Дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болсон БНХАУ-ын хувьд өнгөрсөн 2025 он макро эдийн засгийн шинэ мөчлөгийн эхлэл байлаа. Тус улс XIV таван жилийн (2021-2025) төлөвлөгөөгөө дүгнэж, үл хөдлөх хөрөнгө болон уламжлалт эдийн засгийн өсөлтийн загвараасаа эргэлт буцалтгүйгээр татгалзсан юм.

Хэдхэн хоногийн дараа Хятад улс "XV таван жилийн төлөвлөгөө" (2026-2030)-г албан ёсоор батлах гэж байна.

Хятад улс эдийн засгийн өсөлтийнхөө логикийг бүрэн өөрчилж, технологи, дижитал инновацид суурилсан "Шинэ чанарын үйлдвэрлэх хүчин"-ийг үндэсний стратегиа болголоо. Нийт экспортынхоо 90 орчим хувийг урд хөрш рүүгээ гаргадаг Монгол Улсын хувьд Хятадын энэхүү аварга том "хөлөг онгоц" чиглэлээ хэрхэн өөрчилж буйг албан ёсны тоо баримттайгаар нарийвчлан унших нь бидний эдийн засгийн аюулгүй байдал, оршин тогтнолд хэрэгтэй билээ.

Хятад улс “Дэлхийн үйлдвэр”-ээс “Дэлхийн технологийнлаборатори” болон хувирч байна /эх сурвалж: https://metrology.news/

2025 оны макро дүр зураг: Бүтцийн шилжилт

Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг тоо хэмжээнээс чанарт шилжих хүндхэн сорилтыг давав. БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр, ДНБ өсөлт зорилтот 5.0 орчим хувьд хүрч, нийт эдийн засгийн хэмжээ 140 их наяд юань буюу 20 их наяд ам.долларын босгыг давжээ.

Үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт үргэлжлүүлэн агшсан бөгөөд дотоодын хэрэглэгчид худалдан авалт, хэрэглээндээ урьдын адил итгэл муутай, худалдан авалт хийхээс болгоомжлох байдлаа хадгалагдсан нь нийт эрэлтийг хойш татсан гол хүчин зүйл байв. Гэвч энэхүү сул орон зайг өндөр технологийн үйлдвэрлэл бүрэн нөхөж чадлаа. Өндөр технологийн аж үйлдвэрийн нэмүү өртөг 9 гаруй хувиар өссөн бол, "Шинэ гурван салбар"-ын нэг болох шинэ эрчим хүчний автомашины борлуулалт 16 сая нэгжийг давж, дэлхийн зах зээлийг эзэлсэн байна.

Үүнээс гадна худалдааны бүтцэд түүхэн эргэлт гарсан нь анхаарал татаж байна. АНУ болон ЕХ-ны технологийн хориг, тарифын дарамтын хариуд Хятад улс экспортын чиглэлээ "Глобал Өмнөд" болон хөрш зэргэлдээ улс орнууд руу эрчимтэй шилжүүллээ. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, 2025 онд түүхэнд анх удаагаа Хятадын гадаад худалдааны 50-иас дээш хувийг "Бүс ба Зам" санаачилгын түнш орнуудтай хийсэн худалдаа эзэлсэн нь дэлхийн гео-эдийн засагт гарсан том шилжилт болов.

Ирэх 5 жилийн хөгжлийн чиг хандлага

Ирэх 3 дугаар сарын эхэнд албан ёсоор батлагдах Хятадын XV таван жилийн төлөвлөгөө нь урд хөршийн төдийгүй Ази тивийн эдийн засгийн замын зураг байх болно.

Мэдээллийн эх үүсвэрээс харахад, ирэх таван жилийн Хятадын эдийн засгийг дараах дөрвөн чиглэлд тодорхойлогдохоор байна. Эдгээр салбарууд нь Монгол Улсад шууд нөлөөлнө.

Нэгдүгээрт, Технологийн тусгаар тогтнол ба Нээлттэй инноваци. Барууны хориг арга хэмжээ чангарахын хэрээр Хятад улс ирэх таван жилд технологийн давуу талаараа “цайз" босгох бодлого барина. Олон улсын бизнесийн зөвлөх "Acclime" байгууллагын XV таван жилийн төлөвлөгөөнд хийсэн дүн шинжилгээгээр, Хятад улс суурь судалгааны хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлж, Судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) нийт зардлыг ДНБ-ийн 3.2 хувиас давуулах зорилт тавьжээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Хятад улс зөвхөн дотооддоо хандах зорилгогүй байна. Тус тайланд дурдсанаар, "Засгийн газар нь өөрийгөө хангах чадвараа нэмэгдүүлэхийн сацуу, олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг дэмжиж, оюуны өмчийн хамгаалалт болон технологи шилжүүлэх хил дамнасан механизмыг бэхжүүлж байгаа нь дэлхийн инновацийн хамтын ажиллагаанд нээлттэй байгааг илтгэж байна" хэмээжээ. Энэ нь Монгол Улсын хувьд "Үндэсний Ногоон Лаб" зэрэг байгууллагуудаараа дамжуулан Хятадаас дэвшилтэт технологи албан ёсоор шилжүүлэн авах боломж нээгдэж байгаа юм.

