Өчигдөр шөнө буюу энэ сарын 7-8-нд шилжих шөнө 03.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны Бурхант хошуу гэх газарт айл руу баавгай дайрч, эрдэнэт хүний амийг авч одлоо. Нөхөр нь амь эрсдэж, эхнэр нь үхэх, сэхэхийн заагт тарчилж хэвтэнэ.

Баавгайд толгойн арьсаа хуулуулчхаад нөхрөө аврахын тулд дуудлага өгч, айн мэгдэн гүйж явсан тэр эмэгтэйг бодоход л яс хавтайж байна.

Өр эмтэрч байна. Хэнд ч гай бололгүй таван малаа маллаж явсан тэд ямар буруу зүйл хийсэн гэж ийм гашуун зовлон үзнэ вэ.

Энэ бол урагшгүй төр, засгийн л гай. Хэдхэн хоногийн өмнө бид “Салбар яамны энэ эс үйлдэхүй нь ямар зааг, хана таазанд тулж байж өөрчлөгдөхийг таашгүй. Магад хэн нэгэн хөвчийн хүрний саварт амиа алдсаны дараа л гарч ирж эмгэнэл уншихаар хүлээж байна уу гэлтэй” хэмээн бичиж байв. Гэтэл салбарын сайд Ц.Сандаг-Очир “Самар, жимсээр аргална. Унтуулдаг буу нь их үнэтэй юм” гэхчлэн бодит шийдэл, судалгаа нотолгоогүй зүйлс ярьсаар сураг алдарсан.

Ямар ч үр дүнгүй зүйлс ярьж гиюүрч байх хооронд нь хөдөө, хотгүй баавгай гэх “зэвсэг” бий болчихлоо. Эхнээсээ энэ зэвсэг бусдын алтан аминд хүрчихлээ.

Өвс тоосоо хураах, өвөлжөөндөө бууж, суух их ажил малчдыг хүлээж байгаа. Үүний хажуугаар хөвчийн хүрнээс айж, бэргэхийн бэрхшээлийг тэд туулж байна. Байдал улам хүндэрсээр. Айж сандраад адуу малаа өгч идүүлж, шөнө өдөргүй утаа май тавьж, орон гэр, амбаар саваа сүйдлүүллээ гэж хөдөө, хотгүй шогширч байхад салбарын сайд нь аанай л чимээ аниргүй. Энэ олон уул толгодын энгэрт самар, жимсээ тарааж яваа юм болов уу.

“Ухаант хүн бусдын алдаанаас, тэнэг хүн алдаж байж ухаардаг” гэдэг. Одоо нэгэнт бид алдлаа. Оновчтой шийдэл хэрэгжүүлээгүйн төлөө бүтэн нэг гэр бүлийн амьдрал сүйрлээ. Төрийн сайд та одоо юу гэж уран донгодох вэ. Самар, жимсээ өгч амжаагүй юм гэх үү. Та бүхэнд өөрсдийгөө өмөөрөх мянган шалтгаан байвч энэ гэр бүлийн хувьд өөрчлөгдөх зүйл нэгэнт үгүй болсон.

Хүнээ алдсан гарз хохирлыг та нар яаж өөрчлөх юм. Урагшгүй албатын чинь хариуцлагыг хэн үүрэх юм бэ, Ерөнхий сайд Н.Учрал аа.

Энэ харамсалтай явдалд үнэхээр л санаа чилээж буй юм бол бодит гарц шийдэл гарга. Баавгай ичих хүртэл дариу нэг сарын хугацаа үлдсэн. Засгийн газраас онцгой анхаарч малчдаа баавгайн савраас хамгаал. Арга учраа олохгүй бол эрдэмтэн судлаачдаасаа асуу, зөвлө. Гарц, гаргалгаа хай. Үгүй бол дахиад муу мэдээ сонсох нь цаг хугацааны л асуудал болсныг эл харамсалт явдал эргэлт буцалгүй санууллаа.

‍