Хятад судлаач, доктор (Ph.D) Х.Баатархүү
1978 оны 12 сарын 18-нд Бээжин хотноо хуралдсан ХКН-ын Төв хорооны III бүгд хурлаар Хятадын эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого ба түүнийг хэрэгжүүлэх шийдвэр гарснаар орчин үеийн хөгжингүй Хятад улсын эдийн засгийн реформыг эхлүүлэх түүхэн алхам эхэлсэн юм. Уг бүгд хурлаар БНХАУ бусад улс орнуудтай тэгш, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дэлхийн өнцөг булан бүрээс дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, шинжлэх ухаан, боловсролын шинэчлэлийг хурдацтай хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн шинэ, чухал арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолжээ. Тус бүгд хурлаар хөдөө аж ахуйг хөгжүүлэх хэд хэдэн бодлого, арга хэмжээг боловсруулж, аж үйлдвэржүүлэлтийг хөгжүүлэхэд нам төрийн гол анхаарлын төвлөрүүлэхээр шийдсэнээр гадаад ертөнцөд нээлттэй байх, дотоодын эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх бодлогыг бий болгох эхлэлийг тавьсан юм.

30 гаруй жилийн хугацаанд даян дэлхийд харьцангуй хаалттай байсан хятадын асар том зах зээл үүд хаалгаа нээхэд тухайн үеийн нам засгийн удирдагч Дэн Сяопиний үзэл санаа, тууштай манлайлал чухал үүрэг гүйцэтгэсэн нь мэдээж. Мөн 1978 оны 4-р сард өнөөгийн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний аав Ши Жуншүнь Гуандун мужийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдон ажиллах болсноор эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын ажлыг биечлэн удирдаж, Шэньжэнь, Жухай зэрэг эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулав. 1979 оны 6-р сард Японы Panasonic нь анхны том гадаадын хөрөнгө оруулалттай компани болон орж ирснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах нээлттэй хаалганы бодлого хүчээ авч хэт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн удирдлагын тогтолцоог зоригтой шинэчлэх болов.
47 жилийн дараа буюу 2025 оны 12-р сарын 18-нд эдийн засаг худалдааны реформын дараагийн шат болох Хайнаний чөлөөт худалдааны боомтыг байгуулан нийт арлын хэмжээнд гаалийн хяналтын онцгой бодлого хэрэгжүүлж эхлээд байна.
Хайнань арлын өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй байдал 1980-аад онд эхэлжээ. Дэн Сяопиний санаачилгаар 1983 онд Хайнань арлыг нээлттэйгээр хөгжүүлэх бодлогыг эхлэн хэрэгжүүлж, улмаар1988 онд Хайнань муж болон Хайнаний эдийн засгийн тусгай бүс байгуулагдсан. Тусгай эдийн засгийн бүсийг байгуулснаар хоцрогдсон хаалттай арлаас олон улсын худалдаа, аялал жуулчлал хурдацтай хөгжсөн, гадаад ертөнц рүү нээлттэй чухал гүүр болон хувирчээ.
Хайнань муж
Газарзүйн байршил: Хятадын хамгийн өмнөд хэсэгт байрладаг, хойд талаараа Гуандун мужаас Цюнжоу хоолойгоор тусгаарлагдсан, баруун талаараа Бэйбү булантай хиллэдэг, зүүн ба өмнөд талаараа Өмнөд Хятадын тэнгис рүү харсан энэхүү арал нь Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн оронтой хиллэдэг. Хятадын мужуудын дунд хамгийн жижиг газар нутагтай бөгөөд Хайнань арал (95%) болон Өмнөд Хятадын тэнгисийн арлуудаас бүрддэг. Уур амьсгалын хувьд халуун орны далайн уур амьсгалтай, нар, дулааны нөөц элбэгтэй, жилийн турш дулаан байдаг аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн муж билээ.

Тус муж нь нийт 10.4 сая орчим бүртгэлтэй хүн амтай боловч өвлийн улиралд тэнд гадаад дотоодын байнгын бус оршин суугчид нэмэгдэж дунджаар 90 сая хүн амьдардаг.
