Өнөөдөр бид хиймэл оюун ухаан, технологи амьдралын бүх талд нэвтэрсэн шинэ эрин үед амьдарч байна. AI бидний өмнөөс бичиж, зурж, дүгнэж, зарим салбарт бараг шийдвэр гаргаж эхэллээ. Гэхдээ технологийн энэ хурдтай өөрчлөлтийн дунд нэг үнэ цэнэ огт өөрчлөгддөггүй. Энэ нь ЁС ЗҮЙН шийдвэрийг гаргадаг нь AI биш ХҮН өөрөө.
AI бол өгөгдөл, алгоритм, тооцооллын нийлбэр. Харин хүний сонголт бол хариуцлага, үнэт зүйл, хүнлэг чанар, мэдрэмж, сэтгэл хөдлөл, ёс зүй дээр суурилдаг.
AI-ийн дата сан тэлэх тусам боловсруулалт нь илүү нарийвчлалтай болж байгаа ч түүнээс гаргасан үр дүнг хэрхэн, яаж ашиглах вэ гэдэг асуулт үргэлж БИДНИЙ өмнө байсаар байна.
Иймээс AI бидний цаг хугацаа, хүч хөдөлмөрийг хэмнэж, олон боломжийг нээж байгаа хэдий ч нөгөө талд нь шинэ төрлийн ёс зүйн сорилт, эрсдэлийг дагуулсаар байна. DEEPFAKE, автомат шийдвэр гаргалт, өгөгдлийн гажуудал, хуурамч мэдээлэл зэрэг нь хүний эрх, нэр хүнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж, заналхийлж байна. Иймээс UNESCO болон OECD-ийн зарчмууд AI ийн хэрэглээ нь заавал хүний хяналттай, хүний эрхийг дээдэлсэн, ил тод байх ёстойг онцолдог .
Ai-д бүрэн найдах нь өөрөө эрсдэл.
AI АШИГЛАХДАА БИДНИЙ БАРИМТАЛБАЛ ЗОХИХ ЁС ЗҮЙ

AI-ийн боловсруулсан мэдээллийг 100% үнэн мэт шууд хүлээн авах нь дэлхий дахинд хамгийн нийтлэг эрсдэлд тооцогддог. OECD ийн AI зарчимд “Хүний эрх, ил тод байдал, хариуцлага, аюулгүй байдлыг хангах нь AI-ийн хэрэглэгч бүрийн хариуцлага” гэж тодорхой заасан байдаг .
Нягтлах ёс зүй: AI-ийн боловсруулсан мэдээллийг давхар шалгаж, баталгаажуулах;
Ил тод байх ёс зүй: AI ашигласан бол энэ тухайгаа нуухгүйгээр ил тод тэмдэглэх;
Хариуцлагын ёс зүй: AI боловсруулсан ч түүний үр дагаврын хүн л хариуцна.
AI алдаа гаргаж болно, харин тухайн алдаатай мэдээллийн үр дагавар, хохирлыг хүн л амсана гэдгийг мартаж болохгүй.
DEEPFAKE БА АВТОМАТ ШИЙДВЭРИЙН ЭРСДЭЛ

