Манай улс дэлхийд бэлчээрийн талбайгаараа эхний 11-д багтдаг бэлчээрийн мал аж ахуйн орон. Тиймдээ ч улс орны нийгэм, эдийн засгийн тулгуур, тулгын чулуу нь хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуй билээ.

Нэг зүйлийг анзаармаар байгаа нь бэлчээр гэхээр бид зөвхөн малчдын л асуудал гэж бодож магадгүй. Харин бэлчээр бол 3.2 сая монгол хүний ам руугаа хийж байгаа хоол хүнсний эрүүл аюулгүй байдалтай холбоотой. Нөгөө талд уудам тал нутагтаа мал аж ахуйгаа эрхэлж буй 290 мянган малчин өрхийн амьжиргаа, амьдралын баталгаа юм. Тэр бүү хэл таван хошуу мал тэднийг тааваар нь адгуулж буй хөдөөний хөх малчид нэг цөм болж хэдэн мянган жилийн түүхтэй нүүдэлчин монголчуудын өв соёл, ололт ондоошлыг агуулж буй уламжлал юм. Гэвч энэ бүх үнэ цэнээ хором мөч алдахгүйгээр ойлгож ухаарч сэхээрэхгүй аваас эрүүл хүнс, эрхэмлэх өв соёл минь устах аюул ойрхон байна.

МОНГОЛ УЛС БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТЛОО ҮНЭЛЭХГҮЙ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХӨСӨР ХАЯАД 14 ЖИЛ БОЛЛОО

Бид өнөөдөр хаана вэ, гэж өнгөц төдий ухаж харвал малын бэлчээр доройтож малчдын амьжиргаа уруудсаар буйг эрдэм чадлаараа урдаа барьдаг эрдэмтэн судлаачид олон жилийн турш хэлж анхааруулсаар ирлээ. Тэдний нэг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн, Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш, Экосистемын судалгааны төвийн эрхлэгч, доктор, профессор Ж.Ундармаа “Манай орны бэлчээр гандуу бүсэд оршдог буюу гадны нөлөөлөлд туйлын эмзэг. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, малын бэлчээрлэлт, хүний үйл ажиллагаатай холбоотой бусад олон хүчин зүйлсээс шалтгаалан бэлчээр нөлөөнд өртөөд буй. Эдгээрээс хамгийн том нөлөөлөгч хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт болон малын бэлчээрлэлт юм. Мал аж ахуйн бүтээмж буурч байгаа нь хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй мал аж ахуйн тууштай хөгжлийг хязгаарлахын дээр мал бэлчээхээс өөрөөр ашиглах боломжгүй уудам нутгийг эзэнтэй байлгаж ирсэн уламжлалт аж ахуй, соёлын өв устах аюулыг дагуулж байна. Бэлчээрийг зохистой ашиглах нь уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд өртөмтгий байдлыг бууруулах хамгийн чухал арга замуудын нэг юм. Зуны бэлчээрийг улирлын онцлогт тохируулан богино хугацаанд ашиглаж, ургамлын нөхөн сэргэх боломжийг хангах, Бүс нутгийн онцлогт тохирсон сэлгээт бэлчээр ашиглалтыг төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Хамгийн сүүлийн үеийн судалгаа харвал, нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь бэлчээр байснаас 66.4 хувь болж өөрчлөгдсөн. Нийт бэлчээрийн 22.6 хувь буюу дөрөвний нэг орчим хувь доройтсон. Нийт доройтсон бэлчээрийг 100 хувь гэвэл 35.8 хувь нь бага зэрэг, 46.9 хувь нь дунд зэрэг, 15.6 хувь нь хүчтэй доройтсон гэдгийг дурьджээ. Гэвч харамсалтай нь энэ бол 2011 он буюу одоогоос 14 жилийн өмнөх судалгаа. Бас тийм ч сайн үзүүлэлт биш. Тодруулбал, Монгол Улс 2011 оноос бэлчээрийн нөхцөл байдлын төлөвөө үнэлэхээ больсон. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан газрын доройтол, цөлжилт улам эрчимжиж буй энэ цаг үед бүхэл бүтэн 14 жилийн өмнөх энэ нөхцөл байдал өнөөдөр улам дордохоос биш дээрдээгүй нь лав.

