2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их Хурал (УИХ)-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулахтай холбогдуулан “Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн боловч УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг 4 хүний орон тоонд 4 хүнийг нэр дэвшүүлж, нэмэлтээр 2 хүний нэр оруулж ирэх ёстой байхад, тэгэхгүйгээр УИХ-ын эрхэд халдаад байна” гэх үндэслэл хэлж, уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
ШЕЗ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхийн төсөв, хүний нөөц, захиргааны удирдлагатай холбоотой чухал чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тиймээс түүнийг бүрдүүлж буй гишүүдийн хараат бус байдал, хууль зүйн мэдлэг, ур чадвар, мэргэжлийн ёс зүй, туршлага нь шүүх эрх мэдлийн тогтолцоонд чухал нөлөөтэй билээ.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, 2021 оны Монгол Улсын шүүхийн тухай хуулиар ШЕЗ нь шүүгч 5, шүүгч бус 5 гэсэн 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байх, тэдгээрийн 5-ыг нь шүүгчид дотроосоо сонгох, 5-ыг нь нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр УИХ томилох шинэ зохицуулалт хэрэгжиж байна. ШЕЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
Энэхүү шинэчлэлийн дагуу ШЕЗ-ийг анх дөрвөн жилийн өмнө бүрдүүлсэн. Тодруулбал, 2021 оны 10 дугаар сарын 11-нд нийт шүүгчийн анхдугаар чуулганаар анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг, А.Насандэлгэр, давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, Э.Зоригтбаатар, хяналтын шатны шүүхийн шүүгч Б.Ундрах нарыг тус зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгосон бол, УИХ-ын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Зүмбэрэллхамыг шүүгч бус гишүүнээр томилсон.
Харин хоёр дахь удаагийн бүрэгдэхүүний хувьд нийт шүүгчийн III чуулган 2025 оны 10 дугаар сарын 09, 10-нд болж, 10 дугаар сарын 10-ны өдрийн санал хураалтаар анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу, Л.Өлзийжаргал, давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, М.Мөнхдаваа, хяналтын шатны шүүхийн шүүгч П.Золзаяа нарыг ШЕЗ-ийн гишүүнээр сонгосон.
УИХ-аас томилсон ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн Н.Отгончимэг бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул УИХ-ын 2024 оны 12 дугаар сарын сарын 20-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Энхбаатарыг нөхөн томилсон. Харин үлдсэн 4 гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа боловч УИХ дараагийн томилгоог хийгээгүй, хуулийн хугацаа хэтрээд байна.
ШЕЗ-ийн шүүгч гишүүнийг нийт шүүгчийн чуулганаар нууц санал хураалтаар шууд сонгох гэсэн харьцангуй хялбар журам үйлчилдэг бол УИХ-аас томилох шүүгч бус гишүүнийг Монгол Улсын шүүхийн тухай хууль, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 3 дугаар сарын 10-ны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу нээлттэйгээр нэр дэвшүүлэх, хараат бус, мэргэжлийн ажлын хэсэг сонгон шалгаруулалт явуулж, нэр дэвшигчийг санал болгох, Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулах, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилох эсэхийг шийдвэрлэх гэсэн нарийн журам үйлчилдэг. Энэ нь мэдээж хэрэг, ШЕЗ-ийн шүүгч бус томилгоонд улс төрчдийн субьектив ашиг сонирхлыг хязгаарлах зорилготой юм.
Хууль зүйн байнгын хороо 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвших хүсэлт гаргах, баримт бичгийг хүлээн авах хугацааг 2025.09.30-2025.10.20-ны хооронд тогтоосон бөгөөд уг хугацаанд 25 иргэн нэр дэвших хүсэлт, баримт бичгээ ирүүлсэн байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77.2-т зааснаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг “Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй”-ээр байгуулах ёстой. Үүний дагуу Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны Хуулийн бодлогын хэлтсийн ахлах зөвлөх Г.Оргилболд, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Х.Номингэрэл, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн М.Мөнхбат, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Шихихутуг их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Нармандах, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг ахалсан.
