ШЕЗ 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тав нь шүүгч, тав нь шүүгч бус гишүүн. Гэтэл зөвлөлийн журмаар хамтын шийдвэр гаргадаг харилцан зөвшилцөх, олон талаас асуудлыг авч үзэх, шүүхийн дотор болон гаднаас харж дундын шийдвэр гаргах арга хэлбэрээр ажилладаг тус байгууллага оны эхнээс шүүгч бус гишүүний хоёр сул орон тоотой ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, өнөөгийн нөхцөл байдалд зөвлөлийн 10 хүний зургаа буюу олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэхэд зөвлөлийн бүрэлдэхүүний гаргаж байгаа шийдвэр бүрэн дүүрэн, хүчин төгөлдөр байх уу зэргээр эргэлзээ үүсэх эрсдэлтэй. Хамгийн чухал нь одоогийн бүрэлдэхүүнд шүүхээс таван гишүүн бусад гурав байгаа нь тэнцвэртэй шийдвэр гаргах байдал алдагдах магадлалтай. Тэр дундаа шүүхээр байнга үйлчлүүлдэг өмгөөллийн төлөөлөл ороогүй байгаа юм. Гэтэл Хууль зүйн байнгын хороо журам шинэчлэх нэрийдлээр дөрвөн сарын хугацаа алдаж, хойшлуулсан.
Тэгэхээр хаврын чуулганд амжиж шүүгч бус хоёр гишүүнийг сонгон шалгаруулж томилох зайлшгүй нөхцөл байдал үүсээд буйг иргэний нийгмийн байгууллагууд хөндөж байгаа. Гэвч Хууль зүйн байнгын хорооноос Ажлын хэсгийг ахалж буй Д.Ганбат гишүүн 12 нэр дэвшигч бүртгэчихээд байгаа атал шүүгч бус хоёр гишүүнийг хаврын чуулганаар томилж амжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Эндээс харвал Хууль зүйн байнгын хороо шүүхэд итгэх иргэдийн итгэл, бие даасан хараат бус байдлыг хангахад өндөр үүрэг оролцоотой ШЕЗ-ийн гишүүдийг томилох, сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад эхнээсээ хариуцлагагүй хандлаа. Олон сар хойшлуулж, эцэстээ намрын чуулган хүртэл хойшлуулах зүйл ярьж буйд иргэний нийгмийн байгууллага, олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.
Нөгөө талаас нэр дэвшүүлж сонгон шалгаруулж, томилох журмын процессыг харвал хаврын чуулганаар томилох бүрэн боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор ШЕЗ-ийн шүүгч бус хоёр гишүүнийг нэр дэвшүүлж сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулах тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат ахалж, гишүүнээр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, ЕТГ-ын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Засгийн газрын ХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Я.Жавхлан, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Д.Батмөнх, Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Б.Баасандорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны УЗ-ийн гишүүн З.Сүхбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Шихихутуг их сургуулийн Судалгааны хүрээлэнгийн захирал Б.Нармандах, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн багш С.Сүхчулуун ажиллаж байна.
Ажлын хэсэг 2026 оны 06 дугаар сарын 02-нд хуралдаж, Шүүхийн хууль заасны дагуу нэр дэвшигчийг тохиолдлын журмаар ажлын хэсгийн гишүүдэд тэнцвэртэй хуваарилж, илтгэгч гишүүнийг томилжээ. Илтгэгч гишүүн нь нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах, нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээллийг бүрдүүлж, тухайн нэр дэвшигч Ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй тайлан бичих юм.
Ажлын хэсэг шаардлага хангасан 12 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэж, хоёр иргэнийг бүртгэхээс татгалзав.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч
1.Д.Өнөржаргал
2.Б.Амартүвшин
3.Ч.Отгонсүрэн
4.Г.Даваадалай
5.Б.Даваажав
6.М.Нямсүрэн
7.Б.Оюунгэрэл
8.С.Ганзориг
9.Э.Чулуунцэцэг
10.Ч.Өнөржаргал
11.Г.Эрдэнэбулган
12.Ж.Бат-Амгалан
Шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн 5 жил шүүгч, улс төрийн болон улстөрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байх шалгууртай.
Тэгвэл дээрх 12 нэр дэвшигчээс Б.Даваажав, Ч.Өнөржаргал, Д.Өнөржаргал, Г. Даваадалай, Ж.Бат-Амгалан, М.Нямсүрэн нарын 6 хүн дахин нэр дэвшиж байна.















