Хуучин сонины шарласан хуудас эргүүлж хорь илүү жилийн өмнөх нийтлэл, сурвалжлага, ярилцлагуудаа сөхөн харахад цаг хугацаа заримдаа зогссон мэт санагдана. Учир тэртээд бичиж байсан сэдвүүд өнөөдөр ч яригдсан хэвээрээ. Бас зарим нь цаг хугацаа хэчнээн хурднаар жирэлзэн өнгөрөө вэ гэж уулга алдуулна. Энэ удаад 2004 онд “Өнөөдөр” сониныхоо “Амьд ертөнц” буланд нийтлүүлж байсан муурны тухай тэмдэглэлээ уншигч Тантай хуваалцаж байна. Өдгөө “гэр дүүрэн мууртай болно” гэж ярьдаг охины ээж болж, түүнийхээ гаднаас тэвэрч орж ирсэн дөрвөн муурыг эрхлүүлдэг тийм л нэг эгч болжээ.

Товч шиг бөөрөнхий, нэрс шиг хар хөх

Алгын чинээ жаахан, бас царай муутай, өрөвдмөөр тэр зулзага манай гэрт иртлээ дэлгүүрийн торон хоргон дотор хэд хонож, хэчнээн ганцаардсаныг мэдэхгүй юм аа.

Юутай ч, өөртөө дэндүү гоёдсон торон хашлагатай, бас арай л гангадсан нэртэй нь хамт аав түүнийг амьтны дэлгүүрээс хямдхан үнээр худалдаж авсан сан. Тэрхүү торон “гэр” нь дээш сөхөгддөг нээлхийтэй, өмнө нь  зүүх овог үгүй хэдий ч нэр нь Настя.

Хотын хойд захад, төвөөс зайдуухан орших манай гэр хүртэлх замд тэр машин дотор, машин дотор ч гэж дээ, үнэндээ бол элс бүхий торон дотроо “нойтогночихсон” ирсэн юм. Ичээд байхаар юм биш байгаа биз дээ. Гэтэл Настя үхтэлээ ичиж, өөрт нь зориулан зам зуур худалдаж авсан нүүр гарын алчуураар ялгадсаа далдлахыг оролдон бүлтэлзэж, нүүрээ буруулаад хүний өөдөөс эгцэлж хардаггүй ээ. Ямар гээч хачин амьтан  ирэв ээ, бид мууранд дургүй гэхчлэнгээр авчирсан “бэлгийнхээ” хариуд аав тэр үед талархлын үг сонсоогүй юм даг.

Аавыг ирэхээр нь өгөөд явуулах юм шүү гэж дүү бид гурав ярилцаж хэд хоног тавгүйдлээ. Хөөрхийг торонд нь хашаад байх хувиа хичээсэн сонирхлыг Настя амьтны зөнгөөр эсэргүүцэн туниа муутай дуугаар зогсоо зайгүй “мяу, мяу” гэх нь эхлээд тээртэй байсан ч сүүлдээ өрөвдөлтэй санагдав. Торноос нь чөлөөллөө. Түүнтэй ижилдэн дасалцах анхны алхам энэ болсон юм. Тожир, тожир хийн нааш цааш холхиж, ам руу аяга дөхүүлсэн гарыг зөөлөн хазаж, болж л өгвөл зүүгдээд  авах санаатай. Хуруу, гарнаас нэг зүүгдээд авбал эргээд газарт буухыг үл хүсч, бүх тэнхээгээрээ дээш зүтгэнэ. Ноосон цамцанд нарийхан хумснууд нь нэг шигдчихвэл түүний зорилго биелэх нь тэр. Өд шиг зөөлөн саарал үстэй, хөнгөхөн тэр амьтан энгэрийн зүүлт шиг наалдаж орхино. Тэгээд л энгэр рүү улам шургалж, тэр тоолондоо санаа алдсаар зүүрмэглэж эхэлнэ дээ. Хөдөлж болохгүй шүү...

