Монгол Улс дэлхийн эмэгтэй парламентчид дуу хоолойгоо хүргэх, гарц шийдлээ уралдуулах индэр болж байна. Өнөөдөр дэлхийн улс орнуудын үндэсний парламентын гишүүний 27.5 хувь нь эмэгтэйчүүд, зөвхөн 28 улсад төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байгаа нь шийдвэр гаргах бодит эрх мэдэл, нөлөөлөл тэр хэмжээнд хараахан хүрээгүй байгаагийн илэрхийлэл юм.

Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиараа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан түүхтэй. Тэр цагаас хойш бүтэн зууныг туулж 1992 онд гуравхан эмэгтэй гишүүнтэй байсан Монголын парламент өнөөдөр 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Энэ бол хамтын ололт, ардчиллын хөгжлийн бодит ахиц гэдгийг чуулганы үеэр тодотголоо. Үүний нэг жишээ нь Беларусь улсад удирдах албан тушаалтай хоёр хүн тутмын нэг нь эмэгтэй хүн байдаг нь удирдлагын алсын хараа, ухаалаг тууштай бодлогын үр дүн аж.

Дэлхийн эмэгтэй парламентчид төлөөлөл бол эцсийн цэг биш зөвхөн эхлэл. Санаачилга нь шийдвэр болдог, манлайлал нь үнэлэгддэг, эрх мэдэл хариуцлага нь бодитоор хэрэгждэг орчин хэрэгтэй.

Хүүхдийн эрх ашиг шийдвэр гаргах үйл явцын төвд байх ёстой. Жендэрийн тэгш байдал нь эмэгтэйчүүдэд зориулагдсан асуудал бус, хойч үедээ тэгш, хүртээмжтэй нийгмийг өвлүүлэхийн төлөөх хамтын зорилт учраас улс орнууд харилцан суралцаж, хамтран ажиллах хэрэгтэй. Эмэгтэйчүүд энх тайвны үйл явцын оролцогч төдийгүй түүнийг бүтээгч, манлайлагч байх ёстой гэдгийг эмэгтэй парламентчид уриаллаа.

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор болж буй чуулга уулзалтад 23 орны 80 гаруй төлөөлөгч оролцож туршлага, сургамжаа хуваалцсаар байна.

Төлөөлөл бодит нөлөөлөл болж буй Монголын парламент

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэлэхдээ “Эмэгтэйчүүд парламентад хэдэн суудал эзэлж байна гэдгээс илүүтэй тэдний дуу хоолой, оролцоо иргэдийн амьдралд чухам ямар өөрчлөлт авчирч байна гэдэг нь чухал.

Эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь зорилгодоо хүрэхэд бүрэн хангалттай биш. Харин тэдний мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал юм. Өнөөдөр Монголын эмэгтэй парламентчид хүүхдийн эрх, гэр бүлийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин зэрэг нийгмийн амин чухал асуудлаар манлайлж байна. Тухайлбал, бид Гэр бүлийн тухай хуулиа 27 жилийн дараа шинэчлэн баталж, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг баталгаажуулан бэхжүүллээ. Энэ бол төлөөлөл бодит нөлөөлөл болж буйн нэг жишээ. Парламентын баталсан хууль бүрийн цаана хүн бүрийн амьдрал бий. Хууль сайн байх эсэхийг баталсан хуулийн тоогоор бус хамгаалж чадсан хүний эрх, өөрчилж чадсан өөдрөг сайхан амьдралаар хэмжих ёстой.  

Бидэнд зөвхөн эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх бодлого хангалтгүй. Тэдний санаачилга шийдвэр болдог, манлайлал нь үнэлэгддэг, эрх мэдэл хариуцлага нь бодитоор хэрэгждэг орчин хэрэгтэй.

Эмэгтэйчүүдэд илүү их боломж олгоно гэдэг нь эрэгтэйчүүдийн боломжийг хумьж хязгаарлах асуудал биш. Харин улс орны хөгжил, хүний сайн сайхны төлөө, эмэгтэйчүүдийнхээ оюун ухаан, авьяас чадварыг бүрэн ашиглах тухай юм. Энэ бол зөвхөн жендэрийн асуудал биш. Энэ бол ардчиллын чанар, сайн засаглал, хөгжлийн асуудал.