Хайнань муж нь далайн эрэг, үзэсгэлэнт байгалиараа алдартай бөгөөд хятадын аялал жуулчлалын алдартай түшиц газар юм.
1980-аад оноос хойш Хайнань арал нь хятадын 5 тусгай эдийн засгийн бүсийн нэг бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том тусгай эдийн засгийн бүс байсаар ирсэн. Хайнань мужийн 2024 онд нэг хүнд ногдох ДНБ нь 10,529.85 ам.доллар хүрчээ. Харин анх 1988 онд Хайнань муж байгуулагдаж байхад нэг хүнд ногдох ДНБ нь 300 ам.доллар байжээ.
Хайнань мужийн ДНБ 2024 онд 793.569 тэрбум юаньд хүрч, 3.7%-иар өсөх төлөвтэй байгаа бөгөөд үүнд голчлон аялал жуулчлал, далайн эргийн татваргүй худалдаа, тоног төхөөрөмж үйлдвэрлэл зэрэг үйлчилгээний салбарын өсөлт, чөлөөт худалдааны боомтын бодлогын үр нөлөө зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд Хайнань муж 102.5 тэрбум юанийн гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглаж, жилийн дундаж өсөлтийн хурд 14.6%, гадаадын хөрөнгө оруулалттай 8098 шинэ аж ахуйн нэгж байгуулж, жилийн дундаж өсөлтийн хурд 43.7%, 176 улс орон, бүс нутгаас хөрөнгө оруулалт татаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт жилийн дундаж өсөлтийн хурд 97% байна. Эдгээр тоо баримтууд нь Хайнань муж дэлхийн хөрөнгө оруулалт капиталын сонирхлыг татаж байгааг харуулж байна.
Хайнань мужийн эдийн засгийн бүтэц нь аялал жуулчлал, орчин үеийн үйлчилгээний эдийн засаг, өндөр технологийн үйлдвэрлэл, халуун орны тусгай хөдөө аж ахуй давамгайлсан олон талт загвар руу хурдацтай шилжиж байна. Энэ нь аялал жуулчлал, интернэт, эрүүл мэнд, санхүү, конвенц, үзэсгэлэн, логистик зэрэг арван гол салбарыг хөгжүүлэхэд чиглэгддэг. Чөлөөт худалдааны боомтыг байгуулах замаар хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн бүтцийг оновчтой болгох, уламжлалт үл хөдлөх хөрөнгөөс хамааралтай байдлыг багасгах, үйлчилгээ, өндөр технологийн салбарын өсөлтийг бий болгохыг эрмэлзэн хөгжлийн шинэ замаар замнаж байна.
Хайнанийн чөлөөт худалдааны боомт:

2018 онд байгуулагдсан Хайнань Чөлөөт худалдааны бүс нь эдийн засаг, захиргааны удирдлагын тусгай эрхтэй бөгөөд 2025 оны 12 сарын 18-нд гаалийн үйл ажиллагаагаа зогсоож, Хайнаний Чөлөөт худалдааны боомтод Хайнань арлын хэмжээнд гаалийн хяналтын онцгой бодлого хэрэгжүүлж эхлээд байна.
Хайнань Чөлөөт худалдааны боомтын бодлогын гол цөм нь "эхний шугам дээр нээлттэй, хоёр дахь шугам дээр хяналттай, арлын дотор чөлөөтэй" гэсэн шинэ худалдаа, хөрөнгө оруулалтын загварыг бий болгох явдал юм. Үүнд голчлон татварын систем, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, мэдээллийн урсгал, санхүүгийн нээлттэй байдал, гадаад бизнесийг хөгжүүлэх зэрэг орно.
Бодлогын гол цөм:
Тарифын систем: Хайнань Чөлөөт худалдааны боомтод орж буй бараа нь гаалийн тарифаас бүрэн чөлөөлөгдөнө. Хайнань арал дээр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэмүү өртгийн хэсгийг тарифаас чөлөөлж, нэмүү өртгийн боловсруулалтыг дэмждэг. Аливаа бараа бүтээгдэхүүний түүхий эдийг гадаадаас импортын татваргүй Хайнань арлын Чөлөөт худалдааны боомтод оруулж ирээд 30%-иас дээш нэмүү өртөгтэй боловсруулсан барааг эх газрын Хятадын асар том зах зээлд гаргахад мөн татваргүй байх болно.
