Монголын анхны мультимедиа агентлаг Mongoliapress.mn сайт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтыг урьж ярилцлаа. Монгол Улсын мөнгөний бодлого, эдийн засгийг тэлэх онцгой албыг хүлээж аваад хэвлэлд анх удаа дэлгэрэнгүй ярьж буй нь энэ.  

-Та Засгийн газарт хариуцлагатай албан тушаалуудыг хашиж ирсэн. Одоо харин мөнгөний бодлого удирдах онцгой үүргийг хүлээх боллоо. Төрд ажилласан таны туршлага, арга барил ямар давуу тал болох бол?  

-Миний хувьд төрийн бодлого тодорхойлох түвшинд хариуцлагатай албан тушаалууд хашиж ирсэн нь макро эдийн засаг, мөнгөний бодлогыг тодорхойлох төрийн институциудын уялдаа холбоог сайжруулах, асуудлуудаа бүхэлд том зургаар ойлголцох боломжийг олгож байна. Түүнчлэн Төв банкийг удирдах болсон нь төсвийн бодлого болон эдийн засгийн бодит секторт ажилласан туршлагаа мөнгөний бодлогыг үр дүнтэй тодорхойлоход ашиглах давуу тал болж байна гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр төв банкны шийдвэр гаргах түвшинд улс төр болон бизнесийн нөлөөллөөс ангид байж, бие даасан байдлыг хангахад бодитоор давуу тал болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

- Төв банкны бие даасан байдал, инфляц, мөнгөний бодлого, валютын нөөц гэх мэт ойлголтууд нь жирийн иргэдэд онолын төдий хол хөндий санагддаг байж магадгүй юм. Гэтэл  иргэдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлдгийг дашрамд тайлбарлаж өгнө үү?

-Төв банкны бие даасан, хараат бус байдлыг дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрдөг нийтлэг ойлголт. Маш энгийнээр тайлбарлавал, Төв банкны бие даасан байдал алдагдвал иргэдийн худалдан авах чадвар буюу цалин, тэтгэврийн үнэ цэн унаж амьдралын чанар мууддаг гэсэн үг. Тиймээс төв банкны бие даасан хараат бус байдлыг улам бэхжүүлэх шаардлагатай байдаг юм.

Бидэнд сургамж болсон Төв банкнаас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт хөтөлбөрүүд,  дээр нь улсын төсвийн хэт тэлсэн шийдвэрүүд нь өнөөдрийг хүртэлх инфляцыг тогтмол 10-аас дээш хувьтай байлгасан үнийн хөөрөгдлийн суурь шалтгаан болж байна. Энэ нь төгрөгийн үнэ цэн инфляцад идэгдэж, иргэдийн худалдан авах чадварыг дордуулж байна гэсэн үг.  

Тийм учраас  төв банкны зорилго бол бие даасан, хараат бус олон нийтийн итгэл хүлээсэн, орчин үеийн чиг хандлагыг хурдацтай нэвтрүүлж чаддаг байхын төлөө ажиллах ёстой юм.

-Тэгвэл эрх зүйн хувьд үүнийг бэхжүүлэхийн тулд та ажлаа юунаас эхэлсэн бэ?  

-Судлаачдын дүгнэлтээр Монголбанкны бие даасан, хараат бус байдлын үнэлгээ 60 хувьтай буюу  “хангалтгүй” түвшинд гэж гарсан байдаг. Энэ нь үндсэн гурван шалтгаантай.

Нэгдүгээрт, төв банкны хуульд үндсэн зорилт тодорхой бус, хоёрдмол утгатай байж ирсэн. Тодруулбал, 1996 оноос өмнөх түүхэн уламжлал болон богино хугацааны үр дүн хардаг шийдвэр нь Төв банкийг ханш барих ёстой эсвэл инфляцтай тэмцэх ёстой гэсэн зөрчилтэй үүргийг хүлээлгэж ирсэн. Энэ нь мөнгөний бодлогыг уян хатан хэрэгжүүлэх боломжийг алдагдуулдаг. Ханш бол зах зээлийн нөлөөгөөр хөдөлж байдаг, хүчээр хатуу баривал сөрөг үр дагаврууд үүсдэг.