Өнөөдрийн чуулганаар бид зөвхөн санал солилцоод өнгөрөх бус улс бүр дээр хэрэгжүүлж болох бодит шийдэл, хамтын санаачилгатай буцах учиртай. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, тэдний манлайллыг шийдвэр гаргах бодит эрх мэдэлтэй хэрхэн холбох, эмэгтэй парламентчдын санаачилгыг иргэдийн амьдралд хүрэх үр дүн болгон хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн асуултад бодит хариу өгөх нь бидний хамтын зорилго байх ёстой. Төлөөлөл бол боломж, нөлөөлөл бол хариуцлага. Харин бодит өөрчлөлт бол ард түмний итгэлийг ажлын үр дүнгээр хариулж байгаа хэрэг юм” гэлээ.

Бодит нөлөө эв нэгдэл, түншлэл, итгэлцлэлээр бий болдог

Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, шийдлийг 20 гаруй орны төлөөлөл хамтдаа хэлэлцэх чуулга уулзалтын бүгд хуралдааныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга А.Ундраа нар чиглүүллээ.

Б.Батцэцэг сайд уулзалт бүр нийгмийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн үүрэг, оролцооны талаарх дэлхий нийтийн өрнүүлж буй яриа хэлэлцүүлэгт шинэ өнгө, агуулга нэмсэн гэдгийг тэмдэглээд “Учир нь парламент бол хүсэл эрмэлзэл хууль тогтоомж болон хэрэгжиж, амлалт, үүрэг хариуцлага, төрийн бодлого болж, хамтын шийдвэр гаргалтад ирээдүйг тодорхойлдог газар. Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах үйл явцад бүрэн тэгш оролцуулах үүрэг амлалтыг улс орнууд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас авснаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Түүнээс хойш парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 2 дахин нэмэгдсэн байна. Өнөөдөр биднийг бахархаж буй олон амжилтын ард өөрсдөд нь тулгарсан хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан эмэгтэйчүүдийн хүчин чармайлт бий.

Гэвч эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь эцсийн зорилго биш, зөвхөн эхний алхам.

Ахиц дэвшлийг бодитоор хэмжих шалгуур нь эмэгтэйчүүдийн дуу хоолой нийгмийг тодорхойлох шийдвэрт хүрч, сонсогдож, хүндлэгдэж, тусгалаа олж байгаа эсэхээр тодорхойлогдоно” гэлээ. Тэрбээр ноосыг ус шүршин нягтруулж, олон хүний гараар элдэн тал нутгийн хатуу ширүүн өвлийг тэсвэрлэхүйц бат бөх эсгий болгодог шиг нийгэмд бодит нөлөө үзүүлэх хүчийг мөн адил бүрддэг хэмээн зүйрлэсэн. Чадварлаг, шийдэмгий ганц парламентч хууль тогтоомжийг өөрчлөх, төсвийн бодлогыг шинэчлэх, тогтолцоог дангаараа өөрчлөх нь ховор. Харин бодит нөлөө эв нэгдэл, түншлэл, итгэлцлэлээр бий болдог. Эмэгтэй парламентчид бие биеэ дэмжиж, улс төрийн үзэл баримтлалын ялгааг даван гүүр болж, эрэгтэйчүүд жендэрийн эрх тэгш байдлын төлөөх үйл хэрэгт хамтрагч болж, өөр өөр улс орны парламентчид нийтлэг зорилгын төлөө нэгдэх үед энэхүү нөлөө улам бэхэжнэ. Энэхүү чуулга уулзалт бидний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, Улаанбаатараас буцсаны дараа ч олон жилийн турш үргэлжлэх шинэ түншлэлийг бий болгоно гэдэгт итгэж, найдаж байна. Монгол Улсын нээлттэй, энхийг эрхэмлэсэн, дэлхий нийтэд чиглэсэн гадаад бодлогын үзэл санааны хүрээнд энд тогтоосон нөхөрлөл, харилцаагаар улам өргөжин бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн бүгд хуралдааны индрээс Г.Батцэцэг сайд хэллээ.

УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлгийн дарга А.Ундраа “Дэлхийн улс орнууд эмэгтэй парламентчид удирдах алба хашиж, үр дүн гаргаж, хариуцлагатай ажиллахад онцгой ач холбогдол өгч байна. Эмэгтэйчүүдийн оролцоог зөвхөн тоогоор биш шийдвэр гаргах түвшинд хэрхэн оролцож байгаа бодит хэрэгжилтээр харах учиртай.

Манай улсад эмэгтэйчүүд байнгын хороо, гүйцэтгэх засаглал гээд хариуцлагатай албанд эрчүүдтэй эн зэрэгцэн ажиллах бүрэн нөөц бололцоо бий. Мөн Сангийн сайд, Хотын даргаар эмэгтэй хүн ажиллаж байж харьцуулж харах дататай болно. Цаашлаад 2028 онд хэрэгжих 40 хувийн квот бол тааз биш босго гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын хүн амын 50 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдийн төлөөллийн дуу хоолой бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд тусгалаа олж байж шударга ёс, хүний эрх бодитоор хэрэгжинэ” гэлээ.

World women: Дэлхийн улс орнуудын тэргүүн туршлага

Хорват Улсын парламентын дэд дарга С.Гласовак: Эмэгтэйчүүдийн туршлага шийдвэр гаргах үйл явцын нэг хэсэг болсон үед ардчилал илүү төгөлдөр болдог

- Африкийн эртний нэгэн зүйр үг байдаг. “Эрэгтэй хүнийг сургавал нэг хүнийг боловсролтой болгоно. Харин эмэгтэй хүнийг сургавал нэг үндэстнийг боловсролтой болгоно” гэсэн үг бий. Гэвч олон охид боловсрол эзэмших боломжгүй хэвээр байна. Охид нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцсоноор нэгэн өдөр нийгмийн удирдах боломжтой болох юм. Бидний туршлага, үзэл бодол боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, эдийн засаг, аюулгүй байдал, энх тайван, нийгмийн шударга ёсны асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр туршлага шийдвэр гаргах үйл явцын нэг хэсэг болсон үед ардчилал илүү төгөлдөр болдог. Бидний бие биедээ өгч чадах хамгийн том давуу талуудын нэг бол эв санааны нэгдэл юм. Нэг эмэгтэйн амжилтыг онцгой тохиолдол гэж үзэх ёсгүй. Харин дараагийн эмэгтэйд амжилтад хүрэх замыг илүү хялбар болгох ёстой.

Уганда Улсын парламентын дэд дарга Т.Таебва: Төлөөлөл бол зөвхөн эхлэл

- Төлөөлөл бол зөвхөн эхлэл юм. Парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийг хангах нь чухал хэдий ч ахиц дэвшлийг хэмжих хамгийн чухал үзүүлэлт бол эмэгтэйчүүд ард иргэдийнхээ амьдралд нөлөөлөх хууль тогтоомж, бодлого шийдвэрийг боловсруулахад бодитой нөлөө үзүүлж чадаж байгаа эсэх явдал юм. Уганда улс эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэх зорилтот алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд олон эмэгтэй парламентын гишүүнээр сонгогдон хууль тогтоох, хяналт тавих, ард иргэдээ төлөөлөх үйл ажиллагаанд оролцох боломж бүрдсэн. Парламентаас гадна эмэгтэйчүүд Засгийн газрын танхим болон төрийн бусад өндөр албан тушаалд ажиллах боломжтой болсон. Тэдгээр албан тушаалд эмэгтэйчүүд улс орон болон дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах шийдвэр гаргаж, тэдгээрийг хэрэгжүүлж байна.

Өнөөдөр манай улсын дэд ерөнхийлөгч болон Ерөнхий сайдаар эмэгтэй хүн ажиллаж байна. Засгийн газрын бусад өндөр албан тушаалд ч эмэгтэйчүүд ажиллаж байна. Гэхдээ бид эмэгтэйчүүдэд илүү өргөн боломж олгох ёстой. Мөн эмэгтэйчүүд улс орны болон дэлхий нийтийн бодлого, зорилт, асуудлыг тодорхойлоход бодитой үр нөлөөтэй оролцож байгаа эсэхийг байнга асууж, үр дүнг нь үнэлж дүгнэх хэрэгтэй.