Монгол Улс 2011 оноос хойш бэлчээрийн нөхцөл байдлаа үнэлэхээ больж,  газар дээр нь хянан баталгаа хийх ажил зогссон. Хамгийн сүүлд хоёр удаа хянан баталгаа хийсний нэг нь 2006-2010 он бол нөгөө нь 2000-2005 оных юм. Хянан баталгааг хийхдээ сум бүрд улсын төсвийн мөнгөөр мэргэжлийн багууд очиж бэлчээрийн төлөв байдал, ашиглалт, хөрсний элэгдэл, эвдрэлийг тодорхойлдог байсан. Энэ ажил бүрэн зогссон гэсэн үг.

Харин төрийн бодлого хүрэлцэхгүй хэсэгт олон улсын байгууллага, иргэний нийгмийнхэн ажилладаг жишгээр  Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгийн бэлчээрийн төлөв байдлыг зайнаас тандан судлах буюу сансраас авсан зургаар  мониторингийн аргаар үнэлж байна. Гэвч бодитой дүн мэдээ гарахгүй гэдгийг АДАПТ төслийн зөвлөх доктор, профессор Ж.Ундармаа хэллээ. Тэрбээр “Хамгийн их хүн ам төвлөрсөн бүсэд буюу уулын ойт хээрийн бүслүүр, хээрийн бүсэд бэлчээр их доройтсон. 10 жилийн дотор бэлчээр нэлэнхүйдээ шарилж зонхилсон буюу малын махан тарга авахуулдаг ургамлууд туйлын цөөрсөн. Ийм бэлчээр нь цаашдаа бороотой жилд зөвхөн лууль л ургахаас өөр ургамал ургахад тун хэцүү болдог. Хамгийн сүүлийн шатандаа мал төдийлөн иддэггүй ургамал зонхилж ургадаг. Тиймээс л бэлчээр доройтно гэдэг нь асар их сөрөг үр дагавартай юм. Доройтсон бэлчээр эхний удаа идэхэд сэргэж ургах боловч анхны хэмжээндээ хараахан хүрэхгүй. Эргэж анхны хэмжээндээ хүрэхийн тулд уулын ойт хээрийн бүсэд бол хамгийн наад тал нь нэг сар, хээрийн бүсэд нэг сар хагасын хугацаа хэрэгтэй. Гэтэл нэг дор маш их хэмжээний мал төвлөрчихсөн учраас ургамалд эргэн төлжих нэг сарын хугацаа өгөх боломжгүй байгаа юм. Тэгвэл тухайн ургамлыг хоёр дахь удаагаа мал идэхэд үндэсний систем нь богиносоод эхэлдэг. Учир нь үндэсний тэжээгч нь газрын дээрх иш навч юм. Тэжээгч нь байхгүй болонгуут зогсонги болж, хөрснөөс ус, эрдэс тэжээлийн бодис шингээж авах үүрэг бүхий үндэс нь үзүүрээсээ мөхөж, богиносно. Тэгээд өөрт байгаа бодисоо иш навчийг ургуулахад зарцуулдаг. Ийм нөхцөл байдалд уур амьсгалын өөрчлөлт хам нөлөө үзүүлж эхэлнэ” гэж тайлбарлалаа.

Монгол Улс агаарын температурын жилийн дунджийн дулаарлаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Тодруулбал, дэлхийн дундаж 1.5 бол манайх 2.4 градус дулаарч байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр энэ нь 30 градусаас дээш халуун өдрийн тоо нэмэгдэх, намар орой болтол дулаан байх, хөрсний чийг алдагдах, хавар эрт дулаарах, ургамалгүй байх үед хөрсний өнгөн хэсэг гэсэх зэрэг маш олон сөрөг үр дагавартай буюу уур амьсгал халангуут хөрсний өнгөн хэсэг хатах нөлөөтэй.