Хоёрдугаарт, төсвийн бодлого мөнгөний бодлоготой уялдаагүй, сонгуулийн мөчлөг дагаж хэт тэлдэг нь макро тогтворгүй байдлыг нэмэгдүүлсээр байна. Төсвийн хэт тэлэлт нь Төв банкны мөнгөний бодлогын орон зайг хумьж, хувийн хэвшлийнхний санхүүжилтийн боломжийг бууруулж байдаг.

Гуравдугаарт, Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн, төсвийн тэлэлтийг сөрсөн мөнгөний бодлогын зардал ихээр нэмэгдсэнээс болоод хуримтлагдсан алдагдал нь нэмэгдэж өөрийн хөрөнгийн дутагдал ихээр үүсэж, санхүүгийн хувьд хараат бус байх боломж нь хязгаарлагдмал болсон. Үүнийг засаж, цаашдаа ийм асуудал дахин үүсгэхгүй байх эрх зүйн нарийвчилсан зохицуулалт өнөөдөр хангалтгүй байна.

Товчхондоо, эрх зүйн шинэчлэлт хийх шаардлага үүсээд байгаа нь энэ юм. Иймд юуны түрүүнд үндсэн зорилтоо дэлхийн жишгийн дагуу үнийн тогтвортой байдал руу хандуулах, төсвийн шинжтэй элдэв хөтөлбөр хэрэгжүүлэхийг бүрэн хориглох, төсөв мөнгөний уялдааг бодитой бий болгох зэрэг суурь асуудлуудыг Төв банкны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулаад байна.

-Тэгвэл банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд ямар шинэчлэлд зорьж байна вэ? Ялангуяа, иргэд олон нийт гадаадын банк оруулж ирэхийг хүсэх болсон байна.

-Монголын санхүүгийн зах зээлд банкны салбар дангаараа 90 орчим хувьтай давамгайлж байгаа нь засаглалын найдвартай байдлыг хангах шаардлагыг үүсгэдэг. Үүний цаана харилцагчдын эрх ашиг бий гэдгийг бид бодолцох ёстой. Үүний тулд банкуудын эзэмшлийн төвлөрлийг задлах зорилгоор нэг хувьцаа эзэмшигч 20-иос дээш хувийг эзэмшихгүй байх тухай 2024 онд Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй, шүүмжлэл дагуулсаар байна. Тиймээс банкны салбарыг либералчлах, хувь эзэмшлийг  илүү нээлттэй болгоход анхаарч байна. Банкны салбарт бодитой хөрөнгө оруулалт хийгдэх, гадаадын банк орж ирэх боломжийг нэмэгдүүлэх өөрчлөлтийг Банкны хуульд оруулахаар ажиллаж байна. Тодруулбал, хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигчдэд боломжит хугацаа өгөх, хувьцаа эзэмшлийн төвлөрлийн шаардлагад Компанийн тухай хуульд нийцсэн өөрчлөлт оруулах, олон улсын хөгжлийн агентлагуудыг хэд хэдэн банканд хувьцаа эзэмшигч болохыг зөвшөөрөх, стратегийн болон бусад хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр тодорхой зохицуулалтыг хуульд оруулах шаардлага үүсээд байгаа юм.

-Гадны банк орж ирснээр зээлийн хүү буурна гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Ийм боломж бүрдэх үү?

-Зээлийн хүү нь хэн нэгний шийдвэрээр бус, харин үнийн тогтвортой байдал бий болж, инфляц нам дор түвшинд хүрсэн үед аяндаа бууж зах зээлийнхээ зарчмаар зохицуулагддаг зүйл. Зээлийн хүүгийн хэмжээ тогтох гол хүчин зүйл нь инфляц учраас Төв банк мөнгөний бодлогоороо дамжуулан инфляцыг бууруулж тогтвортой хадгалж чадвал хүү буурах үндсэн нөхцөл бүрдэнэ.