Эх сурвалж: Бээжин хотын Фэнтай дүүрэгт газар доорх кабелийн ашиглалтыг шалгахад робот ашиглаж байгаа нь ( Xinhua, Lixin, 2023 оны 12 дугаар сарын 23) https://english.news.cn/

Хоёрдугаарт, "Нүүрстөрөгчийн оргил үе"-ийг угтсан Ногоон шилжилт. Хятад улс 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг дээд цэгт нь хүргэх хатуу зорилттой. Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал аль хэдийн нийт эрчим хүчний 50 хувийг давсан бөгөөд XV таван жилийн хугацаанд устөрөгч болон ухаалаг сүлжээний хэрэглээ асар хурдтай тэлнэ. Үүний үр дүнд эрчим хүчний нүүрсний хэрэглээний өсөлт зогсох хандлагатай байгаа бол, эсрэгээрээ цахилгаан автомашин, салхины станцад шаардагдах зэс, лити, газрын ховор элементийн эрэлт эрчимтэй өсөх нь тодорхой байна.

Гуравдугаарт, "Жижиг боловч үзэсгэлэнтэй" Бүс ба Зам төслүүд. Хятад улс олон тэрбум долларын өртөгтэй хүнд дэд бүтцийн мега төслүүдээс татгалзаж байна. Судалгаанаас харахад нэг төслийн дундаж хөрөнгө оруулалтын хэмжээ 400 сая ам.доллараас доош буурч, нийт санхүүжилтийн 60 гаруй хувь нь сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж эхэлжээ. Ирэх жилүүдэд хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өгөөж хурдан, байгаль орчинд ээлтэй хил дамнасан цахим худалдаа, ухаалаг боомт, ногоон эрчим хүчний төслүүд рүү шилжинэ.

Дөрөвдүгээрт, "Мөнгөн эдийн засаг" (silver economy)-ийн мандалт. Хүн амын хөгшрөлт бол Хятадын нийгмийн хамгийн том сорилт. 2025 оны байдлаар Хятадад 60-аас дээш насны иргэдийн тоо 300 саяыг (нийт хүн амын 20 гаруй хувь) давжээ. 2030 он гэхэд 400 сая давна гэх прогнозтой байгаа. Хятадууд үүнийг дарамт гэхээсээ илүү хэрэглээний шинэ зах зээл гэж харж, "Мөнгөн эдийн засаг"-ийг стратегийн салбар болгон зарлаад байгаа. Ирэх 5 жилд өндөр настны эрүүл мэнд, био-технологи, асрамжийн робот, эм зүйн салбарт их наяд юаниар хэмжигдэх асар том зах зээл бий болно.

Бид хэрхэх вэ?

Хятадын 15-р таван жилийн төлөвлөгөө нь Монгол Улсын хувьд стратегийн дохио басхүү замын зураг гэж болно. Бид цаашид зөвхөн түүхий эд ухаж зардаг хөрш биш, харин Хятадын өндөр технологи, ногоон эдийн засгийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд үнэ цэн бүтээгч түнш болон хувирах шаардлагатай.

Бид Хятадын гангийн үйлдвэрлэлийн шилжилтийг мэдэрч өндөр чанартай коксжих нүүрсний нийлүүлэлтээ баталгаажуулахын зэрэгцээ, ногоон эрчим хүчний “амин судал” болох зэс, газрын ховор элементийн хайгуул, боловсруулалтыг эрс эрчимжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн, Хятадын технологи нэвтрүүлэх нээлттэй бодлогыг ашиглан 5G-д суурилсан ухаалаг уурхай, автоматжуулсан хилийн боомтын технологийг яаралтай нэвтрүүлж, "Жижиг боловч үзэсгэлэнтэй" ногоон хөрөнгө оруулалтыг татахын тулд Үндэсний Ногоон Лаб зэрэг байгууллагуудаа Хятадын ногоон таксономитой уялдуулах цаг нь болжээ.

Хятадын эдийн засаг тооноос чанарт бүрэн шилжиж байна. Энэхүү бүтцийн өөрчлөлтөөс үүдэлтэй дээрх дөрвөн мега чиг хандлага Монгол Улсын эдийн засагт ямар бодит нөлөө, шинэ боломжуудыг авчрах талаар миний бие дараа дараагийн цуврал нийтлэлүүдээрээ тухайлан шинжлэх болно.

Ашигласан эх сурвалж:

中华人民共和国2025年国民经济和社会发展统计公报

国务院办公厅关于发展银发经济增进老年人福祉的意见

Acclime. (2025). Global Business and the 15th Five-Year Plan: China’s Strategic Shifts. https://china.acclime.com/news-insights/global-business-15th-five-year-plan/

CAAM (China Association of Automobile Manufacturers). (2025). Annual Report on New Energy Vehicle Production.

GFDC (Green Finance & Development Center, Fudan University). (2025). China Belt and Road Initiative (BRI) Investment Report.