Бүгд Найрамдах Азербайжан Улсын парламентын гишүүн Парвана Валиева: Эмэгтэйчүүд боловсролтой, мэдлэгтэй, бие даасан байх хэрээр нийгэм илүү хүчирхэг болдог

-Исламын шашинт улс орнуудаас хамгийн анх буюу 1918 онд Азербайжаны эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхтэй болсон. Мөн 100 гаруй жилийн өмнө Баку хотод исламын ертөнцийн охидод зориулсан анхны иргэний боловсролын сургууль байгуулагдсан. Энгийн гэмээр эдгээр амжилт нь хүчирхэг зарчмын илэрхийлэл болдог. Эмэгтэйчүүд боловсролтой, мэдлэгтэй, бие даасан байх хэрээр нийгэм илүү хүчирхэг болдог. Өнөөдөр азербайжан эмэгтэйчүүд улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд улам бүр идэвхтэй оролцож байна. Манай улсын хувьд жендэрийн тэгш байдал нь зөвхөн бодлогын тэргүүлэх чиглэл төдийгүй Үндсэн хуулиар баталгаажсан зарчим. Энэхүү зарчим хууль тогтоомж, институцийн тогтолцоо бодитой хэмжиж болохуйц оролцоогоор дамжин хэрэгжиж байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад зөвхөн төлөөллийг нэмэгдүүлэх бус, эмэгтэйчүүдийг хамгаалсан эрх зүйн орчин, гэр бүлд ээлтэй хөдөлмөрийн бодлого, хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалтын эсрэг үр нөлөөтэй арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ туршлагаар эмэгтэйчүүдийг хөгжил, аюулгүй байдал болон шийдвэр гаргах үйл явцад бодитой оролцуулах нь илүү хүртээмжтэй, тэсвэртэй нийгмийг бүтээх үндэс.

Беларусь улсын удирдах албан тушаалтай хоёр хүн тутмын нэг нь эмэгтэй

Беларусь улсын Үндэсний Ассамблейн Бүгд Найрамдах Улсын зөвлөлийн Байнгын комиссын дарга Наталья Павлюченко:

- Эмэгтэйчүүдийг зөвхөн тоон төлөөллөөр бус, улс орны хөгжил, стратегийн шийдвэр гаргалт болон дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйл явцад эрэгтэйчүүдтэй эн тэнцүү оролцуулах нь тогтвортой, аюулгүй ирээдүйн үндэс. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага дахь эмэгтэйчүүдийн төлөөллийн тоогоороо Беларусь улс бүс нутагтаа тэргүүлж байна. Парламентын анхдугаар бүрэн эрхийн хугацаанд бүрэлдэхүүний 14 хувийг л эмэгтэй гишүүд эзэлж байсан бол өнөөдөр 33 хувьд хүрсэн. Эмэгтэй парламентчид Байнгын хороодыг даргалж, хууль тогтоох чухал санаачилгуудыг удирдан хэрэгжүүлж, улсын төсөв болон нийгмийн бодлогыг боловсруулахад идэвхтэй оролцон, улс орныхоо ирээдүйг тодорхойлох, стратегийн шийдвэрүүдийг гаргахад хувь нэмрээ оруулдаг.

Төрийн албан хаагчдын дээд шатны удирдах албан тушаалтнуудын 57 хувь, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийн 48 хувь, шүүгчдийн 67 хувийг эмэгтэйчүүд байгаа.

Сүүлийн 5 жилийн хугацаанд эмэгтэй бизнес эрхлэгчдийн эзлэх хувь 42 хувьд хүрсэн. Удирдах албан тушаалтай хоёр хүн тутмын 1 нь эмэгтэй хүн байдаг нь удирдлагын алсын хараа, ухаалаг тууштай бодлогын үр дүн.  

