(2-р хэсэг)    

АНУ-ЫН ТӨВ АЗИЙН БҮС НУТАГТ БАРИМТЛАХ СТРАТЕГИЙН ҮНДСЭН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

АНУ Төв Азийн 5 улс болох Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг бөгөөд сүүлийн 30 гаруй жилийн турш Төв Азийн улсуудын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжин тууштай хамтран ажиллаж байна. Төв Азийн бүс нутаг бол Европ, Азийн соёл иргэншлийн стратегийн болон худалдааны огтлолцол байсаар ирсэн. АНУ-ын хувийн хэвшлийн корпорациуд тус бүс нутгийн худалдааны салбарт 31 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийж орон нутагт олон мянган шинэ ажлын байр бий болгосон.

Узбекистан улс 10 жилийн хугацаанд АНУ-аас 100 гаруй тэрбум долларын худалдан авалт хийж хөрөнгө оруулахаар тохиролцсон. Харин Казахстан улсын хувьд АНУ-тай 17 тэрбум долларын арилжааны гэрээ байгуулсан. Узбекистанаас АНУ-д хийх хөрөнгө оруулалт, худалдан авалт нь чухал ашигт малтмал, нисэх онгоц, автомашины эд анги зэрэг аж үйлдвэрийн салбаруудад чиглэх тухай Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж ирэх 3 жилийн хугацаанд 35 тэрбум долларын гүйлгээ хийгдэх тухай мэдэгдсэн.

АНУ-ТӨВ АЗИЙН УЛСУУДЫН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

C5+1 дипломат платформын хүрээнд АНУ-Төв Азийн улсууд (C5) Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. 2015 онд Узбекистаны Самарканд хотод зохион байгуулагдсан Гадаад хэргийн сайд нарын анхдугаар уулзалтаас хойш C5+1 хамтын ажиллагааны платформ нь Төв Азийн 5 улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчмын үндсэн дээр АНУ-Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлсэн. C5+1 хамтын ажиллагааны платформын хүрээнд АНУ-Төв Азийн улсууд эдийн засаг, эрчим хүч, аюулгүй байдал гэсэн гурван тулгуурт хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна. C5+1 чухал ашигт малтмалын яриа хэлэлцээний хүрээнд геологийн хайгуул, судалгаа, уул уурхай, боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах боломжууд, ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна.

2024 оны 2-р сард АНУ-ын талаас геологийн хайгуулын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уул уурхай, боловсруулах хөрөнгө оруулалтыг татах, Төв Азийн ашигт малтмал, баялгийг АНУ-ын зах зээлтэй холбох зорилгоор C5+1 Чухал ашигт малтмалын яриа хэлэлцээг санаачлан эхлүүлсэн. Ийнхүү Казахстан, Узбекистан улсууд АНУ тэргүүтэй Ашигт малтмалын аюулгүй байдлын түншлэлийн форумд нэгдсэнээр БНХАУ-аас хараат бус ханган нийлүүлэлтийн илүү уян хатан сүлжээг бий болгох амлалтаа илэрхийлсэн чухал алхам болсон. Төв Азийн бүс нутагт уран, хромит, зэс, титан, алт, сурьма зэрэг АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой ашигт малтмалын нөөц, газрын ховор элемент болон бусад стратегийн ач холбогдолтой металлын шинээр нээгдэж буй ордууд байдаг. Уул уурхайн салбар нь Казахстаны ДНБ-ий 17 орчим хувь, Узбекистаны ДНБ-ий 8 хувийг бүрдүүлдэг бөгөөд бүс нутгийн 2 том эдийн засгийн гол тулгуур багана хэвээр байна.

Төв Азийн бүс нутгийн хамгийн том эдийн засагтай Казахстан улс 2024 оны байдлаар 23,270 тонн буюу дэлхийн нийт үйлдвэрлэлийн 39 хувийг үйлдвэрлэж ураны нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Тус улс уул уурхайн хайгуулын зардлаар бүс нутагтаа тэргүүлж 2025 онд 127 сая долларт хүрч сүүлийн 10 жилийн хугацааны дээд хэмжээнд хүрсэн бөгөөд үүний бараг тал хувь нь зэсийн төслүүдэд чиглэж байна. Харин Узбекистаны хувьд 2024 онд вольфрам, лити, германий агуулсан шинэ орд газрууд болон газрын ховор элементийн баялаг нөөцтэй 14 ордыг нээж илрүүлсэн. Харин Тажикистан улс сурьмагийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж дэлхийн нийт ханган нийлүүлэлтийн 15 хувийг бүрдүүлж байна.

Төв Азийн бүс нутгийн хувьд хэдийгээр чухал ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурийг эзэлж буй ч ашигт малтмалын экспортын дийлэнх хэсэг нь БНХАУ, ОХУ-руу чиглэсэн хэвээр буйг төрөлжүүлэх шаардлага үүсч байна. Тус бүс нутагт ашигт малтмалын үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Казахстаны хувьд нийт ашигт малтмалын экспортынхоо 27 хувийг БНХАУ руу, 16 хувийг ОХУ руу нийлүүлдэг бол АНУ ердөө 5 хувийг л эзэлж байна.

