Мөнгөө юунд хэрхэн зөв зарцуулах вэ гэдэг нь мөнгө олохоос хэцүү гэнэ. Учир нь бид хязгааргүй хэрэглээг хязгаарлагдмал нөөцөөр хангадаг. Хавар намрын гутал, өвлийн курткатай хэрнээ цахим орчинд яваа лайв худалдааг хараад өөрийн мэдэлгүй шинэ гутал, куртка нэг мэдэхэд захиалчихсан суудаг хүмүүс байна уу. Би ч тэдний нэг. Гэтэл таны хүүхэд шинэ дугуйланд явахыг хүсдэг. Эсвэл ажил дээр төрсөн өдрийн, шинэ байрны эсвэл сум сургуулийн ойн баярын хураамж гэх мэт төлөвлөж тооцоогүй гэнэтийн зарлага эсвэл зардал гарч ирдэг. Эдийн засгийн шинжлэх ухаанд зарлага гэж үр ашиггүй зарцуулсан мөнгийг, зардал гэж үр ашгаа хэзээ нэг өдөр өгөх хөрөнгө оруулалтыг хэлдэг гэж байгаа. Ингээд л бид төлөвлөөгүй зарлага эсвэл зардлыг зээлийн аппликейшнээр нөхөж, ирээдүйд орж ирэх мөнгөнөөс зээл хийж эхлэнэ.
Та тархиндаа гэрэл асааж, санхүүгийн сахилга батад суралцахгүй бол сар бүр ийм тооцоолоогүй худалдан авалтыг сэтгэл хөдлөлөөр хийсээр байвал нэг мэдэхэд цалин бүхэлдээ зээлийн хүүтэй төлбөр рүү урсаж эхлэнэ. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж, өрхийн төсвөө удирдаж сурах хэрэгтэй. Өрхийн төсвөө удирдаж чадахгүй бол бизнес хийж чадахгүй гэсэн үг.
Эдийн засгийн профессорууд энэ тал дээр дараах зөвлөгөөнүүдийг өгдөг.
-Шинэ загварын гар утас авах, зурагтаа сайжруулах гэх мэт хэрэглээний зээлийг хамгийн муу, үр ашиггүй зээл гэж үздэг.
-Цалин орлого орж ирмэгц шууд зорилготой хадгаламждаа тодорхой хувийг хийх.
-Орлого, зарлагаа үргэлж тооц.
-Таны дансанд орж ирээгүй мөнгийг урьдчилж зарцуулах төлөвлөгөө бүү гарга.
-Өөрийн нөөц бололцоог тултал нь ашиглаж, орлогоо нэмэгдүүл. Тухайлбал нэг өрөө байртай өрх зуны амралтаар гэр бүлээрээ хөдөө явдаг гэж бодьё. Тэд гэрээ сарын хугацаанд хүнд төлбөртэй түрээслүүлээд явж болох юм. Эсвэл өөрийн мэргэжлийн ур чадварыг ашиглан нэмэлт орлого олох, нэмэлтээр цагийн ажил хийх гэх мэт жаахан ч гэсэн нэмэлт орлоготой болохыг эрмэлзэх.
-Худалдан авалт хийхээс өмнө түрийвч рүүгээ явахдаа үргэлж “Энэ зүйл надад амин чухал хэрэгтэй зүйл мөн үү. Энэ зүйлгүйгээр би амьдарч чадах эсэх”-ээ бодож үзэх.
-Тансаг хэрэглээнээс аль болох татгалзах. Ямар ч их орлого олсон авдгаасаа илүү үнэтэй 00 цаас эсвэл илүү үнэтэй шүдний оо авахгүй байх.
-Заавал чамд эргээд үр өгөөж өгөх зүйлд хөрөнгө оруулалт хий.
-Байртай болох, газартай болох гэх мэт том зорилгоо эхлээд тодорхойл. Холын зорилгогүй хүнээс ойрын зовлон салдаггүй гэдэг. Хэрэв та том зорилготой бол илүү томоор сэтгэж ажилдаа, амьдралдаа уужуу хандаж, тэр хэрээр хувь заяаны шанага тань том болно.
-Эд материалаар тухайлбал үнэтэй гар утсаар, шинэ загварын машинаар өөрийн үнэ цэнийг тодорхойлох гэж бүү оролд.
-Гэр бүлийн гишүүд үргэлж зөвлөлдөж хамгийн ач холбогдолтой зүйлд хамгийн эхлээд хөрөнгө оруулалт хийх.
-Сугалаанд хожих гэх мэтээр гэнэт баяжихыг мөрөөдөхөөс илүү бага ч гэсэн тогтмол орлоготой байхыг эрхэмлэ.
Эцэст нь хэлэхэд, та санхүүгээ удирдаж сурахгүй бол хичнээн ч төгрөгийн орлоготой байгаад таны амьдрал цоорхой шуудайг дүүргэх гэж хичээхтэй адил болох юм шүү.






.jpg)








