шилжих ёстой. Тэгэхээр чанарт суурилсан үнийн тогтолцооны суурийг тавьж өгч байгаа. Аймаг, суманд түүхий эд хүлээж авдаг цэг байгуулах эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Үүнийг хувийн хэвшил байгуулж төр шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Малчдын хувьд хаана түүхий эдээ тушаах вэ гэдэг нь тодорхой болно. Мөн зөвхөн тоо хэмжээгээр нь биш, чанараар нь үнэлдэг тогтолцоог бий болгоно. Эрүүл ахуйн зохистой дадал мөрдсөн, чанартай маллагаа хийсэн, шаардлага хангасан түүхий эд илүү өндөр үнээр үнэлэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, сайн малласан хүн илүү өндөр орлого олдог тогтолцоонд шилжинэ гэсэн үг. Ингэснээр малчид илүү олон малтай болохыг бус, илүү чанартай мал маллахыг зорьдог болно. Энэ бол хуулийн хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг юм.

-Махны үнэ амьжиргаанд нийцэхгүй, өндөр байна гэдгийг иргэд хэлж байгаа. Үнийг тогтвортой барих зохицуулалт тусгасан уу?  

-Яг үнэндээ малчид махаа үнэтэй зараад, орлого нь их болоод байгаа зүйл байхгүй. Бусад бүх барааны үнэ өссөн буюу инфляцаа дагаад өссөн. Малчид өнөөдөр зөвхөн мах, ноолуур хоёрынхоо орлогоор амьдарч байна. Гэтэл өөрөөс нь хамаарахгүйгээр бензин, шатахуун, хүнс, хүүхдийн сургалтын төлбөр, тог цахилгаан хүртэл нэмэгдсэн. Энэ үнийн өсөлт малчдад санхүүгийн дарамт болж очиж байгаа. Махны үнэ нэмэгдсэнээс өмнөх, хойших малчдын амьдрал ямар ч ялгаагүй байгаа шүү. Тэгэхээр махны үнэ нэмэгдсэнд малчдыг буруутгаж болохгүй. Эцсийн дүндээ бид импортоос хамааралтай болчихсон. Бид ийм их хамааралтай, өөрсдөө үнээ тогтоож чаддаггүй, үнээ зохицуулахад төвөгтэй нөхцөл байдалд амьдарч байгаа учир малчин болон хэрэглэгчийн хэнийг нь ч буруутгах аргагүй. Хоёулаа зутарч байна. Энэ бол тогтолцооны гажуудал юм. Төр татвар төлөгчдийн мөнгөөр бодлого гаргахдаа алдаатай, маш үрэлгэн байсан нь өнөөдөрт хүргээд байна. Ер нь олон улсад чанарт суурилсан үнийн тогтолцоо гэж байдаг. Чадамжтай боломжтой нь үнэтэй мах, хүнс авч хэрэглэдэг. Тэр байтугай манайд зарим хүмүүс нь Монголоос хүнсээ авдаггүй гэж яригдах болсон. Жимсээ Солонгосоос онгоцоор авчирч иддэг, Европын орнуудаас хүнсээ тээвэрлэж авчирдаг гээд ярьцгаадаг. Тэгэхээр энэ хүмүүст худалдаалах хүнс нь манайд байхгүй байна. Ер нь үнэхээр чанартай хүнс, бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг, түүхий эдийнх нь гарал үүсэл нь тодорхой байвал өндөр үнээ хэлээд ав, хэрэв боломжгүй бол уламжлалт арга байж л байна. Түүнээс хууль батлагдсанаар бүх зүйлийг зогсоогоод, бүгдийг нь чанартай бол гэж байгаа юм биш. Энгийн зохистой дадлыг хэвшүүлээч ээ гэж байгаа. Тэгвэл төрөөс олгох дэмжлэг, татаас, хөнгөлөлттэй зээл авах боломж нь нээгдэнэ.

-Өртгийн сүлжээ гэж ярьсан. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Өртгийн сүлжээ гэдэг нь малчны хотноос гарсан түүхий эдийг хүлээж авах цэг, агуулах, тээвэрлэлт зэрэг эцсийн үйлдвэрт очих хүртэлх дамжлагыг хөгжүүлж, тодорхой болгох юм. Олон улсад ч гэсэн “Farm to fork value chain” гэх ойлголт байдаг. Ингээд ирэхээр малчид хүртэл урамшаад түүхий эдээ илүү чанартай нийлүүлэх сонирхол бүрдэнэ. Тухайлбал, гаднын компаниуд манайхаас бүтээгдэхүүн авахдаа шаардлагуудаа өгчихдөг. Зарим экспертүүд нь ирж, мөрдөн мөшгөх тогтолцоогоор бүх сүлжээгээр нь явж үздэг. Ингээд асуудалгүй бол худалдан авалт хийдэг. Тэгэхээр бид энэ зах зээлээ тэлэх зохицуулалтыг тусгасан байгаа. Ер нь бизнес эрхлэгчид зах зээл нь нээлттэй бол хүссэн хүсээгүй стандарт нэвтрүүлдэг. Манайд олон улсын магадлан итгэмжлэхээр баталгаажуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг томоохон компаниуд байгаа. Эдгээрийг ISO стандартыг нэвтрүүл гэж хэн ч шахаагүй. Чанартай, стандартад нийцсэн бүтээгдэхүүн авах дотоодын зах зээл, хэрэглэгчид байна. Мөн бүтээгдэхүүнээ экспортод гаргах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд энэ ажлыг хийж байгаа. Үүн шиг зах зээл нь байгаад худалдан авах боломжийг нь нээж өгвөл малчин өөрөө эдийн засгийн эргэлтийн эко системд орох, чадавхжих боломж нь үүснэ.

