“Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн  санаачилгаар зохион байгуулж буй “Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдааны талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.  

Хэвлэлийн бага хуралд “Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Нэргүй, Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин Ц.Үенч, Монгол Улсын гавьяат жүжигчин, урлаг судлалын ухааны доктор, профессор Ц.Чулуунцэцэг, Монгол Улсын гавьяат багш, СУИС-ийн хүндэт профессор, хормейстер Я.Алтансувд нар оролцов.

“Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн гүйцэтгэх захирал, дуучин С.Нэргүй “Аливаа үндэстний үүсч хөгжсөн түүхийн нэгэн хэсэг нь түүний соёл бөгөөд  энэ соёлын салшгүй хэсэг нь ардын урлаг юм. Гэхдээ бид ардын урлагаа өвлүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх тал дээр төдийлөн далайцтай ажиллаж чадаж байгаа юу гэдэг асуулт гардаг. Ардын гэсэн тодотголтой бүхэнд мартагдахын аюул байдаг тул ардын урлагт бие сэтгэлээ өгч зүтгэж буй уран бүтээлчид санаа нэгдэн ардын богино дууг судлах, сэргээх, хөгжүүлэх, ирээдүйг зөв тодорхойлох ажлыг хүүхэд багачуудаасаа эхлэхээр энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа” гэв.

Тэрбээр мөн ардын богино дууны өсвөрийн дуулаачдыг дэмжсэн уралдаан тэмцээн сүүлийн 40 гаруй жилд нэг ч зохиогдоогүй, хүүхдүүдийн дунд зохион байгуулж буй урлагийн арга хэмжээнд ардын богино дуу орхигдож ирсэн, ардын урлагийн энэ төрлийг дэмжих бодлого тааруухан байдагт шүүмжлэлтэй ханддагаа ч илэрхийлсэн.

“Бид өвлөн дуулна” уралдааныг хүүхэд багачуудыг өвөг дээдэс, ард түмний дундаас уламжлагдаж ирсэн өв соёл, ардын урлагаа залгамжлуулах, дээдлэн хүндлэх, түгээн дэлгэрүүлэх, мартагдсан дууг сэргээн өвлүүлэх, ирээдүйн авьяаслаг дуучдыг тодруулах зорилгоор зохион байгуулж буй юм.

Уралдааныг гоцлол болон хамтлаг гэсэн төрлөөр гурван үе шаттай явуулах бөгөөд гоцлол төрөлд   хүүхдүүд  6-9 нас, 10-13 нас 14-17 насны ангиллаар өрсөлдөхдөө удирдамжид заасан заавал дуулах дуунаас нэг, өөрийн сонголтоор нэг нийт хоёр ардын дууг хоолойн цар хүрээндээ тохируулан дуулна. Хамтлаг төрлийг V-VIII анги, IX-XII анги гэсэн ангиллаар гурван үе шаттай явуулж ардын дууны нэрт мастер, дуучид, судлаач, багш нараас бүрдсэн мэргэжлийн баг шүүх юм байна.

Уралдаанд оролцогчдыг цахимаар бүртгээд эхэлсэн. Бүртгүүлсэн оролцогч эхний шатанд дуулсан бичлэгээ илгээж өрсөлдөх бөгөөд шалгарсан тохиолдолд дараагийн шат танхимын шалгаруулалтад оролцох эрх авна. Танхимын шалгаруулалтаас тодорсон хүүхдүүдийг финалын шатанд өрсөлдүүлж шилдгүүдийг төрөл болон насны ангилал бүрт тодруулахын зэрэгцээ хүүхдүүдээ бэлтгэж оролцуулсан шилдэг багш нарыг ч шалгаруулна гэдгийг зохион байгуулагчид танилцууллаа.

