Тайландад болсон "Miss Grand International 2026" тэмцээнд Монгол Улсыг Amber Yuhan гэх Хятад эмэгтэй төлөөлөн оролцлоо. Хятад эмэгтэйг яаралтай тэмцээнээс татуулах асуудлаар Х.Бадамгэрэл нарын моделиуд байр сууриа илэрхийлж төрийн байгууллагад хандсан. Цахим орчинд ч түүнийг эсэргүүцсэн давлагаа үүссэн. Ингэж олны анхааралд оруулсны хүчинд Гадаад харилцааны яамнаас бичиг явуулсан. Гэсэн ч ямар ч үр дүн гаргаж чадалгүйгээр тэмцээнийг өндөрлүүллээ.

Энэ тухай Монгол Улс Тайландын хаант улсад Элчин сайдын яам “Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2026 оны 9 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 10-ны өдөр болж буй “Miss Grand International-2026” тэмцээнд гадаад улсын иргэн Монгол Улсын нэрээр оролцож байгаатай холбогдуулан Элчин сайдын яам энэ тэмцээнийг зохион байгуулж буй Чингэхдээ нэгдүгээрт, дээрх оролцогч нь Монгол Улсын иргэн биш, хоёрдугаарт, манай улсаас “Miss Grand International-2026” тэмцээнд оролцуулахаар шалгаруулж тодорхойлсон нэг ч оролцогч байхгүй тул Монгол Улсын нэр, туг далбаа, үндэсний хувцас хэрэглэлийг ийнхүү дур мэдэн хэрэглэж байгааг даруй зогсоож, шаардлагатай тайлбар, мэдэгдэл хийхийг шаардсан.      

Зохион байгуулагчид манай талаас тавьсан шаардлагыг хүлээж авснаа мэдэгдэхийн зэрэгцээ эл оролцогчийн иргэншил, харьяаллыг баталгаажуулах, энэ хүрээнд холбогдох бичиг баримтад дотоод хяналт шалгалт хийж байгаа бөгөөд бидэнд албан ёсны дүгнэлт хариуг ирүүлнэ хэмээсэн боловч өнөөдрийг хүртэл энэ дүгнэлт хариу ирээгүй байна” гэсэн юм.

Харин Гадаад харилцааны сайдын зүгээс тэмцээн дууссан эсэхийг ч сайтар мэдэхгүй байгаа нь хэр зэрэг сэтгэл гаргаж ажилласныг нь илэрхийлэх шиг. Тэрээр өнөөдөр хэвлэлүүдэд илэрхийлсэн байр суурьтаа “БНХАУ-ын мисс Монгол Улсын нэрийг ашиглаж тэмцээнд оролцсон асуудлыг чадлаараа хөөцөлдсөн. Харамсалтай нь тухайн компани бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Тэмцээн дуусчихсан уу. Анхааръя гэсээр тэмцээн дуусгалаа. Бид зүгээр орхихгүй, үргэлжлүүлээд хөөцөлдөнө. Тайландын Засгийн газар энэ компанидаа хариуцлага тооцно байх гэж найдаж байна” гэв.

Миссийн тэмцээн зохион байгуулсан Бангкокийн “Miss Grand International Public Limited Company” гэх хувийн хэвшлийн ёс зүйгүй үйлдэлд Гадаад харилцааны сайдын “гар” хүрч чадсангүй. Товчхондоо, Монгол үндэсний дээл хувцсаар гоёсон, хамгийн гол нь Монголыг төлөөлөн тууз зүүн оролцсон эл Хятад миссийг манай Гадаад харилцааны яам тайзнаас буулгаж хүчирхсэнгүй. Өнөөх дэлхийд гайхагдсан гадаад харилцааны сайдын маань нэр нүүрийг нэг хувийн хэвшлийн зохион байгуулсан миссийн тэмцээн л дүгнэчхэв бололтой.

‍