Төрийн өмчит компаниуд татвар төлөгчдийн мөнгийг хэдэн тэрбум, их наядаар нь үрэн таран хийдэг асуудал дуусахгүй нь. Улаанбаатарчуудын утаагаар “бизнес” хийж ирсэн хэмээн хууль хяналтын байгууллагад цоллуулж ханадаггүй “Тавантолгой түлш” ХХК аудитын шалгалтад айхтар бүдэрчээ.

Зөвхөн өр зээлийнх нь мэдээллээс дурдахад сүүлийн 6-7 жилийн хугацаанд ганцхан “Эрдэнэс Тавантолгой” компаниас 1.7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр шилжүүлж авсан ч буцаан төлөөгүй. Түүнийхээ хэдэн зуун тэрбум төгрөгийг нь зориулалтын бусаар зарцуулсан нь илэрч Сангийн яам, АТГ-д дуудагдаад буй аж.

Тус үйл явдлыг эхнээс нь хөвөрдвөл, “Эрдэнэс Тавантолгой” компани “Тавантолгой түлш” ХХК-тай 2018 оноос хойш эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийн 20 гэрээ байгуулж, компанийн үндсэн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтад 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ. “Тавантолгой түлш” ХХК хөрөнгө оруулалтыг 2021-2025 оны хооронд эргүүлэн төлөх байсан ч 7 гэрээний хугацааг 1-2 удаа сунгаж, гэрээний эргэн төлөлт огт хийгээгүй нь аудитын шалгалтаар илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийг төлөөгүй нь компанийн мөнгөн урсгалын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх, санхүүгийн төлөвлөлт болон төлбөрийн чадварыг алдагдуулах, цаашдын хөрөнгө оруулалт татах болон дотоод, гадаад санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх боломжийг хязгаарлах зэрэг олон эрсдлийг бий болгож байна гэж үзжээ.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас байгуулагдсан ажлын хэсгүүд “Тавантолгой түлш” ХХК-д олгосон 2018-2022 оны санхүүжилтэд хяналт шалгалт хийж маш олон ноцтой зөрчлийг илрүүлжээ. Тухайлбал, 2018-2022 онд хөрөнгө оруулалтад санхүүжүүлсэн 286.8 тэрбум төгрөгөөс 110.6 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, гэрээний дагуу Баяжуулах үйлдвэрийн барилга байгууламж, түүний бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх зорилгоор олгосон эхний санхүүжилт болох 34.6 тэрбум төгрөгийг гэрээнд заасан зориулалтын дагуу бус компанийн үндсэн үйл ажиллагаа болон түүхий эд, өмнөх оны өр төлбөрт шилжүүлэн зарцуулсан гэх мэт зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Дээрх зөрчлийг шалгуулахаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас Сангийн яам, АТГ-т хандсан ч шийдэгдэхгүй байгаа аж.  

Мөн 2023-2025 оны хооронд олгосон санхүүжилтийг “Тавантолгой түлш” ХХК гэрээний дагуу зарцуулсан эсэхэд хяналт шалгалт хийгээгүй байна. Тиймээс  “Тавантолгой түлш” ХХК-д олгосон санхүүжилт гэрээний дагуу зарцуулагдсан, үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон эсэхэд тогтмол хяналт тавьж, илэрсэн зөрчлийг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг аудитын байгууллагаас анхааруулжээ.

УИХ, Засгийн газрын  2025 оны 18 дугаар тогтоолоор “Тавантолгой түлш” ХХК-ийн хуримтлагдсан өр төлбөрийг шийдвэрлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д үүрэг болгосон ч ахиц дэвшил тааруу, хэрэгжээгүй байна гэж аудитын байгууллага дүгнэсэн байна.

Үргэлжлэл бий...