“Эмпасофт” технологийн сургуулийн дэд захирал Н.Энхсайхантай ярилцлаа.
-Таныг гадагшаа явахаас өмнө амжиж уулзлаа. Хаашаа, ямар хэргээр явах гэж буйг тань сонирхож болох уу?
-Шинэ Зеландад жил бүр “AI Forum” болдог. Би өнгөрсөн жилийн форумд оролцохдоо монгол хэл, соёл ба хиймэл оюун, AI-г ашиглаж хэл, соёл, дата гурвыг хэрхэн хамгаалж болох талаар ярьсан юм. Энэ үеэр тус улсын Оклендийн технологийн сургуулийнхны зүгээс үүсмэл хиймэл оюун хэл, соёлд хэрхэн нөлөөлж байгаа талаар мастер класс сургалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлэх санал тавьсны дагуу Шинэ Зеландыг зорих гэж байна.
Тус улсын уугуул иргэдийн маори хэл, соёлоо даяарчлалын энэ үед устаж, үгүй болохоос аварч үлдэх нь тэдний хувьд сорилт болоод буй юм билээ. Жилийн дөрвөн улиралтай, хөдөө аж ахуй голлон эрхэлдэг, хүн амынх нь тоо ойролцоо гэх мэтээр манай хоёр улсад ижил төстэй зүйл олон. Нөгөө талаас бидний хөгжлийн түвшин хол зөрүүтэй. Гэхдээ тэд хөгжиж байгаа Монгол Улс хэл, соёлоо хадгалж үлдэхийн тулд технологитой хэрхэн ойр ажиллаж байгаа талаар сонсож, сурахыг ихээхэн сонирхож байна. Жишээ нь, үндэсний хиймэл оюуныг бий болгосон “Болорсофт” компани буюу монгол залуусын хийж байгаа ажлыг өнгөрсөн жил танилцуулсан. Ер нь үндэсний хиймэл оюун бий болгосон улс цөөн байна. Англи болон маори хэлээр ярьдаг, хүн амын дийлэнх нь дохионы хэлтэй Шинэ Зеланд улс ч мөнгөтэй, хөгжилтэй хэрнээ энэ ажлыг шууд ханцуй шамлан хийчихээгүй байна. Залуучуудынх нь эх орноо гэсэн сэтгэл, түүх, соёлынх нь мөн чанар их нөлөөтэй байдаг юм билээ. Бас нэг зүйлийг хэлэхэд, би сүүлийн хагас жилийн хугацаанд хиймэл оюуны хэрэглээний сургалтыг 2000 гаруй хүнд хүргэж. Хүн төрөлхтний амьдралд хэдийн нэвтэрсэн хиймэл оюуныг хэрхэн хэрэглэх вэ гэдгийг мэдэхгүйгээс болж зайлсхийх, айх хандлага байгааг анзаараад нас насныхныг хамруулсан сургалт явуулж буй туршлагаа мөн тэнд хуваалцах юм.
Оклендийн технологийн сургууль бол дэлхийн шилдэг 500 сургуулийн нэг. Мөн тус улсад технологийн боловсрол олгож буй цорын ганц сургууль бөгөөд суурь бааз маш сайтай. Тиймээс өөрийн үүсгэн байгуулсан “Эмпасофт” технологийн сургуультай хамтын ажиллагаа эхлүүлэх ямар боломж байгааг судлах бодол бас бий.

-Хэл соёл ба хиймэл оюун гэхээр эсрэг, тэсрэг зүйлс мэт санагдаж байна. Харин та хиймэл оюунаар хэл, соёлыг хамгаалах тухай ярилаа.
