Сэтгэцийн эрүүл мэндийн олон улсын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 10-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан “Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж” олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл (MHFA Mongolia)-ийн удирдагч Э.Мөнхзул, Б.Халиунаа нартай ярилцлаа.

-Юуны түрүүнд, сэтгэл зүйн эрүүл мэнд ба сэтгэцийн эрүүл мэнд гэсэн хоёр нэршил ижил ойлголт уу, эсвэл ялгаатай юу гэдгийг та бүхнээс тодруулъя.

Э.Мөнхзул

Э.Мөнхзул: -Энэ нэршлийг хүмүүс их андуурдаг юм билээ. Үнэндээ би энэ хоёр ойлголтын нарийн ялгааг мэргэжлийн түвшинд тайлбарлах хүн бас биш. Харин бидний ойлгож, мэргэжлийн багш нараасаа сурч байгаагаар хоорондоо нягт холбоотой ч ижил утгатай ойлголт биш гэдгийг хэлье. Манай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн нэр нь англиар “Mental Health First Aid”, эх хэлээрээ бид “Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж” гэж нэрлэдэг.

Монголд зарим талаар “сэтгэц” гэдгийг шууд эмгэг, хүнд өвчнөөр төсөөлөх нь бий.

Гэтэл сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчин, эмгэгийг хэлж буй хэрэг биш. Бид бүгд сэтгэцийн эрүүл мэндтэй. Бидний өдөр тутмын амьдрал, ажил, гэр бүл, бусадтай харилцах харилцаатай салшгүй холбоотой. Тиймээс ч бидний хувьд өөрчлөхийг хүсдэг хамгийн эхний ойлголтуудын нэг нь энэ. “Сэтгэцийн эрүүл мэнд” гэдэг үгнээс айх шаардлагагүй. Энэ бол бид бүгдийн эрүүл мэндийн нэг хэсэг. Тиймээс ч "Саруул ухаанд эрүүл бие оршино" хэмээн төслийнхөө уриа үгийг хэлэх дуртай. Монголчууд "Эрүүл биед саруул ухаан оршино" хэмээн захиж, сургаж ирсэн учраас "There is no health without mental health" гэсэн англи хэл дээрх уриагаа ийн буулгасан юм.

-Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж гэхээр сонирхолтой сонсогдож байна. Мэргэжлийн бус хүн ч уг тусламжийг үзүүлэх боломжтой юу?

Э.Мөнхзул: -Болно. Ер нь сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламжийн гол санаа нь л энэ. Би анх энэ сургалтад суухдаа бидний мэддэг анхны тусламжтай харьцуулж ойлгоход их амар байсан. Анхны тусламжийг заавал эмч хүн үзүүлэх ёстой гэдэггүй шүү дээ. Тухайн хүнийг оношлох, эмчлэх гэж оролдохгүй, гагцхүү мэргэжлийн тусламж үзүүлэх хүртэл юу хийж болох, болохгүйгээ л мэдэх хэрэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж ч үүнтэй төстэй. Бид сэтгэл зүйч, сэтгэцийн эмч бэлтгэхгүй.

Харин хажууд байгаа хүнээ анзаарах, яриа эхлүүлэх, шүүмжлэхгүй сонсох, дэмжих, шаардлагатай бол мэргэжлийн тусламжтай холбоход нь туслах чадварт сургадаг.

Ээж аав, багш, найз, хамт ажилладаг хүн гээд хэн ч энэ мэдлэгийг эзэмшиж болно. Бид сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг орлуулах гэж энэ хөтөлбөрийг эхлүүлээгүй. Харин мэргэжлийн тусламж хэрэгтэй хүнд тэр тусламждаа хүрэхэд нь туслах хүмүүс олон байгаасай гэж хүссэн.

Б.Халиунаа

-Бидний мэддэг анхны тусламжийг маш яаралтай нөхцөлд шуурхай хүргэх нь үр дүнтэй байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламжийг ямар үед үзүүлэх шаардлагатай вэ?

Б.Халиунаа: -Заавал хямрал болтол нь хүлээх шаардлагагүй гэдгийг энэ хөтөлбөрөөс ойлгосон. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал гэнэт үүсчихдэггүй, аажмаар өөрчлөгддөг. Хүмүүстэй харилцах нь багасах, ажил, сургуулийн идэвх, оролцоо, зан байдал нь өөрчлөгдөж байна уу гэдгийг ойр байгаа хүмүүс нь хамгийн түрүүнд анзаарч болно.

Үнэндээ бид анзаардаг ч хувийн асуудалд нь оролцчих вий, юу гэж асуух вэ гэж бодоод өнгөрөх нь их.