Бурунди Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Буссессия Нкезимана: Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих хөрөнгө оруулалтыг тууштай дэмжих нь үр дүнтэй

-Эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшний оролцоо нь зөвхөн жендэрийн эрх тэгш байдлыг хангахаас гадна ардчилал, сайн засаглал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл. Иймд эмэгтэйчүүдийн оролцоонд саад болж буй уламжлалт хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхлыг арилгаж, тэдний манлайллыг дэмжих хөрөнгө оруулалтыг тууштай дэмжих нь үр дүнтэй.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Үндсэн хууль, хууль зүйн хорооны гишүүн Ли Юйпин:

-Эмэгтэйчүүдийн боловсрол, манлайлал, бодлого боловсруулах чадавхыг хөгжүүлэх замаар шийдвэр гаргах түвшний бодит оролцоог нэмэгдүүлэх нь тогтвортой хөгжлийн чухал нөхцөл болдог. Цаашид бүх улс оронтой хамтран эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, бүх талын хөгжлийг ахиулж, илүү хүртээмжтэй, үр нөлөөтэй дэлхийн засаглалыг бий болгоход БНХАУ зохих хувь нэмэр оруулахад бэлэн байна.

Хорват Улсын Парламентын дэд дарга Сабина Гласовак: Жендэрийн хэвшмэл ойлголт, асаргаа халамжийн ачааллыг арилгах шаардлагатай

-Эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гаргасан хэдий ч зөвхөн тоон үзүүлэлт бус, шийдвэр гаргах үйл явцад бодит нөлөө үзүүлэх оролцоог хангах нь хамгийн чухал зорилт хэвээр байна. Үүний тулд хууль эрх зүйн зохицуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ жендэрийн хэвшмэл ойлголт, нөөц боломжийн тэгш бус байдал, асаргаа халамжийн ачаалал зэрэг эмэгтэйчүүдийн манлайлалд саад болж буй бэрхшээлүүдийг арилгах шаардлагатай.

Мөн жендэрийн тэгш байдлыг хангах нь зөвхөн эмэгтэй парламентчдын бус, улс төрийн намууд, төрийн байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын үүрэг хариуцлага бөгөөд олон улсын туршлага, хамтын ажиллагаа нь бодит ахиц дэвшлийн чухал хөшүүрэг болно.

БНЭУ-ын Лок Сабха танхимын гишүүн Кумари Сельжа:

-Аливаа шийдвэр гаргалтыг оролцоонд суурилсан, иргэдийн хэрэгцээнд нийцсэн болгохын тулд эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхыг бэхжүүлэх сургалт, дэмжлэгийн бодлогоор дэмжиж байна. Эмэгтэйчүүдийн төлөөлөл, нөлөөллийг бүх түвшинд нэмэгдүүлэх нь ардчиллыг бэхжүүлэх, нийгмийн хөгжил, тэгш байдлыг хангах чухал хүчин зүйл болдог.

Итали улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Аннарита Патриарка:

-Манай улс түүхэнд анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болсон нь жендэрийн тэгш байдлын хувьд чухал ахиц хэдий ч асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг биш. Олон төлөөлөгчийн дурдаж байсанчлан эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхийн сацуу гэр бүлийн асаргаа, халамжийн үүргийг гүйцэтгэж, бие махбодын болон эдийн засгийн, цахим хүчирхийллийн эрсдэлтэй тулгарсаар байна. Гэсэн ч эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд тэгш эрхтэйгээр оролцох, удирдах албан тушаалууд олноороо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг хэлээд үүний тулд улс орнууд хамтран ажиллах хэрэгтэй.

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Такако Сүзүки: Хүүхдийн эрх ашиг шийдвэр гаргах үйл явцын төвд байх ёстой

-Дэлхийн хүн болох мөрөөдөлтэй 10 настай охин анх Монгол Улсад хөл тавьж байсан бол өнөөдөр парламентчийн хувиар улс орноо төлөөлөн Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож байна. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцооны төлөөллийг бодит нөлөө үзүүлэх чадвартай болгон хөгжүүлэх шаардлагатай. Хүүхдийн эрх ашиг шийдвэр гаргах үйл явцын төвд байх ёстой. Мөн жендэрийн тэгш байдал нь эмэгтэйчүүдэд зориулагдсан асуудал бус, хойч үедээ тэгш, хүртээмжтэй нийгмийг өвлүүлэхийн төлөөх хамтын зорилт учраас улс орнууд харилцан суралцаж, хамтран ажиллах хэрэгтэй.