Улаанбаатар түүхэндээ хамгийн олон мега төслийг зоригтой зарлаж, зэрэг гараанаас “хөдөлгөсөн” нь яг энэ цаг тоолол. 24 оноос эхлэлтэй 24 мега төсөл дундаас 40 гаруй жилийн судалгаа,15 жилийн оролдлого, бүтэлгүйтлийн гинжин хэлхээнд мөнхийн эргэлзээ дагуулж ирсэн нь “МЕТРО”. Гэвчиг итгэхгүй байя гэхнээ ТЭЗҮ-гээ шинэчилж загвар зурагаа баталгаажуулсан. Зөвлөх үйлчилгээг 11 улсын 20 гаруй компани сонирхож тендерт оролцсоноос БНСУ-ын "Dohwa Engineering" компани шалгарч гэрээ байгуулсан нь метроны төсөл албан ёсоор эхэлснийг зарлаж, метроны инженер зэрэг боловсон хүчнээ ХАЛЛА их сургууль руу илгээсэн гээд монголчуудын метронд суух мөрөөдөл бодит биеллээ олох итгэл төрүүлж эхлэв. Энэ бүхний дараа л хонгилын үзүүрт гэрэл асах шиг... боллоо гэдгийн илэрхийлэл нь ТЭЗҮ-г шинэчлэх хүрээнд намар түгжрэлийн ид оргил ачааллын үеэр 2800 орчим иргэн, тэр дотроо нэг хүнээс л гэхэд 10 минутад дэлгэрэнгүй санал асуулга авахад метроны төслийг иргэдийн дийлэнх нь дэмжиж байгаагаа хэлсэн байв. Үндсэндээ 2800 иргэнтэй нэг бүрчлэн уулзсан тэмдэглэл шүү дээ.
Энд бас нэг онцлууштай нь түгжрэлийн шийдлийг таван жилийн дараа ашиглалтад орохоор яригдаж буй метронд найдаад орхих биш дүүжин замын тээвэр, трамвай, төмөр замын доогуур нүхэн гарц барих төслүүд, тусгай замын автобус (BRT)-ийг Улаанбаатар хот болон Засгийн газрын түвшинд харилцан ойлголцож, нэгэн зэрэг гараанаас “хөдөлгөсөн”, мөн энэ онцгой хийгээд асар их ачаа үүрсэн цаг мөч яах аргагүй хотын дарга Х.Нямбаатарын удирдлагын багийн үед тохиож буй юм. Ийн Засгийн газраас 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан нь нийслэлийн мега төслүүдийг зоригтой хэрэгжүүлэх, эцсийн үр дүнг үзэхэд улс төрийн дэмжлэг бүрэн дүүрэн гэдгийн илэрхийлэл гэж харж болохоор. Үндсэндээ шат шатандаа ойлголцсоны үр дүн ч эхнээсээ гарч нийслэл нэгхэн жилд 137.1 км зам барьсныг тэмдэглэх нь зүй.
Их Британийн метроны Элизабет шугам Улаанбаатараар дайрах болсны учиг

Ерөнхий дүр зургаараа Монголд метро хэрэгтэй гэдгийг хүн бүхэн ойлгосон. Харин дээр дурдсанчлан эсэргүүцэхээс илүү эргэлзэх хандлага бий. Арга ч үгүй.
Сүүлийн 15 жилийн хугацаанд хотыг удирдсан дарга болгон “Метрогоор зорчуулна” гэж залхтал ярилаа шүү дээ. Энэ эсрэгцлийн дундуур монголчууд үнэхээр метрогоор зорчих уу. Эдүгээ дэлхийн 65 орны 205 хот буюу дэлхийн улс орнуудын 30 хувь нь метротой байтал харин бидэнд 206 дахь хот болох найдвар бий юу гэдэг асуултад хариулахын тулд хэдэн “баримттай” уулзуулъя.
