Дэмчогийн хийдэд болох Эдийн бумбаны их тахилгыг зохион байгуулагч Д.Номудалайтай ярилцлаа.  


-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дэмчогийн хийдэд анх удаа бумбаны их тахилга хийх гэж байна. Бусад бумбаны тахилгаас ямар ялгаатай вэ?


-Гонгор бурхны бумба гэдэг нь эд баялгийг тогтоодог. Мөн манай энэ газар нутаг Монгол Улсынхаа төсөвт жин дардаг. Тиймээс энд ажиллаж амьдарч байгаа ард түмэн минь буянаа хурааж, хурсан буян нь тогтоод, тогтсон буян нь зөв зохистой шингээсэй гэж бодсоны үндсэн дээр энэ ажлыг зохион байгуулж байгаа. Орон нутгийн засаг даргын тамгын газар мөн дэмжиж байгаад баяртай байна. Зөвхөн бумбаны тахилга гэлтгүй манай Галбын говьд хамгийн сайхан зун болж байна. Тэгэхээр үзэж харж, аялж жуулчлах, амрах, буян номоор сэтгэлээ баясгах олон талын ач холбогдолтой үйл явдал болно гэж харж байна.


-Бумба тахих нь нарийн дэг жаягтай байдаг гэдэг. Тэгэхээр тэр нарийн дэг жаягийг мэддэг, тэр хэмжээний эрдэм мэдлэгтэй багш, лам нар ирэх болов уу?


-Хурал хурах лам нар нь голдуу хутагтын жод лүйжингийн дамжлагатай лам нар байна. Түүнчлэн олноо тойн багш хэмээн хүндлэгддэг багш маань олон сайхан шавь нартайгаа заларч буй. Миний багш бол тойн багш гэж хүндлэгддэг, Монголын ихэнх лам нарын жодын, жоч лам нарын багш юм. Энэ жил багш маань ирж байгаа нь их учир жанцантай. Өмнөговь аймгийн Ханбогд сумын хойно байдаг Сүм суварга хайрхныг өнгөрсөн жил багшийг залж тахисан. Ингэхдээ багш маань Дэмчогийн хийд дээр лүйжин уншъя гээд ганцаараа лүйжин хурсан юм. Харин тэнд хурсан олон хүн “тантай хамт олон хандмаа ном уншлаа” гэж багшид айлдсан байсан.

Ер нь энэ лүйжингийн гол бурхан нь эмэгтэй бурхад буюу дагинас байдаг. Дэмчог бурхны Юм бурхан мөн эмэгтэй бурхан. Тиймээс багш маань ханд, дагинас нь бурхан шүтээнээ орхиогүй газар байна гэж хэлсэн.


1937 онд орос цэргүүд Дэмчогийн хийдийг шатааж, бурхан шүтээнийг нь сүйтгэсэн. Хэдийгээр хийдийг сүйтгэсэн ч сахиул шүтээн нь орхиогүй газар байна гэж багш маань айлдсан юм. Тиймээс ч гурван хийдийнхээ адистат газраар очъё гэдгийг багш маань надад хэлсэн. Бас манай энэ говь нутагт бумбаны тахилга дэлгэр болж байсан удаагүй. Иймд олон сайхан лам хуврагууд ирж байгаа дээр нутаг орондоо бумбаны тахилга хийе гэж бодсон юм.


-Жод лүйжингийн дамжлагатай лам нар ирнэ гэлээ.  Энэ нь ямар учиртай юм бол?


-Лүйжингийн гол ядам буюу шүтээн бурхан нь Дэмчог бурхны хажид бурхан билээ. Ноён хутагт маань энд лүйжинг дэлгэрүүлж байсан. Жод гэдэг нь тастах гэсэн утгатай. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр бид бүхний зовлонгийн гол үндсийг амин хувиа хичээх буюу аминчхан үзэл гэж үздэг. Орчин цагт бид эготой гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ аминчхан үзлийг тастах арга ухаан, бясалгалын технологи энэ лүйжингийн увдис номонд байдаг. Лүйжин тавьдаг хүнийг жоч гэдэг. Мөн жодын ном гэж байгаа юм. Лүй гэдэг нь бие, жин гэдэг нь өглөг гээд биеийн өглөг гэж байгаа. Тэгэхээр өөрийнхөө биеийг тахил болгоод, рашаан болгоод, эрдэнэ болгож бясалгалын төвшинд боддог. Хамаг амьтныг өөрийнхөө биеэр дайлж цайлж, тахидаг номын увдис юм. Бид ер нь биедээ их хайртай. Энэ аминчхан үзлийг “бие үгүйг оносон билэг билгүүнээр тастана” гэж байгаа юм.