Маш энгийнээр тайлбарлавал, үндэс нь гандаж ургамал хатаж, шарлаж, дахин сэргэж ургах боломжоо алддаг. Сүүлийн жилүүдэд үерийн аюул их болоод буй. Энэ аюулын бас нэг цаад шалтгаан нь тухай үер болж байгаа газрын эргэн тойрны уулын бэлчээр муудсантай холбоотой. Өөрөөр хэлбэл хөрс нь усаа шингээж чадахгүй болсны улмаас хөрсний гадаргуу дээгүүр урсац үүсгээд үер болоод байгаа юм.

Доктор Ж.Ундармаагийн судалгаа, танилцуулгаас

Мөн геопотаникч Н.Лхагважавын судалгаагаар манай оронд маш өргөн тархсан байгаль хялгана гэх ургамлыг нэг зуны туршид долоон удаа идэхэд тэр ургамал мөхөж байна гэсэн дүгнэлт гарчээ. Иймэрхүү байдлаар байдлаар мал сайн иддэг ургамлууд мөхөж, нүцгэн халцгай газар бий болж тэр орон зайд мал тоохгүй бэлчээрийн хог ургамлууд зонхилно. Бэлчээр доройтохын хэрээр ургамлын тэжээлийн шимт чанар буурч, мал махан тарга авахаа больж, өөхөн тарга авдаг. Ингээд намар тийшээ мал нүцгэн шахуу хавирга дээрээ өөх хуримтлуулна гэсэн үг. Үүний нэг жишээ нь сүүлийн 30 гаруй жилийн дотор бог малын гулуузны жин 14 хувиар буурсан гэсэн дундаж мэдээ бий.  Мөн олон зүйлийн ургамал идэж байсан мал цөөн зүйлийн ургамал идэж эхлэхээр эрдэс бодисоор дутагддаг. Үүнээс улбаалж орон нутгийн шинж чанартай, индэмик өвчнүүд ихэсдэг. Ховор байсан төлийн булчин цайрах өвчин сүүлийн үед ихсэж буй. Энэ мэтээр мах идэж уураг авдаг байсан бол дан өөх идэхээр хүний биед сөрөг нөлөө үзүүлж, муу холестерол хуримтлагдаж, судас хатуурч, таргалж, цусны даралт ихсэж, зүрх судасны өвчин үүсэх зэргээр хүний эрүүл мэндэд давхар сөргөөр нөлөөлж байна. Нөгөө талд шарилж лууль ихсэхээр малчид, хот суурин газрын хүмүүс төрөл бүрийн харшилтай болдог. Эцсийн үр дүнд мал төдийгүй өвсөн тэжээлтэн амьтад тэжээлийн хомстолд орж, мал хорогдоно. Ингээд малчны амьжиргаанд сөргөөр нөлөөлнө. Ийм тойрог дунд л эргэлдэнэ гэсэн үг.

Тэгвэл цаашид яах вэ.....

Бэлчээр хамгаалах шийдэл: МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ХУУЛЬ

АДАПТ төслийн хүрээнд Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгийн малчдаас хаврын аль үед нь бэлчээрээ ашиглах вэ, зусландаа гарахад бэлчээрээ чөлөөлөх үү, үгүй юу, бэлчээр сайжруулах аргаа мэдэж байна уу, бэлчээр ашиглалтыг хэн зохицуулах вэ гэдэг талаар асуухад Дорнодынхон 25 орчим хувь нь л бэлчээр зохистой ашиглах талаар мэдэж байжээ. Улмаар 5000 гаруй жилийн бэлчээрийн мал аж ахуйн туршлагатай, Төв Азийн маш хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон малтай, ургамалтай монголчууд бэлчээрээ зохистой ашиглахаа мэдэхгүй байгаа нь малчдын залуу халааг бэлтгээгүйтэй холбоотой. Үүнээс илүү аюул нь бэлчээрийн зохистой ашиглалтыг зохицуулах удирдлага мэргэжилтнүүдийн мэдлэг малчдаасаа ч муу буюу малчид 25 хувь, мэргэжилтнүүд 18 хувь байсныг эрдэмтэд хөндөж буй юм.