Эхнийх нь “Улаанбаатар метро” төслийн талаар Их Британийн алдарт “Метро” сайтад гарсан “Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ” нийтлэлд дурдсан сонирхолтой давхцал. Тус нийтлэлд Улаанбаатарт өнөөг хүртэл метроны системийг барьж чадаагүй л байна. Гэхдээ оролдлого дутсанаас биш хотын өргөн гудамжны доор туннель ба хөнгөн галт тэрэгний тээврийг нэвтрүүлэх шаргуу хүчин чармайлт нь 15 гаруй жилийн турш хийгдэж байгаа бөгөөд Өмнөд Солонгос, Франц зэрэг улс орон тусламж санал болгосон ч үр дүнд хүрээгүй гэдгийг онцолсон байдаг. Харин одоо Их Британийн метроны Элизабет шугам удахгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын гүнийг дайран өнгөрөх гэж байна. Үүний эхлэл нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт өнгөрсөн оны 11-дүгээр сард өргөөндөө Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатартай уулзах үеэр Элизабет шугамын талаар анх дурдаж, түүнийг болон гэргийг нь Йоркшир цайгаар дайлж, Их Британид сүүлийн жилүүдэд хэрэгжсэн “хамгийн том” ажлуудын нэгийг танилцуулжээ. Энэ уулзалт Х.Нямбаатарыг хотын даргаар сонгогдсоноос ердөө нэг сарын дараа болсон бөгөөд гурван долоо хоногийн дараа тэрбээр Лондон хотод “Элизабет шугам”-аар зорчиж байв. Үр дүнд нь, Элизабет шугамыг хэрэгжүүлсэн Crossrail International компани нь 19.4 км урт, 15 өртөө бүхий “Улаанбаатар метро” төслийн стратегийн зөвлөхөөр ажиллахаар болсон бөгөөд Их Британийн компаниуд хэдэн зуун сая фунтын өртөг бүхий холбогдох гэрээнүүдэд оролцох боломж бүрдсэнийг онцолжээ. Ийн нийслэлд “Элизабет шугам”-ыг төлөвлөх ажлыг эрчимтэй урагшлуулж “Монгол Улс болон Их Британи Улс хамтран дэлхийн түвшний метроны системийг эхнээс нь байгуулж байна. Энэ нь 1861 онд Лондонгийн газар доорх тээврийн системийг бий болгосон хотын зоримог алсын хараатай эн зэрэгцэнэ” гэдгийг онцлов. Ингэж Улаанбаатар метро төсөл урагшилж эхэлснийг уншигчдад дахин дахин сонирхуулмаар санагдав.
Олон улсын карьераасаа татгалзаж Метро барихаар Монголдоо ирсэн залуу ба 30 он хүртэлх найдвар

Дараагийнх нь Улаанбаатар метро төслийн удирдагч Т.Мөнхдалай. Түүнтэй уулзахад их даруухан хэрнээ цаг минутаар нарийн төлөвлөсөн шахуу ажлын хуваарьтай. Миний дотроо нэрлэснээр “Метроны босс” Т.Мөнхдалай Японд дэд бүтцийн инженерээр төгсөж, улмаар Египет, Шри-Ланка, Бангладеш улсын метроны төсөл, Японы Хоккайдо арлын хурдны галт тэрэгний төсөл дээр ажилласан туршлагатай. Харин өдгөө Монголд метро барихаар олон улсын карьераасаа татгалзаж эх орондоо ирээд жил гаруй болж байна. Түүнтэй яриа дэлгэж суухад “Монголд анхны метроны төсөл хэрэгжиж байгаа учраас өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагадаа үндэслээд хувь нэмрээ оруулахыг хүссэн. Арав гаруй жилийн дараа Монголдоо ирээд өнгөрсөн оны зургадугаар сараас шууд метроны төсөл дээр ажиллаж эхэлсэн. Манай багт гадаад, дотоодоос ирсэн яг л надтай ижил зорилготой олон мундаг залуу бий.
Хувь хүнийхээ байр сууринаас харахад метроны төсөл амжилттай хэрэгжинэ гэж бүрэн итгэсэн болохоор эх орондоо ирсэн. Хэрэв метроны төсөл амжилтгүй, хэрэгжих боломжгүй ч юм уу, итгэл үнэмшил бага байсан бол олон улсад ажиллаж байсан карьераа орхиод Монголд ирэхгүй.