-Бумбын тахилгыг хэзээ зохион байгуулах вэ?


-Гонгор бурхны бумбын тахилгыг есдүгээр сарын 6-наас 7-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байна.


-Буян хурааж, буянаа зөв зохистой шингээх тухай ярилаа. Ер нь буян гэж юуг хэлэх вэ?


-Буян гэдэг амар амгалан, аз жаргалын үндэс гэдэг. Буянтай хүний бие амгалан, билгүүнтэй хүний сэтгэл амгалан гэдэг.

Буян хураах нь зөв сайн явдал мөр, ариун сэтгэл, авралын үндэс болдог. Тэгэхээр эхлээд буянаа хураах юм байна. Хураасан буянаа зөв зохистой шингээх юм байна.

Нэг гар утас авлаа гэхэд маргааш нь хаячихдаг, нэг унаа авлаа гэхэд эвдрээд салдаггүй, мөнгөтэй боллоо гэхэд мөрийтэй тоглоом, архи, тамхинд үрж өөрийгөө хорлоод байгаа нь буруу шингээж буй явдал юм. Тэгэхээр зөв зохистой мөнгө хурааж, зөв зохистой байснаар буян нь шингэнэ. Энэ бол зөвхөн эд баялагтай болох тухай ойлголт биш. Үүний цаана маш том логик, философи явж байгаа. Ер нь бурхны шашны зан үйлийн цаана бурхан багшийн ёс суртахуун, бясалгал, билэг ухаан бий. Нарийн, үнэт зүйлс болсон хутагтын дөрвөн үнэн, хоосон чанар, үйлийн үрийн ойлголт гэсэн том ойлголтуудтай зөрчилдөхгүй оршиж байх ёстой.


-Дэмчогийн хийдийг Ноёнхутагт Данзанравжаа байгуулсан гэдэг. Уг хийдийг сахин суугаа хүний хувьд хийдийг байгуулсан түүхээс бидэнд хуваалцаж болох уу?


-Ноёнхутагтыг Хамрын хийдэд байхад нь Галбын говийн эзэн савдаг могой очсон гэдэг. Ингэхдээ 350 километр урт хол замыг өвөлдөө ичиж, явсаар гэдэс нь улаан цус болж, арьс гуужсаар туулж очсон байдаг. Ноён хутагт Данзанравжаа үүнийг хараад “энэ бол Галбын говийн эзэн савдаг байна. Тусламж гуйж иржээ” гэсэн байдаг. Могойг хооллож, ундаалж, амраагаарай гэж хэлээд өөрөө Галбын говьд очиж, үзэж шинжиж яваад Дэмчогийн хийдийг байгуулсан юм билээ.

Дэмчогийн хийд гэдгийг Дэ нь амгалан, чог гэдэг нь дээд гэсэн утгатай. Ингээд дээд амгалан буюу бидний энгийн хэллэгээр хамгийн их аз жаргал, амар амгалан буюу Дэмчог бурхан юм.

Тэр нууц тарнийн Дэмчог бурхны орон хийдийн хойд талд нь Эрээтийн хийд, зүүн талд нь Цагаан толгойн хийдийг байгуулсан. Ингээд хоорондоо гурав дөрвөн километрийн зайтай чандманиласан гурван хийд бий болсон. Энэ жилийн хувьд мөн могой жил болж байна. Галбын говийн эзэн савдаг могой Ноён хутагт дээр очиж байсан домогтой учир бид бэлгэшээж байгаа. Мөн тооны ухаанаар Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 222 жилийн ой тохиож байна. Тиймээс анх удаа жод лүйжингийн лам нар ирж Гонгор бурхны тахилга хийх гэж байна.


-Дэмчогийн хийдийг маш их эрчим энергитэй газар гэдэг. Энэ энергийг авах гэсэн жуулчид ч их байдаг болов уу?


-Дэлхийн энерги судлалын хүмүүс ирээд сансраас зураг авсан юм билээ. Зурган дээр нь нар зөв, буруу эргэсэн дүрс буюу хас тэмдэг гарсан. Саяхан бас энергитэй газруудад бясалгал хийдэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй олон улсын баг ирээд явсан. Ер нь олон улсын жуулчид судалж байгаад их ирдэг болоод байна. Замба тив дээр Дэмчог бурхны газар орон хэд хэд байдгийн нэг нь манай Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дэмчогийн хийд юм.