Ажлын хэсэг нь ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвших хүсэлт гаргагчийн баримт бичгийг шалгаж, нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдвэрлэх, баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах, ярилцлага хийх зэргээр нэр дэвшигчийг судалж, улмаар илтгэгч гишүүний тайлан болон холбогдох бусад баримт, мэдээлэлд үндэслэн нууцаар санал хурааж, олонхын санал авсан хүнийг УИХ-д санал болгох чиг үүргийг хэрэгжүүлдэг. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийн сонгон шалгаруулалтыг явуулж, бүртгэгдсэн 24 нэр дэвшигч тус бүрээр нууц санал хураалт явуулж, олонхын саналыг авсан нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал, Ц.Жавхлантөгс, Ч.Өнөржаргалыг нэр дэвшүүлжээ.
Улмаар 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн боловч УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77.4.5-т “…. санал хураалтын дүнгээр Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчийг саналын дарааллаар эрэмбэлэн сул орон тоогоор болон дараагийн олонхын санал авсан хоёр хүртэл хүний хамт нэр дэвшүүлж, Байнгын хороонд тайлангийн хамт ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх” гэж заасан. Хуульд сул орон тоогоор нэр дэвшүүлсэн хүнээс гадна, хамт өргөн мэдүүлэх боломжтой 2 хүн нь ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналыг заавал авсан байхыг тодорхой заажээ.
Гэтэл ажлын хэсгийн гишүүдийн санал хураалтаар Х.Эрдэм-Ундрах 8 санал, Ч.Баянжаргал 7 санал, Ц.Жавхлантөгс 6 санал, Ч.Өнөржаргал 6 санал авсныг ажлын хэсгийн тайланд тусгажээ. Өөрөөр хэлбэл, үлдсэн 20 нэр дэвшигчийн хэн нь ч ажлын хэсгийн гишүүдийн нууц санал хураалтаар олонхын санал аваагүй аж. Иймд олонхын санал аваагүй хүнийг нэр дэвшүүлэх эрх ажлын хэсэгт байхгүй, нөгөө талаас олонхын санал аваагүй хүнийг нэр дэвшүүлэхийг, эсхүл олонхын санал автал хэдэн ч удаа, дахин дахин санал хураалт явуулахыг ажлын хэсгээс шаардах эрх УИХ, УИХ-ын гишүүнд байхгүй, байх ч ёсгүй юм. Хэрэв тэгвэл УИХ-ын гишүүд ШЕЗ-ийн шүүгч бус сонгон шалгаруулалтад зүй бусаар нөлөөлөх, мэргэжлийн шалгуураар бус, улс төрийн ашиг сонирхол тусгахад хүрнэ.
Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол явуулсны үндсэн дээр олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж томилох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Энэ санал хураалтаар Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал, Ц.Жавхлантөгс, Ч.Өнөржаргал нарыг бүгдээрээ, эсхүл зарим нь томилогдох, томилогдохгүй үлдэх боломжтой. Иймд ажлын хэсэг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний 4 орон тоонд олонхын санал авсан 4 хүнийг нэр дэвшүүлсэн нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг биш юм.
Иймд Хууль зүйн байнгын хороо мэргэжлийн ажлын хэсгээс нэр дэвшүүлсэн 4 хүний талаарх нээлттэй сонсголыг зохион байгуулж, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан руу оруулах, хэрэв томилгоо хийгдээгүй сул орон тоо үлдвэл дахин сонгон шалгаруулалт зарлах зэргээр үүрэгт ажлаа гацаахгүйгээр гүйцэтгэх ёстой бөгөөд үүнд УИХ-ын гишүүд хөндлөнгөөс оролцож болохгүй. Тэгж чадахгүй юм бол Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томилох эрхээсээ УИХ татгалзаж, тэдгээр гишүүнийг илүү мэргэжлийн шалгуураар сонгон шалгаруулж томилох арга замыг эрэлхийлэх нь зүйтэй.
Хуульч П.Баттулга
















