Монгол төрийн дундаж давхаргыг дэмжих хамгийн бодитой бодлого бол ипотекийн зээл. Нэг талаас иргэд орон сууцанд тохилог амьдрахаас гадна нөгөө талд утааг бууруулж яндан цөөлөх гээд олон талын ач холбогдолтой. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ зээл байртай болох залуусын, орлого багатай иргэдийн холын мөрөөдөл болоод удав. 5-10 жил хөдөлмөрлөж байрны урьдчилгаа цуглуулсан иргэд банкуудад хүсэлт өгөөд 2-3 жил хүлээдэг болсон.
Хэрэв танил тал, дарга цэргээр нь яриулахгүй л бол оочер дугаараа ойртуулахын тулд 5-10 сая төгрөгийн хахууль өгдөг бичигдээгүй “хууль” банкны салбарт үйлчлээд удлаа. Эдийн засагчдаар дамжиж “эздэд” очдог уу гэлтэй эл үйлдэл нэгэнт ил цагаандаа гарсан. Сүүлдээ арилжааны банкныхан нууж хааж, санаа чилээхээ ч больсон.

УИХ-ын дарга Н.Учрал нэг сарын дотор ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн мэдээллийг ил болгох чиглэлийг Монголбанкинд өгсөн. Үүний дараагаас ипотекийн зээлтэй холбоотой хулгай, хуйвалдаан, хууль бус үйлдлүүдийг илчилсэн Их хурлын гишүүд, энгийн иргэд олон боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ипотекийн зээлээр таваас дээш орон сууц авч давуу эрх эдэлсэн 12 мянган иргэн бий” гэсэн мэдээллийг дэлгэсэн нь олны анхаарлыг татаж, ард түмнийг бухимдууллаа. Араас нь шахалт, шаардлага ч хөвөрч байна. Энэ сургаар Монголын банкууд сандарч дээрх мэдээллийг үгүйсгэж эхэллээ. Эндээс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа Их хурлын гишүүн худлаа ярьсан уу, эсвэл банкны салбарынхан иргэдийн боломжийг хулгайлж хуйвалдсан уу гэдгийг тодорхой болгох ёстой. Үүнийг нэг талд нь гаргахын тулд нийтийн сонсгол хийхэд л болно. Ер нь банкны салбарынхан гарч ирээд "тийм боломжгүй" гээд хэлээд болчихдог юм биш. Мухарлах хэрэгтэй.
Ингэхдээ ипотекийн зээлтэй холбоотой бүх эрх мэдэл албан тушаалтан, арилжааны банкны эзэд, эдийн засагчид, судлаач, шинжээчдийн суулгаж байгаад нийтийн, нээлттэй сонсгол хийж өнгөрсөн хугацаанд зарцуулсан 10 гаруй их наядын зарцуулалтыг ил болгоё.
Энэ олон жилийн хугацаанд ипотекийн зээлийн ард үнэхээр ашиг хонжоо, хээл хахууль явж ирсэн бол тэд бусдын боломжийг хулгайлаад зогсохгүй утааг бууруулж яндан цөөлөхийн эсрэг ажилласан давхар хариуцлага хүлээх учиртай.
Нийтийн сонсголд хамгийн эхэнд Төвбанк, Төрийн банкнаас гадна МИК, НОСК дуудагдах нь лав. Мэдээж Хаан, Худалдаа хөгжил, Хас, Голомт гээд арилжааны банкны эзэд, эдийн засагчидтайгаа араас нь жагсана.
Магадгүй үүний ард бидний төсөөлөөгүй асар том аалзны тор, авлигын сүлжээ ч байж магадгүй.
Нийтийн сонсголын хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтан нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангана гэж заасан. Мөн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд тавих хяналт зохицуулалттай. Түүнчлэн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглодог.
Тиймээс үнэхээр шударга ёсны төлөө ажиллаж байгаа УИХ-ын гишүүд ипотекийн зээлээр нийтийн сонсгол хийх саналыг гаргаж болно. Эсвэл Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай иргэн, хуулийн этгээдээс өргөдөл гомдол, хүсэлт гаргах боломжтой. Сонсгол зохион байгуулахтай холбогдон гарах аливаа зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж хуульд заасан.
Тэгвэл ипотекийн зээл хэнээр дамждаг вэ.
Мэдээж монголын ипотекийн корпораци буюу МИК гол эзэн нь. Энэ байгууллага арилжааны банкуудын олгосон зээлийг үнэт цаасжуулдаг гэж хариуцлагыг өөрсдөөсөө холдуулдаг. Харин төв банк болохоор манайх мөнгийг нь өгдөг болохоос бусдыг мэдэхгүй гэж мэлздэг. Энэ логикоор бол асуудлын бүр үүр уурхай нь арилжааны банкууд байж болохоор. Гэвч банкууд иргэний зээлийг шийдвэрлэсний дараа санхүүжилт авах хүсэлт, холбогдох баримтаа Монголбанкинд хүргүүлдэг учраас төвбанк, МИК, арилжааны банкууд бүгд холбоо хамаарал, гинжин хэлхээтэй. Тиймээс банкны салбарт олон жил бугшсан идээ бээрийг шахахын тулд нийтийн сонсголыг нээлттэй явуулахаас өөр замгүй.

