Дэлхий дахинд deepfake технологи улс төр, бизнес, хүний нэр хүндэд ноцтой заналхийлэл үүсгэж байна. Түүнчлэн OECD AI ийн шинэчилсэн зарчим (2024) ч мэдээллийн бодит байдлыг хамгаалах, синтетик контентыг ил тод болгох шаардлагыг онцолжээ .
Deepfake технологи хүний дүр төрхийг бодитоор хуулах боломж олгосон ч нэр хүнд, хувийн мэдээллийн аюулгүй байдалд заналхийлж байна. Зөвшөөрөлгүйгээр хүний дүр төрхийг ашиглах нь ёс зүй төдийгүй хүний эрхийн ноцтой зөрчил буюу хуулийн хариуцлага хүлээх нөхцөл болдог.
Мөн автоматжуулсан шийдвэр гаргах систем нь:
Онлайн зээл олгох үйлчилгээ
Ажилд авах буюу сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа
Эрсдэлийн үнэлгээ хийх зэрэгт ашиглахад тэгш бус, гажуудалтай, давхцал үүсгэх, шударга бус, оновчгүй шийдвэр гаргаж болзошгүй учир Олон улсад AI дээр тулгуурлан бүрэн шийдвэр гаргахгүй зөвхөн тухайн эрх бүхий албан тушаалтан, байгууллагын туслах хэрэгсэл гэж хуульчилж эхэлсэн байна.
Манай улсын хувьд AI-ийн хэрэглээ төрийн болон хувийн салбарт эрчимтэй нэвтэрч мөн турших үйл явц хийгдэж байна .
E Mongolia платформд AI chatbot ашиглаж буй нь үйлчилгээний хурдыг нэмэгдүүлсэн ч өгөгдлийн хамгаалалт, хариуцлагын асуудал дахь эрсдэлийг дагуулж байгааг судлаачид тэмдэглэжээ.
Гаалийн хяналтад AI ашиглаж эхэлснээр хяналтын үр ашиг дээшилсэн ч хяналтгүй автомат шийдвэр гарвал хүний эрхийн асуудал үүсэж болзошгүйг хуульчид онцолдог.
Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх үйл ажиллагаанд ашиглаж буй нь зөрчлийн нотлох баримтыг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой хэдий ч тухайн зөрчил гаргасан нөхцөл байдал, шалтгаан, замын цагдаагийн зохицуулалт байсан эсэх, хэт түгжрэлээс үүдсэн зөрчил байгаа эсэхийг нягтлахгүй бол буруу шийдвэр гаргах эрсдэлтэй.
Хууль зүйн салбарт AI ашиглан гэрээ боловсруулах, хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх зориулалттай хиймэл оюунд суурилсан хэрэгслийг нэвтрүүлсэн хэдий ч мөн л мэргэжлийн хариуцлага, ёс зүйн асуудал тулгамдаж байна.
Цаашид манай улс хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх, үндэсний стратеги боловсруулахад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтарна “хүмүүн төвтэй, хариуцлагатай AI” г хөгжүүлэхийг зорьж байгаа нь олон улсын чиг хандлагатай нийцэж байгаа юм.
ХАРИУЦЛАГА АЛДАГДАХ АЮУЛ

Дэлхий дахинд AI тай хамт амьдрах тусам “AI миний өмнөөс боловсруулж өгнө” гэх сэтгэлгээ газар авч байна.
Энэ нь:
- Хүний ёс суртахууны мэдрэмжийг сулруулах;
- Аливаа мэдээлэлд шүүлт хийх чадварыг багасгах;
Хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээг өдөөх;
Хуурамч мэдээлэлд автамтгай болгох эрсдэлийг бий болгож буйг Олон улсын байгууллагууд анхааруулж байна.
Монгол Улсад ч мөн адил:
AI-д хэт найдах;
Мэргэжлийн байгууллагад хандахын оронд AI-гаас “онош, дүгнэлт” асуух;
Сурагч, оюутнуудын бие даалтын чанар муудах;
Мэдээлэлд шүүлт хийх чадвар буурах хэв шинж ажиглагдаж байна.
AI нь хүний оюун ухаан, хөдөлмөрийн хүчийг дэмжин ажиллах боломжтой ч хэзээ ч хүнээс илүү хариуцлагатай байх боломжгүй юм. Учир нь шударга ёс, хүнлэг чанар, үнэт зүйлс, сэтгэл хөдлөл, мэдрэмж, уян хатан сэтгэлгээ зэрэг хамгийн үнэт чанарууд хиймэл оюун ухаанд бус зөвхөн хүн төрөлхтөнд л бий.
Ямар ч систем, алгоритм, хиймэл оюун ухааны загварын цаана хүний сонголт, хүний ёс зүй оршдог. Тиймээс AI-г хэрхэн ашиглах, ямар хүрээнд хязгаарлах, ямар зарчмаар хөгжүүлэхийг тодорхойлох гол үүрэг нь технологид бус харин хүнд өөрт нь байдаг. Энэ бол орчин үеийн хамгийн чухал ёс зүйн сорилт хэвээр байна.
AI бол техник харин ёс зүйтэй байх, зөв бурууг ялгах, шийдвэрийн хариуцлагыг хүлээх үүрэг хүний гарт л үлддэг.
