-Саяхан таны морь унаж яваа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байсан. Ер нь хөдөөтэй, энэ ахуйтай ойр өсөв үү?  

-Би багаасаа морь унадаг, морь унах дуртай байсан. Байгальтайгаа ойр байх ч дуртай. Тиймдээ ч аялал жуулчлалын чиглэлээр суралцаж төгссөн. Оюутан цагаасаа жуулчид авч, хөдөө явдаг байлаа. Мөн манай өвөө хөдөө аж ахуйн салбарт насаараа ажилласан малын эмч хүн байсан. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбартай холбогдохгүй байхын аргагүй.

Бас бизнесийн салбарт ажиллаж байхдаа сүүний үйлдвэрт 2500 малчинтай хамтарч ажилладаг байлаа. Малчны хотонд ямар асуудал тулгардаг, эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн хөгжүүлж, хоршооны схемээр түүхий сүүний гарцыг нэмэгдүүлэх тогтолцоог хүртэл бий болгож ажилласан.  

-Даатгалын тухай хуулийн төсөлд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийг та ахалж байгаа байх аа. Энэ салбар чухал ч хэн ч ойлгож, гардаж ордоггүй салбар санагддаг…

-Даатгалын тогтолцоог бүхлээр авч үзэж, цогцоор нь өөрчлөх цаг болсон уу гэвэл тийм. Жижиг сажиг өөрчлөлт хийж аргацаах биш, харин цогцоор нь шинэчлэх зөв харагдаж байна. Сүүлийн 10 жилд даатгалын гүнзгийрэлт 0.48–0.66 хувийн хооронд хэлбэлзсэн хэвээр буюу олон улсын дундажаас 5-10 дахин бага байгаа нь тогтолцооны бүтцэд асуудал байгааг харуулж байгаа юм.

Төрийн хувьд иргэдийнхээ эрсдэлийг бодитоор хамгаалах найдвартай даатгалын орчинг бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр нийт хураамжийн орлогын 184.1 тэрбум төгрөг гадаадад давхар даатгалын хураамжид шилжиж, дөнгөж 10 хувь нь буцаж ирж байна.

Амьдралын даатгал нийт хураамжийн 0.9 хувийг эзэлж байхад ядуурлын эрсдэлтэй 468 мянган хүн байгаа нь томоохон зөрчил юм. Иймд олон давхаргат даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, дотоодын давхар даатгалын чадавхийг бэхжүүлэх, амьдралын болон урт хугацааны даатгалыг дэмжих хөшүүргийг тодорхойлох, хувийн нэмэлт даатгалтай болох, даатгалын бодлогыг улс төрийн шийдлээс ангид байлгах хэрэгцээ шаардлагууд байна. Манай ажлын хэсэг энэ чиглэлд олон уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, нийгмийн хэрэгцээ шаардлага ямар байна, төрийн бодлого үүнтэй хэр зэрэгцэн алхаж байна, хуулийн орчин хэр нийцэж байгаа дээр үнэлэлт, дүгнэлтээ өгөөд явж байна. Намрын чуулганаар асуудлыг оруулахаар ажиллаж байна.

-20 ЖИЛИЙН ӨМНӨХ АЛДААТАЙ УХРАЛТАА ЭНЭ ПАРЛАМЕНТ ХИЙХГҮЙ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА-

-Сонгуулийн тухай хуулинд 2028 оны сонгуулийг 40 хувийн квотоор явуулна гээд заасан. Гэхдээ сонгууль дөхөх үед энэ асуудал хэрхэх бол гэдэг анхаарал татаж байгаа. Та энэ тал дээр нэгэнт хуулиа баталсан байж ухарч болохгүй гэж нэг ярилцлагадаа хатуу онцолсныг уншсан юм байна?

