Улаанбаатар хот Хүндээ ээлтэй хот мөн үү?

Энэ асуултад Хиймэл оюун ухаан “Улаанбаатар нь бүрэн байдлаар “хүнд ээлтэй” хот гэж хэлэхэд байдал бүрэн хангагдаагүй ч, сайн талууд, хандлагын хувьд ээлтэй болох чиглэлд явж байгаа нь тодорхой” гэж хариуллаа.  

Тэгвэл иргэний нийгмийн төлөөллүүд

1.Улаанбаатар хот Хүнд ээлтэй хот мөн үү?

2. Хүнд ээлтэй хот болохын тулд яах ёстой вэ? Гэсэн асуултад хэрхэн хариулж байна вэ?

Б.Чулуундолгор:

“Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо”-ны тэргүүн:  

- Хүнд ээлтэй хот биш. Дэлхийн улс орнууд маш энгийн шалгуур тавьдаг. Үүнд тухайн хотод өндөр настан, бага насны хүүхэдтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн дураар аюулгүй тав тухтай зорчих, амьдрах боломжтой гэдгийг хардаг. Гэтэл монгол улсад улаанбаатар хотод хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд ганцаараа бие даан зорчих боломж хязгаарлагдмал байдаг.

Б.Уранзаяа:

“Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”-ийн Залуучуудын хөтөлбөрийн менежер:

-Улаанбаатар хотын, хот төлөвлөлт хүндээ ээлгүй. Тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан зам талбайтай, аливаа байгууламж бүр нийтэд хүртээмжтэй болоосой. Тусгай хэрэгцээт хүмүүс орчны саадгүй зорчиж чаддаг болсноор хүн бүр ээлтэй хотод амьдрах боломж нэмэгдэнэ гэж боддог.

Г.Энхжин:

“Трансжендер хүмүүс эв нэгдлийн төлөө” төвийн Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч:

-Миний Улаанбаатар хот ч хүндээ ээлтэй хот биш л дээ. Хүндээ ээлтэй хот гэж миний бодлоор хүн бүрт амьдрахад ээлтэй орчин буюу хүмүүс нь амьдрах орчноосоо айдас, стресс биш амар тайван мэдэрдэг. Төр нь мөнгөө хүмүүсийнхээ сайн сайхан амьдрахад нь зарцуулдаг. Хүн бүрийн оршихуй хүндлэгддэг, тухайн хотын иргэн бүр нь үнэнээрээ таатай, тайван байхыг хэлнэ гэж бодож байна.

Э.Эрдэнэцэцэг:

“ГҮНЖ” төв Гүйцэтгэх захирал :

-Ээлтэй биш ээ.  Хотын түгжрэл, өвлийн хорт утаа, зуны үер гээд хүний амьдрах наад захын стандарт хангагдаагүй. Тэрнээс гадна тэрэгтэй хүүхдээ түрээд явах зам, хүүхдийн тоглоомын гээд бүгд аюултай байдаг. Сүүлийн жилүүдэд явган хүний замаар ч тайван явах боломжгүй болсон.

Ээж хүний нүдээр манай хот хүндээ тэр тусмаа хүүхдэд ямар ч ээлгүй. Харин ч аюултай хот гэж харагддаг.

Ээж хүний хувьд дараах зүйлсийг эхний ээлжинд  ХҮРТЭЭМЖТЭЙ, АЮУЛГҮЙ, АМЬДРАХАД ТАЙВАН орчинг бүрдүүлж бий болгохыг хүсэж байна. Тодруулбал, Хүүхдийн тэрэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ганцаараа ч гэсэн саадгүй зорчих замтай. Автобус, нийтийн тээвэрээр хүүхдийн тэрэгтэйгээ явах боломжтой, зайтай бас аюулгүй. Гэрэлтүүлэг сайтай, хүүхдийн тоглоомын талбай бүр камертай, хамгаалалттай. Ногоон байгууламж сайтай, утаагүй, үерийн аюулгүй, хүүхэдтэй явахад аюулгүй орчинтой. Хангалттай хүүхдийн тоглоомын талбайтай, аюулгүй чанартай. Хүүхдүүдтэй цагийг өнгөрөөх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн ихтэй. Хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг гэртэй нь ойрхон байх.

Тэгвэл сэтгүүлч миний хувьд өвөл, зунгүй түгжрээнд цагаа хий дэмий өнгөрүүлж, уурлаж бухимдаж өнгөрөөхгүй, нэг өглөө босоод ирэхэд сургууль цэцэрлэг нь хаагдаад ажилдаа явах уу, гэртээ хүүхдээ хараад үлдэх үү гэдэг сонголт хийх гэж шаналахгүй, түлэх түлш амьсгалах агаартаа санаа зовохгүй Улаанбаатарт амар тайван аж төрмөөр байна.  Бороо, цас орохоор түгжирч хэдэн цагаар ажлаасаа хоцормооргүй байна.

AI ашиглан бүтээв

Х.Нямбаатар: Улаанбаатарыг Хүнд ээлтэй хот болгоно

2024 оны есдүгээр сарын 18-нд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулжээ.

Тэрбээр “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар төрийн болон хувийн байгууллагууд ерөнхий төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалтаа шийднэ. Хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсаны дараа Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдана. Мөн барилгажилтын төлөвлөгөө батлагдсанаар хотод дахиж замбараагүй, хэт нягтаршилтай барилга барихгүй. Улаанбаатар хотын хүнд ээлтэй байж чадаагүй алдааг засна” хэмээн мэдэгджээ.