Яг энэ орон зайд сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж хэрэгтэй. Мэдээж хямралын үед хэрхэн зөв хариу үзүүлэхийг ч манай сургалтаар заадаг. Гэхдээ эрт анзаарах, ярилцах, шаардлагатай тусламжтай холбоход дэмжих нь маш чухал. Тиймээс ч сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламжийн стандартыг Монголдоо АСТОД буюу "Анзаар, Сонс, Тусла, Ойлгуул, Дэмж) гэсэн агуулгаар хэрэгжүүлж, нутагшуулахаар хичээж явна.

-Та бүхэн яагаад сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламжийг Монголд нутагшуулах хэрэгтэй гэж үзсэн юм бэ?

Э.Мөнхзул: -Би Австралид сурч байхдаа “Mental Health First Aid” сургалтад анх хамрагдсан. Тэр үед надад их энгийн нэг бодол төрсөн нь “Яагаад ийм мэдлэгийг хүн бүр мэдэж болохгүй гэж” гэх асуулт байсан. Бид сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн биш гэдгээ дахин тодотгоё. Бид олон улсын хөгжил, тогтвортой хөгжлийн чиглэлээр суралцсан.

Тиймээс ч сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламжийг эх орондоо нутагшуулах ажлыг эхлүүлэхдээ үүнийг зөвхөн “сэтгэцийн эрүүл мэндийн сургалт” гэж хараагүй.

Хүмүүсийн мэдлэг, хандлага, тусламж авах боломжийг сайжруулах, ажлын байр, сургууль, гэр бүл, олон нийтийн түвшинд бие биенээ дэмжих орчин бий болгох тогтвортой хөгжлийн нэг төсөл гэж харсан. Энэ санааг маань мөн Австралид сурч байсан хөгжлийн эдийн засагч Б.Халиунаа маань баяжуулан, хамтдаа хөтөлбөрөө хэрэгжүүлж байна.

Б.Халиунаа: -Бидний хувьд сэтгэцийн эрүүл мэндийг зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал гэж харах боломжгүй гэж үзэж байснаараа ижилсэж, хамтарсан. Хүн амьдралынхаа ихэнх цагийг гэр бүл, сургууль, ажлын байрандаа өнгөрөөдөг. Тиймээс бидний өдөр тутмын орчинд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх суурь ойлголт нэмэгдэх нь нийгмийн хөгжилтэй холбоотой болчихож байгаа юм. Мэдээж мэргэжлийн агуулга талаасаа бидний баримтлах зааг маш тодорхой. Бид клиникийн агуулгыг зохиодоггүй. АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн мэргэжлийн баг, зөвлөх багш нартайгаа нягт хамтарч, “MHFA International”-ийн олон улсын стандарт, нотолгоонд суурилсан хөтөлбөрийг Монголын нөхцөлд нутагшуулж байгаа. Ингэхдээ зүгээр л гарын авлага, материалыг нь орчуулаад сургалт хийчихдэг юм биш л дээ. Хэл, соёл, Монголд байгаа тусламж, үйлчилгээний тогтолцоотой уялдуулах, мэргэжлийн хяналт авах, турших, сургагч багш нараа бэлтгэх гээд нэлээд урт үйл явц өрнөдөг.

Тиймээс “MHFA Mongolia”-г бид нэг удаагийн сургалтын төсөл гэхээс илүү Монголын сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголтыг урт хугацаанд нэмэгдүүлэх хөгжлийн ажил гэж хардаг.

-Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх олон нийтийн ойлголт, мэдээлэл манай улсад ямар түвшинд байгаа гэж хардаг вэ. Энэ талаарх ойлголтыг нэмэгдүүлэх нь хэр үр дүнтэй вэ?

Б.Халиунаа: -“Монголчуудын ойлголт муу” гэж шууд дүгнэхээс бид болгоомжилдог. Харин энэ талаар ярилцах хэл, мэдлэг, бас өөртөө итгэлтэй байдал бидэнд дутдаг гэж хардаг. Хэн нэгэн хэцүү байгаагаа хэлэхэд “Битгий бод”, “Эерэг бай”, “Бусад хүн ч гэсэн ийм л байгаа” гэж хэлэх үе бий. Туслах гэсэндээ л энэ бүгдийг хэлдэг. Гэхдээ заримдаа зөвлөгөө өгөхийн оронд эхлээд сонсох нь илүү хэрэгтэй байдаг. “Mental health literacy” буюу сэтгэцийн эрүүл мэндийн талаарх суурь ойлголт гэдэг нь хүн бүр онош мэддэг, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн болох тухай биш.

Юуг анзаарах вэ, яаж ярилцах вэ, хэзээ, хаанаас тусламж авч болох вэ гэдгээ мэддэг байхыг л хэлээд байгаа юм.