2022 онд ОХУ Украин руу довтлохоос өмнө Төв Азийн улсууд эрчим хүчний нөөц, ашигт малтмалыг дэлхийн зах зээл рүү нийлүүлэхийн тулд ОХУ-аар дамжин Хар тэнгис, Балтийн тэнгисээр дамждаг Хойд коридорт тулгуурлаж байсан. Харин Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа Төв Азийн засгийн газрууд Хятадыг Төв Ази, Өмнөд Кавказаар дамжуулан Европын зах зээлтэй холбосон худалдааны зам болох Дундад коридорыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж эхэлсэн. Тус коридорын дамжин өнгөрөх хугацаа нь 16-20 хоног байна. Харин Хойд коридорын дамжин өнгөрөх хугацаа нь 14-18 хоног байв. 2024 онд АНУ-ын Төрийн Департамент Казахстаны Үндэсний Геологийн Судалгааны Алба болон Узбекистаны Засгийн газартай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. 2025 оны хавар Европын холбоо “Global Gateway” санаачилгын хүрээнд Төв Азийн 5 улсын хайгуул, чухал ашигт малтмалын олборлолтыг дэмжих зорилгоор 2.9 тэрбум доллар зарцуулсан.

Зүүн-Баруун тээврийн гол маршрутууд

Photo credit: CSIS.org

ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ АНУ-ТӨВ АЗИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ ХУУДСЫГ НЭЭЖ БАЙНА

Казахстаны нийслэл Астана хотод 2026 оны 6-р сарын 10-ны өдөр чухал ашигт малтмалын сүлжээ, хөрөнгө оруулалт, технологийн хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Төв Азийн улсууд болон АНУ-ын өндөр албан тушаалтнуудын оролцоотойгоор C5+1 чухал ашигт малтмалын яриа хэлэлцээг зохион байгуулсан.

Photo credit: The Astana Times

           Тус яриа хэлэлцээг нээж Казахстаны Аж үйлдвэр, барилгын сайд Ерсайн Нагаспаев “Чухал ашигт малтмал нь дэлхийн технологийн шилжилт, аж үйлдвэрийн шинэ архитектурын үндэс болж байна” гэж мэдэгдсэнийг онцлох нь зүйтэй. Түүнчлэн тэрээр “Төв Азийн бүс нутаг ашигт малтмалын баялаг нөөц, өсөн нэмэгдэж буй аж үйлдвэрийн чадавхи, дэлхийн томоохон зах зээлийн огтлолцолд орших стратегийн байршилтай” болохыг онцлон тэмдэглэсэн. Нагаспаевын мэдэгдсэнээр Казахстаны байгалийн нөөцөд 9500 гаруй орд газар, түүний дотор газрын ховор метал агуулсан 100 гаруй орд газар багтдаг болохыг мэдэгдсэн. Казахстанд 2018 оноос хойш геологийн хайгуулын хөрөнгө оруулалт 3 дахин нэмэгдэж 1 тэрбум долларыг давсан тухай Нагаспаев онцолсон. Тэрээр мөн Казахстаны Дундад коридор гэгддэг Транс-Каспийн олон улсын тээврийн замыг хөгжүүлэх хүчин чармайлтыг онцлон тэмдэглэсэн.

           Тус яриа хэлэлцээний үеэр АНУ-ын Өмнөд, Төв Азийн асуудал эрхэлсэн тусгай элч Сержио Гор АНУ-ын гадаад бодлого, эдийн засгийн бодлогод Төв Азийн бүс нутаг чухал ач холбогдолтой болохыг онцолсон.

Казахстаны Аж үйлдвэр, барилгын сайд Ерсайн Нагаспаев яриа хэлэлцээг нээж үг хэлэв.

Photo credit: The Astana times

Дэлхий даяар өрнөж буй чухал ашигт малтмалын төлөөх өрсөлдөөн нь Монгол Улсад АНУ, Төв Азийн улсуудтай харилцах эдийн засгийн харилцаагаа шинэ шатанд гаргах боломжийг бүрдүүлж байна.

1.     Буцалтгүй тусламж гуйх бус харилцан ашигтай хэлэлцээр хийх: Монгол Улс өөрийн ашигт малтмалын баялгийг АНУ, БНСУ-ын нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг нөхөх “стратегийн шийдэл” болгон танилцуулах

2.     Идэвхтэй лобби бүлгийг дэмжих: Вашингтон, Сөүлд Монголын ашигт малтмалын нөөц баялаг, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаарх ойлголтыг танилцуулж АНУ, БНСУ-ын шийдвэр гаргагчдад танилцуулах, тэдний анхаарлыг татах бодит ажлуудыг хэрэгжүүлэх

3.     Дотоодын эрх зүйн орчноо сайжруулж, шинэчлэлийг эрчимжүүлэх: Монгол Улсын хувьд Казахстан, Узбекистантай адил хэмжээнд хөрөнгө оруулалт татахын тулд дотоодын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноо ил тод танилцуулах шаардлагатай.

4.     Олон нийт болон төрийн бодлого боловсруулах түвшинд чухал ашигт малтмалын ач холбогдол, хөрөнгө оруулалтын орчны ил тод байдлыг нээлттэй хэлэлцүүлэх

Төв Азийн туршлагаас дүгнэхэд их гүрнүүдийн энэхүү шинэ тоглоомд Монгол Улс өөрийн байр сууриа хамгаалж, ашиг сонирхлоо идэвхитэй илэрхийлэхийн тулд дээрх бодлогын шийдлүүдийг төрийн бодлого боловсруулах түвшинд хэлэлцэх зүй ёсны шаардлага үүсч байна.