-Дэлхий дахин технологийн хүчээр даяарчлагдаж байна. Технологийн хувьд хэн хүчтэй нь бусдыгаа эзлэн түрэмгийлэх боллоо. Энэ их өрсөлдөөнд өөрсдийн мөн чанарыг хадгалж үлдэхийн тулд энэ тулаанд зэрэгцэн оролцохоос өөр аргагүй. Ингэхдээ мөн чанараа алдахгүй байх нь хамгийн чухал. Харин ийм тулаанд бэлэн байх, эсэх нь аливаа улс орны хувьд бодлого, стратегиа боловсруулж хэрэгжүүлэхээс хамаарна. Энэ технологи ямар хэлээр хүмүүст хүрч байгаа вэ гэдгээс шалтгаалж аль тал нь хожих вэ гэдэг шалтгаална. Ийм том давлагаанд хэл, соёлоо хадгалж үлдэхгүй л бол удахгүй арчигдана. Гэтэл айл болгоны хаалгыг тогшиж youtube суваг, хүүхдүүдийнх нь үзэж буй гадаад контентыг монголоор сольж, хааж боох нь зөв шийдэл биш. Харин ч эсрэгээрээ энэ технологийг ашиглан гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ монгол хэлээр, эсвэл төрөлх хэлээр хөгжүүлснийгээ цөөн ч гэлээ өөрсдөө хэрэглэж байж бид “ялна”. Хэдийгээр технологи өндөр хөгжсөн ч энэ хүч зарим улсад алга байгаагийн нэг жишээ нь Шинэ Зеланд. Өөрөөр хэлбэл, англи хэл дээр хөгжсөн моделиуд нь монгол хэлээр орчуулдаг байх уу, эсвэл төрөлх хэл дээр өөрсдийнхөө хөгжүүлсэн зүйлийг бид хэрэглэх үү гэдгээс л хэл, соёлоо хамгаалах, эсэх нь хамаарах гээд байгаа юм.
-Хиймэл оюуны талаарх ойлголт, төсөөлөл нь ChatGPT-гээс хэтрэхгүй хүн олон байгаа нөхцөлд түүгээр хэл, соёлоо хамгаална гэдэг нь манайханд хол сонсогдож магадгүй. Ер нь хиймэл оюун гэж юу юм бэ. Хэтдээ түүнээс хамааралтай байхын учир шалтгаан нь юу гэж?
-Өмнө нь бид хэрэглээ, арилжаанд бэлэн мөнгө түлхүү ашигладаг байхад банкны үйлчилгээ хэцүү, айдастай санагддаг байсан. Гэтэл одоо банкны үйлчилгээ үндсэндээ цахим хэлбэрт шилжчихлээ. Энэ мэт шилжилтийн үед болгонд хүн төрөлхтөн айдастай тулгарч ирсэн. Сураг дамжуулан мэдээлэл солилцдог байсан хүмүүс интернэтээс хүссэнээ авдаг байсан бол одоо огт байхгүй мэдээллийг бидэнд үүсгэж өгөөд байгаа нь айдас дагуулж байна. Хүн ер нь мэдэхгүй зүйлээсээ болгоомжилж, бэргэдэг шүү дээ. Үүний адил хиймэл оюуныг биднээс хол, зөвхөн технологийн хүмүүсийн ажил гэж бодоод байгаа юм. Гэтэл өнөөдрийг хүртэл технологи бидний өдөр тутмын амьдралд алгуур нэвтэрдэг байсан бол хиймэл оюун хүн төрөлхтөнд маш хүчтэй цохилт, давлагаа үүсгэн орж ирж байгаа нь бүр ч их айдас мэдрүүлж байх шиг. Хиймэл оюунаас болж хүн ажилгүй болох нь, орлогогүй байх нь гэх мэтээр урган гарч буй айдас, түгшүүрээсээ салах хэрэгтэй. Өмнө нь хүмүүс талхыг гэр гэртээ барьдаг байсан. Дараа нь талхыг үйлдвэрт хийж, олон талаар хөгжин, өнөөдөр бидний гэрт хүргэгдэн ирэх хэмжээнд хүртлээ бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсронгуй болж байна. Хиймэл оюуныг ингээд л ойлгочих. Технологи бүр хялбар болж байна. Та түүнийг ойлгодог, гадарладаг бол ажилгүй болно гэж айхаас илүүтэй орлогын эх үүсвэр гэж харах хэрэгтэй. Мэдээж монголчууд бүгдээрээ үүнийг орлого гэж харах хүртэл тодорхой хугацаа шаардлагатай. Хэдийгээр хугацаа шаардлагатай ч хэзээ нэг өдөр хүссэн ч, эс хүссэн ч бидний орлогын эх үүсвэр болно гэж энгийнээр хараад үзээрэй. Одоо хиймэл оюуны хэрэглээний сургалт олширч байгаа нь зөв. Бүр олон болоосой гэж хүсэж байна.