АДАПТ  төслийн ХАА, МАА-н асуудал хариуцсан техникийн мэргэжилтэн П.Ганхуяг “Бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн чиглэлээр бодлогын шинэчлэл нэлээдгүй хийгдэж байна. Ер нь бол нийт бэлчээрийн 70 хувь ямар нэг хэмжээгээр доройтсон. Агаарын дундаж хэм 1940 оноос хойш 2.4 градусаар дулаарсан. Бэлчээрийг ашиглах, хамгаалах малчдын уламжлалт арга зарим талаар алдагдсан буюу нүүдлийн тоо буурсан. Шинээр бууц өвөлжөө тэлэхгүй байна. Харин Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын хуульд зааснаар малчид дөрвөн улирлын турш гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхээр болж байна. Шинээр боловсруулж байгаа бэлчээрийн гэрээ журамд сум бүрд дунджаар бэлчээрийн 60 мониторингийн цэг бий болгох зохицуулалт хийхээр ярьж байна. Мөн Нэмүү өртгийн албан татварын хуульд малчдын бэлтгэж буй хоршоогоор дамжуулж үндэсний үйлдвэрүүдэд борлуулж буй түүхий эд бүтээгдэхүүнд НӨАТ оногдуулахгүй. Дунджаар нэг сум жилдээ 700-100 тонн мах борлуулдаг гэж үзвэл хамгийн багадаа 7-10 тэрбум төгрөгийн борлуулалтыг зөвхөн махны зах зээлд оруулж байна гэсэн үг. Үүнийг суманд байгаа малчдын хоршоогоор дамжуулан хийдэг болбол хоршоод дунджаар 350-700 сая төгрөгийн ашигтай ажиллаж бизнесээ тэлэх боломжтой” гэлээ.

Мэргэжилтэн П.Ганхуягийн хийсэн тооцоолол
Ийн нийтлэлийн эхэнд дурдсанчлан бэлчээрийн доройтлоос үүсэж буй олон сөрөг үр дагаврыг төрийн бодлогоос эхлээд малчны хот хүртэл хэрэгжүүлэх үр дүнтэй шийдэл бол Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль юм.

Эл хуулиар бэлчээр сэлгэх, хамгаалах бүхий л харилцааг зохицуулж эргээд малчдыг хариуцлагажуулахаас гадна малчин, мал, бэлчээрийн харилцан шүтэлцээнд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж, нийтлэг эрх ашгийг хамгаалах, байгалийн нөөц, бэлчээрийг даацад нь тохируулан зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын чанар, ашиг шимийг сайжруулах замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх юм.

Хууль батлагдаж хэрэгжиж эхлээд сум орон нутагт журмын төсөл нь боловсруулагдаж буй Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын хуулийн онцлох заалтаас дурдвал, тухайн сумын нутаг дэвсгэр дэх зэргэлдээ малчин өрхүүд бэлчээрийг зохистой ашиглаж, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, малчин өрхийн анхдагч холбоог үүсгэн байгуулж болно. Анхдагч холбоо нь газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 10-аас доошгүй малчин өрхийн гишүүнчлэлтэй байна.Холбоо гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын чанар, ашиг шимийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, хөрсний үржил шимийг сайжруулах ажлыг зохион байгуулна. Мөн гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг даацад нь нийцүүлэн улирлын хуваарьтай ашиглах, сэлгэх, өнжөөх, бэлчээрийн төлөв байдал, голлох зүйл ургамлын эзлэх хувийг гэрээ байгуулах үеийн тогтоосон суурь түвшнээс бууруулахгүй байх бөгөөд гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт таримал ургамал тарихыг хориглоно. Харин холбооны ахлагчид урамшуулал олгож болох бөгөөд урамшууллын хэмжээг бүх гишүүдийн хурлаас тогтооно гэж заасан.

