Хоёр гурав бүр арав хорин хөтөлгөө морьдтой хүүхэд, томчууд жавар дундуур уур манан савсуулсаар сумын урд уулын энгэр зүглэн цуварна. Тэр зүг рүү суудлын ачааны гээд автомашины цуваа ч тасрахгүй. Энэ бол Төв аймгийн Сэргэлэн сумын төвд шахуу байх тэгшлэн зассан тусгай зам дээр морьдоо “уралдуулах”-аар яваа уяач нар болон унаач хүүхдүүд юм.
Харин уулын энгэрт 5-10 насны болов уу гэмээр 20 гаруй хүүхэд хурдны морьдыг ээлжлэн унаж, идэр есийн хүйтэнд, тоос шороо татуулсаар зам дагуу хурдална. Өмссөн цэнхэр, улаан комбинзоноос өөр тэднийг хамгаалах хэрэгсэл гэх зүйл байхгүй.
Хурдны морьдын ажил 11 цагаас эхэлж, өдөржин үргэлжилдэг байна. Тэгэхээр сая өнгөрсөн идэр есийн хүйтэнд ч тэд "хөдөлмөрлөсөөр" байж.
Нүдэн дээр, өдөр бүр шахуу болдог эл үйлдлийг харин сумын хүүхэд хамгааллын баг нь хүчрэхгүй байна.
Аймгийнхаа цагдаагийн байгууллагаас нэмэлтээр хүн хүч авчраад ч уралдааныг зогсоож чаддаггүй гэнэ. Уралдаанаа зогсоож, тар гэдэг шаардлага тавихаар машинаа цоожлоод суучихдаг. Сүүлдээ эдгээр хүмүүст ямар арга хэмжээ авахаа ч мэдэхгүй, мухардчихаад байгаа талаар сумын ЗДТГ-ын дарга Б.Тэмүүлэн хэлж байлаа.
Төрийн цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа эдгээр уяачид шаардлага тавьж очсон нийгмийн ажилтныг “нохой хуцсанаас дор үздэг" гэнэ.
Сумын нийгмийн ажилтан Б.Дэлгэрханд:
-Энэ ажилд өнгөрсөн оны гуравдугаар сард томилогдсон. Үүнийхээ дараа цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаад 12 зөрчилд арга хэмжээ авсан. Энэ жилээс арга хэмжээгээ илүү нарийвчлахаар төлөвлөгөө гаргасан байгаа. Гэхдээ сумын хувьд нэг цагдаа, нэг хэсгийн төлөөлөгчтэй учир хүн хүчний хувьд хүрэлцдэггүй. Газар дээр нь очоод хэлэхээр уралдаанаа зогсоодог ч биднийг явсны дараа дахиад л цуглаад уралдаан зохион байгуулчихдаг. Үүнээс илүү дулаарахаар морьдоо ачаад сумаас бүр хол очиж уралддаг. Тэр үед хяналт тавихад бүр хэцүү болдог.
Оны өмнө бүх зүчээгээр явж, сургуульд явахгүй, эрх нь зөрчигдөж байгаа 12 хүүхдийг илрүүлж, холбогдох байгууллагад нь шилүүлсэн. Заримыг нь Налайх дүүрэг рүү шилжүүлж, дотуур байртай сургуульд суулгасан байгаа. Уяачдаас хүүхдүүдийг сурч боловсрох эрхээр нь ханга гэдэг шаардлага тавихаар сургуульд бүртгүүлдэг ч цалин хөлс болон эцэг эх, асран хамгаалагчтай нь тохиролцоонд хүрч чадахгүй бол хүүхэд дунд нь хаягддаг. Өөр уяа руу очих гэх мэтээр хүүхдийн сурч боловсрох эрх орхигддог. Тиймээс энэ чиглэлд илүү анхаарч байгаа. Өнгөрсөн жил ямар ч төсөвгүй ажилласан бол энэ жил Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан багтаа тус бүр 3 сая төгрөг тавиулсан.
Унаач хүүхдүүд гэрээгээр ажиллаж, “ар гэрээ тэжээдэг"
Сэргэлэн сумын сургуульд хамран сурах тойргийн бус 148 уяач хүүхэд суралцаж байна. Тэдний 93 нь эцэг эхээсээ хол айлд амьдардаг. Нийгмийн ажилтан эдгээр 148 хүүхэд тус бүрийн эрсдэлийн зэргийг тогтоожээ.