Хоёрдугаарт, бусад орны метроны төсөл хэрэгжих хугацааг харахад урт, богино янз бүр л байдаг. Арваад жил үргэлжилж байгаа төсөл ч бий. Зарим хүмүүс тоосго өрөөд эхлэхээр нь төсөл эхэллээ гэж ойлгож, ашиглалтад орж хүн зорчиход ашиглалтад орлоо гэж боддог. Гэтэл төсөл бол бодлого гаргана, төлөвлөнө, зураг төсөл, тооцооллоо хийсний үндсэн дээр барилгын ажил эхэлдэг. Тооцоо, төлөвлөгөөний дагуу явбал 2030 оны намар метрог ашиглалтад оруулах бүрэн боломжтой гэж харж, найдаж байгаа. Гэхдээ энэ хооронд ковид цар тахал шиг ч юм уу бидний төлөвлөөгүй эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Монголд л өөр улс оронд байдаггүй урьдчилж тооцох боломжгүй онцлог хүндрэл бэрхшээл гардаггүй юм бол харьцангуй итгэл найдвар дүүрэн байна.Харин ч эсрэгээрээ Монгол байгалийн түүхий эд сайтай. Барилгын материалын зарим түүхий эдийг өөрсдөө хангах, дэлхийн хамгийн том экспортлогч Хятад улсаас тээвэр логистикийн харьцангуй боломжийн нөхцөлд оруулж ирэх, геополитикийн эрсдэл багатай гээд давуу тал олон бий. Тиймээс төсөл гацах томоохон шалтгаан байхгүй болов уу гэж харж байгаа.
Бас нэг онцлог нь метроны төсөл өвлийн улирлаас болж саатахгүй. Улирлын төлөвлөгөөгөө зөв тооцоолоод гаргачих юм бол ихэнх суурийн ажлууд газар доогуур хийгдэх учраас өвөл, зунгүй барилгын ажлаа хийх боломжтой. Мөн Солонгос, Англи зөвлөхүүд маань ч гэсэн олон оронд метро барьж байгуулсан туршлагатай. Энэ мэтээр урьдчилж харах, эрсдлээ тооцох, цаг хожих байдлаар бусад улс орны алдаа оноог судалж нарийн тооцоо, төлөвлөгөөний дагуу ажил үргэлжилж байна.
Метроны нэг л шугам барих нь гэж байгаа хүмүүс маань Энхтайвны өргөн чөлөөгөөр дайрч өнгөрөөгүй өдөр байгаа бил үү гээд бодоод үзэхэд жаахан багцаатай буух болов уу. Хэдийгээр яг өөрөө метронд суухгүй ч дам нөлөөг нь хүртэнэ. Метроны өртөө орчимд амьдарч байгаа буюу үр нөлөөг нь шууд өртөх хүн амын тоог бид гаргасан. Ойролцоогоор 400 гаруй мянга буюу хагас сая хүн шууд хэрэглэгч болно гэсэн үг. Нэг үгээр бол метроны үр өгөөжийг нийслэл хотын 1.6 сая хүн бүгдээрээ хүртэх юм. 2022 оны судалгаанаас харахад Улаанбаатар хотын эдийн засаг жилд ойролцоогоор 4-5 их наяд төгрөгийг замын түгжрэлээс болж алддаг гэсэн тооцоо гарсан байдаг. Урьдчилсан байдлаар метро ашиглалтад орсноор нийт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим 10 гаруй хувь сайжирч, нийт замын хөдөлгөөний хурд 18 хувь өсөх дүн шинжилгээ гарсан. Энгийнээр бодвол айл өрх, иргэн бүр замын түгжрэлээс алдаж буй нөр их зардлаас хоёр их наяд гаруй төгрөгийг хэмнэнэ гэж ойлгож болно” гэсэн юм.
Тэр төгсгөлд нь “Манайхтай ижил эдийн засагтай, төсвийн хязгаартай улс орнууд бүгд л метро, цахилгаан станц барьчихлаа шүү дээ. Тэгэхээр монгол ганцаараа метро барих гэж байгаа мэт хүндээр хүлээж авах хэрэггүй болов уу” гэв. Бид нэлээн урт ярьсан. Гол санаагаа товчлоход л ийм.
Метроны төслийг дагаж шинэ технологи, чадварлаг мэргэжилтнүүд орж ирнэ. Улс орны инженерингийн потенциал, чадамж сайжирна

Ийн “Метроны босс”-той уулзсаны дараа дахиад л энэ сэдвээр зочин хайж эрэлд гарав. Эцэстээ Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга буюу том төслүүдийн яг хэрэгжилтийг гардаж буй У.Баатартай уулзаж ярилцсан юм. Түүнээс ярианаас Монголчууд метронд суух нь гэдэг итгэл бүрэн төрөөд гарч ирсэн учраас гол агуулгаа цөөн үгээр хуваалцахыг хүслээ. Хотын түгжрэлийн гол шийдэл, үндсэн нэгжийн дарга У.Баатар хувийн хэвшилд 20 жил барилга барьжээ. Тэрбээр чадварлаг багаар ажлыг тултал хийе, зөвхөн үр дүн харуулна. Гэхдээ олон улсын төслийн менежментийн арга барил, зарчмаар ажиллаж буйгаа хэлж байв. Харин метроны тухайд “Хот төлөвлөлтөд шинэ соёл бий болгоход Улаанбаатар метро төсөл чухал үүрэгтэй.