-Хиймэл оюуны боловсруулсан мэдээлэлд барууны үзэл баримтлал давамгайлж байгаа талаар сонссон юм байна. Ийм нөхцөлд бидний цөөхөн монголчуудын хэл, соёлоо авч үлдэх гэсэн үйл хэрэг нь амь дүйсэн ажил мэт санагдах юм. Бид өөрсдийнхөө мэдээллийг эх хэлээрээ тэр их урсгалд нийлүүлэх, эсвэл дэлхийн хэлээр түгээхийн ялгааг тайлбарлахгүй юу?
-Би сургалтынхаа эхэнд монгол залуусын хөгжүүлсэн AI платформуудыг танилцуулдаг. Уг нь дэлхий даяараа бид нэг л гараанаас эхэлсэн. Өдгөө биднээс урд алхаж байгаа нь нэг хэсэг нь хүн хүч, хөрөнгөөрөө л ялгаатай. Мэдлэг, мэргэжил, мэргэшлийн хувьд манай залуус огт гологдохгүй. Тиймээс нэгэнт ижил гараанаас гарсан “Эгүнэ”, “Чимэгэ” “Цэцэн” гэх мэт AI-г бүгдээрээ зэрэг хэрэглээд эхэлбэл хамтдаа хөгжинө. ChatGPT-гээс монголоор асуувал монголоор хариулна. Шар үстэй, цэнхэр нүдтэй хүүхэд монголоор ярьж буйгаас ялгаагүй. Гэтэл малчны хотонд өссөн монгол хүүхдээс унага татах, ааруул хийх талаар асуувал нөгөө гадаад хүүхдээс хавьгүй илүү хариулна биз дээ. “Ертөнцийн гурван хөөрхөн юу вэ” гэж “Эгүнэ”-гээс асуух нэг өөр, ChatGPT-гээс асуух бүр өөр шүү дээ. Өөрөөр хэлбэл, монголчуудынхаа хийсэн хиймэл оюуныг бүгд хэрэглэж байж сайн хөгжинө гэдгийг ойлгуулах гэж сургалт бүрийнхээ эхэнд тэднийг танилцуулдаг. Нөгөө талаас тэдгээр моделийг илүү сайн хөгжүүлж ChatGPT-тэй өрсөлдөх гээд байгаа юм биш. Өөрсдийнхөө эх соёлоо л авч үлдэх гээд байгаа юм. Жишээ нь, нэгдүгээр ангийн сурагч, тэдний эцэг, эх, асран хамгаалагч, бага, дунд ангийн багш нарыг “Эгүнэ”-г хэрэглэж байгаасай гэж хүсдэг. Монгол бичиг, соёл, өв уламжлалаар энэ моделийг сургачихсан. Монгол хэлээ барагтайхан мэддэг хүнээс ч “Эгүнэ” илүү ярьдаг. Ингээд харвал бидэнд асар том боломж нээлттэй байна.

-Биднийг сонирхож буй гадаад зах зээлд “Эгүнэ”-г, өөрсдийгөө яаж сурталчилбал үр дүнтэй юм бол?
-Нэг үеэ бодвол Монгол моодонд орчихож. Нэг талаас төр, засгийн бодлого шийдвэртэй холбоотой байх. Нөгөө талаас манай залуус талбар талбарт нэрээ гаргаж байгаагийн хэрээр Монголыг сонирхох гадныхан нэмэгдсэн. “Эгүнэ” ChatGPT шиг ажилладаг шүү гэхээс илүүтэй монгол өв соёл, хэлийг суръя гэвэл энэ моделийг ашиглаарай гэх нь илүү оновчтой байж мэднэ. Сүүлийн үед монгол хэл, соёл сурах гэж манай их, дээд сургуульд суралцах гадаад оюутны тоо нэмэгдсэн байна. Ийм үед үүнийг сурах нэг арга, хэрэглүүр нь “Эгүнэ” гээд ойлгуулбал аяндаа хөгжчихнө. Энэ ажлыг зөвхөн технологийнхон хийнэ гээд орхивол өрөөсгөл. Жишээ нь, миний хичээлд тэтгэврийн насныхан нэлээд суудаг. Манай өндөр настнууд энэ платформ руу хандаж монгол сайхан хэлээрээ асуух нь хүүхдүүдээ зуны амралтаар нь хөдөө өвөө, эмээд нь харуулж, хүмүүжүүлж байгаатай л адил.