Бяцхан Настя торноосоо сул, хөл доогуур нэхмэлийн бөөрөнхий утас шиг  бөндөгнөж байгаа цагт бид тав алдаж, нэг суусан газраасаа хөдөлж төвдөхгүй. Хөлөө дээш нь эвхэж өвдгөө тэвэрцгээгээд, дуугаа хураан тус бүрдээ юм бодож, эсвэл түүнийг ажиглан удаан сууцгаана. Яг л хоорондоо тар тур хийсэн улс шиг.... Шөнө түүнийг торонд хийх гэдэг эмзэглэмээр зүйл. Муурын зулзага яраглахыг сонсоод тайван унтана гэж үү. Тэгээд түүнийг цээжин тушаагаа хөнжил дээрээ тавих хэрэг гардаг байсан юм. Баярласандаа цээж нь хүржигнэхийг сонсч, хөдөлгөөнгүй хэвтэх хэцүү, аяндаа нойр хулжиж орхино. “Өнөө шөнө дахиад Настятай...” гэж бодохоор халширна. Нэг орой дүү “Настяг би аваад унтчихъя” гэж хэлсэн юм. Хажиг бодлоо нууж байсан надад энэ үг сайхан сонсогдоод зогссонгүй, хэн хүнгүй мууранд дасч эхэлж буйг илэрхийлсэн гэхэд болно.

Тэр аймхай, дорой төрхөө гээж, өдрөөс өдөрт хөгжилтэй, хөдөлгөөнтэй, зүггүй болсоор эздэдээ ижилдэн дасч байгаагаа “зарлаж” байлаа. Энэ хэрээрээ өхөөрдөл төрмөөр олон авир, ааш гаргах нь бидний хүйтэн, хөндий хандлагыг аажмаар нураасан билээ. Тайлаад тавьсан гутал руу шургаж ороод унтчихдаг, эсвэл малгайн дор орчихоод дөрвөн хөл нь цухуйхгүй байтал урагш, хойшоо явж үздэг саваагүй амьтныг хэн өхөөрдөхгүй гэж. Түүний нүд товч шиг бөөрөнхий, нэрс мэт хар хөх хэрнээ шил адил тунгалаг. Ийм л нэгэн муурын зулзага манай ам бүлд багтаад таван сар өнгөрч, өдрөөс өдөрт том болсоор буй.

Тэр ганган, ихэмсэг, бас зальтай

Настя гоёмсог эд юмсад дурладаг юм. Гурван хавтастай том толины өмнө уйдахгүй удаан сууж, ээмэг, бөгжний хайрцаг “ухах” хүсэлтэй. Өнгө өнгийн шилэн сав, үнэртэн, үсний зүүлтэн дунд донжтой нь аргагүй суугаад толинд өөрийгөө ширтдэг. Бас арай жаахан байхдаа зурагтаар хүүхэлдэйн кино үзэн бидэнтэй зэрэгцээд томоотой суудаг байлаа. Үүнээс өөр үед, хэрэв унтаагүй бол зүгээр байх гэж даанч үгүй дээ. Цонхны хөшиг, ширээний бүтээлэг, гутлын үдээс гээд хаана юу унжиж, хэрхэн гялтганаж байна вэ гэдгийг андахгүй, тэр бүхнийг авахыг, тэр бүрээс зүүгдэхийг хүснэ. Зүүгдсэн зүйлээсээ хумсаа сугалж авч чадахгүй ороолдчихоод айж сандарсан удаатай ч дараа нь мартчихдаг. Хувцасны товч тасраад шалан дээгүүр бөмбөрвөл, халааснаас чихрийн цаас унаж үзэгдвэл, янзыг нь үзээд, бөмбөг өнхрүүлбэл Настя эрэлхэг “хоккейчин” болж хувирна. Өнөөх олзныхоо хойноос элдэж давхисаар ор, буйдан, шүүгээ, хөргөгчний доогуур оруулж алдаад өөрөө тэр бүхнийг мөргөж орхисон удаа бий. Заримдаа их болгоомжтой хандана. Холоос ажиглан сэмхэн гэтэж, гэнэт харайж, урд хөлөөрөө “тэмтэрч” үзнэ. Хэрэв “олз” нь дугуйтай мэт бөмбөрөн хурдалдаг зүйл байж таарвал Настягийн зүрх нь хөөрнө дөө. Бас “дүүжин, даажин” тоглох дуртай. Гал тогоо хавьцаа гялгар тор, цүнх шалан дээр харагдвал дотор нь орж тухтай нь аргагүй хэвтчихээд хэн нэгэн оосроос нь өргөж өөд, уруу нь зөөлөн савлахыг хүлээдэг юм.