-2023 онд Сонгуулийн тухай хуулийг батлахдаа 2024 оны сонгуулийг 30 хувь, 2028 оныг 40 хувийн хүйсийн квоттой явуулна гэж хар дээр цагаанаар бичсэн. Хуулиа баталсан бол хэрэгжүүлдэг байх ёстой. 2005 онд баталсан Сонгуулийн хуулиа 2007 онд өөрчилж, квотын 30 хувийг унагаж байсан гашуун түүх УИХ-д бий. Гэхдээ 20 жилийн өмнөх алдаатай ухралтаа энэ парламент хийхгүй гэдэгт итгэж байна. Ард түмэн хэрсүү болсон. Эрх ашигт хөтлөгдөж, хуулийг гууль болгодог олон зүйлийг хүмүүс дургуйцэн анзаарч байгаа. Жагсаалтын хэд л муухай байна, эмэгтэй гишүүд хэцүү байна гэж бодлогоор багагүй явуулсныг хүмүүс санаж байгаа байх. Тэгвэл өнөөдөр жагсаалтын тэр хэд эрх ашиг хөтлөгдөхгүй, бодлогын асуудлуудыг хөндөж, эмэгтэй гишүүд хамгийн хариуцлагатайгаар ажлаа хийж байгааг хүмүүс анзаарах болсон. Квот бол эмэгтэйчүүдийн гээгүй хүйсийн гэж байгааг анзаарах хэрэгтэй болов уу. Эргээд эрчүүдэд ч тулгарах асуудал болж магадгүй учраас бид хөгжлийн төлөө төлөөлөл, оролцоогоо хангаад явах нь зүйтэй.

-Та гадаадад суралцаж төгссөн гишүүдийн нэг. Хаана ямар мэргэжлээр төгссөн талаараа, хүний нутагт сурч байхдаа юуг нь онцолж анхаарч, нутагтаа авчрана даа гэж боддог байсан талаараа сонирхуулахгүй юу?

-Би Их Британид нийт тав орчим жил сурч амьдарч байлаа. Лондон хотын Вэст Лондон Коллежид аялалын зуучийн удирдлагаар суралцаж, дараа нь Их Британи дахь Америкийн олон улсын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Мөн Их Британийн Засгийн газрын Office of Fair Trading агентлагт ажиллаж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх чиглэлээр ажилласан нь миний хувьд маш том амьдралын сургууль болсон.

Эргээд бодоход миний хамгийн том олж авсан зүйл диплом гэхээсээ илүүтэй хөгжсөн орныг хөгжүүлдэг үнэт зүйлсийг өдөр бүр нүдээрээ харж, өөрөө тэр тогтолцооны нэг хэсэг болж үзсэн явдал байжээ.

Надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол англичуудын сахилга бат, хариуцлага, хууль дээдлэх соёл байсан. Хууль нь зөвхөн ном дээр байдаггүй, хүн бүрийн өдөр тутмын амьдралын хэв маяг болчихсон байдаг. Иргэн нь эрхээ мэддэг хэр нь үүргээ ч ухамсарладаг. Харин төр нь эрх мэдлээ хэрэгжүүлэхээс илүүтэй иргэддээ чанартай үйлчилгээ үзүүлэхийг өөрийн үндсэн үүргээ гэж ойлгодог. Нийгмийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй байлгах дээр төр, засаг нь анхаардаг санагдсан. Энэ соёл л аливаа улс орны хөгжлийн хамгийн бат бөх суурь юм байна гэдгийг тэндээс ойлгосон.

Мөн Лондон шиг дэлхийн олон үндэстэн, олон соёлын уулзвар болсон хотод амьдрахдаа нэг чухал зүйлийг мэдэрсэн. Улс орны өрсөлдөх чадвар зөвхөн байгалийн баялаг эсвэл мөнгөнөөс шалтгаалдаггүй. Харин боловсролтой хүн, хүчирхэг институц, шударга өрсөлдөөн, шударга дүрэм, хүн хоорондын итгэлцэл дээр тогтдог юм байна гэж. Тэр үед би “Эх орон минь ийм түвшинд хөгжөөсэй, буцаж очоод ийм тогтолцоог бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах юм сан” гэж их боддог байлаа. Өнөөдөр УИХ-ын гишүүний хувьд ажиллахдаа ч тэр өдрүүдээ санаж, зарчмаа болгон ажиллаж байна. Аль болох нэг удаагийн асуудал шийдэхээс илүү, олон жил ажиллах тогтолцоог бий болгох, чанар, хариуцлага, ил тод байдлыг хуулиар бэхжүүлэхийг хичээж байна. Хүн хэсэг хугацаанд нутгаасаа холдож, гаднаас харах хугацаанд “Бид юуг өөрчлөх хэрэгтэй, бас юугаа хадгалж үлдэх ёстой вэ” гэдгээ илүү тодорхой мэдэрдэг. Монгол Улс маань асар их боломжтой. Харин тэр боломжийг бодит хөгжил болгох түлхүүр нь зөв, шударга тогтолцоо, зөв бодлого, хариуцлагатай манлайлал гэдэгт би итгэдэг.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.