Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томилоод буй. Зунжин бензин олохоор шогшсон Г.Дамдиннямын чадал барагдав уу эс бөгөөс галыг авч, гадагш дотогшоо зав чөлөөгүй гүйсэн түүнийг чамласан уу өөр салбараас дэд сайд залж ирсэн нь энэ.

Б.Мөнхтамирыг уул уурхайн томоохон төсөлд бизнесийн үйл явц, удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатайгаас гадна төрийн өмчит компанийн удирдлага, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан арвин туршлагатай нэгэн гэж тодорхойлжээ. Гэтэл түүнийг томилохтой зэрэгцээд шатахууны үнэ 550 болж өсөв. Өнөөх урт дараалал ч бахь байдгаараа.

Нөхцөл байдал цааш улам хүндэрч мэдэх тухай ч шинэхэн дэд сайд мэдэгдэнэ лээ. Тэрээр “Оны сүүл буюу 11, 12 дугаар сард орж ирэх шатахууны нийлүүлэлт багасах төлөвтэй байгаа. Бид бусад улстай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Бидний хувьд шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох нь хамгийн чухал байгаа. БНХАУ, Сингапур, Малайз, БНСУ-тай хэлцэл явагдаж байгаа” гэсэн юм.

Товчхондоо, Г.Дамдиннямыг Б.Мөнхтамираар орлуулсан ч шатахууны хомсдол, урт дараалал, үнийн өсөлтөд өөрчлөлт гарахгүй гэдэг нь тодорхой болов. Ерөөс Засгийн газарт өдөр хоногийг аргацаахаас өөр урт хугацаа, алсыг харсан шийдэл алга.

Хөөрхий монголчууд өдөр нь түгжрэлдээ шөнө нь бензиндээ оочирлосоор. "Орондоо ч орох завгүй, олзлон булаалдаж" асан монголчууд 21 дүгээр зуунд орондоо ч орох завгүй шатахуунд оочирлосоор бор хоног, шар нарыг угтсаар өвлийг барах давах бололтой.

‍