Сар хүрснийхээ дараа “бар” мэт дүүлэн харайхыг тэр хүсэх болсон. Ор руу үсэрч гарахыг хэдэнтээ оролдоод бүтэлгүйтэж, тэр тоолон шалан дээр хатуухан газардав. Гэхдээ халширсангүй. Нэлээд хол зайнаас хурдтай “гүйж” байгаад үсэрвэл орон дээр гарч тун магадгүй гэж тооцоолжээ. Эхлээд сүүлээ 90 градусын тэгш хэмтэй эгц дээш нь босгож, дараа нь чихээ хулмайлгаж байгаад их л хурдтайгаар “давхиж, давхиж” харайтал дутчихлаа. Дахиад хатуухан газардалт. Энэ үйлдлийг хэдэнтээ давтсан.

Нэг удаа загнуулаад жигтэйхэн тунив. Хана руу харж суучихаад нэрээр нь дуудаад байхад эргэж хардаггүй. Өнгө бүрийн цаасан шувуу хийж хэлхээд сэнснээс дүүжилж, дор нь сандал тавиад Настяг суулгачихав. Дээш хэчнээн цоройгоод ч хамгийн доод талын “шувуунд” дөнгөж хумс нь шүргэнэ. Ийн шүргэх төдийд  хэлхээтэй “шувууд” атганд нь орохгүй цаашлана. Араас нь дүүлье гэхээр сандлаас уначих гээд байдаг. Бүтэн цагийн турш ийн уйгагүй оролдоод “шувуу” барьж чадаагүй.

Нүүрээ угаах гэж бөөн маяг. Энэ нь түүнд тайвшрал болдог юм. Нүүрээ угаахыг нь хүлээлгүй усанд оруулаад байвал муур стресст ордог гэнэ лээ. Урд хоёр хөлийнхөө тавгийг эхлээд долооно. Тэгж байгаад нүд, нүүр, чих, хүзүүгээ “алгаараа” арчина. Тэгээд хүндэтгэлийн зоогонд уригдсан зочин шиг цэмцийчихнэ. Хоолны үнэрээр  өлбөлзөж, хойно өмнө шарвалзахыг мэдэхгүй ихэмсэг. Чихэр, элэгний нухаш, зайдас, хиам зэрэгт дуртай. Маханд тэгтлээ дурлахгүй. Хоол иддэг аяга нь халтар бол өлсөж, цангасан ч ам хүрэхгүй дээ.

Цонхны нар дагаад л зүүрмэглээд явна. Дээшээ харж хэвтээд урд талын нэг хөлөө ар дагзандаа тавьж дэрлэнэ. Ер нь хөдөлгөөн нь хүнийхтэй төстэй санагддаг юм. Гүн нойронд автахын өмнө хүн огт юу ч бодохгүй тайван, дээш харан адар ширтдэг шиг. Заримдаа Настя ингэдэг. Бас цомцойн суугаад бодолд автах мэт нүдээ огт  цавчилгүй, гөлөрч орхино... Нэрээр нь дуудна, таг. Нүдний нь өмнүүр гараа сарвалзуулаад ч харц нь үл хөдөлнө. Тэгснээ гэнэт орчноо анзаарч, “гүн бодлоо” сарниадаг юм.

Хоёр сарын өмнө ийм явдал болсон юм. Дүү түүний хөлөн дээр гишгэчихжээ. Жигтэйхэн эмзэглэж, нэг хэсэг доголов. Бид ч сандарч, хэд хоног онцгой эрхлүүлсэн сэн. Настя дандаа ингэж эрхлэхийг хүсчээ. Хэдийгээр хөл нь эдгэсэн ч гэсэн тэр явдлаас хойш биднийг аашилж, тээршаах үед заль гарган худлаа доголдог болов. Буйдан, эсвэл өвөр дээрээсээ түлхээд буулгачихвал өнөө залиа хэрэглэнэ. Хүн өөрийг нь харж байвал худал доголж, огт тоохгүй бол зүгээр явах ажээ.