Үүнээс гадна зах зээл дээр хямд өртөгтэй урт хугацаатай эх үүсвэр болон эрүүл капитал, гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх нь чухал байна. Гадаадын банк орж ирснээр хүү яг хэдэн хувиар буурахыг урьдчилж хэлэх боломжгүй ч, өрсөлдөөн бий болж, хямд эрүүл эх үүсвэр нэмэгдсэнээр хүү буурах нь ойлгомжтой. Энэ нь эргээд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, бүх салбарын хөрөнгө оруулалтыг тэтгэж эдийн засгийн суурийг бэхжүүлэх болно.

Нөгөөтээгүүр бид хуримтлал муутай, дандаа өр тавьж импортын хэрэглээгээ хангаж ирсэн. Жил бүр олж байгаа орлогоосоо хоёр тэрбум орчим ам.долларыг давуулж зарцуулж байна. Айлаар яривал орлогоосоо давуулж өр тавиад байгаа хэрэг. Энэ байдал удаан үргэлжилбэл урт хугацаандаа өр тавих орон зайгүй болох эрсдэлтэй учраас бид ядаж л өр тавихгүй амьдардаг байх, хэрэглээгээ орлоготойгоо уялдуулах зайлшгүй шаардлагатай юм.

-Дашрамд сонирхоход гадаадын банкны оролцоо, гадаад эх үүсвэр татах асуудлыг Монголбанк ямар зарчмаар харж байна вэ?

-Гадаадын банк оруулж ирэх тухай ярихад жижиглэнгийн зах зээлийн хамгаалалт, дотоодын банкнуудын өрсөлдөөн гээд олон болгоомжлол, аргумент гардаг нь нууц биш. Бид эдгээрийг мэдээж бүгдийг нь тооцож үзэх ёстой.

Гэхдээ нэг зүйлийг бодох учиртай. Өнөөдөр дэлхий дээр Хойд Солонгос, Монгол хоёр л банкны салбартаа гадны оролцоогүй шахуу гэдэг шүүмжлэл бас их байдаг биз дээ. Монгол бол уг нь нээлттэй зах зээлтэй, ардчилсан орон шүү дээ.

Салбарыг либералчилна гэдэг нь гаднаас юу ч оруулахгүй, үүд хаалгаа таг хаана гэсэн үг биш эсрэгээрээ хаалгаа нээж чөлөөлөх тухай яриа юм.

Товчхондоо, банкны секторын либералчлал гэдэг нь ерөөсөө л хөрөнгө оруулалтыг нээлттэй байлгах, эрүүл өрсөлдөөнийг дэмжих замаар салбараа зах зээлийн зарчим руу нь шилжүүлэх тухай юм.

Бидний баримталж буй гол зарчим бол улс орны эдийн засгийн бүтцийг сайжруулж тогтвортой өсгөхөд түлхэц болохуйц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх өртөг багатай, урт хугацаатай, эрүүл капитал оруулж ирэх, бизнесүүдийг тэтгэх чиглэлийн гадаадын банкуудыг зах зээлд дэмжих явдал.  

-Төв банк мөнгөний бодлогын хүүгээ чангаруулсан. Гэтэл зарим хүмүүс эдийн засаг “хатлаа” мөнгөний бодлогоо сулруул гэсэн шүүмжлэлийг их хэлдэг шүү дээ?

- Төв банк бүхнийг дангаараа удирддаг юм биш. Төв банкны хийж чаддаг цөөхөн арга хэрэгслүүдийн нэг нь мөнгөний бодлогын хүүгийн зохицуулалт. Он гарснаас хойш бид  бодлогын хүүгээ таны хэлсэнчлэн чангалж, өсгөөгүй. Харин макро зохистой бодлогын арга хэмжээний хүрээнд зээлийн өр орлогын харьцааг чангатгасан. Үүний зорилго, шалтгаан нь хэрэглээний зээлийн өсөлтийг саармагжуулж бизнесийн зээл рүү чиглүүлэх, хэрэглээний импортын өсөлтийн хурдыг сааруулахад чиглэсэн шийдвэр юм. Улсын гадаад валютын нөөц нэмэгдэж үр дүн гарч байна.

-Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэл нэмэгдэж буй үед Монголын санхүү, төлбөрийн системд ямар эрсдэлүүдийг  илүү анхаарч байна вэ. Үүнд төв банк ямар бэлтгэлтэй ажиллаж байна вэ?

-Дэлхийн эдийн засгийн савлагаа болон геополитикийн эрсдэл нь бүх улс, бүх иргэнд шууд нөлөөлж байна. Үүний улмаас нефть бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, зарим тохиолдолд нийлүүлэлтийн доголдол үүсэх хандлага ажиглагдаж байна.  

Улмаар гадаад зах зах зээлээс ам.доллароор худалдан авдаг бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй импортын төлбөр нэмэгдэж, гадаад валютын урсгалд нэмэлт ачаалал үүсгэхээр байна. Мөн олон улсын зах зээл дээрх хүүний түвшний савлагаа, бондын үнэлгээний өөрчлөлтөөс хамааран Засгийн газар, банк санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийн гадаад өрийн хэмжээ, эрсдэлд өөрчлөлт орох гадаад нөхцөл бүрдэж байна. Иймд Төв банкнаас улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалахад бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Төв банк гадаад төлбөр тооцоог саадгүй хэвийн үргэлжлүүлж, стратегийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасрахгүй байх боломжийг хангаж ажиллана. Харин ийм нөхцөлд иргэд, аж ахуйн нэгж болон төр засгийн бүх түвшинд шаардлагагүй импортын хэрэглээгээ танах, үр ашиггүй хөрөнгө оруулалтаас зайлсхийх нь чухал юм.  

Түүнчлэн Монголбанк дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэлээс үүсэж болзошгүй төлбөрийн тэнцлийн  дарамтыг урьдчилан тооцож, боломжит хувилбаруудыг боловсруулан ажиллаж байна. Мөн энэ бүхний хариу арга хэмжээний үр дүнд төлбөр тооцооны томоохон доголдол үүсэх эрсдэл харьцангуй хязгаарлагдсан гэж үзэж байна.

Ер нь дэлхий даяар эдийн засаг эмзэг байгаа эгзэгтэй үед төр засгаас ч, төв банк нь ч яарч огцом шийдвэр гаргах нь үр дүнтэй биш гэдгийг олон улсын санхүүгийн байгууллагууд зөвлөж байна.

Геополитикийн нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа тул улс орнууд хүлээцтэй, болгоомжилсон байр сууринаас бодлогын шийдвэртэй хандаж байна. Иймд нөхцөл байдлыг бодитоор үнэлэн, үе шаттайгаар арга хэмжээ авах нь зүйтэй юм.

-Ипотекийн санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх асуудал идэвхтэй яригдаж байна. Энэ хөтөлбөрийг цаашид илүү тогтвортой, хүртээмжтэй болгох ямар хувилбаруудыг судалж байна вэ?

- Дэлхийн жишгээр бол  ипотекийн зээл нь үнэт цаасаар  баталгаажиж, хоёрдогч зах зээл дээр эргэлтэд ордог, хөрөнгө оруулагчдад өгөөжтэй бүтээгдэхүүн болж хөгжсөн байдаг.  Манай улсад хэрэгжүүлж буй  6-8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр нь зах зээлийн бус шинжтэй, хөрөнгө оруулалт татах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Анхнаасаа мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар хэрэгжүүлж эхэлсэн энэ хөтөлбөр  зах зээлийн зарчимд үе шаттай шилжих ёстой байсан ч энэ ажил хийгдээгүй, хэрэгжээгүй. Өнөөдөр 47 мянга гаруй иргэд энэ хөтөлбөрт хамрагдах гээд дугаарлаж байгаа нь ийм байдлаар цааш явах боломжгүйг харуулж байгаа юм.