Аливаа улс оронд томоохон төслүүд хэрэгжсэнээр тухайн орны инженерингийн потенциал, чадамж сайжирдаг. Тиймээс метроны төслийг дагаж шинэ технологи, чадварлаг мэргэжилтнүүд орж ирнэ. Тэндээс олон залуус чадавхжиж гарч ирдэг. Энэ бол ямар ч мөнгөөр үнэлэх боломжгүй оюуны үнэ цэн, нөхөшгүй хөрөнгө оруулалт юм.
Яг үүнтэй адил метро болон бусад төслийн инженерингийн цар хүрээг тэлэх, нэр хүндээ өсгөх, мэргэшсэн чадварлаг боловсон хүчинтэй болгох хөрөнгө оруулалтын өгөөжийг бий болгож байна.
Метроны төсөлтэй хамт хотын стандарт хөндөгдөнө. Тиймээс үүнтэй зэрэгцэн техникийн салбарт шинэ стандартуудыг нутагшуулахаас гадна дараагийн цоо шинэ үе бэлтгэгдэнэ. Жишээлбэл, метроны эхний шугамыг олон улсын зөвлөх багтай хамтраад барьчих юм бол дараа дараагийн ажлуудыг болон ижил төстэй томоохон төслүүдийг монголчууд өөрсдөө дагнан хийх боломжтой болно. Энэ чадварууд бол юугаар ч орлуулшгүй оюуны хөрөнгө оруулалт болж, цаашлаад олон боломжийг нээж өгөх үүд хаалга болох юм.
Улаанбаатар Метро төслийн хувьд 100 хувь газар доогуур 25-30 метрийн гүнд барих учир газар чөлөөлөлт, бусад нөлөөллийг 80-90 хувь бууруулсан гэж хэлж болно. Улаанбаатар Метроны шугам нь дулааны шугам сүлжээтэй давхцахгүй баригдах төлөвлөлттэй. Өртөөн дээр мэргэжлийн инженерүүд шийдлийг гаргаад явж байна.
Улаанбаатар хот анхнаасаа автомашинд биш нийтийн тээвэрт зориулж төлөвлөсөн хот. Анх 500-хан мянган хүн амд зориулж дэд бүтцийн зураг шийдэлтэй төлөвлөсөн хотыг шууд 2 сая гаруй хүнд зориулаад өөрчлөх боломжгүй шүү дээ. Тиймээс нийтийн тээврийг илүү төрөлжүүлж, сонголттой болгох хүрээнд тойрог хурдны замын сүлжээг бий болгохоор төлөвлөсөн. Үр дүнд нь автомашинаар, эсвэл дугуйгаа чөлөөтэй унадаг, мөн нийтийн тээврээрээ ч зорчих боломжтой болно хэмээн төлөвлөж томоохон төслүүдийг зэрэг эхлүүлж байгаа юм. Мөн түгжрэлийг бууруулахын тулд хотыг задлах, дэд төвүүдийг олноор бий болгох, 20 минутын дотор бүх үйлчилгээг нэг дороос авах бодлого хэрэгжүүлж байна” гэжээ. Түүний хэлснээр метро барилаа, түүнээс үлдэх үнэ цэн мөнгөөр үнэлж барамгүй хөрөнгө оруулалт аж.

Улсын маань нийслэлд их байгуулалт ид өрнөж Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам болох Яармаг-Арцат-Өнөр хороолол чиглэлийн тав дахь тулгуур баганыг суурилуулаад авлаа. Ирэх оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлуудыг эхлүүлэхээр инженерүүд чармайж, Францын дүүжин замын тээврийн стандарт, 100 жилийн түүх туршлагыг Монголд тамгалж буй хэрэг. “BRT тусгай замын автобус” төслийн газар чөлөөлөлтийн ажил тун удахгүй эхлэхээр бэлэн байдлаа хангаж байна. Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ -ийг боловсруулах ажил 80 гаруй хувьтай. “Улаанбаатар Трамвай” төсөл, “Сэлбэ 20 минутын хот” төсөл саадгүй урагшилж байна.
Ийн хотын Улаанбаатарын төвөөр Элизабет шугам дайрч, 206 дахь хот болохын төлөө тэд бүгд хичээж байна. Иргэд ч бас ойлгож, хичээх үлдэж. Галт тэрэг нэгэнт хөдөлжээ...