УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Мутацад орсон сонгуулийн клиентелизм ба төрийн хүч нөөцийг урвуугаар ашигласан нь” нийтлэлийг 2020 оны сонгуулийн үеэр бичиж, эрх баригчид төсвийн мөнгийг малчдад тарааж буйг хүчтэй эсэргүүцэж байв. Парламентын гадна байхдаа ийн байр сууриа илэрхийлж, сонгогчдын саналыг худалдан авдаг ажиллагаатай эвлэрч болохгүйг илэрхийлж байсан тэрбээр Санал худалдан авалтын эсрэг анхдагч хуулийн төсөл санаачилснаа олон нийтээр хэлэлцүүлж, танилцуулж байна. Энэ удаагийн ээлжит хэлэлцүүлгийг Монгол дахь Конрад-Аденауэрын сангийн суурин төлөөлөгчийн газар зохион байгуулсан бөгөөд тус сангийн суурин төлөөлөгч Зөрөн Зойка үг хэлэхдээ ардчилсан нийгмийн тулгуур болсон сонгууль нь зөвхөн чөлөөт төдийгүй шударга байх ёстойг онцлов. Мөн зочин судлаач Б.Эрдэнэдалай “санал худалдан авалт” хэмээх ойлголтын тодорхойлолт, олон улсын зарим туршлага, Монгол дахь өнөөгийн бодит байдал болон өнгөрсөн хугацаанд гарсан сөрөг, буруу практикуудын талаар мэдээлэл хүргэлээ.

Зочин судлаач Б.Эрдэнэдалай

Санал худалдан авалтын эсрэг хуулиар санал худалдан авалтыг зөвхөн сонгуулийн жилд бус, бүхий л цаг үед хориглож, тойргоо үргэлж усалж, тойглодог явдлыг таслан зогсоох гэнэ. Улмаар төрийн болон орон нутгийн байгууллагын хөрөнгө, нөөц буюу улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгө, нөөц, тусгай сан, мэдээлэл, мэдээллийн сан, дэд бүтэц, ажилтан, албан харилцааны суваг, ажил, үйлчилгээг санал худалдан авах зорилгоор ашиглахыг хязгаарлах нь эл хуулийн зорилго юм байна.

Тухайлбал, уг төслийн 8.1.2-т “УИХ ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх 12 сарын хугацаанд сонгогчийн тодорхой бүлэгт шууд чиглэсэн, эсхүл нийтэд хамаарах  мөнгөн олголт, халамж, тэтгэмж, татаас, хөнгөлөлт, урамшуулал, нэг удаагийн дэмжлэг, зээл болон зээлийн хөнгөлөлт, өр төлбөрийг тэглэх буюу чөлөөлөх арга хэмжээг шинээр бий болгох, дүн, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хууль тогтоомж санаачлах, хэлэлцэх, батлахгүй байх” хэмээн тусгажээ.

Уг нь хүчин төгөлдөр үйлчилж буй УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38, 48 дугаар зүйлд санал татах зорилготой үйлдлийг хориглосон зохицуулалт бий ч хэрэгжилт, үр нөлөө нь муу байна гэж үзсэн учраас анхдагч хуулийн төсөл боловсруулсан аж.

38.3. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:
38.3.1. мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;
38.3.2. уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;
38.3.3. зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;
38.3.4. иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;
38.3.5. ажлын байранд зуучлах, ажилд оруулах;
38.3.6. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиас

Тодруулбал, өдгөө Сонгуулийн хууль тогтоомж зөрчих, санал худалдан авалт хийсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох зохицуулалттай. Мөн Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлд сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж худалдан авахыг гэмт хэрэгт тооцохоор заасан. Гэвч аль алиных нь хэрэгжилт хангалтгүйг тэрбээр онцолж буй.

2024 онд цагдаагийн байгууллагад сонгуулийн жил эхэлснээс хойш нийт 1260 гомдол ирснээс гэмт хэргийн шинжтэй 473 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 292 буюу 61.7 хувийг хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзжээ.

Тэгвэл тус хуулийн төсөлд санал худалдан авалтыг тогтоох, шалгах ажиллагааг “сонгуулийн авлига” гэдэг агуулгаар нь Авлигатай тэмцэх газарт хариуцуулан, Эрүүгийн хуулиар хариуцлага тооцохоор тусгасан байна. Одоогоор энэ төрлийн хэргийг тагнуулын байгууллага шалган шийдвэрлэх зохицуулалттай байгаа бөгөөд эл үйл явц нь тухайн байгууллагын онцлогоос шалтгаалан хаалттай явагддагийг хууль санаачлагч тэмдэглэв.

17.1 дүгээр зүйл. Сонгуулийн хуулийг зөрчих

16. Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор:
16.1. бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн;
16.2. нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн;
16.3. сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулсан, амралт, сувилалд амраасан, сувилуулсан;
16.4. ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн;
16.5. хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр бусдад давуу байдал олгосон, амлалт өгсөн, эсхүл тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
Зөрчлийн тухай хуулиас
‍