Гэтэл энэ чухал хуулийн хэрэгжилт орон нутагт төдийлөн сайн биш байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 20-нд АДАПТ төсөл ХХААХҮЯ зэрэг байгууллагууд 21 аймаг, сумдын холбогдох албаныхныг оролцуулж Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээр ашиглуулах гэрээ байгуулах журам, гэрээний загварын төсөлд санал авах цахим хэлэлцүүлгийг хийхэд Монгол орны өнцөг булан бүрээс 100 хол давсан хүн оролцсон ч төдийлөн ажил хэрэгч санал санаачилга гаргасангүй. Учир нь орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүд  журмын төсөлтэйгаа танилцаагүйн дээр ихэнх нь бэлчээр сэлгэлтэд малчдыг хэрхэн хариуцлагажуулах, хоёр аймаг сум дамжин холбоо байгуулж болох эсэх талаар лавлаж байлаа. Тиймээс бэлчээрийн доройтол, даацыг бууруулахад чухал нөлөөтэй дээрх хуулийн хэрэгжилтийг хангахад ихээхэн анхаарах шаардлагатай юм. Ингэж хуулийг сурталчилж ач холбогдлыг нь таниулж байж үр өгөөжөө өгөх учиртай.

Бэлчээрийг хамгаалж, нөхөн сэргээх бас нэг үр дүнтэй шийдэл нь АДАПТ төслийн зүгээс зорилтот 4 аймагт (Ховд, Завхан, Сүхбаатар, Дорнод) уур амьсгалын эрсдэлд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээ юм. Тухайлбал, 3220 га талбайд бэлчээрийн менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба нэмэлтээр 15,806 га бэлчээр сэлгэлт хийж малчидтай хамтран малын хөлийн бууцад хошуу будаа тариалж байна. Үүний нэг жишээ нь Завхан аймгийн ЗДТГ-тай хамтран 90 га хадлан тэжээлийн нөөц талбай байгуулах ажлыг зохион байгуулжээ. Ингэхдээ Цэцэн-Уул сум-20 га, Их-Уул сум-40 га, Тосонцэнгэл сум-25 га, Алдархаан сум-2 га байна. Мөн 2024-2025 онд  Цэцэн-Уул сумын хэмжээнд элсний нүүдлээс хамгаалах зурвас ой нийт 6 цэгт байгуулж, Цагаанчулуут сумын Арц багийн нутагт бэлчээр сэлгэх ажлууд амжилттай хэрэгжиж байна. Энэ талаар "Хадлан тэжээлийн нөөц газар маань маш сайхан боллоо. Цаашид хадлангаа сайн бэлтгэж, арчилгаа хамгаалалтыг хариуцлагатай хийж бүлгийн зохион байгуулалтад орж ажиллана. Хувь хүн, малчин бид өөрсдөө санхүүгээ гаргаад ийм хашаа барих боломжгүй. Энэ бол үнэхээр хэрэгтэй, ашиг тусаа өгөх сайхан ажил боллоо." хэмээн Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Ж.Эрдэнэбилэг сэтгэгдлээ хуваалцсан бол "Содовын булаг орж хашигдсан нь чийгээ хадгалах, өвс ургамал сайн ургах, малын талхлалтаас хамгаалах боломж бүрдсэнд баяртай байна" хэмээн мөн багийн малчин Г.Батбаяр хэлснийг тус төслөөс мэдээлж байв.

Ховд аймгийн Чандмань сумын тахилт багийн нутагт татам хэсгийг ойжуулах ажлыг 10га талбайд  2023 оны 6 сард АДАПТ төслийн хүрээнд гүйцэтгэлээ. Орон нутгийн хамтын санхүүжилт, иргэдийн оролцоотойгоор тус талбайд  6800 ширхэг улиас болон бургасыг тарьсан бөгөөд өнөөдөр модны ургац 100 хувьтай байна.  Нутгийн иргэд татмын ойжуулалтын усалгаа, арчилгааг гүйцэтгэхийн хамт, модны мөр хооронд ургасан өвсийг хадаж авах байдлаар үр дүнтэй ашиглалт, хамгаалалтыг хийж буй жишээ олон бий.

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр МУ-ын Засгийн Газар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд “УАӨ-ийн сурвалжлагчдын корпус”-ын гишүүдийн дунд зохион байгуулагдсан “Бэлчээрийн тогтвортой менежмент, сайн туршлагыг хэрэгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож буй монгол малчид” сэдэвт бүтээлийн уралдаанд зориулан бэлтгэв.