-Үндэсний хиймэл оюунаа богино хугацаанд бодитой дэмжих өөр ямар хөшүүрэг, дэмжлэг байж болох вэ?
-“Эмпасофт” технологийн сургуулиа байгуулсан шалтгаан минь ердөө л энэ. Монгол Улсын хөгжлийн нэн тэргүүний салбар нь технологи гээд нэрлэчихсэн, бид. Уул уурхайтай эн тэнцүү хэмжээнд авч үзэж, оюун ухааныг олборлоё гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч технологийн чиглэлийн боловсон хүчин, нөөц, бааз манайд байхгүй гэхэд хилсдэхгүй. Энэ мэргэжлийг сонирхон сонгох хүүхэд, залуус ч ховор байна. Сонирхоод ирсэн хүүхдүүдийн суурь ч муу байна. Ерөнхий боловсролын сургуульд математик, байгалийн шинжлэх ухааныг сонирхож байгаа хүүхэд харьцангуй бага байна. Энэ нь ирээдүйн инженерүүдийн суурийг муутгаж байгаа юм. Ингээд сургууль байгуулсан биднийг яам, тамгын газраас тодорхой хэмжээнд дэмжиж байгаа ч хангалтгүй гэж хэлнэ. Энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль борооны дараах мөөг шиг олширч, технологийн инжерүүдийг олноор төрүүлээсэй. Нөгөө талаас бид болохгүй бүхний буруутан болгож төр, засгаа муулдаг. Ингэхээс илүүтэй эцэг, эхчүүд дор бүрдээ хариуцлагатай байж, үр хүүхдүүд нь аль хичээлдээ хоцрогдолтой байгааг анхааралтай ажигламаар байна. Ингэж л хаана хаанаа анхаарал хандуулж “үндэсний технологийн довтолгоон” өрнүүлмээр байгаа юм.
-Хиймэл оюуныг дээд боловсролын түвшинд хөтөлбөр болгон зааж байгаа сургууль “Эмпасофт”-оос хэр олон байна вэ?
-ШУТИС хамгийн анх нэвтрүүлсэн. Цаашлаад МУИС гэх мэт улсын сургуулиуд нэвтрүүлээд явж байгаа нь маш сайшаалтай. Мөн богино хэмжээний сургалт ордог төвүүд ч бий болж. Бас зарим их, дээд сургууль эрэлт багатай, ирээдүй муутай анги, хөтөлбөрөө хааж, хиймэл оюуны хөтөлбөр нэвтрүүлэхээр сонирхож бидэнтэй санал солилцож байгаа нь сайны дохио. Гэхдээ бид бүр олуулаа болох хэрэгтэй. Харин хиймэл оюуныг бүх салбарт зэрэг нэвтрүүлнэ гэвэл бидний хүч хүрэхгүй. Тиймээс уул уурхай, эрүүл мэнд, боловсрол гээд аль салбараа технологитой түлхүү уяж хөгжүүлэх вэ гэдгээ сайтар бодолцох нь чухал.
-Таны хувьд аль салбарыг хамгийн түрүүнд технологитой хослуулах ёстой вэ?
-Монгол залуус маш бүтээлч. Тиймээс дижитал, цахим бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анхаарлаа хандуулаасай гэж хүсдэг. Финтек салбарт “Анд глобал” аль хэдийн дэлхийд гарч, араас нь старт-апууд борооны дараах мөөг шиг олширч байгаа нь сайн хэрэг. Яг үүн шиг бүгд хүч хаяж байгаад тухайлсан оновчтой санаа, компаниа дэмжин гаргаж ирэх боломжтой. Монголынхоо ирээдүйг технологийн тусламжтайгаар маш гэгээлэг, өөдрөгөөр төсөөлдөг хүн шүү дээ, би. Шинэ Зеландад Монголоороо гайхуулахтай адил биднээс суралцдаг өвөрмөц суурь платформ болгон хөгжүүлэх бүрэн боломж бий. Эстонийн и-засаглал үлгэр жишээ болдог шиг монголчууд бид технологи хэрэглэдэг үндэстэн гэдгээрээ яагаад цойлж болохгүй гэж.
