Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг (ZSL) болон дэлхийн 100 гаруй шилдэг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд хамтарч “Амьд ертөнцийн тайлан”-г хоёр жил тутам эрхлэн гаргаад даруй 20 гаруй жил өнгөрчээ.              

Амьд ертөнцийн индекс нь манай гаригийн биологийн олон янз байдлын төлөв, эрүүл мэндийг нь илтгэдэг үзүүлэлт юм. Энэ индекс анх 1998 онд хэвлэгдсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн турш энэ үзүүлэлтээр дэлхий даяар олон мянган хөхтөн амьтан, шувуу, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгойг тогтоож ирлээ. Үүнийг тооцохдоо 1970 оноос хойш дор хаяж хоёр жил ажиглалт, бүртгэл хийсэн зүйлүүдийн өгөгдлийг  ашигладаг.

“Амьд ертөнцийн тайлан 2026”-д онцолсноор дэлхий даяар судлагдсан зэрлэг амьтдын тоо толгой  сүүлийн 52 жилд дунджаар 73 хувиар буурсан тоо гарчээ.

Тайланд дурдсанаар хамгийн их бууралт цэнгэг усны экосистемд хамгийн өндөр буюу 85 хувь, хуурай газарт 69 хувь, далайд 59 хувьтай байна. Зэрлэг амьтдад нөлөөлж буй хамгийн түгээмэл аюул нь амьдрах орчны хомсдол болон доройтол, хэт ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, бохирдол, түрэмгий зүйлүүд болон өвчин эмгэг орж байна. Эдгээр аюул занал нь эргээд хүнс, эрчим хүч, санхүүгийн тогтолцоон дахь өргөн хүрээний системийн доголдлоос үүдэлтэй байна.  

Гэхдээ популяциудын тал хувь нь тогтвортой, эсвэл өсөж байгаа бөгөөд бар, хөх сэрвээт туна загас, далайн ховор ногоон яст мэлхий, Өмнөд Африкийн зааны популяци эргээд сэргэж буй сайн жишээ ч байна. Өөрөөр хэлбэл, бидэнд итгэл найдвар гарч ирлээ.

Иймээс эхэлсэн системийн өөрчлөлтүүдийг илүү өргөн хүрээнд, илүү хурдацтай хэрэгжүүлж, байгальтайгаа зохицон хамтран ажиллах замаар илүү тогтвортой, шударга, тэсвэртэй дэлхийг бий болгох цаг болжээ. Бид хамтдаа амьд гараг дэлхийгээ сэргээж чадна хэмээн мэргэжилтнүүд ярьж байна.

‍