Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн давхар дээлийн асуудал олны анхаарлыг төвд ороод буй. Тодруулбал, НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43-т нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоот компанийн ТУЗ-д нийт 104 суудал эзэлж байгаа талаар албаны хүмүүс мэдээлсэн. Энэ дунд давхар бас дахин давхар дээлтэй төлөөлөгчид ч цөөнгүй. Түүний нэг нь НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан зөвлөх Ганболдын Батзориг. Тэр Хотын даргын орлогч асан Т.Даваадалайн нэгэн адил таван төрийн өмчийн компанийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажилладаг.
Нэг биш хоёр биш бүр тавын таван төрийн өмчийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажилладаг түүнийг давхар дээлтэй гэвэл “нимгэдэх” нь лавтай.
Ерөнхий сайд Н.Учрал “Төрийн өмчит зарим компанийн ТУЗ-ийн гишүүд 5-6 их наядыг хуваарилаад сууж байж болох юм уу” гэх зүйлийг хэлсэн. Мөн УИХ-ын гишүүн С.Цэлмүүн “Төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалин маш өндөр байдаг. Жишээ нь, Төрийн үнэт цаасны хэвлэл ТӨОХХК-ийн гүйцэтгэх захирал 38 сая төгрөгийн цалин авч байна. Диспетчерийн үндэсний төвийн захирал 25 сая, цахилгаан дамжуулах үндэсний төвийн захирал 20 сая төгрөгийн цалинтай байна” гэх баримтыг ч онцолж байв. Харин нөгөө талд НИТХ-ын төлөөлөгчид улиралдаа 500 мянган төгрөгийн л цалинтай гэж гомдлох нь бий.
Ганболдын Батзоригийн тухайд НИТХ-ын төлөөлөгч, олон компанийн ТУЗ-ийн гишүүн болохтой нь зэрэгцээд орлого ч хугарч, нугарч өсжээ.
Жишээ нь, 2021 онд 18 сая төгрөг байсан өрхийн орлого нь 2025 онд 100 сая төгрөг давсан байх юм. 30 сая төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай байсан бол 530 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болжээ. Дотоодын хадгаламж нь 1.8 сая төгрөгөөс 21 сая төгрөгт хүрсэн өөрчлөлт гарсан байна. Энэ хугацаанд Г.Батзориг төрийн албанд л ажилласан. Атал алтан гулдмай олсон мэт л амьдрал нь өөдлөн дэвшжээ. Хэн нэгний амьдрал дэвшин дээшилж байгаа нь сайшаалтай байлгүй яах вэ. Гагцхүү түүнд нь татвар төлөгчдийн мөнгө илтэд нөлөөлсөн бол хоржоонтой.
Г.Батзоригийн хувьд Хэнтий аймгийн Дадал сумын сургуулийг 1991-1999 оны хооронд дүүргэжээ. Улмаар Хэнтий аймгийн сургуульд суралцаж төгсөөд Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд Газрын кадастрын инженер мэргэжлээр суралцаж. Ажлын гараагаа Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Газар зохион байгуулагчаар эхэлсэн байна.
Улмаар 2020 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, Нийслэлийн Ерөнхий Архитектор зэрэг албан тушаалд дэвшин ажиллажээ.
Үүнээс Г.Батзориг Хотын дарга асан Х.Нямбаатартай нутаг ус, ажил албаны зүг чиг нэг байсныг харж болно. Энэ нь ч түүнийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер хүртэл дэвшин ажиллах гол хөшүүрэг байсныг үгүйсгэх аргагүй юм.










.jpg)
.jpg)