Одоо Настя дөрвөн сартай. “Ганцаараа” унтдаг болсон. Гэсэн хэрнээ хэн нэгний нойр хулжиж, шөнө хөнжилдөө хөрвөөхийг нь андахгүй юм билээ. Дэргэд ирээд нүүр, ам, гар долоож аргадсаныг нь  мартахгүй ээ. Эзэндээ хайртай ийм л амьтан. Бусдаас ч бас тийм хайрыг хүсдэг. Нэг удаа ширээн дээрээс мах шүүрсэн гэм үйлдэхэд нь загнаад орхитол дараа нь сандал дор нүд дүүрэн нулимстай сууж байж билээ.

Чигчийтэй тоглож, долоовроос айдаг

Ахын охин дөрвөн настай Заяа айлчилж ирлээ. “Ямар сонин хамартай юм бэ” гэж Настяг гоочилж байна. Тэгснээ шоглох санаатай хойноос нь элдэв. Нөгөөх нь айж зугтаав. Бид муураа өхөөрдөх тоолонд Заяа гоморхож,  “Аниа та муураа л хөөрхөн гээд байх юм. Намайг зөндөө хөөрхөн гэхгүй байна ш дээ” хэмээн туньсан билээ. Дараа нь гэртээ хариад ээждээ “Би дүүтэй болбол Настя гэж нэр өгнө” гэж ярьсан байна лээ. Уг нь Заяа Настяд хайртай болохоосоо илүү атаархсан гэж бид бодсон юм.

Нэгэн зочин маань Настягийн талаар шинэ зүйлийг нээсэн юм. Тэр нь юу вэ гэхээр Настя түүнтэй эрхлэх гээд байх мөртлөө том гарын нь алганаас айсан аж. Тэгсэн хэрнээ холдохгүй тоглох гээд байх. Гарынхаа чигчий хурууг гаргахаар Настя айхгүй зүүгдэж эрхлэх мөртлөө долоовор хуруунаас нь айгаад зугтах юм гэнэ. Үүнийгээ бүр туршилтаар баталж, Настягийн хэрхэн хөглөхийг надад давтаж үзүүлэв. Үнэхээр тийм байлаа.

Авхай болоход нь Анастасия гэж нэрлэнэ

Настя ажлын өдөр гэрээ сахиж ганцаараа үлддэг “эмгэн” л дээ. Харин ойрмогхоны нэг өдөр “зугаалга” хийсэн. Тоглож гүйхгүй, урвайгаад байхаар нь мал эмнэлэг рүү аав дагуулж явав. Эмч томруулдаг шилээр хүүхэн харааг нь хараад “Хордлого болсон байна” гэж оношилжээ. Нэг удаа эмчид үзүүлэхдээ, анх түүнийг дэлгүүрээс худалдаж авсантай адил үнэ төлсөн. Эмч эмийн жор бичиж өгсөнгүй, тарилга туулга ч хийсэнгүй, зүгээр л сүүгээр угжихыг зөвлөжээ. Эмнэлэгт үзүүлсэн төр өдрөө Настя аавтай хамт ажил дээр нь очиж, бас айл хэсч амжсан юм. Эргээд ирэхдээ тэр гэрээ саначихсан байлаа. Орж ирмэгцээ үүгээр түүгээр тонгочин гүйж, бөөн “баяр” болов. Бас сүүний шидээр тэр оройгоо л сэргээд ирсэн юм.

Тэр өдрийн “зугаалга” түүнд таалагдаагүй юм. Яагаад гэвэл Настя маань өдрийн хугаст гэрээ сахиж, үдээс хойш түлхүүр, цоож торхийх чимээнээр баярласаар зожиг, ичимхий болчихжээ. Бяцхан муужгай маань том болсоор. Нас бие гүйцэж, зоригтой, ихэмсэг “авхай” болохоор чинь чамайг бид магадгүй “Анастасия” гэж нэрлэнэ ээ.

“Өнөөдөр” сонин. “Амьд ертөнц” булан,

2024 оны нэгдүгээр сарын 31 №25 (2069)