Татварын хөнгөлөлт: Аж ахуйн нэгжүүдэд (өндөр технологийн үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээний салбар гэх мэт) болон хувь хүмүүст маш бага татварын хувь хэмжээ (жишээ нь: Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар15%, хувь хүний орлогын албан татвар 6%-15%) санал болгож, импортын тариф, импортын нэмэгдсэн өртгийн албан татвар, хэрэглээний албан татвараас бүрэн чөлөөлнө.
Худалдааг хөнгөвчлөх: Гаалийн журмыг хялбаршуулж чөлөөт худалдааг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, дата өгөгдлийн нээлттэй урсгал, дата өгөгдлийн аюулгүй байдлын удирдлагын системийг бий болгоход төрийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх болно.
Хүний нөөцийн бодлого: Гадаад дотоодын шилдэг мэргэжилтнийг татан суурьшуулахад анхаарч, Хайнаньд суурьших гадаадын иргэдийн орон сууц худалдан авах, машин худалдан авах (тэг тариф), шилдэг мэргэжилтнийг авч ажиллуулж буй ААН-д татварын хөнгөлөлт олгох зэрэг бодлогыг хэрэгжүүлэх.
Санхүүгийн нээлттэй байдал: Чөлөөт боомтын хүрээнд гадаадын санхүүжилтийн урсгалт нээлттэй байх, хил дамнасан хөрөнгийн чөлөөт урсгалыг дэмжих.
Тэг тарифын бодлого: Чөлөөт боомтын хүрээнд ашиглах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, судалгаа, хөгжлийн туршилтын тоног төхөөрөмж, түүхий эдэд тэг тарифыг хэрэгжүүлж, тээвэр, аялал жуулчлал зэрэг тодорхой салбаруудад импортын тээврийн хэрэгсэлд давуу эрх олгоно.
Нөлөөлөл: Эдгээр бодлогын тусламжтайгаар Хайнань чөлөөт худалдааны боомт нь Хятадын эдийн засгийн системд онцгой дэмжлэг үзүүлэх, бүс нутгийн бизнес эрхлэгчдэд хөгжлийн шинэ боломжийг олгох зорилготой юм.
Бүс нутгийн бусад улс оронд үзүүлэх нөлөөлөл

Хайнань чөлөөт худалдааны боомтын хаалттай үйл ажиллагаа нь Хайнань мужийн RCEP зах зээл дэх гол байр суурь, Хятад, АСЕАН-ы хоорондох газарзүйн давуу талыг ашиглан өндөр стандарт, олон улсын, зах зээлд чиглэсэн нээлттэй байдал, хөгжлийн замаар дэлхийн хэмжээний чөлөөт худалдааны боомт болох чиглэлд анхаарч байна.
Financial Times сонины Foreign Direct Investment Intelligence-д нийтлэгдсэн дүн шинжилгээндээ: Хайнань чөлөөт худалдааны боомт нь "импорт, экспорт, хөрөнгө оруулалт, авьяас чадвар, өгөгдлийг либералчлахыг дэмжих гүүр, туршилтын бүс" болж, гадаадын компаниуд Хятадын зах зээлд нэвтэрч, өргөжих гүүр болох зорилготой гэж онцолсон байна.
Морган Стэнлигийн гаргасан судалгааны тайланд Хайнань чөлөөт худалдааны боомтын гаалийн үйл ажиллагаа хаагдсаны дараа "татваргүй барааны төрөл одоогийн 1900-аас ойролцоогоор 6600 болж, нийт барааны бараг 74%-ийг эзлэх болно" гэжээ. Энэ нь далайн чанад дахь татваргүй худалдаа, аялал жуулчлалын жижиглэн худалдаатай холбоотой компаниудад ашиг тусаа өгнө гэж үзэж байна.
АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдааны захиргаа (ITA) Хайнань чөлөөт худалдааны боомтыг (FTP) чухал боломж гэж үзэж байгаа бөгөөд түүний цогц чөлөөт худалдааны бодлого, татварын хөнгөлөлт, өргөжүүлсэн гаалийн бүрдүүлэлтийг (ялангуяа 2025 оны 12-р сард "арлын хэмжээнд хаагдсаны" дараа) онцолж, санхүүгийн үйлчилгээ (хөрөнгийн менежмент, финтек, даатгал), өндөр технологи, анагаах ухааны гоо сайхан зэрэг тусгай салбарт АНУ-ын компаниудад боломж бий болгож байгаагийн зэрэгцээ Хятадын нээлттэй байдал, дэлхийн эдийн засгийн интеграцчлалыг өргөн хүрээнд дэмжиж байгааг тэмдэглэж байна.
Чөлөөт худалдааны боомтын бодлого нь орон нутгийн хөгжлийг ихээхэн дэмжих болно. Дубайн Жебел Али чөлөөт бүс бол үүний сайн жишээ юм. Уг боомт анх эхлэлийн үедээ аж үйлдвэр, хотын хөгжил, хүн амын өсөлт хувьд маш сул байсан боловч чөлөөт худалдааны боомтын системд тулгуурлан одоо 150 гаруй орны 10,000 гаруй компанийг татан оруулж чадсан бөгөөд үүнд Fortune Global 500 жагсаалтад багтсан 100 гаруй компани орж ирэн, Дубайн ДНБ-д 30 гаруй хувийг бүрдүүлж байна.
БНХАУ ба ACEAN-ын эдийн засгийн хамтын ажиллагаа ба өрсөлдөөн
Хайнаний чөлөөт худалдааны боомтын газар зүйн байршил, эдийн засгийн төрөлжилт зэргээс шалтгаалан Зүүн өмнөд Азийн бүс нутгийн худалдаанд үзүүлэх нөлөөлөл нь багагүй гэж судлаачид үзэж буй бөгөөд ACEAN-ын улс орнуудын экспортын зах зээлд нөлөөлөх магадлалтай юм. Өмнө нь ердөө 1900 төрлийн бараанд тэг тарифтай байсан бол одоо энэ тоо 6600 болж өсч, бүх барааны 74%-ийг эзэлж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс эхлээд түүхий эд хүртэл бараг бүх зүйлийг хамрах болов. Энэ нь импортын зардлын хэсгийг шууд бууруулж байгаа бөгөөд улмаар хямд өртөгтэй гадаадын хөрөнгө оруулалтад найддаг ACEAN-ны улс орнуудын хувьд бас сорилттой тулгарах болов.
2024 онд Хятад болон АСЕАН-ын хоорондох худалдаа эрчимтэй өсөлтөө үргэлжлүүлж, ойролцоогоор 982.3 тэрбум ам.доллар (ойролцоогоор 6.99 их наяд юань)-д хүрч, өмнөх оны мөн үеэс 7.8%-иар өссөн байна. АСЕАН нь дараалан тав дахь жилдээ Хятадын хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа бөгөөд Хятад улс дараалан 16 дахь жилдээ АСЕАН-ы хамгийн том худалдааны түнш хэвээр байна. Хятад болон Вьетнам, Малайз зэрэг бусад таван орны хоорондох хоёр талын худалдаа 100 тэрбум ам.доллароос давсан нь бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа маш өргөн цар хүрээ шинэ түвшинд хүрснийг харуулж байна.
Хайнань Чөлөөт худалдааны боомт нь АСЕАН-ын экспортын зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж, өрсөлдөөн болон аж үйлдвэрийн шинэчлэл хийх боломжийг бий болгоно. Мөн АСЕАН-тай хамтран ажиллах ялангуяа өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний эдийн засаг, хил дамнасан худалдаа, дижитал эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжтой. Бүс нутгийн аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт, худалдааны шинэ хэв маягийг бий болгож АСЕАН-ын экспортын зах зээлийн хувьд боломж, сорилтууд хоёулаа байгаа бөгөөд бүс нутгийн эдийн засгийн боломжийг хамтран өргөжүүлэхийн тулд хамтын ажиллагаа, эрүүл өрсөлдөөнийг бий болгох хандлага нэмэгдэж байна.
















