“Mongoliapress” агентлаг барилгын салбарын булан, тохой бүрд Баянзүрхийн МАН-ын гишүүд үүрлэсэн, энэ нь УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай холбоотой талаар хөндөн бичсэн. Тэгвэл энэ удаад барилгын салбар тэр дундаа Барилга хөгжлийн төвд Баянзүрх дүүргийнхний томилгооны төв болсон талаар онцлон хүргэж байна.

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ бол барилгын салбарын бодлого, хяналт, судалгаа, стандартыг хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллага. Харин Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Э.Бат-Амгалан томилогдсноос хойш тус төвийн удирдлагууд мөн л түүний БЭТ-үүдээр дүүрлээ.

Тэрээр Барилга хөгжлийн төвийн удирдах албан тушаалд томилогдсон Ж.Батболд, Б.Булганхүү, Б.Одхүү, Б.Ариунболд нарыг томилжээ. Баянзүрх дүүрэгтэй холбоотой хүмүүс олноороо томилогдож, байгууллага бүхэлдээ нэг хүрээллийн хүмүүсээр дүүрээд буй нь энэ.

Тухайлбал, Барилгын хөгжлийн төвийн Хот төлөвлөлт, бүс нутаг, суурьшлын хөгжлийн газрын дарга Ж.Батболд нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч.

Сургалт, судалгаа, инновацын хэлтсийн даргаар ажиллаж буй Б.Булганхүү мөн л ИТХ-ын төлөөлөгч. Түүний хувьд өмнө нь БЗД-ийн 16 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан. Засаг даргын ажлаа хүлээж авмагцаа өрх толгойлсон эмэгтэйг ажлаас нь халж, бусад хүмүүсийг ч ажлаа өг гэж шахаж байсан талаар хэвлэлүүд бичиж байв. Энэ байдал өнөөдөр ч үргэлжилж, Барилгын хөгжлийн төвд олон арван жил ажилласан хүмүүсийг ажлаа өгөхийн шаардаж суугаа гэх.

Барилгын хөгжлийн төвийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдсон Б.Ариунболд өмнө нь Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Түүнчлэн тус дүүрэгтэй холбогддог О.Одхүүг Барилгын хөгжлийн төвийн Санхүү, эдийн засаг, аж ахуйн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчоор томилжээ. Э.Бат-Амгалангийн цэрэг, Баянзүрх дүүргээс улбаатай байх гэсэн шалгуур л энэ томилгоонуудад үйлчилж байна. 100 жилийн түүхтэй энэ байгууллагын удирдлагуудыг ийм ядмагхан шалгуураар сонгож байгаа нь эмгэнэлтэй.