Цэрэгт яваагүй, зэвсэг мөрлөөгүй л бол баярлах эрхгүй гэх хүний эрхийн мэдрэмжгүй хошигнол, маазралтай зэрэгцээд жил бүрийн энэ өдөр цэргийн алба хаагаагүй эр хүн бүрийн цээжинд хөндүүр бодол төрдөг. Эмэгтэйчүүдээс голдуу цухалздаг энэ санаа хэдийгээр тэдний чин сэтгэл биш ч гэлээ эр цэргийн батлахгүй л бол эр хүн биш шүү гэх тухгүй мэдрэмж төрүүлдэг нь лав. Эр цэргийн алба хаамаар байвч эрүүл мэндийн шалтгаан, ар гэрийн ахуй байдал гээд хүсэвч хясдаг нь хүний л амьдрал. Тиймээс 365 хоногт ганцхан тохиодог 3 сарын 18-ны өдрөөр эрчүүдээ алагчлахгүйгээр эрхийг нь эдлүүлье. Мартаар битүүнээс эхлээд 3-4 хоног баярладаг эмэгтэйчүүд маань эрчүүдээ цэрэгт явсан үгүйгээр нь ангилж дугаарлах муухай. Найман настай балчираас наян настай буурал хүртэл энэ өдөр бахархаж, омогшиж баярын сэтгэл тээж явах нь юу нь буруу байх билээ. Тэд цэргийн мөрдэсгүй ч эх орон дуудсан цагт эрслэн зогсоход хэзээд бэлэн байх нь лав шүү дээ.
Энэ өдөр баярын мэндчилгээ дэвшүүлж байгаа дарга нар ч гэсэн формын хувцастай эрчүүдийг онцолж тодотгохоос илүү дэлхийн хаана ч нэртэй, мөртэй яваа Монгол эрчүүдээрээ бахархаж болохгүй гэж үү.
Үнэндээ монгол эрчүүдэд маань нийтээрээ баярлачих өөр өдөр бараг үгүй. Аавуудын баяр гэж бий. Гэхдээ хүн бүр аав биш. Эр хүн бүр эцэг болохгүй байх нь ч бий. Харин Монгол эр хүн гэдэг ондоошил, омогшлыг нь өөрсдөд нь үлдээе. Тиймээс цэрэгт явж, зэвсэг мөрлөөгүй ч цээжиндээ эх орноо тээдэг эр хүн бүр баярлах эрхтэй.
Эрчүүдийг баярлуул гээд бэлэг өг гээд байгаа юм биш. Формын хувцсаар чамирхаж, ангилахаас илүү Монгол эр хүн бүр энэ өдөр баярын сэтгэл дүүрэн бахархаж өнгөрөөх мэдрэмжийг нь бүтэн олгочих л гээд байгаа хэрэг. Мөрдэсгүй ч гэсэн Монгол эр хүн болж төрсөн их хувь заяа нь тэдэнд баярлах эрх олгосон.
Эх дэлхийд хүмүүн төрлийг олж, эр хүн болж төрнө гэдэг ямар их хувь тохиол билээ. Энэ бол хариуцлага, тэсвэр, зориг, үнэ цэнийн тухай ойлголт. Гэвч бид ихэнхдээ “эр хүн” гэдэг нэрийн цаана зөвхөн ачаа үүрэх ёстой мэт ойлгож, баярлах, сэтгэлээ илэрхийлэх эрхийг нь орхигдуулдаг.
Эр хүн инээж болно. Эр хүн баярлаж болно. Эр хүн бахархаж, өөрийгөө үнэлж чаддаг байх ёстой.
Товчхондоо, Монгол цэргийн өдөр бол Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагт хотыг чөлөөлснөөр Монгол Улсын орчин цагийн зэвсэгт хүчин дайчин түүхээ бичиж эхэлсэн билээ.
