-Гурван жилийн өмнө буюу “Эмпасофт” технологийн сургууль анхны элсэгчээ авч байх үеийг өнөөдөртэй харьцуулбал?
-Биднийг анх сургууль байгуулна гэхэд хамгийн ойрын хүнээс маань авхуулаад олон хүн “Боломжгүй” гэх үг хэлж, цаг хугацаа, эрч хүчээ өөр зүйлд зарцуулахыг зөвлөж байсан. Оюутан ч үгүй, анги, танхим ч үгүй байхдаа өөрсдийн бодол санааг ойлгуулах гэж олон хүний хаалга татаж явсан үеэ өнөөдөртэй харьцуулбал газар, тэнгэр шиг ялгаатай. Тухайн үед бидэнд итгэж хүүхдүүдээ даатгасан 30 эцэг, эхэд баярлалаа гэж хэлмээр байна. Хүүхдүүд маань одоо хиймэл оюун, кибер аюулгүй байдлын чиглэлээр улсаа төлөөлөн дэлхийн залуустай өрсөлдөж байна. 60 оюутантай байхад тэдний ес нь дэлхийн томоохон компани, их, дээд сургуульд солилцоогоор явж эрдэм, туршлага өвөртлөн ирж байлаа. Хэн ч мэдэхгүй байсан “Эмпасофт”-д одоо эцэг, эхчүүд “Манай хүүхэд танай сургуульд л орно гээд байна” хэмээн хүүхдэдээ чирэгдээд орж ирэх боллоо. Магадгүй таван жилийн дараа манай сургуулийг гадныхан зорьж ирдэг, Монголд дадлага хийх гэж хүсдэг болно хэмээн найдаж байна.
-Технологийг сонирхож, ирээдүйд инженер болохыг хүсэж буй хүүхдүүдэд юуг зөвлөх вэ?
-Манай найз биднийг сургууль байгуулах сургаар хүүхдээ аравдугаар ангиас нь бэлтгэсэн гээд энэ жил элсүүллээ. Мэдээж хүүхэд математикийн хоцрогдолгүй байх ёстой. Бас англи, япон хэлийг заавал судалж, хос хэлтэй төгсгөх учраас хэлэнд нь анхаарах учиртай. Манай технологийн салбарт хэлний мэдлэггүй бол хөлгүй л гэсэн үг. Дотоодын компанид ажилласан ч хэлний мэдлэг шаардлагатай. Одооноос хүүхдийнхээ гадаад хэлийг сайжруулахад хөрөнгө оруулаарай. Манай хүүхдүүд Японы кибер аюулгүй байдлын хамгийн том компанид дадлага хийх боломжтой. Япон хэлний суурь сайтай хүүхдүүд нэгдүгээр курстээ ч энэ дадлагыг хийж болно. Ер нь эцэг, эхчүүд хүүхдэдээ мэргэжил сонголтынх нь чиглэлээр маш сайн зөвлөгч нь байх учиртай.
-Японд дадлага хийх нь ямар ач холбогдолтой вэ?
-Монгол Улс хүний нөөцийн дутагдалд орчихсон юм биш л дээ. Дэлхий даяар технологийн салбар гэрлийн хурдаар хөгжиж буй учраас энэ талбарт хүний нөөц дутагдаад байгаа юм. Тиймээс Япон, Солонгосоос хэд хэдэн компани манай сургуульд хандаж, хамтарч ажиллахаар болсон. Одоо Австралийн компанитай энэ чиглэлээр хамтрахаар ярилцаж байна. Өнөө цагт хэний ч хүүхэд гадаадын компанид ажиллах боломжтой. Монгол компаниуд муу учраас гадаадад ажиллахыг санал болгоод байгаа юм биш. Манай төгсөгчдийг найртайгаар хүлээн авах бэлтгэлээ хангасан компаниудад 2-3 жил ажиллаад үзвэл тэдний нөү хау, соёлыг нь мэдчихнэ. Тэр хэрээр дотоодын компаниуддаа шаардлага тавьж хөгжүүлнэ.
-Ярилцсанд баярлалаа.