Унаач хүүхдүүдийн дийлэнх нь “ар гэрээ тэжээдэг, авч явдаг” учир сургуулиас шууд хориглох боломжгүй. Сургуулиас хүүхдийг сурч боловсрох эрхээр хангах шаардлагыг тавьдаг. Гэхдээ уяач нар өнөөдөр Батааг таслуулахад маргааш нь Болдыг таслуулах гэх мэтээр хичээлийг ээлжлэн таслуулдаг гэнэ. Тиймээс нэг хүүхэд олон өдөр дараалж тасаллаа гэдэг шаардлага тавихад хүндрэлтэй байдаг аж.
Биднийг очсон өдөр сургуулийн хэмжээнд 1-9 дүгээр ангийн 58 хүүхэд хичээлээ тасалсан буюу 70 гаруй хувийн ирцтэй байлаа.
Унаач хүүхдүүдийн ихэнх нь 1-5 дугаар ангид сурдаг. Харин 8-9 дүгээр ангийн сурагчид туслах уяачаар ажилладаг байна.
Хурдан морь унаснаас болж гэмтэж, бэртэх тохиолдол олон бүртгэгдэж байгаа талаар сумын Эрүүл мэндийн төвийн дарга хэлж байв. Хамгийн сүүлд гэхэд 9 настай унаач хүү хичээлээ тасалсныхаа маргааш чихээ хөлдөөсөн байдалтай ирснийг ангийн багш нь мэдэж, сумын ЭМТ-д ханджээ. Анхан шатны тусламж үзүүлж улмаар аймгийнхаа мэс заслын тасагт шилжүүлэн өгчээ. Үзлэгээр хоёрдугаар зэргийг хөлдөлттэй гэж оношлогдсон байна.
Хүүгийн хувьд морь унаж байгаад чихээ хөлдөөсөн, уяач нь эмчилгээ хийх нэрээр цайны шаар тавьсан гэж тайлбарлажээ.
Хэрэв хүү сургуулиа дахиад нэг өдөр тасалсан бол чих нь халдвар авч, эмчилгээ хийх ямар ч боломжгүй болохоор байжээ.
Сэргэлэн суманд хүүхдүүд морь унаж, ар гэрээ "тэжээх" зорилготой ирж, аав ээж, гэр бүлээсээ хол амьдарч байна. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт нүдэн дээр ил цагаан үйлдэгдэж, түүнийг нь цагдаа, хүүхэд хамгааллын баг нь хүчирхээ байсан гэдгийг холбогдох хүмүүс хэлж буй. Эдгээр 148 хүүхдэд сурч боловсрох эрүүл байх эрх бүр цаашлаад амьд байх баталгаа ч алга.
Шүүх шинжилгээний ерөнхий газраас гаргасан мэдээллээр гэхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 46 хүүхэд мориноос унаж, амь насаа алдсан. Эдгээр хүүхдүүдэд задлан шинжилгээ хийхэд гавал тархины битүү гэмтлийн улмаас амь насаа алдсан нь тогтоогджээ.
Арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахгүй байх Засгийн газрын шийдвэр хотоос 60 километрийн цаана ийн зөрчигдөж байна. Олон нийтээс маш их дэмжлэг авч, олон мянган хүний гарын үсгээр баталгаажсан өргөдөл бодит хөрсөн дээр хэрэгжсэнгүй. Нэг үгээр Сэргэлэн сумын 148 унаач хүүхдийг Засгийн газрын тогтоол нь ч хамгаалж чадсангүй.
Морь, морин уралдаан гэдэг монгол хүний хувьд хүндэлж хайрладаг, үндэсний өв соёлын нэгээхэн хэсэг боловч хайнга, хариуцлагагүй эцэг эхдээ “зарагдсан” энэ 148 хүүхдийн амь наснаас илүү байж хэрхэвч боломгүй. Орд харш шиг зассан зүчээнд, булан тохой бүрт нь хяналтын камер суурилуулан морьдоо хайрлаж, хамгаалдаг шигээ унаач хүүхдээ ч хайрлаж, энэрээч гэж уяачдаасаа, Монгол Улсын Засгийн газраас хүсэх байна.
