“Бид өвлөн дуулна” уралдаанд оролцогч хүүхдүүд удирдамжид зааснаар

1.Нутаг усны тухай дуу: “Зуун лангийн жороо луус”, “Өөрийн нутаг”, “Найгал гол”, “Торгууд нутаг”, “Нарсан мод”, “Баян сүм”, “Намрын хонгор салхи”, “Өдтэй бичиг”,

2.Аав ээжийн тухай дуу: “Эхийн ач”, “Сайхан хангайн буга”, “Ай Нанаа”, “Шар хад”, “Дэлхийн нар”, “Эхийн ач”, “Талд унасан жавар”, “Гандий мод”,

3. Морины тухай дуу: “Хар морь”, “Бүүжидмаа”, “Буурал морь”, “Алаг морь”, “Могой хээр”, “Санхьюу гөлөм”, “Гунан хар”, “Хүүхэн Нанаа” дуунуудаас сонгох бөгөөд  өөрийн сонголтоор дуулах дуунд орон нутгаас оролцож буй хүүхдүүд нутгийн ардын болон мартагдсан дууг сонговол давуу тал болно гэдгийг хэлж байлаа.

Хэвлэлийн бага хурлын үеэр ардын урлагийн нэртэй төлөөлөгч болсон дуучид, судлаач багш нар ардын богино дууны талаар сонирхолтой мэдээллүүдийг өгсөн. Тэд монголчууд бидэнд эртнээс нааш өвлөгдөж ирсэн гайхамшигт өв, нүүдэлчдийн ахуй соёл, сэтгэлгээний онцлогийг бүрэн харуулдаг ардын богино дууны талаар ярихдаа дуулах урлагаар дамжуулж биет бус өв, хэл соёлоо хадгалж үлдэхийн тулд хүүхдүүдэд монгол ардын дууг зааж сургах, тэдэнд танин мэдүүлэх зайлшгүй шаардлагатайг онцолж байв.

Ардын богино дуу эрт үеэс ардын аман зохиолын хэлбэрээр хөгжиж, богино хэмжээний аялгуутай дуулагдаж ирсэн. Зохиогч нь үл мэдэгдэх бөгөөд үндэстэн ястан, нутаг усныхаа онцлогийг тусгасан үг, аялгуугаараа ялгагдана. Халх, буриад, үзэмчин, баяд, халимаг, хотгойд, дарьганга, цахар ардын дуунаас гадна хүрээ дуу гэж бий. Хүрээ дуу нь 1900-1930-аад онд түгээмэл тархсан, ихэвчлэн шанздаж дуулдаг бөгөөд ард түмний дунд “Янжуур тамхи”, “Хөх торгон цамц”, “Ганган хул”, “Жийжүү хот”, “Хэенхуар”, “Зуун лангийн жороо луус” зэрэг олон дуу дуулагддаг.

Баруун Монголын уулархаг нутагтай ард түмний дуу богинохон, түргэн айзамтай бол тал хээрийн бүсийн зон олны дуу нь аялгуу уужим тавиу байдаг онцлогтой.

Ардын богино дууг төрийн ёслолын, эцэг эх, ачлал энэрлийн, хайр сэтгэлийн, нутаг усны, хүлэг морины, эр зоригийн, наадам зугааны, гуниг харууслын хэмээн ялгаж иржээ. Ард түмний дунд ардын богино дууг агуулгын хувьд шог дуу, хохир дуу, гэгүүр дуу, шалиг дуу, завхай дуу, шагшуур дуу, ахрын дуу, араг саврын дуу, шавшай дуу, хүрээ дуу, савсага дуу, ёдор дуу, бага дуу гэх мэтээр маш олон янзаар ангилан нэрлэж байжээ. Үг нь онч мэргэн, утга агуулга гүнзгий, яруу тод хэллэгтэй байдаг ардын богино дууны хөг аялгуу  нь огцом, нугалаа цөөнтэй, дуулахад хялбар тул нийтлэг дуулагддаг байна. Гэхдээ Төрийн ёслол болон өрх гэрийн найр наадам, хурим цэнгүүн дээр богино дуу дуулдаггүй. Зарим цөөн тохиолдолд найр наадмыг өндөрлүүлж богино дуулдаг бөгөөд баяр цэнгэл, хайр энэрэл, аргамаг сайн хүлэг, ажил үйлсийн тухай дуулна. Тухайлбал, “Тохой зандан мод”, “Алаг эрээн нум”, “Саатай тоорцог”, “Хотгойдын унага” гэх мэт.