Иймд цаашид энэ татаастай хөтөлбөрийг маш тодорхой зорилтод бүлэг рүү чиглүүлж, нийт зах зээлд уян хатан, хэрэглэгчдэд олон сонголттой тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай юм. Энэ ажлыг эхлүүлэх хүрээнд бид ипотекийн зээлийн журмыг шинэчлэх төслийг боловсруулж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас санал авч байгаа. Статистик үзүүлэлтүүдийг харвал арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр жилийн 12 хувийн хүүтэй зээл нэлээд хэмжээгээр гарсан байна. Энэ нь юу хэлж байна вэ гэхээр иргэдэд зөвхөн нэг төрлийн хөнгөлөлттэй зээл биш, өөр өөр нөхцөлтэй бүтээгдэхүүн хэрэгтэй байна гэдгийг харуулж байгаа ч нөгөө талдаа банкуудад тодорхой хүндрэл, эрсдэлийг үүсгэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл шуурхай авах хэрэгцээ байгаа бол зургаан хувиас гадна арай өндөр буюу  8, 10, 12 хувийн хүүтэй авах сонголтыг бий болгох хэрэгтэй.

Ингэж зах зээлийн зарчимд нийцүүлсэн байдлаар хэрэгжүүлэх ажлыг заавал банк биш Засгийн газрын дэмжлэгээр аль нэг байгууллага хариуцаж болно. Харин 6 хувийн хүүтэй зээл бол нийгмийн тодорхой чиглэлийн бодлого байх ёстой. Тэр утгаараа Үндэсний баялгийн сангийн хуримтлалд тулгуурлаад, илүү зорилтот бүлэгт, жишээлбэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн айл өрхүүдэд чиглүүлэхэд л төрийн оролцоо өндөр байж болно. Харин хүү нь өндөрсөөд ирэх тусам төрийн оролцоо багасаж, зах зээлийн зарчмаараа явбал илүү зөв.

-Та сүүлийн үед Боаогийн форум, ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад Монголын төлөөлөгчдийг ахалж оролцсон. Мөн Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд Казахстаны төв банктай уулзлаа. Эдгээрээс Монголд хэрэгжүүлж болох ямар бодлогын сургамж, боломжууд тодорсон бэ?

-Тиймээ, ач холбогдол өндөртэй хэдэн гадаад томилолтод оролцож, бодит үр дүнтэй уулзалтууд, яриа хэлцлүүд хийлээ. Боаогийн эдийн засгийн форумын үеэр БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч Монголбанкыг анх удаа албан ёсоор хүлээн авч уулзсан. Бид Пан Гуншень Ерөнхийлөгчтэй хоёр орны төв банкны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд санхүүгийн дэд бүтцээр дамжуулж дэмжлэг үзүүлэх асуудлыг ярилцсан. Ялангуяа, своп хэлцлийг үр ашигтай ашиглах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлбөр тооцоог хөнгөвчлөх зэрэг бодит асуудлуудыг шийдвэрлэх ажлуудыг эхлүүлэхээр боллоо.

Ер нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн суурь Ази руу шилжиж байгаа энэ үед хөрш орнуудтайгаа илүү ойр, бодит хамтын ажиллагаа өрнүүлэх нь хамгийн зөв чиглэл гэдэг дээр санал нэгдэж байна.

Мөн Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банкны хаврын уулзалтад оролцож, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, улс орнуудын тулгамдсан асуудал, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ. Монгол Улсын хувьд өнөөгийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа ч цаашдын эрсдэлээ тооцож явуулж байгаа мөнгөний бодлого зөв гэж үнэлэгдсэн. Түүнчлэн Төв банкан дээр хийгдэж буй реформ, хууль эрхзүйн шинэчлэлийг танилцуулж бодлогын дэмжлэг авснаас гадна олон улсын хөгжлийн агентлагууд техник туслалцаа үзүүлэхээ илэрхийлж тодорхой ажлууд эхлээд явж байна.

Мөн Казахстан улсад хийсэн айлчлалын үеэр төв банктай нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээгдсэн. Хоёр орны худалдааг нэмэгдүүлж, цаашид 500 сая ам.долларт хүргэх зорилтыг дэмжиж төлбөр тооцоо болон бусад хамтын ажиллагаа улам хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэхээр болж байна.

Ерөнхийдөө бүс нутаг болон олон улсын түвшинд эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Төв банкны оролцоо, итгэлцэл улам чухал болж байгааг энэ удаагийн уулзалтууд тодорхой харууллаа.