Түүнийг энэ амлалтаа биелүүлж чадах эсэхийг бид харахаас гадна. Амлалтаа биелүүлэх хэрэгтэйг иргэд олон нийт шаардаж байх ёстой юм.

Тэгвэл Хүнд ээлтэй хот ямар байдаг вэ?

Дэлхийн хамгийн хүртээмжтэй хотуудын жагсаалт нь ихэвчлэн нийтийн тээврийн хүртээмж, архитектурын саадгүй байдал, аялал жуулчлалын газруудын зохицол, хүртээмжтэй зочид буудал, дижитал туслах хэрэгслүүд зэрэг олон үзүүлэлтээр үнэлэгддэг.

“IMD Smart city index” бол Швейцарийн “IMD World competitiveness center” буюу Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс жил бүр гаргадаг дэлхийн хотуудын ухаалаг, хүртээмжтэй байдлыг үнэлсэн тайлан юм.

Энэ индекс нь хотуудын технологийн дэд бүтэц, амьдралын чанар, орчны хүртээмж, нийгмийн оролцоо зэрэг хүн төвтэй хэмжүүрүүдийг хослуулан үнэлдэг. Уг үнэлгээг 2025 оны зургаан сарын байдлаар 146 орныг хамруулан 6 дахь удаагаа үнэлжээ.  

2025 оны Хүнд ээлтэй 10 хотыг танилцуулья. Тэд юугаараа бусдаас илүү үнэлэгдэж байгааг дараах хүснэгтээс харж болно.

1.Шанхай: 84.88 оноогоор жагсаалтыг тэргүүлжээ. Үүнд орчин үеийн дэд бүтэц,  харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бүрэн хүртээмжтэй метроны өргөн сүлжээ голлон нөлөөлжээ. Гэхдээ зочид буудлын хүртээмжийн оноо 39.44 бөгөөд нийт байрны сонголтын 15 хувиас бага нь хүртээмжтэй байдаг.

2. Сингапур: 81 оноогоор Сингапур оржээ. Метроны систем нь тэргэнцэрийн зам, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан брайл болон барьцалдуулах чиглүүлэгчтэй. Хотын 95 хувь явган хүний зам, гарц, автобусны буудлууд хүртээмжтэй. Аялал жуулчлалын газруудын ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нээлттэй бөгөөд шинэ барилгад заавал байх ёстой гэж үздэг.

3.Веллингтон:   Шинэ Зеландын нийлэл хот 79.12 оноо авчээ. Метроны оронд хотыг орон нутгийн бүсүүдтэй холбодог галт тэрэгний өргөн сүлжээ нь хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст бүрэн хүртээмжтэй. Тус хотын парк, музей, театр зэрэг нь бүгд олон нийтэд хүртээмжтэй байдаг аж.

4.Мюнхен: 78.92 оноогоор жагсаалтын дөрөвдүгээрт орсон Европын анхны хот. Хотын бүх гудамж, метро гээд бүгд хүртээмжтэй. Аялал жуулчлалын газруудын тал хувь нь хүртээмжтэй.

5. Амстердам: 76.51 оноо авсан. Метро бүгдэд хүртээмжтэй тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу зам цахилгаан шаттай. Хотын дугуйн соёлд нийцсэн тусгайлан тохируулсан дугуйнууд байдаг.

6.Хонг Конг: 75.82 оноо авсан. Хотын метро өргөн сүлжээтэй бөгөөд цахилгаан шат, налуу зам, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан барьцалдуулах замтай. Зочид буудлын хүртээмж өндөр боловч зарим аялал жуулчлалын газарт саад байсаар байна.

7.Бээжин: 73.16 оноо авчээ. Метроны сүлжээ хүртээмжтэй. Аялал жуулчлалын газрууд бүгд налуу зам, цахилгаан шаттай.

8.Прага: 68.99 оноо авсан байна. Метроны хуучин станцууд хртээмжийн хувьд хязгаарлагдмал ч 77 хувь нь одоо хүртэл хүртээмжтэй.

9.Стокгольм: 67.68 оноотой. 1990 онд “Easy access” төслийг эхлүүлж, нийтийн талбайг хүртээмжтэй болгосон. Stockholm 2030 vision төлөвлөгөөгөөр хотын төвийг бүрэн хүртээмжтэй болгохоор зорьж байна.

10. Канберра: 67.37 оноо авсан байна. Орчин үеийн өргөн гудамж, налуу зам, барьцалдуулах тэмдэглэгээтэй. Аялал жуулчлалын гол газрууд бүгд хүртээмжтэй. 2019 онд ашиглалтад орсон метроны станц бүгд хүртээмжтэй.

Улаанбаатар энэ дэд бүтцийн хүртээмж сул, хотын үйлчилгээний дижитал платформ хязгаарлагдмал, иргэдийн амьдралын чанарын үзүүлэлт зэрэг асуудлаас болоод дээрх хотуудын жагсаалтад оролцдоггүй аж.

УИХ-ын Гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Хүний эрх Монголд хангалттай хэрэгждэг гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ түүнээс илүү Хүний эрхийг дээдэлсэн орон болохын тулд бодлого хэрэгжүүлэх,  үйлдэл хийх ёстой” гэж нэг уулзалтын үеэр хэлж байсан юм. Үүний адил бид Улаанбаатарт стресс бухимдалтай, хүртээмжгүй байдалд амьдарч байгаа ч гэсэн цаашид Улаанбаатар хотоо Дэлхийн хүртээмжтэй хотуудын жагсаалтад оруулахын төлөө бодлого төлөвлөгөөгөө боловсруулж ажилладаг байя, саналаа өгч оролцдог байя.