ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс “Хүрээлэн орчны шинжлэх ухаан ба технологи” сэдвийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хуралд 10 гаруй орны 200 гаруй эрдэмтэн оролцож байна.

Тус хурлаар хүрээлэн буй орчны олон асуудлаар эрдэмтэд өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулж, санал бодол, туршлагаа солилцож байгаа юм.

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна. СОР-17 хурлын өмнө зохион байгуулагдаж буйгаараа энэ удаагийн хурал онцлог гэдгийг ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл хэлж байлаа. Энэ талаар “Хурлаас гарсан эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг ажлын хэсэгт хүргүүлнэ. Монгол орны хүрээлэн орчин, экологи, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухааны үндэслэл, технологийн асуудлыг дэвшүүлж, СОР-17 төслийг ажлын хэсэгт оруулж, олон улсын түвшинд хэлэлцэж гаргалгаа хайх ажлууд эхэлнэ" гэв.

“Хүрээлэн орчны шинжлэх ухаан ба технологи” хуралд ОХУ, БНХАУ-аас олон эрдэмтэн судлаач ирсэн гэдгийг гэдгийг хуралдаан зохион байгуулагчид онцолж байв.

Учир нь төв Азийн цээжинд байрладаг манай улсын хувьд хүрээлэн орчны чиглэлээр хоёр хөршийн эрдэмтэдтэй хамтарч олон судалгаа хийж байжээ. Судалгааны чиглэл объект адилхан, гарч байгаа үр дүн төстэй байдаг учраас бүс нутагтаа чухал судалгаа болдог байна.

Хятадын Шинжлэх Ухааны Академийн Эко орчин ба нөөцийн баруун хойд хүрээлэнгийн доктор Ү Тунхуа “Өнөөдөр бид Монгол орны мөнх цэвдгийн өөрчлөлт, монгол орны цөлжилт, газрын доройтлын асуудал, ялангуяа байгаль орчны өөрчлөлт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөллийн талаар ярилцлаа. Хятад улсын хувьд баруун хойд нутагт цөлжилттэй тэмцэх талаар багагүй туршлагатай. Манай хоёр улс байгаль орчны хувьд адилхан асуудалтай тулгарч буй бөгөөд зарим сайн туршлагыг хуваалцан, эрдэм шинжилгээний туршлага солилцож, судалгааны түвшин ахиулах боломжтой гэж бодож байна. Цөлжилтийн тухайд Хятад улс мод, зүлэг тарьж, ургамлыг нөхөн сэргээж байна. Мөн бид цөлжилтийг сааруулахын тулд зарим зохиомол арга ашиглаж буй нь үр дүнтэй туршлага болсоор байна. Манай хоёр улс харилцан туршлага солилцож, суралцах боломжтой гэж үзэж байна” гэлээ.

Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн манай улсын асуудал биш. Эл хил дамнасан асуудлаа хөрш зэргэлдээ орны эрдэмтэн, судлаачидтай хэлэлцэн нэгдсэн технологийн шийдлүүдийг гаргах нь хурлын зорилго юм. ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн захирал А.Дашцэрэн “Бүс нутаг дахь уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны өөрчлөлт, үр дүнгүүдийг хурлын туршид хэлэлцдэг. Үүний үр дүнгээр байгаль орчны доройтол болон нийгэм, эдийн засгийн төвөгтэй нөхцөл байдлаас яаж гарч болох талаар техологи, арга замуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй зааж өгдөг. Мөн сүүлийн үед манай улс болон ОХУ, БНХАУ-ын хооронд явагдаж буй томоохон төслүүд, Эдийн засгийн коридор, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай холбоотой сэдвүүдийг хуралд оруулсан байгаа” гэсэн юм.