Э.Мөнхзул: -Энэ мэдлэг олон хүнд хүрэх тусам сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярилцах нь хэвийн болж, тусламж хүсэхээс ичих, айх хандлага ч аажмаар багасна гэж найдаж байгаа.

-Та Австралид анхан шатны тусламжийн сургалтад хамрагдаж, сертификат авсан юм байна. Энэ мэдлэгээ ашиглаж анхны тусламж үзүүлсэн тохиолдол бий юү?

Э.Мөнхзул: -Бий. Гэхдээ заавал нэг том, онцгой үйл явдлын талаар ярих байх гэсэн хүлээлт танд байж магадгүй. Үнэндээ сурсан зүйлс маань өдөр тутмын харилцаанд ч их хэрэг болдог. Миний хувьд хамгийн их өөрчлөгдсөн зүйл бол өөрийгөө болон бусдыг илүү анзаарч, хүнийг шууд “засах” гэж оролдохоосоо өмнө сонсож сурсан явдал. Удирдах ажил хийдэг хүмүүсийн хувьд хэн нэгэн асуудал ярихад шууд л “За, тэгвэл ингэж шийдье” гээд шийдэл хайж эхэлдэг талтай. Би ч тийм байсан. Гэтэл заримдаа хүний хамгийн эхний хэрэгцээ шийдэл биш, зүгээр л өөрийг нь шүүмжлэхгүй сонсох хүн байгаа гэдгийг мэдрүүлэх хэрэгтэйг ойлгосон. Мөн өмнө нь “Ингэж шууд асууж болох болов уу” гэж эргэлздэг байсан зүйлээ хэрхэн зөв, эвтэйхэн асуух, шаардлагатай үед мэргэжлийн тусламж авахад нь яаж дэмжих талаар суралцсан.

АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн мэргэжлийн баг, зөвлөх багш нарын хамт

-Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж шаардлагатай байгааг бид хэрхэн анзаарах вэ. Хамгийн эхний алхам юу вэ?

Б.Халиунаа: -Мэргэжлийн хэсгийг манай багш нар биднээс илүү сайн тайлбарлана л даа. Харин бидний сургалтаас олж мэдсэн зүйл бол нэг шинж тэмдэг хараад оношлох гэж оролдохоос илүү тухайн хүний ердийн байдлаас өөрчлөлт гарч байна уу гэдгийг анзаарах. Яриа, зан байдал, ажил сургуульдаа оролцох байдал, бусадтай харилцах харилцаа гээд олон зүйл өөрчлөгдөж болно. Гэхдээ бидний хийх зүйл тэрийг хараад онош тавих биш. Заримдаа эхний алхам үнэхээр энгийн. Жишээ нь, “Сүүлийн үед чи жаахан өөр харагдаад байна. Зүгээр үү” гэж чин сэтгэлээсээ асуухаас эхэлж болно.

Э.Мөнхзул: -Тэгээд асуусныхаа дараа хариултыг үнэнээр нь сонсох чухал. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийн хамгийн хүнлэг хэсгүүдийн нэг гэж санагддаг.

-Төгсгөлд нь сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах энгийн бөгөөд үр дүнтэй аргаас санал болгохгүй юу?

Э.Мөнхзул: -Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах олон арга бий. Амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг нэг зүйл маань учраас өөрийгөө анзаарч сураарай гэж хүсье. Бид утасныхаа цэнэг хэдэн хувьтай байгааг өдөрт олон удаа хардаг мөртлөө өөрсдөө ямар байгаагаа заримдаа хэдэн сараар анзаарахгүй явчихдаг. Би сүүлийн үед ямар байна, нойр маань ямар байна, яагаад байнга ядраад байгаа юм бол, надад хэнтэй ярилцах хэрэгтэй байна вэ гэж өөрөөсөө асууж хэвшээрэй.

Б.Халиунаа: -Хэцүү үед тусламж хүсэхийг хамгийн сүүлчийн сонголт гэж харахаас зайлсхийгээрэй. Бие өвдвөл тусламж авдагтай адил сэтгэцийн эрүүл мэнддээ тусламж авах нь хэвийн зүйл юм шүү. Уг нь  “MHFA Mongolia”-гаар дамжуулж бидний хийхийг хүсэж байгаа өөрчлөлт маш энгийн.

Хэцүү байгаа хүн ганцаараа үлдэхгүй, хажууд нь анзаарч, сонсож, зөв дэмжиж, хэрэгтэй тусламжтай нь холбоход туслах ядаж нэг хүн байдаг нийгэм бий болгохыг л хүсдэг.

Тэр хүн нь заавал сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн байх албагүй. Бидний хэн нь ч байж болно шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.